
Шоронгийн харанхуй өрөө, чийгний үнэрт Хорлоо хэдийнэ дасчээ. Чимгээ, Хажид хоёр өөрсдийнхөө тухай танилцуулж, Чимгээ олон баячуудын хаусыг залилан, луйврын хэргээр орж ирснээ нуулгүй
ярьжээ. Хорлоод тэдний анхны дүр төрх таалагдаагүй ч сар гаруйн хугацааг энд өнгөрүүлэхдээ түүний бодол өөрчлөгдсөн байв. Шоронд зөвхөн алуурчид, янхнууд, гудамжны танхайчууд…гээд юу ч хийхээс
буцахгүй хүмүүс байдаг гэсэн түүний ойлголт буруу байсан гэдгийг маш сайн ойлгов. Харин ч хийх зүйлээ хийсэн, санаандгүй санамсаргүй алдааннаасаа болж энд хүмүүжихээр ирсэн хүмүүс
ихэнхи хувийг эзэлж байгаа нь түүнийг өөрөөсөө ичихэд хүргэжээ. Хүн хэзээ ч алдаа гаргахгүй явна гэж байдаггүй. Харин алдаагаа засахын тулд энд хүмүүжиж, хийх хүсэлтэй, амьдрах чин эрмэлзэлтэй
болоод гардаг нь эндхийн эмэгтэйчүүдээс харагдаж байв. …Өөрийгөө Энхмаа гэж танилцуулсан 25 настай, эршүүд маягийн халимаг үстэй, биерхүү өндөр бүсгүйг хэн ч харсан муухан эрээс дээр гэж хэлэхээр.

Харин Энхмаа өөрийгөө танилцуулахаас өөр юм ярьсангүй. Энэ хугацаанд түүний амнаас хэдхэн үг унах нь бараг их юм мэт санагдахаар байв. Хажид: ~Манай Энхмаа баргийн юм дуугардаггүй. Яагаад энд орж ирснээ бид хоёрт ч яриагүй юм. Хоёр жилийн өмнө намайг анх энд ирсний дараахан ирсэн. Түүнийг орж ирээд сар гаруйн дараа Чимгээ орж ирсэн дээ. Энхмаагийн амнаас үг унагана гэж гонжийн жоо… гэж инээмсэглэн ярьлаа. Тэр цааш ярихдаа: Жилийн өмнө нэг бүсгүй өөрийг нь хүчин.дсэн залуусын нэгнийх нь а.мийг бүрэ.лгээд орж ирсэн. Бүсгүй хүн гэдэг нэг өс санахаараа ямар болдгийг чи сайн мэдэх байлгүй. Бүтэн жилийн турш тэр залуугаа дагаж мөрдөөд өөрийгөө хүчинд.үүлсэн өдрөө өнөөх залуугаа
нух.чихсан гэдэг юм билээ. Хөөрхийд мэдээж хэцүү л байсан байлгүй. Харин энд ирээд нэг жил болоод л өршөөлийн хуульд хамрагдаж гарсан. Тэрнээс гайгүй хэрэгтэй Чимгээ хамрагдаж чадаагүй хууль шүү дээ. Чиний наад нааран дээр унтдаг байсан юм…гэж ойр зуурын хамаг юмыг л ярьж өгөв. Шоронгийн бүсгүйчүүд өглөө эртлэн босоод гадаа нарлангаа гимнастик хийнэ. Үүний дараа нийтийн хоолны танхимд орж өглөөний цай уугаад ажилдаа орно. Хүн бүрийг хэсэг бүр дээр ажиллуулдаг бөгөөд оёдлын хэсэг, цэвэрлэгээний хэсэг, угаалгын хэсэг гээд бүх хүмүүсийг энд тэнд хэсэгчлэн хуваана. Харин Хорлоог шоронгийн номын санчаар хувиарлажээ. Хорлоод ч энэ ажил нь ихэд таалагдаж байв. Бага байхаасаа шүлэг тэрлэхийг оролдож, зав л гарвал ном уншдаг байсан болохоор ийнхүү номонд ихэд дурладаг болсон аж. …Хорлоо яагаад ч юм Энхмаагийн яагаад энд ирсэн, яагаад
бусдад өөрийнхөө ял эдлэх болсон шалтгааныг ярьдаггүй зэргийг мэдэхийг ихэд хүсдэг байсан ч Энхмаа түүнтэй нэг ч үг солих дургүй байдаг байлаа. Түүний ингэж аашлах нь ч улам сонирхлыг нь татна. Уг нь адилхан л ял эдэлж, нэг тогооноос хоол идэж, нэг камерт байгаа бүсгүйчүүд амь нэгтэй баймаар юм…хэмээн ихэд гайхна. Харин Чимгээгээс бас нэгэн сонирхол татам зүйл ажиглагдана. Тэр хэдий олон хүнийг хуурч, залилан хийсэн ч гэсэн энд ял эдэлж байгаадаа огтхон ч санаа зовсон шинжгүй байнга инээмсэглэн, завтай үедээ бусад гурвыгаа цаашлуулан тоглоом тохуу хийдэн байв. Хорлоо нэг удаа Чимгээтэй ярилцахаар: ~Чи яагаад огт санаа зовдоггүй юм бэ? Тийм зүйл хийсэндээ харамссан шинжгүй харин ч энд байгаадаа
баяртай байгаа юм шиг л харагдах юм…гэж асуугаад амжив. Чимгээ өмнөхийн л адил хөгжилтэйгээр инээмсэглээд: ~Надад харамсах зүйл байхгүй ээ. Тэгээд ч инээх шалтгаан бий. Гэхдээ танд гэж л цухас ярья. Тэр муусайн баячуудаас олсон мөнгийг би хүүхдийн асрамжын газарт дутагдсан зүйлсийг нь авч өгч, бас орон гэргүй айл өрхүүдэд гэр худалдаж авч өгдөг байсан. Энэ л намайг сэтгэл хангалуун явахад хүргэдэг юм даа. Гэхдээ бас нэгэн том нууц бий. Тэрийг дараа хэлэмз…гэжээ. Хорлоо одоо тэдний хэрэгт дурлаж олон юм асуухаа больжээ. Гэхдээ л Энхмааг ихэд гайхсан хэвээр. Учир нь тэр Хажид, Чимгээ, Хорлоо гурвыг цаг ямагт ажиглаж, үйл хөдлөл бүрийг нь хянаад байх шиг санагддаг байлаа. Заримдаа тэр гурвыг хоорондоо ярихад унтаж буй мэт царайлж байгаа нь Хорлоод мэдрэгдэнэ. Ямар учиртай бүсгүй
юм болоо? Бидэнд дургүй байсан бол биднээс салахгүй хамт хоол идэж, хаа ч явсан хамт явна гэж баймааргүй юм. Тэгээд бид түүнд таалагдлаг гэхээр огт юм ярихгүй юм. Энэ асуулт Хорлоод сонирхолтой хэвээр үлдлээ… Энхмаа тэдний үйл хөдлөл бүрийг ажигласаар…… Өнчирсөн нулимсаа дотогш залгихдаа Өрөвдүүлж хэн нэгнээс тусламж би гуйсангүй Өр зүрх минь шархалж гунигласан ч Өрөөл бусдад саад болохгүй Өөрийн замаар амьдрахыг хичээсэн Хорвоо гэдэг гашуун ундаа юм Хайртай бүхнийг өгдөг ч эргээд юу ч үлдээлгүй авч чадна Хүн хэдий хэн нэгнийг хайрладаг Хэцүү үедээ орхиод Хөсөр хаяж чаддаг араатнаас ч дор байж чадна Хөврөх амьдрал алдаа оноотой Хөөрөн баясаж жаргах мөчтэй Хөл алдаж
унахаа хүрвэл Хэзээ ч давахааргүй өндөр шалгууртай Хорих ангийн төмөр сараалжин цонхоор Хүмүүний ертөнц бус чимээгүй одод Хөвсийн нүүгэлтэх бүүдгэр саарал үүлс Хөх тэнгэрт хөгжилдөн нисэх шувуудаас өөр зүйл үгүй ч Оюун бодлыг минь цэгцлэн тунгааж Ондоо амьралыг хүсэхэд хүргэх юм. Салалт бүхнээс амьдын хагацал гэдэг л Сэтгэлийн зовлонгийн доод хэмжээ юм даа. Сүүн сэтгэл, хүйн холбоогоор холбогдсон охиноо Санан суух нь амьдралын там юм даа…. Хорлоо ийнхүү шүлэг тэрлэн суухдаа охин Намуунаагаа санан гунихрана. Орой бүр охиноо санаад унтаж чадахгүй иий дэмий л хэдэн тийш хөрвөөхдөө өрөөний хамтрагч гурван найзыгаа сэрээхгүйг хичээж унтсан дүр эсгэдэг байв. …. Намрын налгар өдрүүд эхэлжээ. Оройдоо жиндэм сэрүү унаж өдөртөө хална. Шоронгийн амьралаар гурван сар амьдарсан ч охины санахын эрхээр турж эцэж өөрийн
эрхгүй ядарна. Сүүлийн үед Хорлоогийн ядарч туйлдаж байгаа нь илт мэдэгдэж нөгөө гурвынхаа санааг ихэд зовоох болов. Гэсэн ч Хорлоо бууж өгсөнгүй. Эдлэх ёстой найман жилээ дуусгаад охин нөхөр хоёр дээрээ очно гэсэн хүсэл нь л түүнд хүч өгч байв. Харин Ганбаа энэ хугацаанд эргэж ирэх битгий хэл, нэг ч удаа захиа бичсэнгүй. Бусдын гэр бүлээс захиа ирэхэд хөөрхий бүсгүй битүүхэн дотроо атаархах ч өөрийн гэрээс ирсэн мэт л баярлаж баярын нулимсыг нь хуваалцдаг байв. …Өөр юу ч хэрэггүй. Өмнөх шигээ амьдралаа дээшлүүлж байр орон сууц, хангалуун амьдрал, мөнгө төгрөг надад хэрэггүй. Гэр бүл минь л надад хамгийн чухал зүйл. Тэдэнтэйгээ байгаа цагт өөр зүйл хүсэхгүй… Өдөр болгон, шөнө болгон Хорлоо дахин дахин энэ бодлоо л давтан бодно. … Хэд хоног өнгөрлөө. Харгалзагч Хорлоог дуудаад:
~Хорлоо чамд таатай мэдээ дуулгья. Чамд гэрээс чинь анхны захиа чинь ирлээ…гэж хэлэхдээ түүний өмнөөс баярлаж байгаа нь нүднийх нь инээмсэглэлээс харагдаж байв. Хорлоо захиаг авч өвөртөө хийгээд: ~Баярлалаа…гэж даруухан хэллээ. Үнэндээ түүнд захиагаа тэр дор нь задлаад уншмаар байсан харгалзагчаас санаа зовсон хэрэг. Хорлоо буцаж ирээд гурван найздаа: ~Баяртай мэдээ. Хорлоод захиа ирлээ….гэхэд өнөөх гурав бие биерүүгээ баярласан харцаар харцгааж байв. Хажид: ~Алив дүү минь бушуухан унш. Юу гэсэн байна. Охин нь сайн гэнэ үү? Алив задлаач наадхаа…гэж яаран хэлэв. Хорлоо дугтуйны гадна талыг харж чанга дуугаар: ~….р хорих ангийн
Хорлоод…Ганбатаас…гэж уншлаа. Захиаг задлаад цааш уншив. ~Сайн байна уу? Хорлоо. Захиа очих өдрийн мэндийг хүргье. Ингэж мэндчилж байгаад минь уучлаарай. Гэхдээ монгол хүн байна ёс мэдэхгүй бол болохгүй биз ээ. Өнгөрсөн хугацаанд захиа бичиж эргэж очиж чадаагүйд уучлаарай. Намуунааг харах хүнгүй, хажуугаар ажил гээд өндийх сөхөө олдсонгүй ээ. Намуунаа сайн байгаа. Чамайг явсны дараа нэг хэсэгтээ л чамайг надаас нэхэж уйлдаг болсон. Сүүлдээ овоо гайгүй дассан. Чамд би ямар их өртэй үлдсэнээ мэднээ. Бүх зүйлд уучлал гуйхаар энэхүү захиаг бичиж байна. Намайг уучлаарай. Миний өмнөөс хэрэг үүрсэн намайг гэсэн сэтгэлд чинь их баярлалаа.Хүнд хэцүү цагт чинь дэргэд чинь байж чадсангүй. Хамт
байх хугацаандаа чамайг ихэд зовоож байжээ…гээд Хорлоогийн хоолой нь зангирч: ~Миний хань ухаан суусан бололтой. Ингэнэ гэж би мэдээд байсан юм…гэж хэлэхэд Хажид, Чимгээ хоёрын нүднээс хэдийнэ Хорлоог өрөвдсөн нулимс хэдийнэ хацрыг нь даган урсана. Хорлоо хацраа даган урсах нулимсаа арчаад цааш уншив. ~Чамд дахин таагүй мэдээ дуулгаж байгаад уучлаарай. Дахин чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна….гээд Хорлоо үгээ таслаад гэнэт уйлахаа больчихов. Хэсэг захиаг уншиж байснаа нүүрэнд огцом хувирал орж царай нь барайснаа толгойгоо нэг гараараа барьж: ~Тэнгэр
минь….Үгүй ээ…үгүй….гэж хэлээд камерын цэмэнтэн шалан дээр ухаан балартан уналаа. Энхмаа түүнийг унахтай зэрэгцэн сэрпхийн босож түүнийг тэврээд ганц өргөөд л нааран дээр хэвтүүлэв. Тэр гурав дор бүрнээ л Хорлоод санаа зовж хацар луу нь ээлжлэн алгадаж сэрээхийг хичээнэ. Хажид Хорлоогийн толгойг зөөлөн илэхэд Энхмаа төмөр сараажны завсраар нүүрээ наан: ~Харгалзагч аа. Харгалзагч аа… хэмээн зогсолтгүй хашгирлаа. Энэ хооронд Чимгээ газар сөхрөн суугаад Хорлоогийн дуусгаж чадаагүй захиаг өрөө дүүрэн чангаар

уншлаа… ~Тийм ээ. Үнэхээр уучлаарай. Би эхнэртэй болсон. Охиноо хойд эхийн гар харуулахыг хүссэнгүй. Мөн чамд үлдээхээр болж Улсын Төв Хүүхдийн Асрах газар өгсөн….. Тэд бүгд цочирдон дуугаа хураалаа