
Төгөлдөр ажил дээрээ нэгийг хайн бүх бичиг цаасаа онгичин байтал гаднаас Борхүү ороод ирэв. – Сонин юм даа Борхүү ахаа та нөгөө алга болсон охины талаар ээжийнх нь хэлж байсан бүртгэлийг хараагүй
биз? – Байсан ш дээ энд хэмээн хэлээд бичиг баримт хадгалдаг шүүгээгээ онгойлговол – Харин тийм яах аргагүй байсан. Цоожтой байхад хаашаа алга болчихов – Арай … цоож нь зүгээр байна уу? –
Тиймээ түлхүүр нь та бид хоёрт л байдаг хэвээрээ биз дээ. Арай та Алимаад нэгийг хувилаад өгсөн юм биш биз гэхэд Борхүү толгойгоо сэгсрэн – Үгүй үгүй би өгөөгүй, арай … – Арай юу гэж хэмээн өөдөөс нь
харвал Борхүү өмнөх аягатай уснаасаа нэг амьсгаагаар балгаад өөр алга болсон юм байна уу? хэмээн сандран бүгдийг нь гаргаж үзэж эхлэв. Аз болж өөр алга болсон зүйлс байсангүйд тайвширан – Тийм
байлгүй дээ тийм байх учиргүй … хэмээн Борхүү хэнд хандаж хэлж байгаа нь мэдэгдэхгүй амандаа үглэн буцааж дэс дарааллаар нь байрлуулан хийгээд цоожлов. – Нэг газар хийсэн юм байлгүй та сайн

шалгаж үзээрэй би гарлаа – Тэгдээ удахгүй Алимаа ирэх байх хамтдаа хайгаад үзье – Та Алимаад их итгэх юмаа, цаг хугацаа өнгөрсөн байна хүн яаж ч өөрчлөгдөж ямарч бодолтой болсон байж болно. Ер нь Лхамсүрэн ахлагч яагаад заавал хүлээлгэж хүлээлгээд зальтай байрын энэ бүсгүйг бид хоёрлуу явуулав бодох л хэрэгтэй – Их итгэх нь ч юу юм бэ. Гэхдээ багаас нь бас ч гэж гадарлахын хувьд арай ч тийм мөсгүй чанаргүй биш байх л гэж боддог. Тэгээд ч тангараг өргөсөн хууль сахиулахын ажилтан явуулсан болохоор … – Надад нэг зарчим байдаг. Үнэндээ би өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй, итгэхийг хүсдэг ч
үгүй – Арай чи надад бас итгэдэггүй юм биш биз дээ? – Мэдэхгүй юм даа, цаг хугацаа харуулна биз гээд хариу сонсолгүй өрөөнөөс гарав. Борхүү ганцаараа үлдсэн хойноо саяын Төгөлдөрийн хэлсэнийг бодон тэр шөнийн явдалаа бодон алдаа гаргасан эсэх талаараа бодон сууна. Нэг өдөр Алимаа, Борхүү хоёр орой болтол суун ажиллав. Алимаа түүнд халуун цай авчирч өгөөд гэнэт хойноос нь тэврээд авахад Борхүү гайхан дээш өндийх гэтэл Алимаа шивнэх шахам – Борхүү би чамайг зөндөө санасан. Энэ олон өдөр яаж тэсэж байгааг минь чи мэддэг ч болоосой гээд санаа алдахад Борхүү өнөөх л зөөлөн нүдээрээ дөлгөөхөн инээмсэглээд – Алимаа ажил дээр байна – Төгөлдөр ирэхгүй гэсэн тэгэхээр хоёулаа нэг л өдрийг өөрсөддөө зориулъя тэгэх үү гуйж
байна ш дээ хэмээн эрхлэнгүй дуугаран тэвэрсэн чигтээ хоёр гараа хөдөлгөн хүзүүг нь халуун амьсгалаараа төөнөхөд Борхүү эр хүн л юм болохоор тэгээд ч хэзээ нэгэн цагт хайртай байж өнөөг хүртэл сэтгэлийнх нь мухарт хадгалагдан байсан дөл гэнэт бадамлах мэт болоод ирэхэд удаан ч бодолгүй зөвшөөрөн гарахаар болж бичиг баримтаа хумин шүүгээндээ хийгээд цоожлов. Төгөлдөр ажлаасаа гаран машиндаа суун Борхүүд ч хэлэлгүй нууцаар байрлуулсан камераа ухраан эхнээс нь үзсээр. Гэтэл Алимаа Борхүүгийн араас тэврэн чихэнд нь нэгийг шивнэн эрхлэн байх хоорондоо Борхүүгийн
ширээн дээр байгаа бүхнийг уншиж байгааг нь харан нөүтбүүкнийхээ дэлгэцийг улам томруулан зөвхөн Алимаагийн царай л харагдах болоход хэд дахин ухраан үзэж байтал гэнэт чихнийх нь тэнд гялтагнах шиг болоход лавшруулан харвал яах аргагүй том улаан шигтгээтэй ээмэгнийх нь тэнд бичлэг хийхэд л асдаг жижиг улаан гэрэл анивчих нь тэр: Новш гэж ингэх гээд байсан юм … хэмээн хараал урсгаад цааш үзвэл Борхүү шүүгээн дотор бичиг баримтуудаа хийн цоожлох хооронд нэгийг ярин худлаа инээн хажууд нь зогсон түлхүүрийнх нь зургийг авч байгааг мэдлээ. Төгөлдөр Борхүүг утсаар
дуудан ирэх хооронд нь юу ярихаа бодож байтал Борхүү ч удалгүй машинд нь ороод ирэв. – Борхүү минь энийг үздээ … Борхүү бичлэгийг үзэн хөлсөө арчин царай нь хүрлийн сууна – Чи яаж ингэж чадав? – Би өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй гэж хэлсэн байхаа. Үнэндээ би танд ч хэлэлгүй нууц камер суурилуулсан байсан. Ойрдоо үзэж амжихгүй яваад сая үзтэл ийм л байна даа – Арай ч дээ … хичнээн баримт алдсан бол. Би бүгдийг нь үзэхэд яг хэвээрээ байсан – Ингэж л биднээс хулгайлсан байна хэмээгээд гүйлгэсээр дахин нэг бичлэгэн дээр тавьбал Алимаа шүүгээг онгойлгон хэрэгтэй хэрэггүй бүх л баримтны зургийг жижиг зургийн аппаратаар авч байгаа харагдах нь тэр – Одоо
нэгэнт хэн гэдгийг нь хоёулаа мэдлээ. Яаран хөдлөлгүй ард нь хэн байгааг олох хэрэгтэй – Тийм шүү хамгийн түрүүнд Лхамсүрэнг шалгая. Энэ ажлыг надад даатгачих. Анхнаасаа би холбогдсон тэгээд ч намайг сэжиглэх нь арай гайгүй байх. Чи алга болсон охидуудаа л олохыг бод – Тэг дээ, хэнд итгэж хэнтэй хамт ажиллахаа ч мэдэхээ байчихлаа. Лхамсүрэн, Алимаа хоёр ямарч байсан холбоотой нь тодорхой харин энэ хоёрын ард хэн байна?, Бас алга болсон охидууд?, Өнөөх дэгжин залуу?, Хамгийн гол нь хэдий хирийн том сүлжээ хаа хүртэл тэлсэн байгаа бол гэхээс айж байна. Хичнээн охиныг магадгүй
хөвгүүд ч өртсөн байж болзошгүй, Монголд одоогоор хараахан байхгүй байгаа байх тэгэхээр ойрхон Хятад, Солонгос, Орос ч байж магад хаа хүрсэн хэдий том ямар сүлжээ байгааг мэдэхгүй минь ямар гачлантай байна вэ. Хэзээдээ ийм болчихов, энэ бүхэн юунаас болов, хүмүүс яагаад бүх зүйлд улсаа буруутгаж хэдий болтол амаа ангайж хөдөлмөрлөхгүйгээр, зүтгэхгүйгээр бэлэн хоол амруу нь хийхийг хүлээн араатан байсан ч ачтан мэт санан алдаж явах болж байна. Ухамсар нь хэзээ дээшилж өөрсдөө хариуцлага, үүрэгээ ухамсарладаг болох юм болдоо. Энэ бүхний уршигаар хичнээн ч хүүхэд зүй бусаар
өөрөөсөө ч хамааралгүйгээр чимээгүйхэн ирсэн шигээ чимээгүйхэн буцацгааж байгаа бол. Бодохоос л өр өвдөөд байх юм **** Бадам ажил дээрээ охиноос нь ямарч сураггүй байгаад дэмий л ганхиран өдөр хоногуудыг өнгөрөөн байсан тэр л өдрүүдэд хамт ажилладаг хүүхэн нь утсаа барин хүрч ирээд – Бадам аа эгчээ таньтай утсаар яръя гэж байна? Хурдлаараа холын дуудлага байсан шүү. Үүнийг сонсоод охин нь ярьж байна хэмээн бушуухан утсыг нь авахад зүрх нь амандаа багтахгүй оволзож гар нь салгалан өөрийн эрхгүй хоолой нь зангираад ирэхэд утсаа чихэндээ барин шуугианаас гарахаар бөгтөгнөн гүйж байхдаа – Одоохон ээж нь чимээнээс гараатая юу ч сонсогдохгүй байна миний охин утсаа битгий таслаарай одоохон
хэмээн үглэсээр сая гадаа гаран нэгэнтээ уртаар амьсгаа аваад чичирсэн хоолойгоор: Байна уу? – Сайн байна уу ээжээ хүү нь байнаа – Өө миний хүү юу хэмээн хоолойных нь өнгө сулран тэртэй тэргүй гарах гэж байсан нулимсаа барьж дийлэлгүй уйлчихав – Ээжээ та зүгээр үү юу болсон бэ? – Ээж нь зүгээр ээ миний хүү сайн уу, сурлага өндөр үү? – Тиймээ аав бид хоёр тус тусынхаа ажлыг хийгээд сайн байгаа – Болж дээ … гээд уртаар санаа алдахад хүү нь – Ээжээ та сайн биш байна. Эгч сайн биз дээ? – Эгч нь … эгч нь …хүнтэй суугаад наадруу чинь явсан – Юу !!! Хэзээ вэ тэгээд та ганцаараа наанаа байгаа юмуу? – Ярьвал урт юм болоод байна. Эгч нь ямарч сураггүй болчихлоо. Сууна гэж байсан залуу нь өөр нэг охинтой энд явж
байхыг би харсан, цагдаагийнхан хайж байгаа – Юу … та чинь юу яриад байнаа. Таны бие зүгээр үү? – Би зүгээрээ чи намайг галзуурчихсан гэж бодоод байх шиг байна би одоо л галзуурах гээд байна. Наанаа эгчийнхээ сургийг гаргахыг бодоорой хүү минь – Ээж минь энэ том газраас хаанаас гэж би … за за ээжээ тэгж байгаад яръя – Тэгдээ миний хүү биеэ бодоорой, аавыгаа сайн хараарай өөрийнхөөрөө зөрүүд хүн шүү – Бид хоёр дажгүй ээ та өөрийгөө л бод. Ер нь нэг та хоёрыг амралтаараа эргэж очье гэж бодож байсан юм

удахгүй хүү нь яваад очье тэр болтол та минь л эрүүл байж байгаарай – Баяртай гээд Бадам өөрийг хэлж чадалгүй утсаа барьсан чигтээ доош суун цурхиртал уйлах түүнийг салхинаас өөр аргадах нь даанч байсангүй.