Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 12-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 12-р хэсэг

0 секунд уншина
0
0
335

Хорго нь хүн суугаагаар багтах сиймгэр авдар төдий бөгөөд ордны эрх мэдэлтнүүдээс бусад нь энэ гоёхон чингэлэгүүд ямар зорилготойг эс мэднэ.

Гэвч тэр хоргоноос анхааралд орсон сэжигтнийг анасан торгон цэргүүд нүд бүлтийлгэн харж суудаг учиртай. Улсын засаг урд, Дайдуд төвлөж байхад хэвтүүлүүд бүр тусгай гудамлаг, нууц өрөөдтэй байсан гэдэг.

Бас хэрэгцээт үед дээврээс салхи мэт дүүлэн орж ирдэг байсан ч түүхтэй.

Хүүхнүүд дуусгаагүй эсгүүрээ барин орж ирээд оёх зуураа элдэв эсийг ярьж хөгжилдөж байснаа удахгүй болох сорилгод өмсөх ноёдын өмсгөлийн тухай ярицгаана.

Тэгтэл нэг бүсгүй гэрээ санаж байгаа тухай яриа гаргаж, бүгдээр үр хүүхэд, хань ижлээ үгүйлцгээв.Нэг нь нутаг усаа санасан дуу эхлүүлж, хангинуулахад Балаа хоргон дотроо Халиудай бүсгүйг санан, шимширч суув. Тэр охин энэ бүсгүйчүүлийн ижил өнгөтний дээдийг өмсөж, ордонд гунхалзан явж болох л байсан. Хишигтэн цэргийн дансанд хадагдсан түүний ирэхийг хүлээн гаран орон харуулдаж байх вий дээ.

Түүнийг аваад ирэх учир байдаг болоосой. Нэгэн насаар ордонд бүртэлзэх түүнийг харуулдсаар гандаж гундчихдаг юм болов уу?Тэгтэл гэнэт нөгөө бүсгүйчүүлийн аялгуу эгшигэн дунд нэг хоолой солгойрон сонстов. Яах аргагүй, хятад маягийн гоншигносон өнгө илэрхий. Мэргэжлийн туршуул байсан бол ийм газар дуулж сэжиглэгдэхгүй сэн. Тэгэхээр энд үнэхээр хятад гаралтай хүн бий аж. Нийслэл урд зүгт байхад ордонд эрлийз хурлийз гаралтангууд бишгүй байсан гэдэг. Гэвч ордныг шинээр засахдаа бүгдийг хөөн зайлуулсан гэдэг биш үү? Төрөлхийн тандуулч биш болохоор ажиг сэжиггүй гэнэ алдлаа.

Түр зуур хөлслөгдсөн болов уу?… Гэнэт эмэгтэй хүний дуу гарч “Та нар харанхуй шөнөөр ордонд дуу гаргаж яахин зүрхлэв ээ, үтэр унт” гэсэн ахлах үйлчин тушааснаар бүгд оёдол үйлээ хураагаад, орондоо оров.Хишигтнүүдийг бодох нь оо бүтэн нойртой хонодог хүмүүс сайхан ажээ. Бүгдийг унтаж амарч байхад хишигтэн цэрэг сар шувуу шиг сэрэмжлэн сууж, өчүүхэн төдий анир гарах, хаалга үүд сэвхийх төдийд гартаа барьсан харвуулаа чангалж суудаг учиртай.Их хаадын үе өнгөрч, ордонд цуст үйлт гарах нь багассан ч хаадын амь нас батгүй болж Юанийн … хааныг эрсдэхэд ордны торгон цэрэг хуугаар шийтгүүлж байсан гэдэг. Хүслэн нэрт хүн дөчхөн өдөр хаан суусан ч гэдэг.

Тэр болгонд хишигтнүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, хар толгойг цаазын илдээр мялаах таалалтай болсон биз. Тиймээс нүдээ анивал л үхэл гэсэн үг. Дугхийгээд сэрэхэд ч төр буснисан байж болох цаг тул хишигтэн цэргүүдийг амарч байхад халдаж зүрхлэх хүн ордонд үгүй байжээ.Төрийг урд газар, Дайду хэмээн Хаанбалгас хотноо төвлөн байхад ордон гэдэг үймээн самууны өлгий байсан гэж багш нар нь хуучлана.

Харин эдүгээ засаглан буй Балад болон түүний эцэг Тогоон хааныг харийнханд түрэгдэн, монгол нийслэлдээ эргэн буурилахад торгон цэргүүдийн яс сая нэг амарсан гэдэг.“Тогоон хаантан Хархорумд төвлөлгүй Хэрлэн голын хөвөөнд Барс хотыг засуулж байгаад нас нөгчсөн учир өдгөөгийн эзэнтэн цагийн байдлыг тооцон үзээд эргэж Орхоны хөндийд буурилсан” хэмээн аав нь ярьдаг байв. Гэвч төр гэдэг нэг халгихаараа тушаал хүлээж яваа цэргүүд байтугай дээр нь суугаа ихэс дээдсээ ч булгиж мэдэх арангатай догшин.ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Зохиолч: Шуурайн солонго

Үнэ:20,000 Хүргүүлэн авах хүмүүс дугаараа үлдээнэ үү?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *