Нүүр Сонин хачин Атар талхыг “зохиосон” А.Бямбасүрэнг “Алтан гадас” одонгоор шагнажээ

Атар талхыг “зохиосон” А.Бямбасүрэнг “Алтан гадас” одонгоор шагнажээ

4 секунд уншина
0
0
59

Ерөнхийлөгчийн зарлигаар Талх чихэр компанид 17 жил ажилласан А.Бямбасүрэнг “Алтан гадас” одонгоор шагнажээ. Шагналыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа гардуулсан байна.

А.Бямбасүрэн нь Талх чихэр компанид 17 жил ажилласан бөгөөд Атар талхны зохиогчийн эрхийн патентыг эзэмшдэг юм байна.

Тэрбээр “Талх чихэр”-ээс гадна “Эстимо”-д таван жил, хувийн шоколадны үйлдвэрт мөн ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарчээ.

А.Бямбасүрэнтэй холбогдон хэсэг хором ярилцлаа.

Тэрбээр “Би Атар талхны патентыг 20 жил эзэмшээд, 2017 онд хугацаа нь дууссан. Патентыг нь эзэмшдэг болохоор хүмүүс зохиосон гэж ярьдаг байх. Гэхдээ тухайн үед зөвхөн би биш маш олон хүний хөдөлмөр шингэж байж Атар талхыг гарган авсан юм. Санаа гаргасан болохоор зохиогчийн эрхийг нь надад өгсөн байх.

Бүтэн жил нойр хоолгүй, ар гэрээ мартан, үйлдвэр дээрээ хонон өнжин байж гарган авсан.

Талх чихэр үйлдвэр 1983 онд Оросоос тоног төхөөрөмж оруулж ирж суурилуулаад, тэр төхөөрөмжинд зориулсан талх хий гэсэн юм. Би Воронеж хотод суралцаад, 1983 онд дөнгөж сургууль төгсөж ирээд байлаа. Тухайн үед 23 настай байсан. Тоног төхөөрөмжөө судалж, Монголд ямар талх байгааг харж байгаад тэр дундаас гарсан санаа юм. Тэр үед 1 төгрөг 40 мөнгөний дөрвөлжин талх, хэдэн төрлийн булочка гардаг, өөр талх байгаагүй юм.

Атар талхыг 4-5 цаг исгэсэн хөрөнгөөр зуурч хийдэг учраас зүсэхэд үйрдэггүй, идэнгэтэй талх болсон. Хэрэглэж байсан түүхий эд нь дандаа эко байлаа. Тоног төхөөрөмж нь шинэчлэгдсэн л болохоос одоо ч чанар нь өөрчлөгдөөгүй.

24 цаг ажилладаг, зогсоо зайгүй явж байдаг урсгал шугам байсан учраас ямар нэг гологдол гарвал хойшоо бүх юм нь гологдол болдог байв. Тиймээс бид өдөр шөнөгүй ноцолддог байсан. 22, 23 цаг гэж гэртээ хариад ид нойрондоо унтаж байхад “Талх болохоо байлаа” гээд шөнийн 2-3 цагийн үед дуудна. Нэг удаа ажлаа 17 цагт тараад гартал гадаа гэгээтэй, “Ийм гоё гэгээтэй байдаг билүү” гэж бодож билээ.

Тухайн үед дэлгүүрүүд 1-2 цагаар талхаар тасарвал төв хороо, яамнаас хүмүүс ирж, талх яагаад тасрав гээд шалгадаг байсан. Дэлгүүрүүдэд битүү дугаарласан хүмүүс талхаа хүлээнэ. Маргааш нь яаманд дуудуулж арга хэмжээ авхуулж, загнуулдаг байлаа.

Атар талхны гадаргуу нь жаахан л хагархайтай бол гологдол гэж үздэг, тэгш гадаргуутай байх ёстой гэнэ. Одоо бол хагархайг тоодоггүй юм билээ. Бид зүгээр байсан талхыг л гологдол гэж үздэг байж…

Би хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд очих биш. Их сайн ханьтай тулдаа ажлаа амжуулдаг байсан. Бага охин маань сургуульд ороод ээж нь үзэгдэхгүй байсан чинь багш нь “Миний охин битгий эмзэглээрэй. Чамд ээж байдаг уу?” гэж асуусан гэсэн. Охин маань “Байгаа, ээж талхны дарга” гэж хариулсан байгаа юм. /инээв/” хэмээн ярилаа.

Эх сурвалж: GoGo.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *