Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг “9-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг “9-р хэсэг”

3 секунд уншина
0
0
730

Ханан хадны дотор ургасан хоёр хушнаас Баатарын гарыг тэлүүрдэн хүлжээ. Түүний өрөөсөн хөмсөг задарч, нүүрний тал нь танигдахын аргагүй цусанд будагдсан байна. Намар оройн сэрүүн салхи сэвэлзэж,

хацарынх нь цусыг зөөлнөөр илбэн арчих мэт санагдахад өдөрийн болсон явдал нүдний нь өмнө тодров. – Буун дуутай зэрэгцэн өвгөн Гомбо түүнийг даран унажээ. Учирыг ойлгож ч амжаагүй Баатар

түүний нүүр өөд харвал хөөрхий өвгөний нүдний гал бөхсөн шиг харагдана. Өвгөн зөөлнөөр -Агуйд … баавгайн арьс … хонгил байгаа гэх үгсийг арай ядан хэлээд түүний цээжинд духаа наан хөсөр уналаа.

Баатарт юу ч бодох сөхөө байсангүй . Тэр муухай орилон босоод галзуурсан мэт ойрын хүмүүсийг авч шидлэнэ. Мөр болоод гар, хөлнөөс нь гээд гарт таарсан бүхнээс нь атгаад Хаяамын эрсийг хадан

хашаагаар нэг болгов . Гэнэт нүдэнд нь гал маналзах шиг болоод Баатар сөхрөн унажээ. Баатарын санах зүйл ердөө л энэ байлаа. Өдөр Баатарыг тийн галзуурсан мэт довтолход гэнэ сэнэгүй байсан

урианхай болоод орс эрчүүд үнэхээр их балмагджээ. Тэр их үймээн дундуур Дорлиг хоёр ч буудаад онож чадаагүйн дээр Чингис – оол Баатрын ар дагзруу хусан мунаар цохиж сөхрүүлжээ. Чоно борооноор гэдэг шиг Дорлиг хаднаас үсрэн бууж , ухаангүй хэвтэх Баатрыг гүйцээхээр буугаа толгойд нь тулгав. Харин Чингис – оол түүнийг болиулжээ. Урианхай эр хэдий дээрэмчин тонуулчин боловч эр хүний мөн чанараар Дорлигоос хавь илүү нэгэн аж. Дорлиг маш ихээр уурсаж байсан ч олон урианхайчуудын дунд яаж ч чадалгүй түүнийг түр орхисон байв. Хий дэмий л Баатарын нүүрлүү нэг хүчтэй өшиглөөд түй хэмээн газар нулимав. Ил гал дээр тогоо дүүрэн мах даргилтал буцлана. Дорлиг хөмсөг зангидан гал ширтэж суух. Чингис – оол түүнийг тайвшруулах байдлаар мөрийг нь алгадаж, дэргэд нь суугаад. – Би чамайг Халхын хавтай эрчүүдийн нэг хэмээн боддог. Гэвч гар хоосон хүмүүсрүү халуун тугалга тавьдаг чинь ямар учир вэ. Би бодохдоо өстөнийг чинь чамтай нүүрэлдүүлж сайн эрсийн ёсоор

тулгах сайхан завшаан тохиолоо гэж үзэж байлаа гэв. Үүнд бух Дорлиг улам ихээр бачуурч – Чи хараа биздээ. Гар хоосон тулвал чи бид хамжаад ч хүчирэхгүйг… хэмээн зөөлөн бөгөөд маш их заналтайгаар шивнэх шахам хэллээ. Чингис – оол хүйтнээр инээмсэглээд – За яахав би хэлсэндээ хүрнэ. Маргааш өглөө манай гурван эр түүнтэй хүч үзэг түүний дараа чи түүнтэй өөрийн сонгосон зэвсэгээр тулалд. Гэхдээ галт зэвсэг биш шүү. Би чамайг ядаж манай эрсийн нүдэн дээр эр хүн шиг харагд гэж сануулмаар байна гээд босч одлоо. Энэ бүхэн нь Дорлигт сүрдүүлэг мэт санагдав. Тэрээр -Тэгнэ бий шөнө унтмагц бүгдийг чинь булшилаад арилана даа хэмээн шазуур зуусаар үлдлээ. Тэр үнэхээр ч тэгнэ хэмээн боджээ. Агуйн амаар гарч доош буугаад морьдын цаана байх хүлэгтэй Баатар дээр очлоо. Баатарын өтгөн хар үснээс атгаж нүүр өөд нь хараад – Муу зулбасага минь чи өглөөн нарыг дахин харахгүй шүү гэж хэлмэгцээ нүүрэн дунд нь нударгалав. Баатар ямарч дуу гаргасангүй. Дорлиг дахин хоёр хүчтэй дэлсээд түр ч

болов тайвшрах шиг болж Баатрыг орхин явлаа. Уг нь бол Баатар хэмээх энэ залуу хүү Дорлигт ямарч гэмтэй зүйлийг хийгээгүйг бид мэдэх билээ. Ламтан ном уншлагаа уншсаар. Гадаа нэгэнт харанхуй болж эхэлжээ. Сум атгасан залуу эр, ламтан хоёрын хажууд согоо мэт хөнгөрч, шивхэрсэн өндөр халиун морийг нэгэн эр цулбуурдан зогсоно. Төд удалгүй сум барьсан эрийн нүд нь уланаар эргэж , амнаас нь цагаан хөөс сахарч эхлэв. Ананд тэднийг чимээгүй ажих зуур бас ч нөгөө залууд санаа нь зовинон байлаа. Газарт өвдөглөн суугч эр гэнэт ухасхийн босоод халиун моринд үсрэн мордов. Тэрээр асар огцом ухасхийн , харанхуй их мододруу шуугиулан орлоо. Үүнтэй зэрэгцээд Ананд нөхдийн хамт араас нь хөдлөв. Харин ядарч алжаасан ламтаны хамт нэгэн цэрэг үлдсэн байна. Ананд нар нүд сохлом харанхуй модон дунд халиун морьтой сумчийг алдахгүйг хичээн давхицаана. Түнэр харанхуйд халиун морь нэг цайвалзан харагдаж, нэг алга болж байлаа. Дорлиг уулын өвгөний шарилыг мөрөлсөөр хадан цохионы оройд гарав. Харанхуйд болгоомжтой алхан цохионы ирмэгт тулаад – Өгөр өвгөн чи ингээд өт хорхойн хоол болох чинь энэ хэмээн элгэн хаднаас шидлээ. Түүний ард зогссон Урианхай эр маш чангаар тас тас хөхрөв. Гайхсан Дорлиг түүнрүү эргэн харвал мөнөөх эр -Чи өвгөний шарилыг зүгээр энд нь залчихгүй яав аа. Шидэх дээ хэлж байгаа үг

чинь …. гээд дахин хөхрөв. Дорлиг ухасхийн түүнийг заамдаж аваад – Чи намайг бүү басамжил. Би бол Сэцэн Ханы бух Дорлиг хэмээн орилов. Чингис – оол царайгаа төв болгон гарыг нь түлхээд – За Дорлиг минь дээрэмчинд ч бас дэг журам гэж бий . Чи зүгээр арилж үз бидэнтэй нэгдэнэ гэж ахиад саналтгүй. Тэр хөвүүнээс тэгтлээ айгаад байгаа бол өглөөг хүлээлгүй одоо ч тонилилсон болно гээд түлхэж орхиод яваад өгөв. Баатар хоёр гарыг хүчлэн, уяа хүлгээ татсаар . Хоёронтой дугтархад баруун гарынх хүлээс тас үсрэв. Үлдсэн хүлгийг тайлаад зугуухан алхсаар эмээлтэй байх бөгтөр зээрддээ хүрлээ.Баатарын толгойд ачлалт уулын өвгөний алтан шарилыг л авах ганцхан хүсэл байв. Түүнийг хадан цохионоос шидсэн гэдгийг тэр мэдсэн ажээ. Чимээгүйхэн гэтэж бөгтөр зээрдээ хөтөлсөөр ханан хадны завсар өөд зүтгүүлэв. Гэвч гарах хэсэг дээр буугаа тэврээд нэг эр зүйрмэглэж суух үзэгдлээ. Баатар чимээгүй гэтсээр хажууд нь очмогц тонгойн суусан эрийн дагзруу ганц хүчтэй дэлсчихэв. Харуул ямарч чимээ гаргалгүй нугдгасхийн хажуу тийш уналаа. Түүнийг замаас зайлуулж хажуу тийш болгоод бууг нь авч мөрлөв. Хадны завсараар Баатар , бөгтөр зээрд морьтойгоо гулсах мэт гарч одлоо. Тэрээр мододруу зүсэн орсон уулын өвгөний жимийг дагаж, алгуурхан уруудана. Аль хэзээний танил болсон жимээр бөгтөр зээрд нь хазаар даран товолзтол алхлав. Баатар байц ханы урд хэсэгрүү багцаалдан жолоогоо залж хэсэг алхуулаад мориноос буулаа. Морио сул орхиод явганаар хадны өвөрийг баримжаалж, яаран гүйсээр хэсэгхэн нүцгэн

газарт хүрч зог тусах нь тэр. Шөнийн харанхуй хэдий ч хадны өвөр дэх модгүй хэсэгхэн газарт хэвтэх өвгөний цогцос бараантаж харагдана. Баатар зөөлөн алхсаар хүрч очоод өвдөг дээрээ түг хийн суулаа. Сүүлийн амьсгалаа хүртэл зөвхөн өөрийг нь аврахыг хичээж байсан өвгөний дүр тодорч , дуу хоолой нь сонсогдох мэт болов. Хэсэгхэн суугаад өвгөний цогцсыг хоёр гар дээрээ өргөсөөр морьлуугаа гэлдэрлээ. Одоогоор дээрэмчдийн зүгээс ямарч чимээгүй үгүй байх ажээ. Ачит өвгөн ахынхаа алтан шарилыг өвөртөө дүүрсээр газрын уруу хандуулан бөгтөр зээрдийнхээ жолоог нь сул тавин гэлдрүүлэв. Ананд халиун морийг алдалгүй дагасаар авч морьтон нэгэн шигүү модруу ороод харагдах бараагүй болов. Түр жолоо татан зогсохтой зэрэгцээд сумчын орсон моддын баруухан талаар нэг бараан морьтой хүн гарч ирлээ. Тэрхэн зуур … яг дээр нь орчихлоо шүү ийм зүйл гэж байдаг аа хэмээн бодсон Ананд араас цувран ирэх цэргүүддээ ганц морьтоныг бүслэхийг тушаагаад дөрөө жийн урагш ухасхийв. Тэд ч хэдхэн харайлгаад ганц морьтоныг бүчин авлаа. Баатар ямарч үг хэлэлгүй цогцсыг тэвэрсэн хэвээр морьноос буугаад Ананд тийш харан зогслоо. Ананд цогцос тэвэрсэн этгээд байхыг хараад гайхасхийн – Чи юун хүн бэ хэмээв. Баатар – Та нарын хэн гэдгийг мэдэхгүй юм. Хэрвээ намайг барих гэж ирсэн бол өвгөн ахыгаа нутаглуулах боломж олгооч гэж хүсэе хэмээн эрс шийдмэг хэллээ. -Аан тийм үү. Баригдах аа мэдэж байгаа юм биздээ Дорлиг гуай хэмээн Ананд тулгав. Энэ үгэнд Баатар ихэд гайхан яахаараа намайг биш Дорлигийг барих гэдэг билээ гэж бодмогцоо – Би бол Дорлиг биш Сэцэн

хан аймгийн Сэцэн хан хошууны Наваанэрэн ноёны албат Баатар гэгч байна. Хэрэв Дорлигийг хайж яваа бол би мэднэ… гэхтэй зэрэгцэн байц хадны зүгээс буун дуу хэдэнтэй тасхийлээ. Баатарыг эчнээ мэдэх Ананд – За дүү минь чи бүү зов Навааннэрэнтэн биднийг явуулсан эндээ хүлээж бай гээд цааш явахыг завдав. Баатар ухасхийн Анандын морийг зогсоогоод – Одоо тийшээ очих нь аюултай тэнд зэвсэгтэй олон хүн бий. Бас газарын байрлал тэдэнд илүү ашигтай гэж яаран хэллээ. Ананд гар өргөн цэргүүдээ түр зогсоогоод манай нэг хүн тэнд очсон байгаа гэсээр морьноос буув. Төд удалгүй шигүү модны зүгээс морин туурай тачигнан ганц цагаан морьтой хүн шийдсэн чулуу шиг тэднийг чиглэн ирлээ. Дорлиг нойр нь хулжаад агуйн үүд тушаа хэвтэж байв. Агуй бүхий ханан хад, моддоос хамаагүй өндөрт тул орчны байдал илүү тод үзэгдэнэ. Гэнэт гол зүсэм хахир зэвүүн хоолойгоор – Дорлигоо …чи нааш ир …чамайг авахаар ирлээ хэмээн хад доргитол хашгирах чимээ түүнийг цочоожээ. Түүнийг ч гэлтгүй дээрэмчдийг тэр чигт нь цочроов. Бүгд сандралдан буу зэвсгээ авч

агуйн үүдрүү чихцэлдэв. Тэдний нүдэнд ганц цагаан морьтон ханан хадыг доторлон тойрч ухаан зүггүй давхиж буй нь харагдав. Бүгд Баатарыг гэж боджээ . Гэвч морьтон гэнэт зог тусан зогсоод … Дорлигоо хэмээн муухай орилов. Дуу хоолой нь нэг л хүмүүн бус хийгээд тэдний зүг цоо ширтэх хоёр нүд нь цог мэт улаанаар гэрэлтэнэ. Хэн нэг нь …Чөтгөр хэмээн муухай орилоод түүнрүү учир зүггүй буудлаа . Гэвч нэг ч сум түүнийг оносонгүй. Цагаан морь унасан юу нь мэдэгдэхгүй зүйл буцаад нисэх мэт гарч одов. Хэдий дээрэмчид ч гэсэн ихэнх нь мухар сүсэгтэй бөгөөд өвгөний сүнс чөтгөр болоод ирлээ хэмээлцсээр үлджээ. Харин очих газараа сум хүрсэнийг

мэдсэн ламтан сумаа эргүүлэн татсан нь тэр байлаа. Сумч эр Ананд , Баатар нарын дэргэдүүр нисэх мэт дүүлсээр буцан оджээ. Ананд -За юутай ч амьд мэнд буцлаа. Одоо бүх эрлээ нэг дор олсоноос хойш яарах юун гээд өвгөний цогцо.сыг авч явахыг дагуулууддаа даатгаад Баатарыг сугадан босгов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *