Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг “6-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг “6-р хэсэг”

3 секунд уншина
0
2
873

Шазуур зуун шанаа нь гөрвөлзөх Дорлиг эгээ л хавхтай араатан мэт харагдана. – За чамд хэлэх үг байна уу гэж Навааннэрэнг асуух мөчид гэрийн сөхөөстэй үүдээр Чүлтэм бэйс орж ирэв. Чүлтэм шуудхан

Дорлигийг заамдан тонойж – Чи яах гэж… яах гэж хэмээн орилоно. Галдан хиа түүнийг Дорлигоос салган гэрийн баруун хойдтой байх сэнтийд хүчээр шахуу суулгав. Дорлиг хүйтнээр инээсээр.

Навааннэрэн дахин асуултаа давтахад Дорлиг – Гай нь дайрч ноёнтоны хотонд ирээд гарын минь шүүс болж дуусаж дээ хөөрхий гээд жишим ч гүй инээв. Чүлтэм бэйс муухай орилон босч ирээд

муурч унав. Үйл явдал ийн хурцадсанаар бэйстэнийг оронд хэвтүүлж Дорлигийг хар гэрлүү туулгав. Бага үд болсон хэдий ч Баатар унтсаар л … Агуйн үүдэнд эр хар сураар ямар нэг зүйлийг урлах Гомбо өвгөн

түүнийг харж сууна. – Залуу нас аа гэж амандаа шивнээд Баатарыг дооглох аль эсвэл бахархахын аль нь үл мэдэгдхээр жуумалзан инээнэ. Хэнтийн уулсын ян их сарьдагууд бага үдийн нарнаа үзсэглэнтэй бас

сүр жавхлаантай үзэгдэнэ. Хөвч их ойн хаа нэгтэй гөрөөс бохирох шувууд жиргэхээс өөр дуун үгүй нам гүм. Эгээ л амар амгалангийн туйл гэлтэй. Баатар нүдээ нээж хэсэг хэвтээд аажуухан өндийж өвгөнрүү хараад – Та намайг дуудахгүй дээ ямар их унтаа вэ гээд инээв. – Зүгээр хүү минь бие чинь овоо тэнхэрч байна. Залуу хүн нойр хоолондоо сайн бол аандаа л бусад нь болчихдог юм шүү дээ гээд өвгөн хүд хүд инээв. Тэгэснээ нэгийг санав бололтой -Тэр хүмүүс ч дахиж ирэх дэг шүү. Тэр саарал морь унасан баавгай шиг бадриун эр чинь юун хүн билээ дээ гэхэд Баатар – Бух Дорлиг гэдэг хүн. Шилд тангараг өргөсөн сайн эр байсан л гэдэг юм. Би зүс танихаас хэтрэхгүй гэж хэлээд босч өмд гутлаа углаад юу ч бодсон шинжгүй гар алдлан

суниав. – Аан тийм үү. Хоосон ч эр биш ээ харин хар хороор л хөл хийсэн амаргүй дамшиг санагдсан шүү ахиж уулзалдах л байх шүү хүү минь… гээд босч чанасан мах цай тэргүүтнийг Баатарт өгөхөөр зэхэв. Хөөрхий амьдын хагацал үзсэн энэ өвгөн намайг төрсөн үр шигээ л бөөцийлөх юм даа хэмээн Баатар бодох зуур өвгөн аав нь өөрийн эрхгүй нүдэнд нь харагдлаа. Чүлтэм бэйс овоо тайвширчээ. Навааннэрэнгий залсан оточ болох өвгөжөөр ламтан түүний судасыг бариад – Одоо гэмгүй ээ. Та миний өгсөн танг өглөөдөө заавал уучихаж байгаарай хэмээгээд өргөөнөөс гарав. – Наваан минь би түүнтэй дахин нүүр тулмаар байна би одоо зүгээр хэмээн Чүлтэмийг хэлэхэд Навааннэрэн – Ээ дээ дэмий болов уу. Би таны сэтгэлийг сайн ойлгож байна. Та хүссэнээрээ л шийдэгтүн би жасаа тамга гэлгүй түүнийг таньд тушаая. Харин хамт явагсад нь ямар нэгэн ялт хэрэг өдүүлээгүй тул тамгын газар шүүж хэлэлцээд явуулах нь зөв санагдана гэлээ. Тэгсэн ч Чүлтэм бэйс зүтгэсээр Дорлигийг дахин өргөөнөө авчруулав. Энэ удаа Чүлтэм маш тайван байхыг хичээж биеэ барина. – За чамд

хэлэх үг байна уу. Нийслэл хүрээнээс чамайг гэсгээх улс ирж яваа тэр болтол хорвоогийн нарыг харах хугацаа чамд байна. Чамд өчих зүйл байвал одоо өч хэмээн Чүлтэм бэйс хэллээ. Харин Дорлиг -Надад өөр хэлэх зүйл үгүй тааллаараа бологтун гэхдээ тэгж амжих юм боловуу даа ….гээд хүйтнээр инээв. Тэгмэгц харгалзан явсан эр бос хэмээн зандчаад мөрнөөс нь татлаа. Яг тэр мөчид саяхан л гараа ардаа хүлүүлсэн байсан Дорлиг суларчихсан хөөрхий эрийн хоолой төвөнхөд ганц цохиод нөгөө ертөнцрүү явуулчихав. Хоёр ноёныг аа ч гэж амжаагүй байхад Дорлиг гэрээс гарч уяа шонгийн зүг ухасхийлээ. Гэрийн гадна суусан Галдан хиа Дорлигийг зогсоох гээд бас л хүчирсэнгүй хавиргаа цөм дэлсүүлээд газарт унав. Хот айлын хаяанаас морин туурай нүргэлж ян их уулсын зүг тэнгэр цойлсон улаан тоос болон үлдвэй. Угийн сайн мууг үзсэн Бух Дорлиг монгол

гутлынхаа улан завсар хурцалж ирэлсэн хутга гэж болохоор хавтгай төмрийг хийж оёсон байжээ. Гар нь ардаа хүлээстэй хар гэрт нэг хоносон хэдий ч өсгий хэсэгээ нөгөө хөлийн өлмийгөөр жийсээр ханзалж чадсан байв. Ингээд эвтэй цагийг тааруулж ноёны өргөөнд гарын хүлээсээ тас огтлоод ийнхүү зугтжээ. Тэрээр морины хурдаар давхих зуур – Бух Дорлигийг тийм ч амар тонилгохгүй шүү. Эргэж ирээд Навааннэрэнг голомтоор нь самрана даа хэмээн өөртөө шивнэж явна. Хүмүүн гэдэг амьтан энэ орчлонгийн буян болоод нүгэл ,зовлон хийгээд жаргалын цор ганц шалтгаан нь ажээ.Навчис нь захаасаа шарлаж буй модод ирэх цагийг аргагүй сануулан хөнгөнөөр сэржигнэж, гүн их хөвч тэр аяараа шар ногоон хивнэг нөмөрсөн мэт үзсэглэнтэй униартана. Баатар, уулын өвгөн Гомбын хамт нэг гахай төрөөрч суух бөгөөд шинэхэн ангийн махны хурц үнэр хамар сэтлэм цоргих ажээ. – Өөх суух хараахан болоогүй, гэхдээ ч баян хангайн бас л нэг тансаг хишиг шүү хэмээн Гомбо өвгөн аанай л хүд хүд инээгээд – Залуу хүн гэсэндээ чи ч аргагүй хурдан сурч байна шүү. Одоо ч давхиж яваа гурын нүд алдахааргүй болж. Энэ их хөвчид өөр юуг сурна гэх вэ хүү минь гэхэд Баатар чимээгүй л инээмсэглэнэ. Тэд ангийн мах аа таван хөл болгон ганзаглаад агуйн гэр өөдөө буцацгаав. Баатар оргож босоод хоёр сарын нүүрийг үзжээ. Уулын өвгөний ачаар буу буудах хийгээд ууланд хэрхэн амьдрах талаар чамгүй зүйлсийг сурсан билээ. Нэгэн их асга хадны ёроолд хоёр хүн хуруу гараар занган

ямар нэг зүйлийг ярилцан зогсох аж. Тэдний нэг нь Навааннэрэн ноёныхоос зугтаасан Дорлиг байлаа. Харин нөгөөх түүний нэгэн адил оргож босч яваа урианхай эр Чингис-оол гэгч билээ. Тэдний үйлдсэн нүгэлт хэрэгүүд болоод явдал мөр нь хэн хэндээ нэн тохирсон нь ийнхүү хамтрагчид болход хүргэжээ. Дорлиг зугтаж яваад нэгэн буриад айлыг түйвээн дээрэмдэж хүч сэлбээд ууланд гарсан бөгөөд мөнөөх эртэй таарч танилцжээ. Урианхай эрийн хувьд өөрийн хэдэн нөхдийн хамт халхын нутгаар дээрэм тонуул хийж явсан аж. Тийн явахдаа нэхэгчдэд гүйцэгдэн буудалцаад шархдаж азаар амь мултарчээ. Нэгэнт явдлын ая даахгүй болсон түүнийг нөхөд нь ууланд анчны отог бараадуулан хэрэгтэй бүхнээр нь ханган үлдээсэн бөгөөд намарын эхэн сарын хуучдаар эргэж ирж авна хэмээгээд нутаг буцсан билээ. Чингис-оолын хувьд бие нь түргэн эдгэрсэн төдийгүй Сэцэн

ханы бух Дорлиг гэгч балмад эртэй ингэж учирах хувьтай байв. Тэд Баатар, уулын өвгөн хоёрыг олж устгах, Навааннэрэнг мөн тийн болгож эд баялагийг нь талаад хойш хил гарч Чингис-оолын нутагт очиж амьдрана хэмээн хэлэлцжээ. Баруун гартаа бярдаан буу атгаад бөгсөөр нь газарт тулан зогссон Дорлиг – Яг энэ асганд баавгай тэврээд хэвтэж байсан юм даа. Эндээс нэг их холгүй үүр ичээ нь байдаг бий хэмээн шинэ хамтрагчдаа өгүүлнэ. Өтгөн хар хөмсөг хууз сахал бүхий урианхай эр орчин тойрныг чоных мэт хурц нүдээр гүйлгэн хараад – Нэгэнт чи тэднийг ойр буй хэмээн бат мэдэж байгаа бол газрын өндрөөс хэд хоног ажиглах нь онох боловуу хэмээлээ. Үнэхээр ч энэ удаад урианхай эрийн санаа маргашгүй зөв бөгөөд уулын өвгөн, Баатар нарын агуй тэдний байгаа асганаас хагас өртөө ч хүрэхгүй газар байх билээ. Тэд хэлэцэж тохироод нуранги их асганы баруун талаар шуудхан хойд оргил өөд нь мацлаа . Туранхай бор моринд хоёр тарвага ганзгалсан Ядам өвгөн бор гэрийнхээ гадаа ирж буув. Түүнийг ирэхтэй зэрэгцэн их өргөөний зүгээс хул шаргал дээлтэй хүн наашилж үзэгдэх нь Галдан байлаа. Тэр Дорлигт цөм цохиулсан хэдэн хавирга нь овоо илааршчээ. Галдан явсаар Ядам өвгөн дээр ирж мэнд мэдэлцээд – Өвгөн ах минь нэхүүлүүдэд хүч нэмж Чүлтэм бэйс

хүрээнээс хүмүүс нэмж ирүүлсэн байна. Дорлигийг өнөө мөдгүй бариад ирэх биз. Навааннэрэнтэн тэдгээр хүмүүст нэг бүрчлэн Баатарыг захиж байна лээ. Баатар хүү удахгүй хүрээд ирнэ дээ хэмээн хөгшний сэтгэлийг засна. Галгүй болсон нүдээр их уулсын зүг хэсэг ширтээд Ядам өвгөн алга хавсран наманчилж: – Тэр Дорлигийг дагалдаж явсан Найдан гэгч …хүүг минь уулын өвгөнтэй нэгдсэн тухай ноёнд мэдүүлсэн байна лээ. Муу хүүг минь аварч тэтгэж явдаг буянтай л хүн юм даа. Би ч яахав хадан гэр ойртсон хүн. Ганц хүү маань л хурдхан хэрэг цагаадсанаа мэдэж сэтгэлийн зовлонгоос

ангижраасай гэж л хүсч сууна даа гээд Галданд гаансныхаа соруулыг ханцуйгаараа арчин барилаа. – Өвгөн ах минь тэр бол дамжиггүй хэрэг шүү дээ та бүү зов хэмээн Галдан хамар амаараа утаа саагуулан хэллээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *