Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 9-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 9-р хэсэг

3 секунд уншина
0
0
205

… Ордны гол цөм нь Түмэн Амгалант хэмээх ёслолын орд, 12 тохой \9-35 м орчим\ өндөр 64 ширхэг баганатай Төвлөн засах их харш ажгуу.

Тэр харшийн дээр үелүүлэн өндөрлөсөн олон давхарцаг бий. Их харшийн багана бүр баргийн хүний тэвэрт багтахгүй бүдүүн \0.5-0.6 см\, модыг зангидан углуургадаж барьсан, хятад маягийн дээвэртэй, дээвэр нь хөх, шар, зэрэг вааран хучлагатай, шал нь хөх паалангаар бүрэгдсэн, гоёмсог олон танхимтай.

Харшийн өндөр гурван зуун тохой. Хоёр талдаа үүд гонхтой агаад зүүн хаалга нь нүнжигтэй сайхан чимэглэгдсэн, өндөр гишгүүртэй. Тэр харшид олон яамд жигүүр бүрийг эзлэн оршжээ.Хааны гэр бүл, ихэс дээдэс нь түүний дэргэдэх хоёр давхарлаг бүхий Гэгээн ордод байрлаж, өвөлдөө гэр өргөөдөд таран сууна.

Зун болохоор хөдөөлөөд явчихна. Гэгээн ордын дэргэд хатдын өргөөг саяхан барьж босгосон агаад дотроо халаалгатай тул дулаан тохитой. Арван жилийн урьд өмнөөс ирсэн, урин дулаан газар өссөн хатад хүүхдүүд хахир өвлийн хүйтнийг даалгүй хиарах дөхсөн гэдэг авай. Ханзан халаалгатай учир амь гарсан аж.

Тэр үед Инчанд Тогоон хааныг халиад Балад хааныг буцан ирэхэд язгуур нутагтаа суун асан ноёд дээдэс таагүй хандаж “Биднийг адууны бэлчээр, дарханы агуулах, мянгат дайчлах газар төдийгөөр хөсөр орхиод одоо бас ирээд донгодон суух санаатай гэнэ” хэмээн шуугиж, хуралдай зарлахад ч ирэхгүй ихэрхэж байсан гэдэг.

Түүнийг хаан их арга билэг хослуулан засаж, даган тохинуулсан тул “Билэгт хаан” гэгджээ.Таван жилийн өмнөөс байнгын цэрэг сургуулилан сууна хэмээн зарлиг гаргахад “Хаан бас бидний амин хүчийг хятадтай байлдахад үрээд дахин гар мухарлах гэнэ. Эзлэн авч чадлаа ч бид дахин хөсөр хаягдах бус уу? Маньд ямар ашигтай” хэмээн хойш суух, өгүүлэл гомдол тавих, хэлцээт цэргээс цөөнийг гаргаад ган зуд руу түлхэж суугсад гарчээ. Хаан хилэгнэж, нэг дарах гэснээ баруун гартаа байсан хутгыг зүүн гартаа шилжүүлж, бас л эелдэн зөвших зам руу ухарсан гэдэг.

Эзэн хаантан ийн байнгын сургуультай арван түмттэй болох гэсний учир нь эцэг хааны үед алдагдсан, хагацсан нутгаа эргүүлэн авахын төлөө аж.Яг энээхэн цаг дор Балаа хишигтэн цэргийн албанд ирсэн агаад хас төрийн төлөө халуун амиа өргөсөн ч яахав хэмээх сэтгэлэгтэй сууж байв. Тэр шөнөдөө Гэгээн орд, өдөртөө Төвлөн засах ордыг сахиулах албанд багтаж буй.Хаанбалгасанд байхад Чжуншү-шэн хэмээн нэрлэгдэж байсан Төвлөн засах яамны хоёр жигүүр болох Шу Ми-юань \нууц бичгийн яам\, Юй Ши-Тай \дэвшүүлэн бууруулах\ яамыг буулгаж, яамдыг нэгтгэсээр өдгөө зөвхөн Цэргийн, Сангийн, Шүүх, Ёслолын, Үйлдэх явдлын яамтай үлдсэн аж.

Их Юанийн данхар олон яамд хүн ам цөөнтэй, монголд зохимжгүй байсан учир ийн цомхтгон авсан буй заа. Ордны хишигтэн цэргийн албыг Цэргийн яамтай хавсруулснаар бүгд дагалдан тэнд тушаагджээ.Хотын дотор бусад орд өргөөд олон. Олон жилийн тордлогоор ургуулсан сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй. Тэр дундаас шашин бүрийн сүм хийдүүд гялалзана. Монголын хаад алив шашныг ялгаварлалгүй адилханд үзэж, эрхэмлэн хүндэтгэх тул будда, христос, лалын шашны 12 сүм дуганд хурал хурж, мөргөл үйлддэг тул өглөө эрт буддын харанга дуугарч, лалын дуудлага хангинаж байх нь энүүхэнд.

Давхар хэрмээр хүрээлэгдсэн ордны хэсэг дөрвөн хаалгатай. Зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа арилжаалсаар буй тул ордныхон хүссэн хаалгаараа гарна. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг дэлхийн олон орны хүн суудаг тул өдөр бүр шуугин эргэж байдаг худалдааны том зах мэт Балаад эхлээд төсөөлөгддөг байв. Гэвч дотор нь ороод явахад нэг ч илүү зүйл үгүй, бүх худалдаа наймааг хянаж, хог буртаг тарьсан хүнийг газар дээр нь занчин шийтгэх тул худалдаачдын дунд “Хогоо үүрээд харихаас өөр замгүй” гэх заншил суужээ.

Хэн ч гэсэн худалдаа арилжаа хийх эрхээ алдахгүйн тулд тэмцэх тул цэвэр цэмцгэрийг сахисан хот болжээ. Балад хааныг хаан ширээнээ заларч байх үед энд бага сага худалдаа байсан авч хүн бүр гудманд гарч шээж баан, их л бохир бүдүүлэг байсан агаад тэгэхэд гарсан тушаалаар ийн цэвэр цэмцгэр, дүрэм журамтай, хашаа бүртээ муу усны нүхтэй хот болсон гэлцдэг ажээ.Өдгөө ч гэсэн их хотыг өргөтгөн тэлэх ажил үргэлжилсээр буй агаад Перс, хятадын уран инжаан болон олзны таван зуугаад хүн өдөр шөнөгүй ажиллана. Тэд шавар вааран тоосго, элдэв алт мөнгөн хэрэгслийг хотын захад байх урлалын газар шатаан бэлдээд авчрах тул хот өдрөөс өдөрт өнгө сүрээ олсоор.ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Зохиолч: Шуурайн солонго

Үнэ:20,000 Хүргүүлэн авах хүмүүс дугаараа үлдээнэ үү?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *