Нүүр Өгүүллэг “БОСУУЛ” өгүүллэг “1-р хэсэг”

“БОСУУЛ” өгүүллэг “1-р хэсэг”

2 секунд уншина
0
0
751

Хэрлэн мөрний нэгэн сэрүүн дэнжид хаяа дэрлэн айлсах олон гэрүүд ярайна. Тэдгээр гэрүүдийн баруун захад хар, бор олон өнгийн эсгийгээр цойлдсон жижиг гэр байх. Гэрийн сүүдэрт биерхүү, янхигар

өвгөн урт хар буугаа сүмбэдэн цэвэрлэж сууна. Энэ бол Сэцэн Хан аймгийн Сэцэн Ханы хошууны өндөр Ядам гэдэг хүн билээ. Хар багаасаа л өнчин өрөөсөн ядуу зүдүү амьдралыг хангалттай туулжээ.

Энэ хар буугаар л амьдралаа зогоодог байсан ч өдгөө насанд дарагдан ийн суухаас хэтрэхгүй болов. Тэрээр халуун голомтыг нь түшиж явах ганц ач хүүтэй. Ач хүү нь бие хаа тэгш, ухаан саруул сайхан эр болж

өсчээ . Хүү нь өвөө шигээ хөх төмөр хөндлөн үүрсэнгүй , нялх багаас айлын хар бор ажилд туслаж явсаар 16 наснаасаа засаг ноён Наваанэрэнгийн адууг харах болов. Энэ их хот айл бол Навааннэрэн

ноёны зуслан юм. Тойрон буусан гэрүүд нь бүгд түүний хамжлагууд билээ. Голын адгаас нэгэн морьтон довтолгон асуй нь ач хүү Баатар нь мөн ажээ. Тэр гэрийн баруун талд морио хантайрч орхиод – Аав та

нөгөө төмрөө л ухаад сууна уу гэхэд өвгөн их л дургүйцэн – Хош чи! өнчин үлдсэн чи бид хоёрыг өдий хүртэл тэжээсээр ирсэн юм шүү гэв. Баатарыг хоёр настай байх жил аав нь хугацаагүй цэргийн албанд яваад эргэж ирээгүй байна. Харин ээж нь жилийн дараа өвчинөөр өөд болж. Тиймээс Ядмыг аав хэмээн дуудан өсчээ. Баатарын эцэг Цэрэн бол Ядам өвгөний ганц хүү байв. Хот айлын хамгийн хойд захад найман ханатай улаан халз бүхий гэр байх нь Хошуу ноён Навааннэрэнгийн зуны өргөө билээ. Зүүн талд нь байх түүнээс дутахгүй том цагаан гэрийн гадна олон хүн шуугилдаж үймэлдэнэ. Нэгэн биерхүү эр агсам тавих аж. Чухам л түүнд ойртох хүн үгүй байв. Түлээ татаж ирээд хараахан буулгаагүй үхрээс нь сулласан хасаг

тэргийг нэг талаас нь өргөөд хажуулдуулж хаях нь аргагүй л тэнхээтэйг илтгэнэ. Энэ эр бол Сэцэн хан даяар бух хэмээн алдаршсан Дорлиг гэгч агаад архи дарс алиа цэнгэлд дуртай нэгэн. Монгол улс Манжын эрхэнд байх цагт хазаар сэлгэн адуу хөөж сайн эр гэгдэж байсан эр. Ойворгон саагуу зангаараа хоёр ч хүний аминд хүрсэн хэргээр мөрдөгдөж байсан ч Манж чин улсын төр мөхсөний дараа өршөөгджээ. Ноёны гүнцэгийн гэрийн гаднах их үймээнийг хараад Баатар очихоор мордлоо. Тэрээр гайхан бас яарсхийн ергүүлж очвол мань Дорлиг хоёр алд хэрийн урттай, тэрэгний арлын дайтай бүдүүн шургааг өрөөсөн гартаа чирчихсэн амдаад аахилж, уухилан айсуй. Баатар амандаа : Энэ бух чинь морь цохиод гэмтээж мэдэх нь гэж амандаа шивнээд эргэж багахан зайд бууж морио тушин орхив. Тэрээр

урд хормойгоо бүсэндээ хавчуулаад ханцуйгаа шамлан Дорлигруу дөхлөө. – Аан муу гуйлгачин гээд Дорлиг шургаагаар ширвээд орхив. Гэвч Баатар шургааны үзүүрээс барьж авмагц шувт татаж аваад тээр хол шидчихлээ. Уурссан Дорлиг шүдээ хавирч, шүлсээ үсчүүлсээр дайран ирэв. Баатар түүнийг ганцхан гуд татаж нүүрээр нь газар наагаад нуруун дээр нь суучихав. Хөөрхий бух Дорлиг яаж ч зүтгээд , хичнээн ч хүчлээд даанч босч чадсангүй ээ… Бух Дорлигоос зугтан тарж бутраад байсан хүмүүс гэрүүдийн гадаа цугларна. Тэднээс хол айлын зайтай Баатар Дорлигийн нуруун дээр дарсан хэвээр суух ажээ. – Энэ Адуучин хүү Баатар мөн үү ? Хэмээн нэгэн өвгөн гараа саравчлан асууна. –Тиймээ аргагүй л тэнхээтэй хүү шүү – Эцэг нь ийм хүн байсан

юм даа – Үгүй ээ Бухыг ингээд хэвтүүлчихдэг ээ … Гэх зэргээр ам амандаа шагшицгаана. -Хүүе та минь ээ нойтон эсгий аваад очоочээ. Эзэн ноён ирэх болж байгаа боогоод аваач гэх эхнэр гэзэгтэй ахимаг авгайн дуунаар нээрээ тийм тэгэе гэлцээд хоёр залуу бэлдэж тавьсан хуйлаатай эсгийг дамжлаад өнөөх хоёрын зүг гүйлээ. (найр наадмын цагаар агсам согтуу болсон хүмүүсийг ийн эсгийд боодог байжээ) Хэрлэн голын хөвөө дагаад нэгэн бэсрэг цуваа дөтлөх нь Хошуу ноён Навааннэрэн хийгээд хүрээнээс ирж буй хүндэт зочин болох Чүлтэм бэйс нар байлаа. Чүлтэм бэйс бол Нийслэл хүрээнээ эрх мэдэл , танил тал ихтэй нэгэн бөгөөд Шанзавын яамны сайд Бадамдоржийн ойрын хүн билээ. Тэд явсаар их өргөөний өмнөтэй ирэхэд тусгай бэлдсэн хүмүүс гэрийн үүднээ цагаан эсгий дэвсэн хүндэтгэн угтав. Их гэрт “

Зуун лангийн жороо луус”- хэмээх дуу эгшиглэж Чүлтэм бэйсд зориулсан их найр эхэллээ. ( Уг дуу Богд хаант Монгол улсын төрийн сүлд дуу билээ) Нар аль хэдийн жаргасан ч зуны урт өдөр эгээ л ноёны их найранд хоргодох мэт цагаан гэгээтэй хэвээр, шөнөөс бага ч гэсэн цагийг нь хороох мэт. Эсгийд боолттой хэвтэх Дорлиг архи нь бараг гарсан ч хор шар нь буцлаад багтарч ядан хэвтэнэ. – Миний гараас ташуур булаачихдаг эр Халхын хавтгайд таараагүй юм даа. Гуйлгачин Ядамын муу зулбсага. Чамайг нэг чадахгүй бол Бух Дорлиг хэний хүү болох вэ хэмээн шүд зуух ажээ. Навааннэрэнгийн хонийг харгалздаг Доной хэмээх унжгар эр Дорлигийн хажуугаар явж таарав. – Хөөе чи нааш ир, ойрт гээд Дорлиг их л дээрэнгүй хашгирав. Мөнөөх эр ч айсан янзтай хажууд нь ирээд – Жаа хэмээв. Дорлиг ширүүнээр -Энэ

хүлгийг тайлаад суллаад орхи би чамайг шагнамз. Элдэв юм ярилгүй хурдхан суллаатах гэхэд мөнөөх эр яаж ч чадахгүй дэмий л худал инээсэн болоод – Жаа би бол жирийн л нэг барлаг… гээд цааш үргэлжлүүлэх гэтэл Дорлиг: – Олон юм донгосолгүй намайг суллаадах, би насаараа ингэж хэвтэхгүй маргааш өглөө гэхэд чиний наад таван ясыг тараагаад тавьчхана шүү гэж заналтай шивнэв. Хоньчин эр яаж ч чадахгүй болж салгалж чичэрсээр эсгийг багласан хар дээсийг тайлж эхлэв. Дорлиг сулармагц ямар учиртай хүмүүс ирээд найр наадам болж байгааг нөгөөх эрээс мэдэж авлаа. Тэгмэгцээ нэгийг сэтгэв бололтой за чи намайг суллаагүй шүү ам бөх бол амь бөх гэдэг.

Харин хэрэг гармагц чи миний хэлснээр хийгээрэй гэхэд хоньчин эр дэмий л жаа гээд саллаа. Өглөөн нарны шаргал туяа баруун уулын оройг шүргэж ядан байхуйд Баатар хүү адуугаа хураан гүүн зэлнээ ирнэ. Түүнийг харсан хэн ч хорин тав зургаатай боловуу гэмээр. Гэвч тэр дөнгөж арван есөн настай аавын ганц амь нь болсон үр билээ. Тэрээр дан тэрлэгний өрөөсөн ханцуйг бүсэндээ хавчуулж сугалдаргалжээ. Хүдэр зузаан цээж , өргөн тэвхгэр мөр нь зорсон мэт харагдана. Эр бор харцагыг аялан исгэрхэд нь ам дүүрэн шүд нь тана мэт үзэгдэх аж. Унагаа зэллэж дуусаад гэр өөдөө шогшуулав. Өвгөн буурал аав нь чанаж хөргөсөн хулгар шарын мах цар дүүрэн тавиад угтлаа. Хүү хоёр тарвагны махыг тэр чигээр нь идээд – аав та нас өндөр болжээ. Нөгөө урт хар төмрөө яаж дуу гаргадгийг зааж өгнө үү гээд хүүхдэрхүү инээв. Ядам өвгөн их л дуртай мэт хариу инээгээд –

Тэгэлгүй яахав гэв . Гадаа шуугих авгай хүүхнүүдийн дуу тэдний яриаг таслав. Баатар, Ядам хоёр ухасхийн гарвал үхрийн зэлийг тойроод улангассан хүрэн бух хөдөлсөн бүхнийг хөөж элдэж харагдана. Тэр бух сааж байсан үнээнд хайрайлхад нь саальчид хөөгөөд дийлэхгүй байжээ. Тэгэхээр нь үхэрчин Хуяг уурлаад хар модны үндэс бүхий ёзоороор магнайд нь дэлсээд ийн улангасуулсан байна. Дээлээ тайлаад хаясан цээж нүцгэн Баатар үхрийн зэлрүү хүүхэд шиг л харайлгав. Хүүе ч гэж амжаагүй Ядам өвгөн амандаа: – Хар нялхаараа

юм шүү дээ. Өчигдөр бух Дорлиг, өнөө бас нэг бух юу л болоод байна даа гэж үгэлсээр үлдэв. Нас гүйцсэн хүрэн бух нүд нь улаанаар эргэж хавь ойрыг сэжилсээр, сэлмэн эврээ үе үе газар дэвсэн бор хөрсийг нь онги татаж, хүн байтугай хөвчийн хүрэн ч шээс алдахаар аймшигтай амьтан харагдана. Баатар бухын араас сүүлдэж аваад хальтраад уначихав. Биед нь юм хүрэхийг мэдэрсэн бух эргээд шууд дайрав. Баатар шуудхан л хоёр эврээс нь атгаж аваад хөлөө газарт шаан өөдөөс нь тулав. Бух баатарыг түрсээр үүдэн хоймрын газар яваад зогслоо. Баатарын хоёр хөлийн ормоор газрын хар хөрс эргэж,

зэрэгцээ хоёр жим гарчээ. Баатар бухыг эргүүлж хажуугаар нь унагахаар хүчлэн мушгив. Бух уналаа. Гэвч бухын ам болоод хамарнаас хүрэн улаан цус хөөсрөн урсав. Хөөрхий хүрэн бух нугас нь тасраад аль хэдийн мажийжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *