
Уранчимэгийн нүүрэнд урд нь хэзээ ч тодорч байгаагүй баяр баясал гийнэ. Тэрээр гэрээ цэвэрлээд ийнхүү тойруулан харан аз жаргал тодруулан суугаа нь энэ аж. Тэрээр амьсгаагаа дарангаа өнгөрсөнөө
нэхэн санав. Балбар яваад эмчийг аваад ирэн иртэл эгч нь ханиасаар. Амнаас нь цус гарахад Уранчимэг үнэхээр их айж яах учраа олохгүй дэмий л арчин хаалгаруу харан сууж байтал ашгүй эмч ирэн эгчид нь
тариа хийгээд авч явав. Уранчимэг, Балбар хоёр эмнэлэгийн үүдэнд хүлээн суусаар. Уранчимэг айсандаа юу нэгэн бөгөөс даарсаных уу гэнэт чичирч эхлэв. Балбар олон ч юм бодолгүй мөрөөр тэврэн
энгэртээ наагаад – Даарч байна уу хө? – Мэдэхгүй – Ажаа ямартаа ч эмнэлэгээ бараадсан болохоор учиртай – Тийм л байгаасай. Хэдий миний төрсөн биш ч гэлээ хар нялхаасаа хамт байсан болохоор
дасчихсан байна – Тэгнэ, тэгнэ аргагүй – Ямар азаар та хамт байж таарав аа ганцаараа байсан бол … би ёстой мэдэхгүй байна – Би хэлсэн шүү дээ чамтай учирах гэж л зам наашаа хазайсан байх гэж – Тэр

тоглоом яахав ээ яасан удаж байнаа … хэмээгээд ичсэндээ босон холхиж байтал сая нэг эмч гарч ирэв. Уранчимэг эмчийг хараад горьдлого тээн асуусан харцаар өөдөөс нь очвол эмч хөлсөө арчаад – Уранчимэг минь бид чадах бүхнээ хийсэн ч аварч чадсангүй уучлаарай. Уранчимэг үүнийг сонсоод юу ч хэлж чадалгүй суун тустал амжиж Балбар түшиж авч байсныг хальт санав. Эгчийнх нь ажил явдалаар хүүхдүүд нь ирэн Уранчимэгийг ёстой хэлэх хэлэхгүй үгээр дайрч гарах нь тэр. – Чи миний ээжийг бие нь тийм муу байсан юм бол ядаж нэгэнд нь хэл өгөхгүй яасан юм? – Энэ хөгшинийг насаараа л хэмлээ биз дээ чи, чамаас л болж ээж минь шаналсаар өвдөөд эрт явчихлаа – Яагаад бид нарт амьдад нь хэлж болоогүй юм … хэмээлдэн
хэдэн талаас нь загнан дайрна. Уранчимэг энэ бүхнийг сонсоод арай ч дээ хэмээн гомдон нэг л үг дуугарвал уйлчих гээд байсан тул шүдээ зуусаар ажил явдалыг дуусгав. Талийгаачийг хөдөөлүүлээд гэртээ ирцгээхэд бүгд Уранчимэгийг хүний урманд нэг нүдээр хяламхийж харсангүй. Балбар тэр хүртэл дуугай байснаа гэнэт босон Уранчимэгийн гараас хөтлөн – Уранчимэгээ явъя эндээс юу ч битгий ав – Хаашаа явах гэж? – Юу хаашаа гэж, гэртээ харъя – Аан … за хэмээгээд бостол Догсомын том охин – Хүүе хараад байгаарай нэг хар юм бүх юманд оролцоод гүйгээд байхаар нь холын хамаатан юм болов уу гэж байсан чинь энэний нөхөр байсан байж. Чи нөхөрт гарчихаад
манай ээжийг ганцааранг нь орхиод ингэж доройтуулсан байна арай ч дээ хүний ач мэддэггүй балай хүүхэн – Бишээ эгч ээ … тийм юм байхгүй хэмээн Уранчимэг амандаа бувтнаад гараад ирсэн нулимсаа ч арчиж чадахгүй чичрэн байтал Балбар гараас нь хөтлөн – Та нар ичээч. Ээжийгээ хөдөөлүүлээд нэг ч хоноогүй байж хар элгийн ч гэлээ та нараас л илүү хань болж асарч байсанд нь талархахын оронд ингэж ч байх гэж дээ – Тиймээ аргагүй л хар элгийн өргөмөл орхидос юм … Балбар үүнээс цааш тэвчиж чадсангүй шууд Уранчимэгийн гараас хөтлөн гарч машиндаа суугаад хөдөллөө. Уранчимэг юу ч дуугарч чадалгүй уйлсаар, Балбар хэсэг явж байгаад гэрээс холдонгуут машинаа зогсоогоод – Зүгээр дээ хө битгий тоо – Гэхдээ арай ч дээ – Тиймээ арай л дэндүү юм. Ээжийгээ хөдөөлүүлээд нэг ч хоноогүй
ингэж байгаа хүмүүст юу хэлэхэв дээ – Би … би одоо яанаа – Чиний буруу ерөөсөө байхгүй. Хэрэв татгалзахгүй бол хамт хот явъя. Би ханхай гэрт ганцаараа байдаг хүн, тэгээд ч талийгаач мэдсэн юм шиг надад чамайг захьсан болохоор би орхиод надад хамаагүй гээд гараад явчихаж чадсангүй л дээ Уранчимэг хариу юу ч хэлж чадсангүй уйлсаар л. Балбар ч хариу эсэргүүцээгүй болохоор замдаа гарлаа … Тэд явсаар шөнө дунд хотод ирэв. Уранчимэг анх удаагаа хотод ирж байгаа хүнд хотын их гэрэлээс өөр ялгагдах юм харагдсангүй. Балбар явсаар хотын зүүн хойно байх нэгэн гэр хорооллын хашаанд тулан машинаасаа буун хашаагаа онгойлгоод дотогш оров. – За хүрээд ирлээ дээ – Энэ шөнө зүгээр үү? – Юу зүгээр үү гэж – Эхнэр чинь харанхуй шөнө нэг хүн дагуулаад ирэхээр – Ха ха ха … чи өөрөө ороод л
ярилцаад үз дээ – Би … би чадахгүй байхаа. Энд гадаа унтчихъя – Юу гэж айлын гадаа ирчихээд орохгүй гадаа нь унтаж байсан юм ямар жаахан хүүхэд байгаа биш – Тэглээ ч гэсэн … – Тэр нойл байна, би ороод гал түлж байя ойрд галлаагүй жавар хурсан байх ороод ирээрэй … гээд түрүүлэн дотогш ороод гэрэлээ асаав. Уранчимэг бие засчихаад гайхан зогсож байснаа даарахын эрхэнд гэрт ортол Балбараас өөр хүн байсангүй. Галын дулаан илч гэрийг дор нь дулаацуулан тогоон дээр цай буцалж харагдана. Балбар – За манайх гэж айл энэ дээ. Сүү алга хар ч гэсэн хааны идээ тиймээ хэмээгээд инээхэд тэгш цагаан шүд нь ил гарч нүд нь очтон гэрэлтэнэ. – Та … та ганцаараа байдаг юмуу? – Тиймээ би одоо хир нь эхнэр авч амжаагүй л явна. За зогсоод яахав гэртээ байгаа юм шиг л бай. Ядарч байна эртхэн амарцгаая даа. Уранчимэг нөгөө орон дээр жигд тод хурхирах Балбарын дууг сонсон
яагаад ч юм нойр нь хулжин тэр мөртөө зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзоход дуулчихвий гэх шиг гараараа даран хөнжилөн дотроо амьсгалаа хурдан, хурдан гарган хэвтсээр нэг мэдэхнээ унтчихсан байв. Уранчимэг ийнхүү өнгөрсөнөө нэхэн санан хөнгөн гунигт автан байснаа гэнэт гал дээр цай дэврэхэд сандран босож бодлоосоо саллаа. Төд удалгүй хашааных нь хаалга дуугарахад нь харвал нөхөр нь нэг хүүхний хамт ирж байгаа харагдахад бушуухан үүдэнд өлгөсөн жижиг толинд нүүрээ харан үсээ гараараа самнаад хаалгаа онгойлгон өөдөөс нь инээмсэглэн угтан авлаа. – За сайн явж ирэв үү? – Сайн та сайн байна уу? – Хөгшөөн дүү нь ядарсан байх, та хоёр минь ямар их
удав – Харин шуудан цагаасаа жаахан хоцорч ирлээ. За ахын дүү суу цай уу – За … Уранчимэг хөлсөө арчин цай уух Балбарын дүүг хараад нэг л танил ч юм шиг санагдаад болох биш. Гэвч хэрхэн яаж мэддэг эсэхээ бодоод олсонгүй. Хооллож дуусаад Балбар Уранчимэгт хандан – Ханиа миний дүү Сугар та хоёр ойролцоо л тавилантай өссөн дөө – Сугар аа … юу гэсэн үг билээ? – Манайх биднийг багад их л тарчигхан амьдралтай байсан санагддаг. Тэгээд би ч жаахан байж миний дүүг хүнд өргүүлсэн гээд тэгсэн удалгүй аав аваад ирж байсан … – Тиймээ мөн байж … Сугар эгч ээ та намайг танихгүй байна уу? би Улаанаа байна – Айн … хэмээн идэж байсан аарууландаа хахан тэрүүгээр нэг тараахад Балбар хойноос нь нурууг нь цохин – Яасан бэ, зүгээр үү ? –
Улаанаа … Дулмаа ээж … Догсом ах – Тиймээ эгч минь би байна Олон жилийн дараа тэгтэлээ хайж байсан эгчийгээ гэнэт олсондоо хэлэх үггүй болон өөдөөс нь баярын нулимстай нүдээр харвал Сугар ч мөн балмагдав бололтой юу ч хэлж чадахгүй харан сууна. Хоёул ийнхүү сууж байгаад гэнэт уйлалдан тэврэлдэхэд Балбар бүр учрыг нь олж ядан гайхан яахаа мэдэхгүй сандран – Хоёроо хүүе хоёроо тайвшир л даа. Надад юу болоод байгааг хэлээд өгөөч … Уранчимэг ээ, Сугараа хэмээн хоёулангийнх нь гараас барин холдуулан асуувал саяхан л уйлж байсан хоёр Балбарыг хараад зэрэг писхийтэл инээд алдахад Балбар цочсондоо бушуухан атгаж байсан гараа тавин холдлоо. Хоёр бүсгүй түүний энэ байдлыг хараад бүр ч ихээр тачигнатал инээж,
инээж Уранчимэг сая амьсгаа аван – Балбараа би эгчийгээ олчихлоо. Бид хоёр нэг ээжтэй байсан юм шүү дээ хэмээн бүгдийг ярьж өгөв. Балбар сонсож дуусаад сая учрыг нь олон өөрийгөө шоолон инээгээд – Балай хоёр чинь хүн айлгачих юм. Ямар сонин бас сайхан юм бэ – Тиймээ үнэхээр сайхан … ёооё хэмээн Уранчимэг гэнэт ихээр дуу алдтал Балбар, Сугар хоёр сандран – Яасан хө, яаж байна … Уранчимэг шүдээ зуун маш ихээр өвдөж байсан ч жаргалтай харц нүүрэндээ тодруулан – Төрөх гэж байх шиг байна … ёоооё – Хугацаа нь болчихсон юмуу хэмээн Сугар асуувал Уранчимэг атгасан байсан гарыг нь тас атгаад – Тиймээ эгч ээ … би тэсэхгүйнээ – Алив Балбараа юугаа хараад байгаа юм түргэн дууд нэг бол хурдан машинаа асаа хурдал … миний дүү уртаар амьсгаа ав одоохон алив – Эгч минь, эгч минь … намайгаа олоод яг л хэрэгтэй үед ирсэнд баярлалаа – Би ч бас баяртай байна …

ядарчихна уртаар амьсгаа ав … яг зөв сайн байна. Эгч нь хажууд нь байнаа, одоо чамайгаа яасан ч орхихгүй хэмээн гараас нь атган дааварласан хөлсийг нь арчин өөрөө л төрөх гэж байгаа юм шиг амьсгаагаа ойр ойрхон гарган өөрийнхөө ч хөлсийг арчин дүүтэйгээ зэрэгцэн сууна.