
Баатарын хувьд энэ орчлонд өөрөөс нь ч илүү зовлонг дааж яваа хүн энэ уулын өвгөнөөр тогтохгүй олон байгаа гэж санагдхад өөрийнхөө талаар бодоод ичих шиг ч болжээ . – Маргааш оройхондоо хоёул
миний ичээнд оччих вий гээд Гомбо өвгөн инээмсэглэв. – Манж чин улс мөхөж Богд хаанаа өргөмжлөөд гурван оныг үдлээ шүү дээ . Таны хэрэг хэрэгсэхгүй байхад юунд уулнаас буусангүй вэ хэмээн Баатарыг
асуухад -Хүү минь амьдарылнхаа хорин хэдэн жилийг энэ уулнаа чоно мэт өнгөрөөсөн хүн олныг бараадана гэж худал юм билээ. Харин хүү чи миний адил болох гэсний огт хэрэггүй юм шүү гэж өвгөн
хариуллаа. Тэрээр үргэлжлүүлэн: – Чи бол хилс хэрэгт гүтгэгдсэн хүн. Гэвч алагдах ялтай хэрэг учир үнэн мөнөө олтол хангайгаа бараадсан чинь зөв. Ээ дээ чи мөн ч нялхаараа байна даа. Надтай таараагүй бол
яана гэж явсан хүн бэ. Өвгөн надад ямар хөгшин хонины нас байх биш мэдэх чадах бүхнээ хүү чамд хэлж өгнөө гэлээ. Баатар дэмий л алгаараа дух магнайгаа илбээд маасайтал инээлээ. Уулсын орой ,

моддын үзүүр өглөөн тунгалаг нарнаа нэн үзсэглэнтэй . Дорлиг Найдан нар гал дээр буцлах цайнаас аягалан ууж хөөрөлдөцгөөнө. Харин нөгөөх хоёр нь морьдоо эмээллэж, буу зэвсэг өмбий цөмбий зүйлсээ эмхлэх ажээ. Найдан: – Энэ их уулсад нэг л эзэн бий гэдгийг чи ч дуулсан би ч дуулсан . Уулын өвгөний талаар домог мэт олон яриа байдгийг ортой гэдэг шүү гэхэд Бух Дорлиг их л тоомжиргүй хмм гээд – Тэр өвгөн байдаг бол насан барах өдрийг хүлээж хэвтээ биз аль эсвэл тэр мэт дууссан ч байж мэднэ. Үнэхээр амьд байлаа гэхэд тэр нохойн гөлгөөр мань уулын өвгөн яана гэх билээ гээд хөхрөв. Энэ зуур хөдлөх бэлтгэлийг хангаж дуусан хоёр нөхөр нь тэр хоёр дээр ирж хамтдаа цайлцгаав. – За тэгээд энэ их уулсын хаана нь гэж хайх вэ та минь ээ гэж Шарав хэмээх жижигхэн биетэй шар эр бусдаасаа асууна. -Хаанаас гэдгийг манай Лувсан ламтан л айлдах байхдаа гэж Дорлиг хүд хүд хөхрөн хэллээ. Лувсан бол хар багаас Заяын хүрээнээ шавилан суусан ч ном эрдэм гэхээл илүү танхай , зодооныг илүү сурсан нэгэн. Бас ч гайгүй барилддаг овооны наадмуудад бол ногт хоосон явдаггүй эр.
Харин мэргэ төлгийн хувьд бол муугүй гэж болохоор зоос гүйлгэчихдэг нэгэн билээ. – Нээрээ нөгөөхөө нэг гүйлгээдхээч хэмээн Найдан Дорлигийг дэмжив. Лувсан мах идэж байсан тостой гараа дээлийнхээ хоёр мөрөнд шураад өврөө ухаж, жижиг бор ууттай зоосоо гарган шившлээ. Гурвантай зоос татаж үзээд Лувсан – Муу босуул чинь хөл нь хөнгөрчихсөн явах юм даа гээд их л нухацтай алган дээрх зоосоо ширтэнэ. – Цагаан арслан унаатай цагаан бумбаар ундаалж буух юм хмм гайхмаар юмаа гэж шивнэлээ. Түүнд унаа сэлбэж өл залгуулах хүн энэ ууланд ганц л бий дээ гээд Найдан Дорлиг өөд харав. Тийм ч биз үгүй ч биз гэж Дорлиг хариу хэлээд – Юутай ч гуртын амаар өгсөе ямар нэг ул мөр олдох л ёстой гэв. Өдөржин өгсөж уруудаж явсан Баатар Гомбо нар битүү модоор хүрээлэгдсэн хэсэгхэн
байц хадны барааг харав. Энэ нь уулын өвгөний хорогдож ирсэн хадан оромж нь байлаа. Хаанаас нь ч харсан битүү шивэр их модод дунд байх жижиг цохио л үзэгдэнэ. Модод дундуур нууц жим байх агаад тэрүүгээр явж , байц хаднаа тулж очоод тойрч ар шилээр нь очвол торлог сүлжиж навч модоор халхалсан нууц орц байв. Ганц морьтон багтаж орох тэрхүү завсараар орвол цаанаа уужим бөгөөд арваад морь хаших хэмжээний тэгш цагаан талбайтай ажээ. Тэнд нь уулын горхины мөнхийн ундрага гэмээр тархи байх нь гайхалтай. талбайг тойрон хашсан хэрмэн хадны нэг талруу хүн гарч болохоор шат мэт жим байна. Мөн жимээр багахан өгсөж гараад хадны хонгилыг томсгон засаж хийсэн уулын өгөний гэр гэж болохоор нуувч байлаа. Энэ бүхэн Баатарт үлгэрийн юм шиг л санагдана. Хадан агуй дотороо арван ханатай гэрийн хэр зайтай элдэв ангийн арьс үс тэргүүтнийг хана болоод шалаар эгнэжээ . Мөн нэг талдаа гал түлэх тулга хийгээд элдэв хувин сав цар таваг хүртэл байв. Харин өвгөний хэвтэр болтой өргөн наар мэт зүйлийн баруун талаар хана түшүүлэн тавьсан гурван ширхэг буу харагдана. Агуйн гэрийн зүүн өмнөд хэсгээр байгалийн гэрэл чөлөөтэй нэвтэрч гийгүүлдэг байна. Гүн их ойг цууриатуулан буун дуу хэдэнтэй нүргэлэв . Гартаа бярдаан (берданка) хэмээх буу барьсан Баатар мод сүлжин гүйсээр. Тэрээр хамаг байдгаараа харайлгасаар нэг газар очиж зогсоод тонгойх аж. Харин уулын өвгөн Гомбо арай алсхан энгэрээс дуран тавьж Баатарыг харж сууна. Баатар
хэсэг тонголзоод зүүн гартаа буугаар барьсан хэвээр баруун гараараа буудсан гурынхаа хүзүүн тус газраас атган дээр өргөж, өвгөн өөд харуулж харагдана. Гомбо өвгөн инээвхийлээд – мөн ч их тэнхээ шүү. Хөөрхий дөө хүүхдээрээ юм даа хэмээн өөртэйгээ ярьж сууна. Энэ бол буудах эрдмийг уулын өвгөнөөр заалгаж буй Баатарын анхны ан байлаа. Тэр ангаа үүрч хүүхэд адил баярлан инээсээр уулын өвгөнрүү гүйх шахуу яаран алхлана. Дорлиг тэргүүтэй дөрвөн эр бүтэн долоо хоног ууланд явахдаа Баатарын сольж орхисон дээл хувцасыг олсноос хэтрээгүй л байлаа. Гэвч нэхэл хатуутай явдал даах эрчүүд учир эрлээ үргэлжлүүлсээр байв. Баатар бярдаан буугаа үүрч ганцаар ойр зуур алхаж цагийг өнгөрөөявган алхах дуртай. Бас ч гэж ойр хавийн уулс, модод, хадат цохио зэрэг нь нүднээ танил болсон байна. Тэрээр явган явахад амрыг бодож уулын өвгөний урласан илгэн өмд болон ханцуйгүй арьсан хантаазтай байх агаад дээл шиг орооцолдохгүй амар байлаа. Үе үехэн өвгөн аавдаа санаа зовохыг эс тооцвол өөр бодох ч зүйл үгүй ажээ. Тэрээр алхсаар нэгэн асга хадны захаас сонин жимс олов. Тэр нь газраас ургаагүй хэрнээ яалтчгүй нэг дор багширч шавааралдсан жимс байв. Гайхан эргүүлж тойруулж бүр барьж авч үзэв бага зэрэг нялцгай тэр бөөн жимс цувраад хоёр ч хэсэг таарлаа. Юу болох ямар учиртайг нь Баатар даанч мэдсэнгүй. Хэрвээ уулын өвгөн Гомбо хамт явсан бол баавгайн баас болохыг түүнд хэлэх байсан биз ээ. Харин Баатар ахиж тийм жимс таарахнуу гэж асга хадаао нэг алхав. Болц нь бараг гйцсэн үхрийн нүд юуг нь мэдэхгүй жижиг улаан
жимс их таарна. Гэнэт тугал мөөрөх мэт бүдэг дуун сонсогдов . Гайхсаар дуу гарсан зүгрүү дөтлөвөл нэгэн том хадны араас хоёр жижигхэн бамбарууш улаан халз гараад ирэв. Хоёр бамбарууш ч Баатараас төдийлөн их айсангүй харин ч гайхсан мэт харж , хоёр хөл дээрээ босох гэж оролдоно. Гэвч тэр нь хараахан амжилттай болохгүй байгаа нь Баатартай инээдтэй бас өхөөрдмөөр санагдана. Тийн байсаар хэдэн хором өнгөртөл Баатарын хажуухнаас аймшигтай архиран хүрхрэх чимээ хадаасаар монгол шар үхрийн дайтай эмэгчин баавгай ямарч эргэлзээгүй довтоллоо. Дэндүү ойрхоноос тулсан учир үүрч явсан буугаа дөнгөж мулталж л амжив баавгай хоёр хөл дээрээ нэг босоод Баатарг савардан дарж уналаа. Нэгэнт гар хоосон болсон залуу баавгайн дороос хүчтэй түлхэж зай гаргаад хажуу тийш шалмаг өнхрөн босч ирлээ. Баавгай хутга шиг хурц хумсаараа арьсан хантаазыг нь салам болгож цээжийг гүн самарджээ. Баатар чангаар хашгирч сүр бараа болгохыг хичээсэн ч баавгай буцсангүй. Алд дэлэм
ангайх мэт амаа түүнрүү хандуулж дахин дайрлаа . Улаан халз дайрах баавгайн самардах зүүн сарвууны араас гараараа алгадаад Баатар ард нь гарч амжлаа. Тэр чигтээ баавгайн араас ноцоод хоёр гараа хүзүүгээр нь оруулж арай ядан холбож аваад тас зуурлаа. Баавгай толгойгоо хааш яаш шидлэн эгээтэй л аваад шидчихсэнгүй. Баатар улам бүр тэврэлтээ чангалсаар. Баавгай Баатарын хамт тас гэдэргээ савж унав тэгсэн ч тавьсангүй. Араатан хүн хоёр нэгэн цул мэт өнхөрсөөр асганы хонхорт тогтлоо. Баавгайн бөөр түнхэлзэн хөдлөвч босч ирсэнгүй. Баатарч мөн адил болжээ. Нар жаргаж хадан агуйд харанхуй болмогц Гомбо өвгөн урьдаас бэлдэж хананд тогтоосон хоёр ч бамбарыг асаав. Баатар ирээгүй л байлаа. Өвгөн санаа нь зовинон гарч орж суусаар. Юутай ч өнөө шөнөдөө хараад ирэхгүй бол нар мандмагц Баатарыг хайя хэмээн шийдлээ. Нар жаргахтай зэрэгцэн хонох эвтэйхэн газар олоё хэмээж явсан Дорлиг нар нэгэн бэсрэг уулын өвөр энгэрийг нэлэнхүйд нь хучсан их асганы ёроолд том хар зүйл байхыг олж харлаа. Огт хөдлөхгүй байгаа тэр зүйл асга хаднаас аргагүй л ялгарч анхаарал татахуйц харагдана. – Энэ чинь одоо юу вэ өнөө баавгай сэг дардаг гэдэг нь биш биз хэмээн Шарав буугаа мөрнөөс мултлав. – Огт хөдлөхгүй юм ойртож харцгаая гээд дөрвүүд
болгоомжтойгоор дөхөв. Алгуурхан дөхсөөр очоод – Ээ бурхаан хэмээн бүдүүн хүзүүт Лувсан хамгийн түрүүнд уулга алдлаа. Хагас түрүүлгээ харан хэвтэх том баавгайн сэрвээн дээр нэгэн хүн хэвтэнэ. Тэд хоёул амь тавьсан мэт харагдах. Найдан морьноос буун шалгавал баавгай хэдийн хөлөө тал тал тийш жийгээд хөшчээ . Харин араас нь хүзүүдэж тас зуурсан хүний чамархайд судасны цохилт мэдрэгдэж байлаа. Тэр хүн хэн гэдгийг гацхан Дорлиг л таньж байв. – Ийм юм гэж бас байдгаа хэмээн Шарав дуу алдагцаа энэ нөгөө эрлийн маань эзэн биш биз

хэмээн Дорлигруу харав . Дорлиг хар цагаан дуугүй морьноос буув. Тэд нэг гараараа нөгөө гарынхаа бугуйг тас зуурсан Баатарын гарыг арай хийж салгав. Түүний цээжнээс урссан цус баавгайн ар шил дагзны үстэй барьцалдан хатжээ.