
Энхмаагийн хашгирах дуунаар харгалзагч яаран гүйж ирлээ. Харгалзагч бүсгүй хууль ёсоор бол ахлах харгалзагчийг зөвшөөрөл өгтөл төмөр сараалжин хаалгыг онгойлгох эрхгүй. Гэхдээ тэр хэн
нэгнийг зөвшөөрөл өгөхийг хүлээж цаг алдахыг мэдэж байсан учир хаалгыг шууд онгойлгоод: ~Юу болоо вэ? Хорлоо яасан юм бэ? ..гэж хашгирах шахам асуув. Магадгүй нэг камерт хоригдох дөрвөн бүсгүй
энд байх хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг нь сайн биелүүлж, шоронгийн хуулийг чанд сахисантай холбоотой биз. Харгалзагч буцаж гүйж гараал тун удалгүй шоронгийн эмчтэй гүйсээр орж ирлээ.
Эмч Хорлоогийн судсыг бариад, даралтыг нь үзэж байх зуур Хорлоо сэрлээ. Тэр сэрэнгүүтээ эргэн тойрноо харж юу болсныг гэнэт санав бололтой чимээгүйхэн уйлсаар… ~Сайн амрааж, халуун хоол цай
өгөөрэй. Ядаргаанд орсон бололтой. Даралт нь унасан байна…гээд шоронгийн эмч тэднийг орхин гарлаа. …Харгалзагч бүсгүйг Гэрлээ гэх бөгөөд 24 настай. Энэ бүсгүй эмэгтэйчүүдийн шоронд удаан

ажиллаагүй боловч эндхийн бүсгүйчүүдийн амьдрал, ар гэр, мөн эргэж ирдэг хүмүүсийнх нь талаар их сайн мэднэ. Ялтан бүртэй тулж ажилладаг хэдий ч яагаад ч юм Энхмаатай маш дотно гэдэг нь зарим нэг зүйлээс хоригдлуудад ажиглагдсан нь тэдний талаар хов жив шоронгоор тарахад хүргэжээ. Энхмаа Гэрлээ хоёрыг сайн танилууд, хамаатан садан, багын найзууд, тэр ч бүү хэл Лесби хэмээн яригдах энүүхэнд. Гэсэн тэд энэ явган яриаг сонсоогүй юм шиг л байдаг байв. Зөрөх үедээ нэг рүүгээ мэндчилж буй мэт инээмсэглэж, нүдээ ирмэх, өрөөндөө дуудаж гаргахад нь Энхмаа ихэд баяртай гарч ирдэг болохоор ингэж ярих нь ч аргагүй биз. Гэрлээ Хорлоог сэрмэгц: ~Та нар сайн ажиглаж байгаарай. Ямар нэг юм болвол намайг дуудаж болно шүү. Бас шоронгийн даргаас Хорлоог хэд хоногийн ажлаас
чөлөөлж өгөхийг би гуйя…гэж хэлэхдээ яг л Энхмаад хандаж хэлж буй мэт түүн лүү ширтэн хэлнэ. Гэрлээ ийнхүү хэлээд камераас гарч хаалгыг түгжлээ. Хорлоогийн бие нь дээрдсэн ч сэтгэл санаа нь авах юмгүй шалдаа бууж, царай нь цонхийн харагдана. Тэд Хорлоогийн юу ярихыг хүлээж буй мэт бүгд дуугаа хураацгаажээ. Хорлоо хэсэгхэн хугацаанд чимээгүй уйлж байснаа: ~Ганбааг би ямар хайрлалаа даа. Хүүхдийн минь эцэг. Эр хүн гэж хүндэлж, хэзээ нэгэн цагт алдаагаа ухаарна гэж хүлээсэн. Даанч дээ ийм юм болох гэж…Бусад зүйлд ухаардаггүй юмаа гэхэд хэргийг нь үүрэхэд ухаан сууж гэмээ ойлгох байх гэж би зоригтой шийдвэр гаргасан. Энэ бүхэн минь охиноо эцгийн хайрыг мэдэрч, элэг бүтэн байлгахыг л хүссэн юм шүү дээ. Харин одоо… гээд ихэд уурссан янзтай хөмхийгөө зуун нулимсаа
арчлаа. ~Чиний зовлонг бид хуваалцахгүй бол өөр хэн хуваалцах билээ. Сайн уйлаад сэтгэлээ тайтгаруулаад ав… гэж Хажидыг хэлэхэд: ~Үгүй ээ одоо би уйлахгүй. Харин ч шүд зуун тэсэх болно. Улам…бүр улам хүчтэйгээр тэсэх болно. Одоо надад охиныхоо төлөө тэвчиж, тэсэхээс өөр зам үлдээгүй. Би эндээс гардаг л юм бол….гээд хоёр гараа тас атгалаа… ~Тийм шүү. Охинд чинь ч гэсэн чамаас өөр хүн байхгүй…гэж Чимгээг хэлж дуусаагүй байтал Энхмаа түүний үгийг таслан: ~Бүсгүйчүүд ээ. Ингэж шаналж суухаар хэдүүлээ наргивал яасан юм бэ? Өнөөдөр би та нарыг дайлья…гэхэд нь бүгд түүнийг харан мэл гайхаж цэл хөхөрчээ. Баргийн дуу нь гардаггүй, ингэж ярьдаг ч үгүй Энхмааг ийнхүү хэлэхэд нь Чимгээ тэссэнгүй тачигнатал чангаар инээгээд: ~Чи чинь зүгээр үү? Гэнэтхэн арай галзуурч байгаа юм биш
биз дээ…гэхэд: ~Үнэн дээ үнэн. Та нарт ч ярих зүйл их байна. Гэхдээ цаг нь арай болоогүй байна. Чимээгүй миний үгэнд ор…гэж хэлээд дахин торон хаалганд нүүрээ наагаад: ~Харгалзагч аа…хэмээн хашгирлаа. Гэрлээ түүнийг дуудахад тэр дороо л хүрээд ирэв. Энхмаа түүний чихэнд хэдэн үг хэлэхэд Гэрлээ түүн лүү нүдээ ирмээд буцаж явав. ~Бүсгүйчүүд ээ. Надаас ямар ч зүйл асуух хэрэггүй. Өнөөдөр би та нарыг хөгжөөнө…гэлээ. Төд удалгүй Гэрлээ тор дүүрэн зүйл гартаа барьсаар ирж Энхмаад өгөөд: ~Аль болох чимээгүй байцгаана шүү. Бусад хоригдлуудад мэдэгдэж болохгүй гэж хэллээ. Энхмаа торноос шилтэй архи, тамхи, нэг шил виски, ундаа, бас бус боорцог амттанг
гарган хуучин жижигхэн модон ширээн дээр тавьлаа. Тэдний гуниг хэдийнэ үргэжээ. Ойрд ингэж суугаагүй бүсгүйчүүд баярлахаас ч яахав. Бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууцгаана. …Бүсгүйчүүд нэлээн ууж наргилаа. Энхмаа тэдэнтэй хөгжилдөж, наранл байхдаа болсон зүйлсээ ярьж бусдыгаа хөгжөөнө. Дотроосоо халсан бүсгүйчүүд аальгүйтэн шивнэлдэнэ. Гэтэл Энхмаа гэнэт босч зогсоод: ~Бүсгүй нар минь, найз нар минь. Та бүхэнд өөрийгөө танилцуулах цаг нь боллоо. Одоо та бүхэн миний хэн болохыг бас яагаад энд байгааг мэдэх болно. Харин Хорлоо минь дахиад ухаан алдаад уначихгүй биз…гэж наргиантайгаар чанга инээн хэллээ. Хажид, Хорлоо, Чимгээ гурав
түүний юу хэлэхийг сонирхон огт нүд цавчилгүй ширтэн сууна…. ~Намайг Ариунаа гэдэг. Энхмаа бол миний ялтан нэр… Та нартаа бүх үнэнийг хэлэх мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Би бол Монгол Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвийн Төслийн судалгааны ахлах ажилтан. Манай байгууллага бол эмэгтэйчүүдийн эрх чөлөө, тэдний эрхийг хамгаалахад зорилт тавин ажилладаг. Харин харгалзагч Гэрлээг Мөнхжин гэдэг. Тэр Нийслэлийн Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн нууц ажилтан. Манай байгууллага нь төрийн тусгай байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд энэ онд нэгэн төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Төслийн эхний шат хоёр жилийн
өмнөөс эхэлсэн боловч яг энэ төслийн нөхцөл, үйл ажиллагаанд тохирох бүсгүйчүүд өдийг хүртэл олдоогүй. Харин та бүхнийг энэ төсөлд хамруулж гол байгаа болгон ажилласан маань манай байгууллагын захиргааны албанд ихэд таалагдсан. Мэдээлэл бүр чинь манай байгууллагад очсон гэсэн үг. Мөн Нийслэлийн Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас та бүхэнтэй уулзалт ярилцлага хийх хүсэлт ирсэн. ~Найз нар минь хэдий би амлалт өгч чадахгүй ч та нарыг сайн судалж, мөн үйлдсэн гэх гэмт хэрэгтэй танилцсаны үндсэн дээр тус байгууллагууд ийм шийдвэр гаргасан болохоор ямар ч байсан сайнаар эргэнэ гэдэгт итгэлтэй байна…гэж хэллээ. Түүний царайд огт тоглоом
тохуу хийсэн шинж илэрсэнгүй. Үнэхээр чин сэтгэлээсээ хэлж буй нь илт байлаа. … Хажид чимээгүй түүний ярихыг сонсож байснаа: ~Энэ үнэхээр үнэн бол хилс хэрэг өөртөө хүлээсэн Хорлоог маань суллаж өгвөл л болоо. Би ч яахав нэгэнт өөрийн биеэр хийсэн хэргийнхээ үйлийг эдэлж яваа хүн гэхэд Чимгээ: ~Тийм шүү. Би ч гэсэн ялгаагүй. Тэгээд ч миний ял бага. 6 сарын дараа гэхэд эндээс гарчих болохоор санаа зовохгүй байна. Хорлоог л суллуулж өгөхийг хүсэх байна…гэлээ. Бүсгүйчүүд Ариунаагийн ( Цаашид Ариунаа гэх) хэлсэн сайхан мэдээг сонсоод баярлах уйлах бараг хосолж байлаа. Тэдэнд ийм аз тохионо гэж хэн санах билээ. Хорлоо хэрэв өөрийгөө суллагдвал хайртай ганц охин болох Намуунааг л хамгийн түрүүнд очиж авна гэсэн горьдлого
тээнэ. Халамцуу бүсгүйчүүд нэгнээ тэврэн инээлдэж, биенээ үнсэн магнайгаа хагартал баярлаж, баярын нулимс унагацгааж байлаа. ~Одоо харин ууцгаая…хэмээн Ариунаа аягануудыг дүүргэж хийгээд: ~Зоригтой, шийдмэг, тэвчээртэй бүсгүйчүүдийн төлөө!!! гээд аятайгаа ганц амьсгаагаар хөнтөрлөө. Түүний араас Хажид, Чимгээ хоёр аягаа харшуулан тулгаж уув. Харин Хорлоогийн царай нь барайж хэсэг чимээгүй сууснаа доошоо тонгойн нүүрээ даран мэгшин уйллаа. Нөгөө гурав ч энэ зуур Хорлоод санаа зовоод юу болсныг ээлжлэн асууна. ~Хорлоо минь ийм сайхан мэдээ сонсчихоод юу болж байгаа нь энэ вэ? гэж Хажидыг хэлэхэд: ~Харин тийм. Больж үз. Хорлоо..гэж Чимгээ дургүйлхэн хэлэв. Хорлоог яагаад ингэснийг бүгд гайхацгаана. Гэтэл Хорлоо дээш өндийгөөд нүүр дүүрэн инээмсэглээд: ~Баярын нулимс шүү дээ. Ийм сайхан баярыг яаж баярын нулимсгүй угтах гээ вэ? Харин ч нэг ууна шүү. Өнөөдөр бүгд урдхаа дуустал ууна шүү…гээд аятайгаа ууж дуусгалаа. Тэд энд байх хугацаандаа ингэж ханатлаа
инээж, наргиж, аз жаргал гэгчийг мэдрээгүй билээ. Тэр тусмаа Хорлоогийн хувьд хүүхэд байхаасаа хойш найз нөхөд гэдэг зүйлийг мартсан бөгөөд хамгийн жаргалтай нэгэн өдрийг өнгөрүүлжээ. … Өглөө харгалзагчийн сэрээх дуунаар бүсгүйчүүд сэрлээ. Толгой нь өвдөж, дотор нь харанхуйлан бөөлжиснь хүрцгээж байв. Бүгд хөмсгөө зангидан, нүүрээ үрчийлгээд арай л гэж босоцгоолоо. Ариунаа камерын өрөөг арай чүү тойруулан цэвэрлэж, ундаа, архины сав зэргийг торонд хамж хийлээ. Бүсгүйчүүд нэгнийхээ ярвайх царайг хараад гэнэтхэн нэгнээ дооглон чанга чанга хөхрөлдлөө. Хажид тэднийг бодвол хал үзэж хашир суусан хүний үгээр: ~Өчигдөр чиний ярьсан бүгд үнэн биз дээ. Арай архиныхаа халуунд дэмий донгоссон
юм биш биз…хэмээн уурсангуй хэлэхэд Ариунаа: ~Худал үнэн нь удахгүй мэдэгдэх байлгүй. Арай та нар чинь аяга хоолоо хувааж идсэн найздаа итгэхгүй байгаа юм биш биз дээ…гэхэд ~Чи ч их нууцлаг хүн шүү дээ. Юу нь ч мэдэгдэхгүй эвгүй л бүсгүй дээ… хэмээн Хорлоо хошигнолоо. …Удахгүй харгалзагч (Мөнхжин) тэдний камерын дэргэд ирээд: ~Ялтан Хажид, Чимгээ, Хорлоо, Энхмаа нар намайг дагаад яв!!! гэж тушаангуй хэлээд хаалгыг нээв. Тэд шоронгийн хонгилоор явсаар харгалзагчийн өрөөнд орлоо. Тэнд нэгэн хижээл насны эмэгтэй байх бөгөөд өөрийгөө Должин гэж танилцуулаад урьдаас бэлдсэн дөрвөн сандал дээр тэднийг суухыг урьлаа. Должин тэдэнд хандан: ~Та нарт өмсөх хувцас, хэрэгтэй зүйлсийг бид бэлдсэн байгаа. Усанд орж хувцасаа солиод үсчин гоо сайханчаар гадаад төрхөө янзлуулна. Дараа нь эндээс хот руу хөдөлж манай төслийн удирдагч нартай
уулзах ятилцлаганд орно. Эндээ хүлээж байна уу? гээд гарч одов. Тэдний зүрх хүчтэй цохилно. Хажид энэ хугацааг ашиглан: ~Хорлоо минь суллагдвал эгч нь чамд бэлдсэн бэлэг байгаа. Чиний шүлгүүдийг өөрийнхөө хэвлэлийн компанид ном гаргаж өгөөд зогсохгүй борлуулалтыг нь манай компани хариуцна..гэж хэлэхэд бүгд баярлан инээлдлээ. Харин Чимгээ: ~Би ч гэсэн бэлэгтэй. Удахгүй суллагдах болохоор Хорлоог охиных нь хамт өөр дээрээ авна…гэхэд Ариунаа нүүрээ ярвайлган нүдээрээ инээмсэглээд: ~За яршиг даа. Чи өөрийгөө л яаж авч явахаа хичээ. Ажил хийж орох орон оочих аягатай болохоо л бод… гэв. Чимгээ түүн лүү хараад: ~Би ч тэрийгээ мэдэлгүй дээ. Намайг юу ч үгүй хоосон амьтан гэж санаа юу. Намайг ямар их хөрөнгө хүлээж байгааг та нар яаж мэдэх билээ дээ…. Тэднийг удалгүй өөр өөрсөдөд нь тохирсон хувцас өмсгөөд, нүүр будалт хийж гадаад
төрхийг нь өөрчилжээ. Чухал уулзалт зөвлөгөө тул бүгдэд нь адилхан хар өнгийн хослол өмсгөж, дотуур нь цагаан цамц өмсгөсөн байв. Хэн ч харсан шоронгийн ялтан гэж хэлэхээргүй үзэсгэлэнтэй гурван бүсгүйд хувцас, нүүр будалт үнэхээр сайхан зохисон харагдана. Бүсгүйчүүд ч нэг нэгнээ гайхан шагшиж ямар хөөрхөн болсныгоо магтан баясна. Ийм өдөр ирнэ гэж санаагүй эдгээр бүсгүйчүүдэд энэ бүх зүйл яг л зүүд шиг л санагдаж байв. Должин тэднийг дагуулан шоронгоос гарахад хаалганы дэргэд цагаан өнгийн хоёр машин хүлээж байлаа. Тэр өөрөө урд талын машинд суугаад Ариунаа Мөнхжин хоёрыг бүсгүйчүүдийг харгалзан арын машинд суухыг санал болгожээ. Бүсгүйчүүдийн хувьд шоронд байхад хэдий гадаа гарч салхилдаг байсан ч гэлээ хашааны гадна гарахад нарны туяа, салхи, агаар гэдэг шал өөр ертөнцөд ирсэн мэт л өөрийн эрхгүй санаа алдахаар байлаа… …Тэд явсаар… Ариунаа замдаа бүсгүйчүүдэд
хандан: ~Та гурав сандарч, будилах хэрэггүй шүү. Тэд та нартай холбоотой олон асуулт асууж магадгүй. Яг өөрийнхөөрөө байж, хэнтэй ч ярилцсан биеэ барилгүй чөлөөтэй харьцах хэрэгтэй. Бүх зүйлийг үнэнээр ярьж болно. Харин Чимгээ чи амаа мэдэж яриарай. Тэр нууц хөрөнгөнийхөө талаар ам ангайвал чи сүйрнэ. Энэ зөвхөн бидний нууц хэвээр үлдэх ёстой…гэхэд: ~Би ч тийм тэнэг толгой бишээ…гэж жуумалзан хэлэв. Хорлоо инээмсэглэн: ~Бид нар шартсан байгаа гэдгээ хэлэх үү? Яахуу? …гэхэд бүгд чанга инээлдлээ. ~Ямар сайхан юм бэ? Наранд гарна гэдэг үнэхээр сайхан юм. Ядаж л бид чөлөөтэй, хүнээс далд биш, хэний ч хараат бусаар хүссэнээрээ инээж байна шүү дээ…Гэж Хажид хэллээ. …Тэд замдаа өчигдрийн наргисан талаар ярилцаж,
хэн яаж гуйвж байсан, яаж согтсон гээд нэгнээ ярьж доог тохуу хийж хөгжилдөн явсаар нэг мэдэхнээ Улаанбаатар хотын төвд нэгэн шилэн хар барилгын дэргэд ирсэн байв. Должин буугаад тэдэнд хандан чөлөөтэй ярилцахыг зөвлөөд бүсгүйчүүдийг дагуулан хоёр давхарт гарлаа. Коридорт байх буйдан сандал дээх тухлахыг хүсээд өөрөө нэгэн өрөө рүү Ариунаа, Мөнхжин хоёрыг дагуулан орлоо. Тэднийг хүлээх зуур Хорлоод их зүйл бодогджээ. Юу гэж ярих, хаанаас нь эхлэхээ тэр мэдэхгүй бага зэрэг сандарна. Харин Хажид бусдыгаа бодвол илүү оймс элээсэн хүн болохоор энэ ярилцлаганд огт санаа зовсон шинжгүй сууна. Чимгээгийн хувьд тэр угийн шулуухан,
шударга хэлчихдэг, бусдаас илүү нүүрэмгий болохоор ямар ч сандрах зүйл байсангүй. Должин өрөөнөөс нэлээн удсаны эцэст гарч ирлээ. ~За бүсгүйчүүдээ. Удирлагын хүмүүс та бүхнийг хүлээж байна. Орцгооно уу!! …гэж өрөөний хаалгыг онгойлгож урьлаа. …Тэднийг ороход бараг хүний дуу хоолой цуурайтам том танхим угтаж танхимын хоймор хэсэгт 10 гаруй албаны хослол өмссөн эмэгтэйчүүд урт нарийхан ширээний ард эгнэн суусан байв. Бүсгүйчүүд ширээг чиглэн зэрэгцэн адхахдаа хэн нь сандарч, биеэ барьсангүй. Харин нуруугаа эгцэлж, толгой дээгүүр, хөлөө тэгш тавин дунд эргэм өсгийтэй гутлаараа шал товшин алхах нь эрэлмгий, зоригтой, дайчин харагдаж байлаа. …Ширээний ард суусан бүсгүйчүүдийн голд сууж байсан сүрдмээр хүчтэй төрхтэй, ганцаараа цагаан хослол өмссөн шар эмэгтэй өндөр дуугаар: ~Сайн байцгаана уу? Хатагтай нар аа. Би бол Монголын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн. Төслийн удирдагч. Харин энэ хүмүүс бол төслийг санаачлагч болоод төслийн багийн зөвлөх ажилтнууд. Та бүхэнтэй уулзах болсондоо маш их баяртай байна…гэхэд бусад нь алга ташлаа. ~Тэдэн дунд Ариунаа, Мөнхжин хоёр суух бөгөөд тэдэнтэй харц тулгарах болгондоо уриалгахан инээмсэглэж байв. Ариунаа босоод: ~Хажид та суудлаасаа босно уу? гэж хэлээд гартаа барьсан олон цаасын эргүүлээд түүнийг нэг нэгэнгүй бусад удирдах ажилтнуудад танилцууллаа. Дараа нь Чимгээг тэгээд Хорлоог босгож танилцууллаа. Төслийн удирдагч хэмээн өөрийгөө танилцуулсан эмэгтэй тэдэнд хандан: ~Бидний та бүхнийг дуудах болсон шалтгаан их учиртай. Бидний төслийн гол зорилго бол амьдрах чин сэтгэл, хүсэл эрмэлзэлтэй, өмнөө тавьсан зорилготой, хэн нэгний буруутай үйлдлээс болж хохирсон бүсгүйчүүдийг олж
төсөлдөө хамруулах явдал юм. Та нараас гадна олон бүсгүйчүүдийг судлахаах төслийн багийн судалгааны ажилтнуудыг шоронд илгээсэн ч энэ удаад та бүхнийг сонгогдсонд баяр хүргье…гэхэл танхимд суусан бүсгүйчүүд бүгд алга ташлаа… ~Цаашид бид та бүхнийг байнга дэмжин ажиллах бөгөөд төслийн багаас шаардагдах хэрэгтэй зүйлсээр нэг жилийн хугацаанд та бүхнийг хангах болно. Үүнд бэлэн мөнгө хамаарахгүй. Харин орон байр, гэр, хашаа байшин, хоол хүнс болоод ажлаар зуучлах болно. Энэ хугацаанд та бүхэн Монголын олон олон эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж чадах чинээгээрээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Бусад нарийн зүйлсийг туслах ажилтнууд та бүхэнд тусдаа уулзаж танилцуулах болно…гэж хэлээд суухад түүний хажууд сууж байсан эмэгтэй түүнтэй зөрж бослоо. Тэр босонгуутаа өөрийгөө
танилцуулаад Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн дарга гэдгээ ч хэлэв. Тэр мөн л гартаа багтахааргүй цаас атгаж эргүүлэв. ~Манай төсөлд хамрагдсан та бүхэнд юуны өмнө баяр хүргье. Цаашид хамтран ажиллахдаа таатай байна….гэж хэлээд цааш үргэлжлүүлэн: ~Төсөлд хамрагдсан………. овогтой Чимэг таныг ял эдлэх хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлж, үлгэр дууриалч хүмүүжигч байсан. Мөн бусдын сайн сайхны төлөө, чин сэтгэлээсээ өвчтэй зовлонтой, орон гэргүй хүмүүст тусалж байсныг тань үнэлж ял эдлэх үлдсэн хугацааг тань хүчингүй болгож байна… Танхимд дахин алга ташилт үргэлжиллээ. ~Харин ……. овогтой Хажид таныг мөн адил шийдвэрээр болон тус төсөлд хамрагдсан болохоор Монгол улсын өршөөлийн
хуульд хамруулж үлдсэн жилийн ялыг хүчингүй болгож байна. Та цаашид их зүйл хийж, бусдад үлгэр дууриал болохыг хичээх хэрэгтэй шүү….гээд Хорлоог босохыг урьлаа. ~Таныг бид ямар хэрэгт холбогдсон, яагаад ийм олон жилийн ял авсан талаар маш сайн мэдэж байгаа. Мөн ар гэрийг чинь ч гэсэн сайн судалсан. Таныг мөн дээрхийн адил суллах болно. Таныг суллахад бидэнд их хүндрэлтэй байсан. Хэрэг чинь хуучраагүй. Бүх зүйлс хөдөлшгүй нотлох баримттай. Мөн танай нөхрөөс хүртэл дахин байцаалт авахад энэ хэргийг одоог хүртэл таныг үйлдсэн гэж мэлзсээр байгаа. Бид тохирох мөчийг хүлээж их удлаа. Харин танд нөхрөөс чинь захиа ирснийг бид саяхан дууллаа. Танд тэр захиа бий юу? …хэмээн асуулаа… Хорлоо энэ
мөчид захиаг гэнэтхэн саналаа. Уншиж байгаад юу болсныг өөрөө ч мэдээгүй түүнд үнэхээр ганц олдсон нотлох баримтаа яаснаа мэдэхгүй сандарч эхлэв. ~Надад одоохондоо байхгүй байна…гэж ээрч мууран хэлтэл… ~Захиа надад байгаа….гээд Чимгээ нямбайлан эвхсэн Ганбаагийн захиаг гаргаж ирээд Төслийн удирдагчид өглөө. ~Энэ чинь сайн хэрэг. Бид үүгээр нотлох баримт хийж таны нөхөрт хэргийг үүрүүлэх болно…гэв ….Уулзалт тараад тэднийг нэг нэг хүн дагуулан өөр өөр өрөөнд орлоо. Хаана амьдрах, цаашид хэний удирдлаган доор ажиллах, юу хийх талаар тэдгээр хүмүүс хүн тус бүртэй ярилцжээ. …Чимгээ, Хорлоо хоёрт хотын төвд нэг өрөө байранд жилийх хугацаатай амьдрах байр гаргаж өгөөд Харин Хажидыг өөрийнх нь хүсэлтээр гэрт нь буцаахаар болов. Бүх зүйл ийм хурдан шийдэгдэнэ гэдгийг эдгээр бүсгүйчүүдийн хэн хэн нь ч санасангүй… …Хорлоо
ажилд орохын тулд хэд хэдэн газраар явж хувийн анкетаа бөглөж өгчээ. Хэдийгээр түүний туслах төслийн ажилтан түүнд ажил олж өгөхийг санал болгосон боловч тэр энэ саналыг нь хүлээж авалгүй өөрөө ажил олж хийхийг илүүд үзжээ. Чимгээ өглөө гараад л орой ирнэ. Тэр ирэх бүртээ л дэлгүүр хэсч өөртөө болон Хорлоод янз бүрийн хувцас хунар, тэр ч бүү хэл хоол ундаа хүртэл болгодог байв. ~Чимгээ минь чи ямар мөнгөөр ингэж тансаглаад байна даа. Дахиад болж бүтэхгүй юм хийгээд яваа юм ыиш биз гэж Хорлоог гайхан асуухад: ~Санаа зоволтгүй ээ. Би хэлж байсан даа. Намайг маш их хөрөнгө хүлээж байгаа гэж. Арай миний бэлэгнүүдэд баярлахгүй байгаа юм биш биз дээ…гэж гомдоллов. Хэдийгээр Чимгээ улс төрийн томоох баячуудын толгойг эргүүлж ихээхэн хэмжээний хөрөнгө залилж
чадсан ч тэдний мөнгийг залилсандаа биш тэд л өөрсдөө залуу сайхан бүсгүйд бэлэг болгон өгсөн хөрөнгөнүүд юмсанж. ~Энэ яахав. Охиноо хэзээ очиж авах гэж байна. Одоо очих цаг нь болсон юм биш үү? гэж Чимгээ Хорлоогоос асуулаа. ~Өөрийн гэсэн ажилтай болж байж л авмаар байх юм. Алийн болгон чиний мөнгөөр амьдрах вэ дээ…гэхэд ~Маргааш хоюулаа явья. Эртхэн гараад дэлгүүр хэсч Намуунаад хувцас хунар бас бус зүйл авья. Мөнгөнд санаа зовох хэрэггүй ээ. Бас ажилд ч санаа зовох хэрэггүй. Найз нь байгаа бүх хөрөнгөө зараад ( 3 дээд зэрэглэлийг хувийн байшин, бэлгэнд авсан орчин үеийн шинэ загварын машиг) хүүхдийн асрамжын газар барихаар болсон. Дүүргүүдийн засаг даргуудтай уулзаж барих газар асуухад бүгд л нааштайгаар хүлээн авсан. Харин миний найз санхүүгийн талыг
хариуцаж ажиллана шүү…гэхэд Хорлоогийн нүд нь бүлтрэх гэж буй мэт томорсноо: ~Миний найз ийм л мундаг хүн шүү дээ. Энэ чинь л миний найз. Найз нь туслалгүй яахав. Чин сэтгэлээсээ хичээж ажиллана. Хоюулаа Хажид эгч рүү залгаад маргааш хамт охин руу минь явья…гэлээ. …Тэд Хажидтай утсаар яриад өглөө эрт түүнтэй уулзахаар цаг товложээ. Хажид ч тэдний саналыг дуртайяа хүлээж авав. …Маргааш өглөө нь Хажид Чимгээ рүү утас цохиж байрных нь гадаа ирснийг мэдэгдлээ. Чимгээ Хорлоо хоёрыг гартал Хажид өндөр том жийп машинаас бууж ирээд тэднийг хацар дээр нь үнсээд машинд суухыг урьлаа. Бүсгүйчүүд машинд суунгуутаа хаагуур явахыг ярилцав. ~Эхлээд хэдүүлээ дэлгүүр орж Намуунаад бэлэг сэлт, хувцас худалдаж авья. Тэгээд асрамжын газар очиж уулзаад Намуунааг авах талаар уулзья…гэж Чимгээг хэлэхэд бүгд дуртай
зөвшөөрлөө. Хорлоо: ~Та чинь ямар гоё машинтай болоо вэ? Хаанаасаа туучихав…гэж хошигноход: ~Эгч нь юун төлөө насаараа хөдөлмөр хийж, хувийн бизнестэй болсон билээ. Наад толгой баяныг чинь гүйцэхгүй ч гэлээ энэ зэргийн хөрөнгө байлгүй яахав…гээд Чимгээ рүү толгой дохин хэлэхэд бүгд машин дүүрэн чанга инээлдлээ… Бүсгүйчүүд зорьсон ажлаа бүтээхээр явлаа. ….~Сайн байна уу? Ганбаа. Яажшуухан байна даа…гэж Хорлоо хэллээ. ~Сайн. Чи сайн л биз дээ. Ямар хэргээр ирэв? Намайг шоронгийн өрөөнд яаж тарчилж байгааг харж бахаа хангахаар ирээ юу?…гэж Ганбааг хүйтнээр хэлэхэд: ~Үгүй дээ. Чамайг эргэж ирэх л санаатай. Хэдэн жил ханилсан охины минь төрсөн эцэг болохоор ирэхгүй байж чадсангүй. ~Би чамайг нэг ч
удаа эргэж байгаагүй. Дээрээс нь охиноо хаяж, өөр бүсгүйтэй нөхцөж, өөрийн хийсэн хэргээ хүртэл чамд тохсон байхад надад годмож, уур чинь хүрэхгүй байна гэж үү? ~Үгүй ээ. Би чамд хэдий гомдсон ч түр зуурын гомдол байсан. Чамд гомдохдоо өс санаж, өшөө авахыг хүртэл бодож байлаа. Гэхдээ чи чинь миний охины аав шүү дээ… ~Одоо зайлж үз. Наад худал үгээрээ юу хэлэх гэсэн юм. Муу өлөгчин. Намайг ийм байдалтай харахад сайхан байна уу?…гэж хашгираад түүний авчирсан тортой зүйлсийг хана луу савтал шоронгийн хоёр харгалзагч орж ирээд түүнийг дарж гарыг нь гавлалалаа. Хорлоо торноос үсэрсэн идэх юмны үлдэгдлийг нямбай гэгч хувцаснаасаа гөвөөд гарахаар хаалганы дэргэд ирж: ~Чамайг цаашид ухаан сууна

гэдэгт найдья. Чиний надад явуулсан захиа хэдий муу мэдээ агуулсан ч миний амьдралыг өөрчлөх хүчтэй байсан юм…гэж хэлээд жуумалзан инээгээд гарлаа….