Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
924

Навааннэрэнгийн өргөөнөө хөл хөдөлгөөн ихтэй . Чүлтэм бэйс болоод нутаг буцаж буй Харчин гүн Бавуужав нар морилсон байх нь хот айлыг нэн ихээр хөлд автуулана. Тэднийг дагалдагч цөөн хүн л энэ хот

айлд иржээ. Бавуужав гүнийг 200 орчим цэрэг нь дагалдан яваа бөгөөд Навааннэрэнгийнхээс холгүйхэн хүрээлэн буудалласан нь их гэрийн зүгээс нүднээ илхэн. Өргөөнөө Бавуужав гүн хамгийн хүндтэй суудалд

сархад барин сууна. Тэрээр – Намайг ийн халуун сэтгэлээр угтсан Навааннэрэнтэн танд туйлаас талархая… Биднийг учиралдуулж, зүс нэрээ мэдэлцэх боломжыг бүрдүүлсэн Чүлтэм бэйс танаа дахин

талархая аа… хэмээн ихэд ёсорхогоор өгүүлээд мөнгөн аяганаа мэлтэлзэх, хатуу хар сархадыг өөд нь өргөн байж хүртвээ. Навааннэрэн ноён даруй суудлаас босч алгаараа магнай юугаа даран

мэхийн хүндэтгэж, өврөө тэмтрэн алд цэнхэр хадгийг хоёр гардан дэлгээд: – Шудрага баатар Бавуужав гүн таны нэр алдар нэгэнт халх даяар дуурссан билээ. Таныг өөрийн зүгээс ихэд хүндэтгэн үздэг бөгөөд

Их Монгол улсаа эргүүлэн нэгтгэх их үйлсийг тань өчүүхэн би бээр үргэлжид сайшааж явдагаа хэлэе ээ. Ингээд их үйлд тань бага ч болов дэм болов уу хэмээн агт морь 50 , амбан шар хорийг өргөн бария аа хэмээлээ. Нэгэнт амь тавьсан бух Дорлигийн дэргэдээс багахан холдоод Баатар хад сандайлан арагш налж суулаа. Ананд яарсхийн ирж, морьноос үсрэн буугаад хүрэн тэрмэн тэрлэгийнх нь ханцуйг татаж сугалдаргалан шархыг нь ил гаргав. Ананд – Дүү минь чи ч ус уух хувьтай хүн байна шүү сум дээгүүр гарч. Хэрэв багахан доор туссан бол бид чамд зориулж, чонын дуудлага хийхэд хүрэх байж … хэмээн инээлээ. Анандыг дагалдаж ирсэн эр Дорлигийг шинжээд …. Энэ хэдийн талийжээ гэсээр тэр хоёр дээр ирлээ. Ананд цогцосруу харж хэсэг сууснаа – Чиний гарт үрэгддэг азтай нохой юм даа.

Амьдаараа Чүлтэм бэйсд хүрсэн бол үхлийн муугаар үхэх байсан юм гээд өргөн махир сэлэм ээ атгасаар бослоо. Тэрээр Дорлигийн толгойн тушаа очиж, зогсоод тав гэзэгнээс татаж өндийлгөв. Ганцхан ….ширрр хийх чимээ гараад бух дорлигийн толгойгүй бие газарт түгхийн уналаа. Олон хүний цус нулимсаар өл хийж явсан бух хэмээх Дорлиг, Хэнтийн их уулсын өчүүхэн нэгэн зайд өт хорхойн хоол болон үлдэх нь тэр ээ. Харин түүний их саарал морь эзнийхээ амьгүй биеэс холдож ядан газар үнэрлэх нь хатуу эрсийн ч өрийг өвтгөм . Ананд Дорлигийн толгойг жижиг ширэн тулманд хийж, дагалдагчдаа бариулаад саарал морийг цулбуурдан авлаа. Уужим сайхан магнай хийгээд цолмон адил нүдийг нь дээлийн ханцуйгаар арчаад эмээл хазаар бүгдийг нь мултдаад, суллан тавьлаа. Тэрээр …за хөдлөе дөө хэмээн зөөлнөөр хэлээд мориндоо мордов. Тэр гурав гэлдрүүдсээр цэргүүд дээрээ ирэв. Анандын дайчидаас хоёр хүн эрсджээ. Амь эрэсдсэн хоёр дайчны

хойдын ажлыг уулын өвгөнийхтэй адилаар үйлдээд тэд замдаа гарцгаалаа. Баатар шархандаа зовиурлах хэдий ч газарт өвдөглөж, тэртээд харагдах уулын өвгөний агуй болоод лагшиныг оршоосон хадан оройт хар уулын зүг гурвантаа мөргөөд – Амь биеийг минь ашид аварч ачлалдаа багтаасан их уулсдаа мөргөе, аавын минь адил асарч хамгаалсан уулын өвгөн тандаа мөргөе , мах цуснаас тань тасарсан хүүгийн адил санаж таван оны хойно эцэг тандаа эргэн ирж золгоноо хэмээгээд мориндоо мордлоо. Ийнхүү Ананд , Баатар нар таван эрсийнхээ хамтаар Навааннэрэн ноёны зүг хүлгийн жолоо залав. Баатарын хувьд төөрч учирсан сайхан буурлыгаа их ууланд нь мөнхөд оршоосон ч төрсөн гэр , өвгөн аавруугаа яарах сэтгэлээ барьж ядан явлаа.Хэдий найр цэнгэлийн байдалтай авч Чүлтэм бэйстэн төдий л тайван бус Анандын зүгээс чимээ чагнан , гарч орох бүртээ

хойд зүгт хараа чилээнэ. Тийн нэг хонож байтал өвгөжөөр лам, сумч цэргийн хамт ирлээ. Юутай ч Дорлиг , Баатар нарыг олсон нь тодорхой болов. Харин юун зэвсэгтэй олон хүн Дорлигтой нийлэх билээ гэж сэтгэлээ чилээх бас нэгэн ажил нэмэгдэв. Харин Бавуужав гүний – Чүлтэмтэн сэтгэлээ бүү чилээ, Ананд бол миний хамгийн чадварлаг эр. Ямарч бэрхийг тулаад чамд хэрэгтэй зүйлийг авч ирнэ …. хэмээсэн нь бага зэрэг тайвшруулана. Хорвоод удам залгах ганц үрээ алдсан эцэг хүний сэтгэл дээр угийн чанд хатуу Бэйсийн хорсол нэмэгдэж Чүлтэм хэмээх бодьгалийг гурван сарын турш тарчлааж буй билээ. Зам зуур нэг хонохдоо Баатарын бие овоо тэнхрэв . – Би өөрийгөө үнэхээр азгүй хүн гэж үзэж байсан үе бий . Харин одоо бодохнээ хамгийн азтай хүн юм. Анх Наваан ноён маань надад эцэг шиг хандаж тусалсан. Дараа нь уулын өвгөн , одоо Ананд ах та бас

туслаж байна. Ачийг тань хэзээ ч мартахгүй хэмээн Баатар үнэн сэтгэлээс өгүүлнэ. Ананд түүний мөрийг зөөлөн алгадаад – Дүү минь тэр яах вэ заяа тавилан гэдэг нь л байх. Одоо цагт чам шиг эрмэг залуус адуу маллаж айлд зарагдах хэрэггүй л юмсан. Эр цэрэгт элсэж их Монгол улсаа нэгтгэх үйлд зүтгэх хэрэгтэй. Дорлиг бол хэдхэн хүнд л мууг хийхээс хэтрэхгүй. Харин энэ улсыг тэр чигт нь залгихыг санаархсан дайсан этгээдүүд байдаг юм шүү дээ. Би бол Бавуужав гүнийг дагаж хар хятадтай гурван он дамнан тулалдсан. Чамд чин хүсэл байвал Монгол улсынхаа төлөө бидэнтэй нэгдээрэй гэв . Үнэхээр ч Баатар ийм их зүйлийг бодож байсан удаагүй бөгөөд одоо санахнээ оргож гарах хүртлээ хөмөрсөн тогоонд байсан мэт л төсөөлөгдөж байлаа. Баатар Анандад хандан – Нээрээ тийм шүү Ахаа би таныг дагах

болноо. Та өөрийн эрдэм чадлаа зааж өгөөрэй гэхэд Ананд маш их баяртайгаар – Зөв дүү минь угаасаа тийм л байх учиртай гээд сэтгэл хангалуун инээмсэглэв. Тэд мордоод замдаа орцгоолоо. Хөвч их уулсын цагааныг барин нэгэн морьтон зүйрмэглэх мэт алгуурхан гэлдрэнэ. Тэр бол орь ганцаар үлдсэндээ өөрийгөө хараах Чингис – оол байв. Хамгийн сүүлд түүнийг харахад дүү нь мод тэгнэн унаад үхсэн байжээ. Түүний хувьд дүүгээс нь өөр ойр төрлийн хүн гэж үгүй билээ. Хаачихаа ч мэдэхгүй өөрийгөө зүхсээр өнгөрсөн бүхэнд зөвхөн өөрийгөө л буруутгасаар. Үнэндээ ч тэр Дорлигтой нийлээгүй бол хэдий дээрэмчид ч гэлээ орос урианхай нийлсэн хориод эрс амь үрэгдэхгүй биз ээ. Тэр хар зөнгөөр наран шингэх зүгийг барин хэрхэхээ мэдэхгүй гэлдэрсээр л…. – Ах ааааа аааа хэмээн уртаар хашгирах дуунд тэр эхлээд цочив, хоёр дахь удаад гайхав тэр дуу

гарсан зүг харвал үхсэн хэмээн санаж байсан дүү Хаяам нь түүний зүг морьны хурдаар довтолгон айсуй. Тулааны үеэр Хаяам морьтойгоо унаад ухаан алдаж Анандад олзлогдсон байжээ. Тэр өөрийгөө үхүүлж өг хэмээхээс өөрийг үл хэлэн зүтгэхэд Ананд – Чи бол надад ямарч хэрэггүй этгээд. Тэр Дорлиг гэгч эрээс болж хүний өөрийн нийлсэн хориод халуун амийг устгалаа. Урианхай та нар ч ялгаагүй монгол угсаатан. Яс булаалдсан ноход шиг өвөр хоорондоо алалцаж байхаар хүч нэгтгэн хар хятадтай тэмцэсэн бол Их Монгол улс эмхрэх байлаа. Чи нүднээс далд орж үз. Өөрийн гэсэн бөндгөртэй бол урианхай түмэнд үгийг минь дамжуулаарай гээд хүлгийг нь тайлжээ. Энэ бүхнийг сонсоод Чингис – оолд үнэхээр ч ичгэвтэр санагдав. – Тэр хүний зөв угтаа бол бид бүгд л Их эзэн Чингис хааны үргэлжлэл . Нэр минь хүртэл Чингис – Оол билээ хэмээгээд дүү Хаяамыг тэврэн авлаа. Ананд , Баатар нар ноёны өргөөнөө сууна. Чүлтэм бэйстэн Дорлигийн толгой ирсэнд багахан чамласан ч одоо сэтгэл амарчээ. Тэрээр суудлаас босч Баатарт мэхийн ёслоод – Муу хүний балгаар хилс хэрэгт

унагааж, өвгөн аавынхаа толгойг ч түших боломжыг олгоогүй өвгөн ахыгаа өршөөгөөрэй. Газар дээрх ганц хүүгээсээ хагацаад ухаан минь сохорчээ. Намайг өршөөж эцэг мэт санавал өвгөн би бээр чамайг хүүгээ гэж бодноо гэж хэлээд шуудхан гэрээс гарч одов. Яаран яарсаар ирсэн ч өвгөн аав нь мөн л тэнгэртээ хальжээ. Энэ удаад Баатар уйлсангүй. Оргож гараад нулимсаа урсгаж явсан Баатар хүү өдгөө ган мэт хатаагдсан эр болоод иржээ. Зуны гуравхан сар түүнд амьдралын хар цагаан өнгийг хатуу хөтүү хуультай нь хамт нэг мөр таниулсан бизээ. 1921 оны 3 дугаар сарын 18 . Хиагт хотын нам гүм шөнө нэгэнтээ буцаж, үүр гэгээрэх цаг айсуй. Хаа нэгхэн нохой хуцахаас өөр чимээ үл дуулдана. Шивээлэн жагссан цэрэг эрс тушаал хүлээн амьсгаа дарсаар . Цэргүүдийн өмнө цагаан нэхий дээлэн дээрээ

дайзтай сум хэрэн бүсэлсэн хүдэр эр, хазаар даран тэмүүлэх өндөр бор морины амыг хантайран татаж эрэгцүүлэнэ. Энэ бол Сэцэн Ханы Баатар байлаа. – Жанжинаас дохио ирмэгц бид дайрах болно. Өглөөн нарнаас өмнө Хиагт хотыг эзлэх ёстой хэмээн Баатарыг сэлмээ өргөхөд олон эрс дуу хадаан уухайллаа. ТӨГСӨВ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *