
Олонтойгоо бужигнан хийж бүтээхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан явсаар нэг л мэдэхэд намрын шаргал өдрүүд гадаа нь ирж хөл доор нь шарласан навчис хөглөрөхийг тэрээр сая л анзаарав. Хажидмаа
төрсөн өдрөө яг хэдийд гэдгийг мэдэхгүй. Тээр жил сургуульд ороод төрсөн өдрийг нь асуухад мэдэхгүй хэмээн үнэн учраа хэлбэл захирал багш 9 сарын 1 гэж тавьснаас хойш бүх бүртгэл дээрээ ийнхүү
бичигддэг болсон билээ. Хүн болсоор төрсөн өдрийн баяр хийж үзээгүй тэрээр анхандаа ажлынхаа хүүхнүүдийн төрсөн өдрийн баярт уригдан очихдоо гайхширч байж билээ. Нэг өдөр Сүрэн Хажидмаа
ингэхэд миний дүүгийн төрсөн өдөр хэзээ болдог юм хэмээн асуухад 9 сарын 1 гэж сулхан дуугарав. Өнөөдрийг хүртэл туулж ирсэн амьдралаа Хажидмаа хэнд ч хэлдэггүй хэлэхийг ч хүсдэггүй аж.
Гагцхүү ээж, ааваасаа багадаа өнчирч үлдсэн гэхээс өөрийг үл хэлнэ. Хажидмаагийн хувьд амьдрал яг ингээд тогтмол ус мэт бүх зүйл нь жигдрээд болчихсон мэт санагдах аж. Тэрээр үүнээс өөр юу хүсэх

билээ. Хүний дайтай явж байгаа минь л хангалттай хэмээн бодно. Гэтэл нэг орой унтаж байгаад Васяг зүүдлэв. Хоёул говийн халуун элсэн дундуур хөл нүцгэн хөөцөлдөн гүйж Хажидмаа хариугүй баригдахын даваан дээр гараас нь мултарч жаргалтай нь аргагүй инээлдэн зугтан гүйж байгаад элсэн дээр хальтран унахын даваан дээр Вася түүний бэлхүүсээр нь тэврэн зогсоож байна гэж зүүдлээд тэр дороо сэрчихэв. Түүний зүрх хүчтэй цохилж, түргэсэн нэг л сонин мэдрэмж төрөхүйд тэрээр өрөөний хүүхэн болох Жавзмааг сэрээд зүүдийг нь мэдчих юм шиг хөнжилдөө хамраа шургалан тайвшрахыг хичээв. Тэрээр буцаж унтах гэсэн боловч саяны зүүд бодогдон нойрыг
нь хулжааж орхисон аж. Зүүд нээрээ яагаад ийм сонин байдаг юм бол? Хэрвээ хүссэн зүйлээ зүүдэлж болдог бол аавыгаа, ээжийгээ, ахыгаа, дүүгээ зүүдэлж үзэх юмсан. Тэрээр ингэж бодохын сацуу хоёр хацрыг нь даган халуун нулимс урсаж, тэднийгээ ямар их санаж, үгүйлж байгаагаа сая л ухаарав. Ийнхүү элдвийг бодон сэрвэлзэн хэвтэж байтал Жавзмаа ч зүүдэлж буй бололтой яриглан хар даран орилоход бушуухан босч түүнийг дуудан сэрээх гэж оролдов. Хэд хэд дуудуулсаны дараа сая нэг сэрэн Ёоох…бурхан минь ямар муухай зүүд вэ. Усанд живж байна гэж зүүдлээд хэмээн үглэсээр буцаад нойрондоо дийлдэн унтаад өгөв. Хажидмаа түүнийг харан инээмсэглэснээ буцан хэвтсэн ч нойр нь хүрэхгүй байсаар үүр цайлгалаа. * * * Тэр нэг өдөр
Хажидмаа ганцаараа ажиллаж байтал Сүрэн хүрч ирээд За ажил сайн уу. Эгч нь юун амрах хэдэн хүүхдийн хичээл сургууль бэлдэх гэж гүйсээр хамаг өдрөө барж байна. Орой манайд 18 цагт хүрээд ирээрэй. Өнөөдөр эрт бууна биз дээ гэж хэлээд үгийн солиогүй тэр хавиар гүйж байгаад гараад явчихав. Хажидмаа ажлаасаа буун шууд очих гэснээ хэдэн хүүхдэд нь дэлгүүр орж ганц нэг чихэр пичень аваад дугаарлаж зогссоор цагаасаа үл ялиг хоцроод очив. Түүнийг ортол ширээ дүүрэн юм өрчихсөн, орос дэлгүүрийн ховор нандин зүйлс ч харагдаж байх нь тэр. Өө миний дүү хүрээд ирэв үү? Эгч нь хэдэн хүүхдээ аавынх руу явуулчихлаа. Маргааш амралтын өдөр юм чинь тэнд очиж жаал туслаг гээд. Алив ийшээ суу, одоохон зочид ирнэ, хоол ч гарах болж
байна хэмээн үглэсээр галын өрөө рүү явчихав. Учрыг нь одоо хэр нь ойлгоогүй байсан Хажидмаа бүлтэгнэн ширээнд очин цомцойн суулаа. Сүрэн Хажидмаад цай авчирч өгөхөд тэрээр Сүрэн эгчээ яагаад ингэж ширээ зассан юм бэ? Ямар нэгэн юм болж байгаа юмуу? Би таньд тусалъя Зүгээрээ эгч нь бараг дуусчихлаа. Ах нь тээвэрт явчихсан, хүүхдүүд аавынхруу явчихсан болохоор дор нь амжуулчихсан. Алив цай уу, хиам ид хэмээгээд таваг өмнө нь тавив. Тэгтэл ч гадаа үүд цохих дуулдахад Сүрэн гүйхээрээ гарч явснаа Васяг дагуулан ороод ирэх нь тэр. Хажидмаагийн хацар халуу оргин тогонд цохиулсан мэт болж хамаг биеэр нь гүйдэл гүйх мэт болоход бушуухан цайгаа том том балган уулаа. Хажидмаа чамд урьдчилж
хэлээгүйд уучлаарай. Вася бид хоёр чиний төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байгаа юм шүү. Энэ Васягийн санаачлага. Элдэв юм бодолгүй гурвуулаа сайхан баярыг чинь тэмдэглэе. 9 сарын 1-нд хийх гэтэл боломж гарсангүй. Тэгэхдээ нэг их удаагүй болохоор зүгээр биз дээ гээд инээвхийлэв. Хажидмаа юу ч хэлж чадсангүй хацрыг нь даган баярын нулимс урсаж билээ. Сүрэн инээмсэглэн хажууд нь суун толгойг нь илээд Миний дүү битгий ийм уйтгартай бай. Чи их хөөрхөн охин шүү дээ. Залуу хүн чинь өөрөө өөрийгөө чимдэг болохоор чи бусдаас ичиж зовох хэрэг юу байна. Хүн хүнээ олно гэдэг тийм санаан зоргоор биш. Хүний сэтгэл нэг л өдөр хэн нэгнийг чимээгүйхэн хүлээдэг болчихдог юм. Харин тэр бүхэнд битгий
өөрийгөө хорьж бариарай хэмээн учир битүүлэг зүйл хэлэхэд Хажидмаа үнэндээ заримыг нь ойлгосонгүй. Сүрэн ч уулга алдан босч төд удалгүй халуун бууз уур савсуулан барьсаар орж ирэхэд Вася ширээн дээрхи жимсний дарсыг задлан Хажидмаагийнхаа төрсөн өдрийн баярт зориулж тусгай дэлгүүрээс авсан юм шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэж хэлээд нямбайлан боосон дөрвөлжин зүйл өгөв. Хажидмаа анх удаагаа хүнээс тэр тусмаа эр хүнээс бэлэг авч байгаадаа сандран яг л жаахан хүүхэд өвлийн өвгөнөөс бэлэг авч буй мэт баярлан хоёр хөлөө тахимаараа нугалан баярлалаа хэмээгээд хоёр гараа тосон авахад Сүрэн, Вася хоёр өөрийн эрхгүй инээд алдчихав.
Тэд ууж идэн, ярьж суусаар цаг ч нилээн орой болж Вася Хажидмааг хүргэж өгөхөөр хоёул гэрээс гарав. Гадаа тогтуухан үл ялиг сэвэлзэх сэрчигнүүр салхи халуун гэрээс дотроо жаахан халууцуулан гарч ирсэн хоёрт нэн таатай. Хааяа нэг айлын ноход боорлон хуцахаас өөр чимээгүй намуухан сайхан шөнө байлаа. Тэнгэрт түг түмэн одод анивалзан гялалзаж, саран авхай тэртээ дээрээс тэр хоёрын урдах замыг гэрэлтүүлэн мэлтийх аж. Хэн хэн нь юм ярилгүй хэсэг чимээгүй алхаж байснаа Вася ам нээн Өнөө орой чи үнэхээр жаргалтай харагдаж байсан. Чамаас гэрэл цацарч байгааг харах сайхан байлаа Та хоёртоо үнэхээр их баярлалаа. Би сэтгэлийн хөдөлгөөн багатай, хүнд баярласан сэтгэлээ олигтой ч илэрхийлж чадахгүй хүн юм даа
Зүгээрдээ чамайг баярлуулж чадсандаа бид хоёр баяртай байна. Хүн яах гэж амьдардаг гэж чи бодож байна? Юу гэсэн үг вэ. Мэдээж амьдрах гэж л байлгүй би урьд нь бодож үзээгүй юм байнаа…гээд доошоо харан хэлэхэд Вася дээшээ харж уртаар цээж дүүрэн амьсгаа аван гаргаад Хүн жаргах гэж л амьдардаг. Харин тэр жаргалыг хэзээ, хаана, хэнээс, юунаас олж авах вэ? гэдэг л чухал. Яг өнөөдөр энэ цагт би маш их жаргалтай байна. Би чамд сэтгэлтэй болчихож хэмээн шууд хэлэхэд Хажидмаа юу гэхээ мэдэхгүй газар ширтэн түргэн түргэн алхлаа. Тэрээр байрандаа ирэн жижүүртээ бүртгүүлээд өрөөндөө орсон хойноо сая нэг уртаар амьсгаа авав. Жавзмаа өнөөдөр шөнийн
ээлжинд гарч байгаа болохоор түүнд саад болох хүн байсангүй. Тэрээр бушуухан Васягийн өгсөн бэлгийг задалж үзмээр санагдаад боолтыг тайлбал дунд зэргийн дэвтэр байх аж. Эхний хуудсийг сөхвөл: “ Хажидмаа би тэр л өдөр анх чамайг харсан. Надтай бүжиглэхээр гараас минь хөтлөхөд чичирч байсан чиний бие, ичингүйрэн нүүр буруулах чиний байдал намайг чамд дурлуулсан. Би энэ дэвтэр дээр чамайг боддог болсон цагаас хойш бичсэн шүлэгнүүдээ чамд дурсгал болгон бэлэглэлээ. Чи энэ бүхнийг уншаад миний сэтгэлийг ойлгож хүлээж авч чадна хэмээвээс би чамайг насаараа хайрлаж хамт байх
болно. Хүндэтгэсэн Вася… Төрсөн өдрийн мэнд хүргэе 1955 оны 9 дүгээр сарын 1” Хажидмаа шөнөжин бичсэн шүлэгнүүдийг хэд дахин эхнээс нь давтан уншив. Унших бүртээ тэр хүнд татагдаж байгаагаа мэдэн зүрхэнд нь дон хийн нэгэн хөг эгшиглэх шиг. Маргааш, нөгөөдөр тэрний цаад өдөр ч байдал хэвийн өнгөрлөө. Харин дөрөв дэх өдөр хоолны заалнаас гарч явтал Вася түүний хажууд зэрэгцэн Чи миний бичсэн үгийг бодож үзэв үү? зөвшөөрөөч дээ хэмээн гуйхад Хажидмаа толгой дохьчихоод тэр чигтээ гүйгээд явчихав. Энэ өдрөөс хойш Хажидмаа дурлал гээч зүйл хичнээн гайхалтай болохыг
мэдэрлээ. Ажил дээрээ хуучин шигээ энгийн байдаг хоёр ажлаас гадуур зав зай л гарвал болзон хамт кино үзэж, гадуур зугаалсаар аль хэдийн гурван сарыг ардаа орхив. Энэ гурван сар Хажидмаагийн хувьд нисэх мэт хурдан өнгөрөв. Нэг л мэдэхэд дахиад л шинэ жил болох болж Хажидмаа Вася хоёр дахин бүжгэндээ орж мартахын аргагүй тэмдэглэн өнгөрүүллээ. Одоо ажлынхан нь ч тэр хоёрыг мэддэг болж эхэндээ жиг жуг гэлцэн ил далд сайн муу хэлдэг байснаа яваандаа хүлээн зөвшөөрсөн мэт чимээгүй болцгоов. Цасан ширхэг хөл доор шарр шарр дуугаран хоёул хөтлөлцөн алхаж явтал Вася ороолтыг нь чангалан уяад өөдөөс нь нэг л гуйсан харцаар харах нь
тэр. Хажидмаа хоёулаа өнөөдөр манайд хамт очъё тэгэх үү…гээд гараас нь хөтлөхөд Хажидмаа зөнгөөрөө ямар нэг зүйлийг мэдрэн чимээгүйхэн толгой дохьлоо. Тэр хоёр явсаар Васягийн байранд ирцгээв. Ганцаараа амьдардаг эр хүн гэхэд их цэмцгэр суух аж. Гэрээс нь нэг л өөр эхүүн хурц ч юм шиг содон үнэр үнэртэхэд Хажидмаа өөрийн эрхгүй хэд хэд угсруулан найтаачихав. Вася гэрийн шаахай авч өгөөд ийшээ хэмээн зочины өрөөнд урин орууллаа. Манайд халуун юм алга би одоохон самаворт ус хийгээдэхье. Хажидмаа юу ч дуугарахгүй чимээгүй суусаар. Вася төд удалгүй орж ирэн халуун байхуу цай өгөөд хөнгөн зууш бэлдэн тавиад хоол хийлгэх үү бэлэн
юм алга гэтэл Хажидмаа бушуухан Үгүй үгүй хэрэггүй би зүгээр гэж арайхийн дуугарлаа. Вася тавагтай чихэрнээс нэгийг амандаа хийгээд босч хөнгөн хөгжмийн ая намуухан тавиад бүжиглье хэмээн урихад Хажидмаа илбэдүүлсэн аятай л түүний үгээр болов. Вася бүжиглэж байхдаа биедээ улам ойртуулан ойртуулсаар Хажидмаа чи надад итгэж байна уу БИ ЧАМД ХАЙРТАЙ би үнсэж болох уу? хэмээгээд зулай дээр нь удаан гэгч нь үнэрлэхэд Хажидмаа бүх цус нь хэсэг царцаад
тэр дороо садран урсах мэт болов. Вася түүний уруул дээр нь үнсэн байснаа битгий айгаарай хэмээгээд зөөлөн өргөн тэврээд орлуугаа явлаа. Хажидмаа айж байсан хэдий ч сэтгэлтэй залуудаа үгүй гэж хэлж чадсангүй. Тэрээр “ Вася надад хайртай, миний нөхөр болох юм чинь эрт орой хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан ” хэмээн бодоод биеэ чи мэддээ гэсэн мэт зөнгөөр нь орхилоо. Вася ч илбэн таалсаар байдгаараа чангалсан биеийг нь аажмаар тавиулан эзэмдсээр. Хажидмаа юу болж байгааг мэдэж байсан ч одоо бүх зүйл нэгэнт өнгөрчээ. Маргааш өглөө нь Васяг сэрэхэд Хажидмаа аль хэдий

нь явчихсан байв. Ажил дээрээ очоод Хажидмаатай ээлж таарсангүй, маргааш нь уулзах гэтэл Хажидмаа дөлөөд байсанд тэрээр тайвширтал нь хүлээхээр шийдлээ. Тэгтэл дарга дуудаж байна хэмээн түүнд хэлэхэд Вася бушуухан даргийн өрөө рүү явав.