Нүүр Сонин хачин Ханхүү Харри, Меган Мэркл нарын Опрад дэлгэсэн дуулиантай 8 баримт

Ханхүү Харри, Меган Мэркл нарын Опрад дэлгэсэн дуулиантай 8 баримт

2 секунд уншина
0
0
60

Ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар Их Британийн хааны гэр бүлийг орхисноос хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байна. Хоёр цаг үргэлжилсэн тус ярилцлага өнөө өглөө CBS телевизээр цацагдсан бөгөөд алдарт хөтлөгч Опра Винфри ярилцлагыг хөтөлжээ.

Их Британийн хааны гэр бүлийн дотор өрнөдөг таагүй үйл явдлуудыг дэлгэсэн энэхүү ярилцлагыг хэвлэлүүд үе тутамд нэг тохиолдох том сорилт хэмээн нэрлэж байна. Диана гүнж 1995 оны хааны гэр бүлийн хатуу жаягийг зөрчин хэвлэлд илэн далангүй ярилцлага өгч, тухайн үед шуугиан тарьж байсан. Мөн эл явдлаас 25 жилийн өмнө буюу 1970 онд хаан ширээнээс буусан эзэн хаан Эдвард VIII, эхнэр Уоллис Симпсоны хамт ордны амьдралын талаар хэвлэлд ярьж байсан аж.

Тэгвэл ханхүү Харри, Меган Мэркл нар Опрад ямар нууцуудыг дэлгэсэн бэ?

  1. Меган Мэркл хааны гэр бүлийн шахалтаас болж амиа хорлох бодол төрж байжээ

Меган Мэркл хааны гэр бүлийн гишүүн болсноос хойш маш их ганцаардаж, тусгаарлагдахын зэрэгцээ тэдний дэмжлэгээр дутагдаж байсан гэдгээ хэлжээ. Энэ бүхэн түүнийг амиа хорлох тухай бодоход хүргэсэн гээд “Би ерөөсөө ч шийдэл олж харахгүй байсан. Шөнөжингөө суугаад бодсон ч чухам яагаад энэ бүхэн ийм байдалд хүрснийг би ойлгохгүй байлаа. Ээж, найзууд маань над руу утасдаж “Мег тэд чамайг хамгаалахгүй байна шүү дээ” гээд уйлж байсан.”

“Тухайн үед би үүнийг хэлэхээс үнэхээр их ичиж байсан. Ялангуяа цаашид амьдрах хүсэлгүйгээ байгаагаа Харригийн өмнө хүлээн зөвшөөрөх надад үнэхээр хүнд байлаа. Учир нь би түүнийг өдийг хүртэл хэчнээн их зовж байсныг мэдэх учраас. Гэхдээ би энэ тухайгаа хэлэхгүй бол жинхэнээсээ үйлдэл хийх байсан” гэжээ.

2. Арчигийн арьсны өнгө хэт “хар” байх вий гэж хааны гэр бүлийн зарим гишүүд санаа зовж байсан гэжээ

Меган Мэрклийг хааны гэр бүлд хөл тавьсан цагаас хойш хэвлэл мэдээллийнхэн төдийгүй хааны гэр бүлийн дундаас ч арьс өнгөөр ялгаварлах байдал ажиглагдсан гэнэ. Хүү Арчиг нь төрөхөөс өмнө арьсны өнгө нь хэт хар байх вий гэж хааны гэр бүлийн зарим гишүүн санаа зовж, энэ талаар ярьж байсан гэдгийг Меган, Харри хоёр энэ үеэр ярьсан байна. Түүнчлэн Арчи язгууртны хэргэм цол хүртээгүй, хааны гэр бүлийн гишүүдийн нэгэн адил хамгаалалтад ороогүй гэж хос хоёр энэ үеэр мэдэгджээ.

3.Тэдний хоёр дахь хүүхэд охин!

Меган, Харри хоёр өнгөрсөн хоёрдугаар сард дахин хүүхэдтэй болсноо зарласан билээ. Харин Опрад ярилцлага өгөх үеэрээ тэд хүүхдийнхээ хүйсийг дэлгэжээ. Тэдний хоёр дахь хүүхэд охин бөгөөд Меган энэ зун амаржих юм байна.

4.Тэд хааны гэр бүлийн уламжлалт хурим болохоос 3 хоногийн өмнө цомхон хуримын ёслол хийжээ

Их Британийн хааны гэр бүлийн гишүүд дүр дуулиант, тансаг хуримын ёслол хийдэг уламжлалтай. Харин Меган, Харри хоёр энэ хуримаас гурав хоногийн өмнө гэртээ цомхон ёслол үйлдэж, хуримын тангаргаа өргөсөн гэнэ.

5.Харриг хааны гэр бүлээс хөндийрсний дараа хунтайж Чарльз хүүгийнхээ утасны дуудлагад хариулахаа больсон гэв

Харри гэр бүлээ орхисны дараа эцэгтэйгээ ямар харилцаатай байсан тухайгаа энэ үеэр ярьжээ. Ханхүү Харри, Меган Мэркл нар 2020 оны эхээр язгууртны хэргэм зэргээ орхихоос өмнө хатан хаантай гурван удаа, эцэг болох хунтайж Чарльзтай хоёр ч удаа нухацтай ярилцсан гэнэ. Энэ явдлын дараахнаас хунтайж Чарльз хүүгийнхээ утасны дуудлагад хариулахаас татгалзаж, хэлэх зүйлээ бичгээр ирүүлэхийг хүсэж байсан гэнэ. Харин тэднийг шинэ амьдрал эхлүүлсний дараа Чарльз хүүтэйгээ ярилцаж эхэлсэн байна. Харри эцэг болон ахдаа хайртай гэдгээ илэрхийлсэн, одоогоор харилцаагаа сэргээхийг хичээж байгаа гэжээ.

6.Меган Мэркл: Хэн ч надад Их Британийн төрийн дууллыг зааж өгөөгүй болохоор шөнө Гүүглдээд сууж байсан

Их Британийн хааны гэр бүл Меганыг анх халуун дотноор угтсан ч язгууртны амьдралд дасахад нь ямар ч дэмжлэг үзүүлж, зааварчилгаа өгөөгүй хэмээжээ. “Мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр хийж болохгүй зүйлс байдаг. Гэхдээ яаж ярих, хэрхэн мэхийх, яаж язгууртан шиг байхыг надад хэн ч зааж өгөөгүй. Ордныхон надад Их Британийн төрийн дууллыг ч зааж, ийм байх ёстой гэж үзүүлээгүй. Тэгээд би шөнө болсон хойно Гүүглдэж, сургуулилт хийдэг байлаа. Би зүгээр л тэднээр бахархуулахыг хүссэн юм” гэж ярьжээ.

Меган Сассексийн гүнгийн авхай болсноосоо хойш паспорт, жолооны үнэмлэхээ ч ашиглах эрхгүй болж, харааны асуудлаас болж амьдарч байсан ордноос гарч чадалгүй хэдэн сарыг үдсэн гэнэ. Эцэст нь тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийнхээ нөхцөл байдлыг илэрхийлж, тусламж эрэхэд ордноос “үгүй” гэсэн хариу сонсчээ.

Түүнчлэн Их Британийн хэвлэлүүд Сассексийн гүнгийн авхайн талаар олон таагүй сөрөг мэдээллийн цацаж байхад хааны гэр бүл Меганыг дэмжиж, хамгаалах боломжтой байсан ч хэн нь ч ийм алхам хийгээгүй гэж Харри ярьсан байна.

7.Ханхүү Харри: Би юунд ч харамсдаггүй. Эхнэрээрээ үнэхээр их бахархдаг

Опра хос хоёроос ямар нэгэн зүйлд харамсдаг уу хэмээн асуухад Харри “Үгүй ээ. Бид өөрсдөөрөө бахархдаг. Би эхнэрээрээ маш их бахархдаг. Олон нийт түүнд маш хатуу, хэрцгий хандаж байсан хүнд цаг үед Арчиг минь эрүүл энх төрүүлсэн. Өдөр бүр намайг гэртээ ирэхэд Меган уйлчихсан, хүүгээ хөхүүлээд сууж байдаг байсан. Бид хийх ёстой зүйлээ л хийсэн” гэжээ.

Харин Меган “Тэд намайг хамгаална гэж хэлэхэд нь итгэсэндээ харамсдаг” хэмээжээ.

8.Меган, Кейт хоёрын харилцааны талаар олон нийт ташаа ойлголттой байдаг гэв

Меган Кембрижийн гүнгийн авхай болох Кейт Миддлтоныг хуримын үеэр уйлуулсан гэх цуурхлыг няцаагаад, нөхцөл байдал харин ч эсрэгээрээ байсан гэжээ. Тухайн үед тэд санал зөрөлдсөнөөс болж Меган уйлсан гэнэ. Гэхдээ Кейт уучлал гуйж, тэдний хоорондох асуудал шийдвэрлэгдсэн байна. Гэвч олон нийтээс Меганд ирэх дайралт тэвчихэд бэрх байсан тул үнэнийг хэлэх боломж олдоогүй хэмээжээ.

Эх сурвалж: CNN, BBC

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *