Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 13-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 13-р хэсэг

0 секунд уншина
0
0
285

Ордны дотор олон санаатан бий. Хааныг тахимдан, зэрэг тушаал горилон элдвээр арга саам хийх нэгэн байхад аль хүчтэний талд орж, төрийг ч самрахаа ядахгүй их санаатан ч явна.

Тийм нэгний золиосонд аав нь тушаалаасаа буусан гэдэг. Ерөөс Тогоон хааныг хальснаас хойш төрөлх нутгаа захиран сууж байсан ноёд язгууртнууд эрх мэдлээ хэвээр хадгалахыг эрмэлзэн, цэрэг мордуулах, татвар өргөхдөө тийм дуртай биш цаг ирчихжээ.

Ийм үед тэдний эсрэг хишигтэн, алингач \тагнах\ цэргүүд л зогсож, алив хорын үндсийг таслаж, нүд чих болж явах учиртай ажгуу.Балад хаан урд зүгт буй газар нутгаа эргүүлэн авах нүсэр дайны бэлтгэлийг гардаж буй тул өдгөө ордонг түүний дүү Төгст ван захирч буй юм.

Гэвч түүнд аян дайны арыг даах хүнд алба оногдоостой буй.Хэрэв энэ бүсгүй хятад гаралтай байгаад төрийн эсрэг зогсож зүрхлэвэл хянгардан хаях хатуу илд нь Балаа өөрөө байхыг хүсчээ.

Ерөөс монгол хүн ажигч гярхай тул тэр мах худалдаачид жирийн нэг үг хэлээгүй гэж итгэнэ. Гэвч ажиг сэжгээ батлаж байж л санаандаа хүрнэ.Аав нь түүнийг “Үүтгэсэн ажлаа үлдэгдэлгүй дуусга, битгий сэглэж сэмлэж хая” гэж загнадаг байж билээ. Ордонд ирснээс хойш аавынх нь хэлсэн үг, хийсэн үйл бүр зөвдөж, заримдаа залбирах шахам талархаж явах болжээ.

Энэ хугацаанд гэрээс нь хоёронтаа зоос мөнгө ирүүлснээс илүүг өгчилгөөгүй. Гэвч айлын эрх хөвгүүн шиг нойр хоол даахгүй, гоншигнож сураагүйдээ өөртөө баярлахаас өөр яалтай.Бүгдийг унтсан гэж үзсэн үедээ Балаа өнөөх хоргоноос сэмхэн гарч, хаалгыг мигуй шиг сэм нээн гарч одов…. Түүнийг Хишигтний өргөөнд ирэхэд Сүмбэдэй хошууч хүлээсэн янзтай сууж байсанд тэр дуугаа намсган Үйтгэлийн өргөөнд юу болж буйг цөөн үгээр мэдэгдэв. Хошуучийн хөмсөг сэрвэлзэн “Маргаашнаас сүүдэр шиг дага, алба чөлөөлнө” гээд босон гараад явчихав.

Маргааш нь Үйтгэлийн өргөөг харуулдаж зогстол мөнөөх Цэсжин нэрт бүсгүй хоёр бүсгүйн хамт ордны эд бараа агуулдаг сангийн өргөөг чиглэв. Тэднийг тэндээс гарч ирэхэд Цэсжинтэй нэгэн авгай санаандгүй маягаар таарч, ямар нэгийг нууцлан шивнэснээ хар даавуунд боолттой өчүүхэн зүйл, ордонд нэвтрэх модон пайз бололтой зүйлийг өгөх нь тэр.Үйтгэлийн өргөөний гадна сууж байтал Нимбай найз нь танимхайрах дүрээр ойртон ирэхэд “Нэг авгай уулзаж, пайз маягийн зүйл, хар даавуунд боолттой юм өглөө гэж хошуучид мэдэгд” гэсэнд тэр “Хүн нэмж өгнө, газар дээр нь гард” гэх даргачийн тушаалыг дамжуулаад зөрөн өнгөрөв.Хүн нэмж өгнө гэдэг нь түүнийг хоёр сайн харвуулч байнга дагалдана гэсэн үг.

Тэд хэрэгтэй цагт сүүдэр мэт гэнэт гарч ирээд түүнд хүчээ өгч, халдан зүрхлэгчийг хянгардан хаядаг. Тиймээс ч ордны алба бариачид хишигтнүүдээс айдаг нь зүй ёсны хэрэг байлаа. Учир нь тэдний нүднээс ширхэг зоосыг ч нуух боломжгүй, газар дээрээ гардуулан баригдаж, хол цөлөгдөх буюу нүгэлт үйлийнхээ төлөөсийг амиараа төлж шувтрах нь олон.Амь настай холбоотой хэрэг бол хэвтүүл газар дээр нь таслан зогсоож, амийг нь хөнөөх эрхтэй. Амь хөнөөхөөс бусад гэмтнийг хүлэн аваачиж Шүүх яамнаа тушаана. Шүүх яам нь харгис шүүлттэй учир гэнэдэж баригдсан этгээд хэвтүүлийн сумнаа өртөхийг илүүд үзэх тул торгон цэргийн амь нас түүний суралцаж, дадсан эрдмээс хамааралтай. Хутга шидэх эрдмийг бүтэн жил шидэн сургуулилагч ч бий. Балаа ч гэсэн бүтэн жил сэлэм эзэмших гэж хичээж буй. Одоо сэлэмний данхийх, ямар тохиолдолд “сэнхийн” хангинадагийг гадарлах болжээ.Хамгийн гол нь ажиг сэжиг мэдэгдсэн нөгөөх эмэгтэй хэзээ үйлдлээ хийх нь тодорхойгүй байх учир хичнээн ч хугацаагаар хүлээж мэднэ. Бүтэн жил хүлээж хуйвалдааныг илрүүлсэн нь ч бий.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Зохиолч: Шуурайн солонго

Үнэ:20,000 Хүргүүлэн авах хүмүүс дугаараа үлдээнэ үү?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *