
Оройн салхи нь хацар илбээд аргагүй л урин цаг ирсэнийг илтгэн тааламжтайяа үлээнэ. Саяхан л дааран бөгтөгнөж явсан улс одоо бол юунд ч үл яарах шиг талбиун таатай алхацгаах аж. Хэрлэн мөн тэдний
адил нүүрэндээ мишээл тодруулан нэн жаргалтай алхана. Түүний урт хүрэн үс нь салхины аясаар бүжих мэт хийсэхэд нүүрэндээ зүүсэн том хүрэн шилний дор улаа бутарсан хацар нь, жижиг цомбогор улаан
уруултай нь хослон түүнийг чимнэ. Хүчтэйхэн салхилбал уначих вий дээ гэмээр турьхан нэгэн аж. Хэрлэн нэг автобусанд суух гэснээ алхмаар санагдахад ийнхүү алхаж буй нь энэ. Юунд ч юм сэтгэл нь
баясан нүүрэндээ инээмсэглэл тодруулан яаралгүйхэн алхах түүнд атаархах хүмүүн нэгээр тогтохгүй аж. Хэрлэн одоо хорь дөнгөж шүргэж яваа бүсгүй. Намхан, турьхан ч нүдэнд дулаахан охин аж. Их
дэлгүүрийн хажуугаар гарч байсанаа гэнэт ормоор санагдаад орон энэ тэрийг сонирхон явж байгаад санамсаргүй хэн нэгнийг мөргөчих нь тэр. – Яанаа уучлаарай би юм харж байгаад анзаарсангүй – Зүгээр дээ

болгоомжтой яваарай хэмээн өөдөөс нь өөрөөс нь ах боловч нүдээрээ инээсэн, нүд алдам хүдэр биетэй, сэргэлэн байрын залуу хэлээд цааш явахад нь Хэрлэн араас нь харсаар л: Ямар гоё ах вэ? үнэхээр гоё ах юмаа. Би хүнтэй суувал ийм л хүнтэй сууна даа … хэмээн өөртөө шивнэсэнээ өөрийгөө шоолон инээсээр мөн тэндээс гаран гэрлүүгээ саяны залууг бодон бодлоо ургуулан өөрөө түүндээ итгэн тэр тусам нь баясан цэнгэн хөөрөх аж. Хэрлэн олон хүүхэдтэй айлын дундах ч гэлээ нилээн эрх дураараа нэгэн аж. Аав ээж нь түүнд үг хэлнээ байхгүй. Учир нь Хэрлэнгийн дээдэхийг алдчихсан болохоор Хэрлэнг ёстой бусдаас илүү алган дээрээ бөмбөрүүлэн өсгөжээ. Арван жилээ төгсөөд
их сургуульд орсон ч хичээлийг нь дийлэхгүй дээрээс нь өөрөө сурах сонирхолгүй байсан болохоор төлбөрөөр далимдуулаад тэгсгээд гарчихав. Том ах нь дургүйцэн уурлахад аав, ээж нь тас өмөөрөөд өнгөрөөж билээ. Одоо тэрээр ажил хайж л өдрийг барна. Эзэмшсэн мэргэжилгүй, ядаж л ажлын дадлаггүй түүнийг тосоод авчих газар олдохгүй л байв. Аав, ээж нь жирийн нэгэн ажилчид байсан болохоор танил тал гэж бусадтай адил ярьж хэлээд оруулчих хүн ч байхгүй тул Хэрлэн өөрийнхөө сэргэлэн зан, сайхан төрхөнд найдахаас өөр аргагүйд хүрээд байгаа нь энэ. Хэдий ах, эгч олонтой ч тэд нь мөн л
дөнгөж л сургуулиа төгсөөд ёстой өөрсдийгөө арайхийж болгож байгаа улс тул тэднийг харна гэж санахын гарз. Өдөр бүр зарын сонин авч ажилд авна гэсэн зарыг харж хэдийг шилж сонгон ийнхүү явна. Харин тэгтэл өнөөдөр санамсаргүйгээр сайхан залуутай мөргөлдөн тэгээд ч зогсохгүй дурлалын гал хоромын төдий асаачих нь тэр. Хэдийгээр Хэрлэнд хөвгүүд сайн гэж хэлдэг, захиа хүртэл тасрахгүй ирдэг байсан ч яагаад ч юм хэн нь ч түүний санаанд өнөөдрийн хальт таараад өнгөрсөн залуу шиг сэтгэгдэл төрүүлж байсангүй. Өөр очиж уулзах газар нэг үлдсэн ч Хэрлэн яагаад ч юм сайхан залууг бодон
явсаар нэг л мэдэхэд гэрийнхээ үүдэнд хүрээд ирсэн байх нь тэр. Хэрлэнг хэн ч харсан гэр хорооллын охин гэж хэлэхээргүй цэвэрхэн дэгжин. Тэрээр өөрөө ч гэр хороололд амьдардагаа тас нуудаг аж. Арван жилээ аль сургууль төгссөн бэ гэж танилцсан залуус нь асуухад тэрээр хэзээ ч өөрийнхөө сургуулийг хэлдэггүй харин оронд нь хотын нэг сургууль хэлж орхино. Нэг удаа тийнхүү хэлж байгаад яг өөрийнх нь төгсөлтийн нэг залуу таарч эвгүй байдалд орж байсан ч удаан суугаагүй шилжсэн хэмээн аргалж өнгөрөөж билээ. Хэрлэнгийн бага нас хэдий баян тансаг биш ч их хайран дунд өнгөрсөн болоод ч тэрүү тэрээр мөнгийг юу юунаас илүүд тавьдаг нэгэн болон өсөв. Хэдийгээр
түүнд юугаар ч хэмжишгүй их хайр байдаг байсан ч Хэрлэн харин тэр бүхнийг эс ухааран гагцхүү баян тансаг амьдрал л мөрөөдөн хүн болжээ. Эгч нар нь нэгээс хоёр л ээлжийн солионы хувцастай байдаг байхад Хэрлэн тэднээс өөр байгаад зогсохгүй хэзээ ч эгч нарынхаа хуучин хувцасыг өмсч байсангүй. Бас дээрээ эгч нартай болохоор гэр орны ажил ч мэдэхгүй хүн болжээ. Нэг удаа том эгч нь – Хэрлэн миний дүү чи чинь эмэгтэй хүүхэд ажил мэдэхгүй бол хэн чамтай сууж амьдрах юм бэ? Ядаж чи хоол сайхан хийдэг болчихвол тэр чинь эмэгтэй хүний хамгийн сайхан, том ажил шүү дээ – Зүгээрээ аниа би
тогооч нөхөр авчих нь … хэ хэ хэ – Тийм ч амар олдох болов уу даа. Тэгвэл чи ядаж гэрээ сайхан цэвэрлээд цэвэрхэн байгаад сурчихаач дээ эгч нь чамаас тэрийг л гуйя – Санаа зоволтгүй ээ би гэрийн үйлчлэгч авчих нь – Үгүй энэ хүүхдийн ярьж байгааг. Яаж тэр бүхнийг авах гээд байгаа хүүхэд вэ айн? – Баян хүнтэй л суучихвал болоо юм бишүү ядаргаатай юм бэ хэмээн хэдэрлэн босоод явчихав. Эгч Туул нь хойноос нь харан толгой сэгсэрсэнээ нэг сайхан загнаад өгмөөр байсан ч өндөр настай аав, ээж хоёрыгоо бодоод тэгсгээд өнгөрөөв. Маргааш нь Хэрлэн өнөөх үлдсэн газартаа очиж уулзахаар гэрээс гарлаа. Худалдагч авна гэсэн электрон барааны дэлгүүрийн үүдийг татан ороход анх удаа гэнэт юунаас ч юм сүрдэх шиг санагдахад тэрээр
нэгэнтээ биеэ займчин үл мэдэг сэгсэрсэнээ нүдээрээ хэнээс асууж болохыг нэгэнтээ гүйлгэн хараад заал зохион байгуулагч бололтой ихэмсэг эмэгтэй дээр очин – Сайн байна уу та, таниас нэг юм асууж болох уу? – Сайн, сайн байна уу? Тэгэлгүй яахав хэмээн өөдөөс нь харан инээмсэглэхэд тэгш цагаан шүд нь гэрэлтэн түрүүнхэн төрөөд байсан айдас ор мөргүй алга болж – Би зарын дагуу явж байна л даа. Танайх худалдагч ажилд авна гэсэн үү? – Тийм тийм, ингэхэд өөрөө мэргэжилийн үнэмлэх байгаа юу? – Байхгүй … хэмээн сулхан дуугараад доошоо харвал өнөөх хүүхэн нэгэнтээ гүйлгэн хараад – За
яахав би чамайг захиралтай уулзуулъя. Шийдвэрийг захирал гаргах болохоор хэмээн хэнд хандаж байгаа нь үл мэдэгдэн амандаа бувтнаад дагаад яв хэмээн дохилоо. – За тэгэхээр эмэгтэй үнэмлэхгүй юм биз дээ. Урд нь дэлгүүрт ажиллаж байсан уу? – Үгүй – Үнэмлэхгүй, дадлага туршлагагүй. Хүнтэй хэр нийцтэй харьцаатай вэ? – Гайгүй байхаа – Гайгүй байхаа гэдэг чинь юу гэж ойлгох вэ? бид ажилчидаасаа тийм эсвэл үгүй гэдэг л хариулт сонсохыг хүсдэг. Тэр ч шаардлагаа хатуу баримталдаг – Би хүнтэй харьцахдаа өөрийгөө гайгүй гэж бодож байна захиралаа. Тэгээд ч би өөртөө их итгэлтэй. Бараагаа сайн танилцуулаад бусадтай эелдэг байвал худалдагчийн гол үүрэг биз дээ
… хэмээн зориг орсон Хэрлэнг хэлэхэд нөгөө хоёр инээмсэглээд толгой дохин – За яахав болж байна. Чамайг эхний ээлжинд дадлагаар аваад үзье. Хэрвээ чи үнэхээр хэлсэндээ байж сайн ажиллах юм бол чамайг 3 сарын дараа жинхэлнэ болох уу? – Бололгүй яахав. Маш их баярлалаа – За ажилдаа ордоо. Норжмаа чи мэдээд зохицуулчих. – Норжмаа за захиралаа хэмээгээд Хэрлэнг дагуулан гарлаа. – Өнөөдөр чамд дэлгүүрийнхээ бараануудыг танилцуулна. Анхааралтай сайн сонсоорой. Цаас, бал байвал тэмдэглээд авсан ч болно. Тэгэхээр манай дэлгүүр … .хэмээн ярьж эхэллээ. Хэрлэн хэлсэн бүхнийг анхааралтай сонсон ажилтай болсондоо юу юунаас илүү баярлан хичээнгүйлэн
сурахаар дагаж явсаар нэг мэдэхэд үдийн 16 цаг өнгөрч байв. – Хэлсэн бүхнийг ойлгов уу? Маргааш өглөө 8.00 гэхэд ирээрэй. Дэлгүүр өглөө 9 цагт онгойно тэрнээс өмнө ээлжийн худалдагчид ирж бараагаа бүртгэн тоос шороог нь арчин худалдаандаа гарахад бэлдэнэ. Энэ бараануудын танилцуулгыг сайн эзэмшиж өөрийн болгоорой. Электрон бараа гэдэг хүмүүс зүгээр нэг өмд, цамц авахтай адил биш худалдагчаас л бүх мэдээллийг авч сая сэтгэлд нь нийцвэл өөрийн болгодог юм шүү дээ. Чи одоо манайдаа хамгийн удаан ажиллаж байгаа өмнө нь ч олон жил худалдагч хийж байсан туршлагатай Янжмааг дагаж ажиллана бүгдийг ойлгов уу? – Ойголоо эгч ээ – Эгч ээ
гэж одоо дуудахгүй, зохион байгуулагч аа гэж байгаарай – За зохион байгуулагчаа гэхдээ өөрийн эрхгүй инээдээ барьж ядав. Орой нь гэртээ их л баяртай оронгуутаа аавыгаа хүзүүдэн – Ааваа би өнөөдөр яасан гээч та таа даа – Аав нь яаж мэдэхэв дээ. Охиноо харахад их л баяртай байна тэгэхээр нэг сайхан юм болж янз нь хэмээгээд инээмсэглэхэд Хэрлэн хошуугаа цорвойлгон – Өө аав урамгүй ш дээ. Нөгөө охиноо мэддэг чинь яасан хэмээн худлаа тунирхаад чанга гэгч нь инээсэнээ: Ааваа би ажилд орчихлоо – Юу үнэн үү ямар сайн юм бэ. Миний охин ухаантай, сэргэлэн, хөөрхөн охин тийм болохоор өөрийнхөө чадлаар
ажилд орсон байна. Гэвч ямар ажил билээ арай нөгөө орой үдшийн цагаар ажиллах юм биш биз дээ? – Үгүй дээ ааваа. Би электрон барааны дэлгүүрт ажилд орсон. Орох орохдоо манайдаа том дэлгүүрт орсон гээд бод – Өө юун сайн юм бэ. Тэгээд хэзээнээс эхэлж ажиллах вэ? – Маргаашаас эхэлнэ. Тэгэхдээ эхний гурван сар дадлагынх тэгээд сайн байвал жинхэлнэ гэсэн – Тэгэлгүй яахав. За бүр гараад өгч. Аав нь ээжийг нь ирэхээр хэлж охиндоо нэг сайхан дуртай хоолыг нь хийж өгье байз – За ааваа би явж усанд орж ирээд бэлтгэлээ хийлээ – Тэгдээ миний охин. Хэрлэн догдлон байж ядна. Ингээд нэг ажилтай болдог юм байжээ. Одоо хэнтэй ч уулзсан хэлэх үг олдохгүй суухгүй дээ.
Тэгээд ч том дэлгүүр юм чинь гайгүй л хүмүүс үйлчүүлж таараа. Юмыг яаж мэдэх вэ … хи хи хи баян нөхөр олоод авчих ч юм билүү. Хэрлэн минь хүнтэй л муудалцаж болдоггүй юм шүү. Ашгүй амархан ч ажил юм байна. Тэр хэдэн юмны тоос шороог цэвэрлэхэд ядаад байх юу байхав. Хамгийн гол нь өдөр бүр олон шинэ хүмүүстэй уулзаж байх нь байна … хэмээн өөрөө өөртэйгээ ярин халуун усны газраас гаран гэрлүүгээ очин маргаашийн өмсөж явах хувцасаа ялган байтал ээж нь ч гаднаас ороод ирэв. Тэрээр нэг ээждээ хэлэх гэснээ аавыгаа бүхнийг эхэлж ярих дуртайг мэдэх тул дуудтал нь хүлээхээр шийдэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан толины өмнө эргэлдэнэ. Гэтэл ч хаалга нь онгойн ээж нь орж ирээд охиноо хүзүүдэн үнсээд – Баяр хүргэе охиндоо. Ажилд орсон гэвүү ашгүй дээ – Харин тиймээ олон
газраар явж явж харин санасаныг бодоход ёстой дажгүй газар орчихсон. Би ч бөөн баяр – Ёстой мундаг миний охин. За ээж нь охиндоо хоолыг нь хийгээд өгье ямар хоол идмээр байна – Та нэг сайхан хачиртай хоол хийгээд өг тэгэх үү хэмээн хэлээд хошуугаа унжуулбал ээж нь өхөөрдөнгүй инээмсэглэн дахин үнсээд өрөөнөөс нь гарав. Гурвуулаа ширээгээ тойрч суун хооллонгоо охиноо ажилд орсонд баяр хүргэн хошуу дэвсэцгээн сууж байтал гаднаас бага ах нь ороод ирэв. – За та гурав чинь намайг хүлээхгүй тансаглачихсан сууж байх чинь – Ийшээ суу миний хүү. Дүү нь өнөөдөр ажилд орсон байна
– Өө за ашгүй дээ. Хаана ямар ажилд орсон? – “SG” дэлгүүрт худалдагчаар орсон – Пөөх тэр чинь их том дэлгүүр, яаж чадаваа чи? – Яахав би тийм муухай охин биш болохоор л тэр биз хэмээгээд инээхэд ах нь ч мөн даган инээгээд – За болж болж дүүдээ баяр хүргэе. Хичээдэг юм шүү. Тийм том газар орчихоод хариуцлага алдав – Ойлгосон доо. Та нээрээ аав, ээж хоёроос ч илүү үглээ шүү. За баярлалаа би эртхэн унтлаа. Өглөө 8 гэхэд ирчихсэн байгаарай гэсэн тэгэхээр би 6 өнгөрч босохгүй бол амжихгүй байх. Тэрээр өрөөндөө орон байж байтал ах нь

тэндээс – Хөөе чи энэ ууж идсэн аяга тавгаа хурааж угаагаачээ. Эмэгтэй юм байж арчаагүй гэдэг нь гэтэл цаанаас нь ээж нь өмөөрч буй бололтой ах нь ч үглэсээр. Хэрлэн харин тэр бүхнийг сонссон ч сонсоогүй царайлан цаг яагаа ч үгүй байхад унтахаар орондоо орлоо.