Home Өгүүллэг “ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “4-р хэсэг”

“ЧӨТГӨРИЙН ОХИН” өгүүллэг “4-р хэсэг”

33 second read
0
0
1,831

Ану охин галт тэргэнд дөнгөж сэрэнгүүтээ босож суугаад энгэрийн халаасанд байх цаасаа байна уу үгүй юу гэсэн янзтай сэмхэн хараад 2 гараараа нямбай гэгч гаднаас нь дараад галт тэрэгний цонхоор

ширтэн ямар нэг зүйл бодолхийлэн санааширна. Энэ бүхнийг сэмхэн ажиглаж хэвтсэн Дорж дөнгөж нойрноосоо сэрж буй мэт суниан босож ирээд: -Миний охин хэзээ сэрчихэв. Сайхан амарсан уу? гэвэл

охин нүүрнийхээ урдуур унжсан үсээ 2 гараараа хойш илбэн инээмсэглээд: -Саяхан сэрсэн. Ааваа одоо хот ойрхон уу? -Алив аав нь харья гээд Дорж цонх руу өнгийн хараад: -Хүүш хотод ороод ирсэн

байна ш дээ. Миний охин хувцасаа өмсөөрэй. -За гээд аав охин 2 буух бэлтгэлээ хангалаа. Дорж ирэх 7 хоногын Лхагва гарагт шинэ ажилдаа орох тул бямба гарагийг сонгож хотод иржээ. Амралтын 2 өдрөөр гэр

ороноо тохижуулж даваа гарагт охиноо шинэ сургуульд нь хүргэж өгч охинтойгоо 2 өдөр хамт явчихад цаашид биеэ даагаад явчихаж дөнгөнө гэдэгт эцэг хүний совингоор охиндоо итгэлтэй байлаа. Хэдий

түрээсийн жижигхэн байр ч гэлээ хэсэгтээ амьдрах юм болохоор байраа үзэх гээд яаравчлан догдолсоор. Хүрэх газраа ирэхэд түрээслэгч эзэн бололтой 40 эргэм насны авгай уриалгахан гэгч угтан авч өрөөг нь үзүүллээ. Санасаныг бодоход хэт жижиг биш санасанаас нь том өрөө байсанд Дорж олзуурхан баярлаж эзэн авгайд баярлалаа гэж хэлээд оров. Ану охин өрөөндөө орж ирээд эргэн тойрон ажсанаа: -Ааваа миний өрөө хаана байгаа юм бэ? -Миний охин энд нэг их удахгүй. Аавтайгаа хамт жоохон л тэсчихээрэй. 2-лаа удахгүй Дарханы гэрээс ч том байранд орно за гээд охиноо үнсэхэд охин толгой дохин инээмсэглэв. Аав охин 2 нүүлгэлтийн машиныг хүлээх зуураа гадна орчинтойгоо танилцан хүүхдийн тоглоом дээр түр саатлаа. Дарханаас гарсан нүүлгэлтийн машин ч цагтаа ирж тэд амьдрах байраа хөөрхөн тохижуулаад оройн зугаалга буюу аав охины тансаглал эхлэв. Кино театрт кино үзэж гадуур алхаад хоолонд ороод цаг ч орой боллоо. Охин аавтайгаа гадуур зугаалж, тоглож, наадаад ядарсандаа аавынхаа нуруун дээр унтчихжээ. Дорж хаалга онгойлгоод зөөлөн гэгч явж байтал түүний гэртээ орхиод гарсан гар утас цочтол дуугарч Дорж охиноо сэрээхгүй гэсэндээ ухас хийн очоод ирсэн дуудлагыг тасалчихлаа. Дахиад утас дуугарахад дахин таслаад охиноо орон дээр нь хэвтүүлчихээд утсаа бариад коридор луу гарав. Ийм орой болсон

хойно хэн залгадаг юм бол гээд хартал огт танихгүй дугаараас 12 дуудлаг ирсэн байжээ. Хуучин ажлаас л тайлан тооцоо дүн нэгтгэл гээд асуух юм гараад залгасан байх гээд бодож амжаагүй шахуу байхад өнөөх дугаараас дахин дуудлага ирлээ. Шууд аваад сонсвол: -Байна уу? гэхэд цаанаа л нэг танил дуу хоолой гэвч яг хэн гэдэг нь санаанд буусангүй….. -Байна уу? Байна уу? Доржоо сонсож байна уу? олон давтамжтай сонсоод Дорж хэн гэдгийг нь мэдэж сулхан дуугаар: -Байна байна. Хадам ээж сайн байна уу? -Үхсэний чинь хадам ээж. Чи хаана байна. Чамтай уулзах гээд Дарханд ирчихээд байна. Оройноос хойш л чам руу залгалаа. -Би хотод байна. -Чи юу яриад байгаа юм бэ? Яахаараа чи хотод байдаг юм. Битгий худлаа яриад бай. -Би танд яасан гэж худал ярих вэ дээ. -Би охиноо авах гэж ирлээ. Миний охин хаана байна. -Надтай хамт байна. -Доржоо 2-лаа шулуухан ярья. Охиныг бидэнд өгчих. Бидэнд охиноос минь өөр хэн ч үлдсэнгүй. Цорын ганц охин маань тэнгэрт хальж бидэнд түүнээс минь үлдсэн ганц ач охиноо хайхралгүй өдийг хүртэл явсанд уучлаарай. Эгч нь чамд

чиний хүссэн мөнгийг өгье. Бидэнд охин маань л хэрэгтэй байна. Чи 10 сая авах уу? 20 сая авах уу? Үгүй ээ эгч нь чамд 50 сая төгрөг өгье. Тэгээд чамайг ажилд оруулж өгье гээд уйлан хэлэх хадам эхийнхээ үг бүрийг сонсож зогссон Доржын нүднээс нулимс урсан гарч: -Төрчихөөд нэг ч хоноогүй байхад нь та бяцхан охин руу минь нулимж байхдаа танд өрөвдөх сэтгэл байсан уу? Охиныг ээжгүй өсөж байхад нь та хаана байсан юм бэ? Энэ олон жил өнгөрчихөөд байхад гэнэт л гарч ирээд зовлон жаргалыг хамт эдлэн туулж ирсэн бяцхан үрийг минь мөнгөөр үнэллээ гэж үү? тиймээ та миний хадам ээж биш таныхаар үл таних эгч минь би танд охиноо өгөхгүй ээ!!! -Бусдын доор оруулахгүй хүнээс илүү охиныг минь аваад явчих бэл бэнчин чамд байгаа юм уу? -Бид 2-т та хэдийн яриад байгаа эд баялаг мөнгө төгрөг байхгүй ч хүнлэг сэтгэл амьдралыг харах өөдрөг мөрөөдөл зорилго байна гэхэд Доржын хадам ээж галзуурах нь холгүй чанга гэгч: -Муу новш минь би охиноо чамаас авахдаа л авна даа гэвэл Дорж ч мөн мөчөөгөө өгөлгүй: -Би охиноо хэнд ч өгөхгүй. Чаддаг юм бол намайг алаад аваарай -Чамайг алсан ч яадаг юм. Харж байгаарай гээд утсаа тасалчихав. Бүх зүйл нэг л биш байгааг зөнгөөрөө мэдэрч өнгөрсөн бүхэн нүдэнд нь кино шиг л дүрслэгдээд өнгөрөх шиг болов. Хайрт хань Өнөрөө нь жирэмсэн болсоноос хойш би ийм амьдралаар амьдарч чадахгүй. Бусад шиг баян тансаг юунд ч санаа зовохгүй гадаад дотоодоор аялаад хэнээс ч юунаас ч хараат бус амьдармаар байна. Цалингаас цалингийн хооронд өрнөөс өрний хооронд хөдөө

газар амьдармааргүй байна гээд уурлах бүрт нь удахгүй хоёулаа тийм амьдралтай болно оо хэмээн тайтгаруулж аргаддаг байв. Өнөрөө эмнэлэгт өвдөөд явдаг өдрийнхөө өглөө түүнийг учиргүй ихээр үнсээд ямар нэг зүйлд догдлоод байгаа юм шиг байсныг төрсөн өдөртэй холбоод бодож байсан нь эндүүрэл ч юм шиг. Тэр өглөөнөөс хойш Өнөрөөгөө огт хараагүй. Бас оршуулгын ажилд нь очоогүй бөгөөд хадам ээж нь очуулахыг ч хүсээгүй. Тэр өдрүүдэд үхсэний араас үхэлтэй нь биш гээд амьд үлдсэн бяцхан үрдээ л санаа нь зовж байлаа. Ану охины сүүлийн үед учир битүүлэг сонин үйлдэл Доржийн сонирхолыг улам ихээр татаж гэрийнхээ хаалгыг угз татан орж унтаж буй охиноо гудчин татаад сэрээж: -Миний охин аавдаа чи хайртай юу? Аавдаа яг юу болоод байгааг тайлбарлаад өгөөч гэвэл охин нойрмог нүдээ нухлан аавыгаа тэврээд: -Ааваа би танд зөндөө их хайртай гээд мөрийг нь дэрлээд дахиад унтах шиг болоход Доржын дотор ямар нэг юм дэлбэрэх гэж байгаа мэт оволцож түүний амьсгал түргэсэн шүдээ зуугаад охиноо өөрөөсөө түлхэж ор луу шидээд чанга гэгчээр: -Ану чи надад худлаа яриад байна ш дээ. Үнэнээ хэлэхгүй бол аав нь чамайг…. гэхэд охин анх удаа аавыгаа ингэж ихээр уурлаж нүд нь эргэлдэж шүдээ зуун түргэн түргэн амьсгалах хэрцгий гэмээр дүрийг хараад айж сандарч нулимс унаган: -Ааваа би танд огт худлаа яриагүй -Чиний ээж амьд тээ. Чи ээжтэйгээ хэзээ уулзсан. -Би ээжтэй уулзаагүй би уулзаагүй би ээжтэйгээ уулзаагүй гэхэд нь Дорж охиныхоо өглөө тайлсан палаажны халааснаас эвхсэн цаасыг гаргаж

ирээд Анугийн нүүр лүү тулгаж байгаад -Энэ тэгвэл ямар учиртай yahoo хаяг юм бэ? Охин юу ч дуугарсангүй. Дорж дахин дахин асуулаа. Охин юу ч дуугарсангүй. Бүүр уйлахаа больж шазруун дүр төрх гарган ямар ч хөдөлгөөнгүй зогслоо. Дорж загнаж гуйж уйлж асуув. Юу ч хариулсангүй. Эцэстээ тэвчээр барагдаад охиноо алгадаад авахад охин аав руугаа хачин муухай харахад Дорж ямар нэгэн далдын хүчинд ховсдуулах шиг болж охиныхоо өмнө өөрийн мэдэлгүй сулбайгаад суучихлаа. Өглөө галт тэргэнд сонсогддог Өнөрөөгийн дуу хоолой дахин түүний чихэнд -Охин минь ямар ч буруугүй- хэмээн сонсогдлоо. Дорж гартаа атгасан цаасаа барьсаар гэрийнхээ хаалгаар гарахдаа охиноосоо уучлалт гуйх байтугай эргэж ч харалгүй гарч гүйсээр онгорхой интернет хайж гэрээсээ нилээн хол явчихжээ. Арай гэж интернет кафе олж өнөөх цаасаа дэлгээд unuruu87@yahoo.com хаягтай холбогдох гэж оролдсон боловч бүтэлтэй зүйл болсонгүй. Болоод байгаа учир битүүлэг зүйлсийн учрыг олох гэж бодож алхсаар

гэрийнхээ үүдэнд ирээд бугуйн цагаа харвал шөнийн 03-н цаг болжээ. Уртаар амьсгал аван өөрийгөө тайвшруулах аядаад -Муу охиноо айлгаж зовоочихлоо одоо яана аа гээд өөртөө гэмшин хаалгаа онгойлгоод орвол охин орондоо алга. Өрөөнийхөө бүхий л зүйлсийг нэг бүрчлэн ширтээд ч охин алга. Доржын нүдэнд Анугийн орон дээрх бичгийн цаас шууд туслаа. Гүйж очоод аваад унштал: БИ ЯВЛАА. БИ ЧӨТГӨРИЙН ОХИН БИШ ГАЛЫН ОХИН ЮМ БИЛЭЭ. БАЯРТАЙ. гэсэн байлаа. Дорж гарч эргэн тойроноо нэг бүрчлэн үзээд нийтйн байрны бүх л айлын хаалгыг согтуу солиотой хүн шиг балбаж онгойлгож өгсөн айл руу галзуу хүн шиг дайран орж охиноо хайсаар. Балмад этгээд гэмээр энэ байдлаас нь айж сандарсан оршин суугчид цагдаа дуудаж Дорж ч дуудлагаар ирсэн цагдаад болсон явдлыг нэг бүрчлэн тайлбарласанаар тэр шөнө цагдаагийнхан охины эрэлд хот даяар гарцгаалаа. Шөнөжин нойргүй хоносон Дорж цагдаагийн газар

зүүрмэглэн сууж байтал түүний хадам ээж гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй түүнийг алгадаж аваад: -Миний охиныг чи өг. Чи л биднээс нууж ийм жүжиг тоглож байна. Охиныг минь өг гээд толгой түрүүгүй цохиж гарахад цагдаагийн жижүүрүүд ирж Доржоос хадам эхийг нь салгацгаав. Чимээнээр тухайн тасгийн дарга хошууч коридорт гарч ирээд -Юу болоод байна гэхэд жижүүр цагдаа хошуучын өмнө ёслоод: -Эрхэм хошуучид илтгэе -Илтгэ -Гаднаас энэ авгай орж ирээд…. гэхтэй зэрэгцэн жижүүр цагдааг Доржын хадам ээж нударч аваад: -Авгай ч гэх шиг. Та нар иргэдтэйгээ ингэж харьцдаг юм уу? гээд хошууч руу жигтэйхэн харахад хошууч нүдээ том болгон инээмсэглэж ирээд: -Хүүе Сараа эгч мөн үү? Эгч минь яаж яваа юм бэ? алив манай өрөө рүү

орооч хэмээн Сараа авгайг хүндлэн өрөө рүүгээ залаад хойно үлдэх жижүүр цагдаадаа: -Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Магсар хурандаагийн эхнэр нь гэж хэлээд толгойг нь зөөлөн тоншоод эргэв

4-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…