
Шөнийн цолмон цагаан одод толгой дээр мэлтэгнэх үес Цагаан уулын их агуйг чиглэн нэгэн эхнэр тожир тожир алхахад хатсан шаргал өвс хөлийн дор шажигнана. Сарны сүүн цагаан туяанд саахи хүний
өмссөн ногоон даавуу дээл, толгойдоо зангидсан гал улаан алчуур тодхон харагдах бөгөөд баруун гартаа жижиг савтай шингэн зүйл барьсан нь шол шолхийн цалгилах сонсдоно. Саахи эхнэр уулын
бэлийн сул чулуудыг хөдөлгөхгүйг хичээн зөөлөн гишгэлж хөнгөн алхсаар үргэлжилж нүүгэлтсэн агуйн ам уруу авиран гарч өврөө ухан түнтийтэл чихсэн зүйлийг гаргаж ирэн амьсгаагаа даран хэсэг зогсов.
Эхнэрийн гарт цацлын мөнгөн халбага цайран харагдана. Эл эхнэрийг Чимгээ гэх агаад насаараа хүнтэй ханилаагүй ганц охин төрүүлсэн тул нутгийнхан түүнийг Ганц Чимгээ гэж нэрлэсээр амьдралын
ихэнхийг туулсан тул Чимгээ ч Ганц гэх нэрэндээ ээнэгшин дасчээ. -Ай Баян буурал хангай минь. Байц ихт хайрхад минь. Мөнх тэнгэр эцэг минь. Мөнгөн цагаан саран минь. Долоон бурхан одод минь далай

цагаан сүүнийхээ дээжээр та нарыгаа ундалъя. Өргөл юуг минь хүлээн авна уу. Над шиг ганцаардахын зовинолыг дэлхийн эхчүүдэд бүү үзүүлээч. Нойтон сормууст нялх үрийг норж төрүүлэх амаргүй. Эхээс төрсөн үр болгоны заяаг жаргалаар дүүргэж хайрла. Төрүүлсэн үрсийн минь заяа буяныг тэтгэн цаашдынх нь замналыг ариусгаж хайрла. Өрцнөөс минь унасан үр билээ. Үхэхээс минь урьтаж бүлээн зүсийг нь харуулж хайрла. Эх болсон дэлхий ээж минь амгалан оршиг гэсээр Чимгээ сүүн цацал өргөж эхлэв. Саран авхай баясах мэт сүүн туяагаа улам ихэсгэхэд орчны уулс ихэд амарлингуй аятай ихэмсгээр дүнхийнэ. Уулын оройгоос чоно улих сонсдоход Чимгээ чих тавин чагнаснаа хувинтай сүүнээсээ хутган тэр зүгт өргөж -Хайрхан минь ивээлээ хайрла хэмээн шивнэв. Тэгсгээд чоно улихаа болив. Долоон бурхан од Туул голын мөсийг цооногших мэт доошлон их гэрэлтэйгээр гялалзах үес Чимгээ хоосон хувингаа барин том хадны оройгоос бууж гэр өөдөө алхав. Сарны гэрэлд дов сондуул хүртэл тодрон харагдах аж.
Доод хотны ноход дуу авалцан чимээтэйгээр боргон хуцаж их дуун хадаахад Чимгээ дороо зогсон тийшээ эргэн харав. “Юу болов доо. Зайлуул муу Дансран Цэвээн хоёр хот явсан сурагтай байсан. Эзгүйгээр нь хээрийн амьтан хот хороо уруу нь гэтсэн юм биш байгаа даа.” Чимгээ дотроо бодоод номхон бор нүдээр харанхуйг сийчин хараа талбив. Хариуд нь хэн нэгний хөлчүү дуун сонсдоход – Өө хөөрхий. Согтуу гайхал нохой шуугиулж явсан байх нь гэж өөртөө чанга хэлээд гэр өөдөө алхав. Чимгээг гэртээ ороход хойморын цагийн зүү арван нэгийн тоог өнгөрч байлаа. -Ээ хайрхад минь. Цагтаа амжлаа. Нэг саранд хоёр удаа сүү өргөхөд өргөл очдоггүй гэж ижий минь захидагсан. Цагийн вмыг цагт нь амжуулах шиг сайхан юм хаана байх билээ. Чимгээ жаран настанд баймгүй хөнгөн шингэн алхаагаар алхлан ороо засахдаа хоймохын жаазнаас гэрэлтэх охиныхоо зургыг харан инээд алдав. -Хөөрхөн үр минь сайхан бүсгүй
болсон доо. Хөөрхий дөө заяа тавилан бурханы зурсан зураг гэж анги юм даа. Муу ижий минь голомт нь эзгүй байсаар насыг элээсэн. Би ч бас ханийн халамж эрийн түшгийг үзсэнгүй. Удамдаа ирсэн энэ ганцаардлыг өөрчлөх гэж би Хан тэнгэр, Хангай дэлхий, Гэрэлт наран, Гэгээн саранд үртэй болсноос хойших гучин жилд тасралтгүй гуйн залбирч цагаан сүүгээ өргөлөө. Надад заяасан хүчийг түмэн олны тусын төлөө харамгүй зориуллаа. Төрсөн ганц охины минь заяа тавилан миний туулснаас өөр байг гэсэндээ тэр шүү дээ. Өрцнөөс минь унаж өвөрт минь торнихдоо түрхэн зуурын жаргал үлдээгээд одсон бяцхан хүү минь амьд мэнд хаа нэг газар өсөж өндийсөн боловуу мэдэхсэн гэхдээ тэр шүү дээ. Чимгээ сурсан зангаараа ганцаараа яриад гэрийн зүүн талд байх цагаан даавуут цэмцгэр орондоо орон хэвтэв. Тооноор одод мэлтийн цайрч хаврын сэрүүн салхин хэдэнтээ дээвэр дэлдэх үес Чимгээ хөгшин зүйрмэглэсээр унтав. Гэнэт хаалга сэвхийн нээгдэхэд тэрээр сэрж хоолой засав. Үүр цайх дөхөж буй бололтой. Гэрт сүүн цагаан гэгээ татах аж. -Хэн бэ? хүүхээ. Гаднаас орж ирэгч шууд эхийн оронд ойртон ирэх хөлийн чимээ танил бус тул эх өндийж харвал үс сахалдаа баригдаж нүдний
харц нь бөхсөн хувцасны тамтаг нөмөрсөн нэгэн орных нь өмнө зогсч байлаа. Гарт нь хурц үзүүртэй жижиг хутга гялсхийн харагдахад -Ээ хайрхад минь. Юу болоод байна даа гэж тайвнаар дуу алдсан ч хоолой өөд нь айдас цухалзан хачин их бачимдав. Торхийх чимээ гарч том хээтэй хулдаасан дээр ирт мэс унахыг харсан Чимгээ яаран дээлээ ханцуйлсаар өндийхдөө газарт унасан хутгыг харж дахиад хирдхийн цочив. – Хүүхээ хутга чинь уначихлаа ав. харанхуй шөнө хар мэс ханцуйлж явдаг яасан эвгүй зантай хүүхэд вэ чи. Чимгээ өөрийн биш шахмал бүдүүн дуугаар зандчин хэлээд бүсээ бүслэв. Сүр сүлд нь зайлчихвуу гэлтэй цонхийн цайсан залуу эр дуулгавартай нь аргагүй ухасхийн доош унасан хутгыг авч ардаа нуун барив. Чимгээ зуухны өмнө тэвхийтэл өрсөн хуурай аргалаас зууханд зэрэглэн жижиг тогоо тавиад ус хийж гал өрдөнгөө “Харваас уруудаж буруудаж яваа нэгэн бололтой. Ямар аргатай хүн ингэж явав гэж. Арга ядсан амьтан амь зулбаж яваа бололтой. Хэний ч үр ялгаа юу байх билээ” гэж бодсоор
баруун орны хөлд байх том ванн авч зуухны өмнө тавиад халуун ус хийж поошигтой уснаас сэлбэн халуун хүйтнийг нь тааруулаад -Алив хүүхээ наад ёрын хувцсаа тайл. Толгой хүзүү биеэ угаа. Би цай пурхийлгээд орхиё гэхэд шөнийн гийчин дуулгавартай нь аргагүй түүний үгэнд орж хувцсаа тайлж газарт шидээд ихэд дуртай толгой хүзүүгээ угааж эхлэв. Сүү амтагдсан шаргал цай гуулин данханд уудалж байхдаа Чимгээ “Тээр жил муу аавдаа зориулж урлаад өмсгөж амжаагүй нэг дээл бий юмсан. Энэ хархүүд өмсгөе дөө. Буян болог” хэмээн бодоод яаран авдраа уудалж нямбайлан баадагнасан дээл гаргаж ирэв. -Май хүүхээ энэ дээлийг өмс. Шинэ дээл байгаа юмаа. -Гялайлаа таньд гэсэн залуугийн нүдэнд нулимс гялтагнаж харагдана. -Цай ууж бай хүүхээ -За. Хоёр аяга сүүтэй цай уугаад хоёр шанааг нь
даган урсах залуугийн хөлсийг харсан Чимгээ нүүр гарын жижиг алчуур өгч -Наад хөлсөө арч гэв. Тогоон дээр ботгирсон сайхан шөл буцална. -Хоол ид хүүхээ. – За баярлалаа эгчээ. Тэр хоёр өөр юм ярьсангүй. Залуу эр хоёр аяга шөл уугаад бүрч их хөлс асгаруулан сууснаа нойрмоглон духалзаж эхлэхэд Чимгээ хөгшин босч баруун талын хураалттай орыг засч өгөв. Залуу ч оронд ороод ихэд чимээтэй хурхиран унтаж эхлэв. Чимгээ баганы дэргэд зогсч түүнийг хэсэг харснаа “Чаавас даа. Зовж яваа амьтан бололтой. Миний хүү байсан бол иймэрхүү л насны эр байсан байх даа” гэж бодол болон хэсэг

зогсоод залуугийн тайчиж тавьсан хувцсыг нь эвтэйхэн эвхэж торонд хийгээд авдар өөдөө явж аавдаа өгөх гээд чадаагүй олон жил хадгалсан шинэ өмд цамц гарган тавиад ороо хураав. Үүр цайж эхлэхэд шаазгай шагширан, хэрээ гуагалж, ууль уйлан, чоно ульсаар наран уулын цаанаас цухуйж эхлэв…