Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 8-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 8-р хэсэг

0 секунд уншина
0
0
233

Цаг хугацааны аргамаг хүлэг амгай юугаа хангир жингэр хийлгэсээр даруй бүтэн жил улирчээ.

Балаа нэрийг олсон Агдай хишигтэн цэргийн албанаа ороод хэдийн хууччуулын эгнээнд багтаж, үерхэн ханьсах нөхөд, нүд алдалгүй сургах багш нар, аюун дагах эзэдтэй болж, ордны дэргэдэх хоёр давхар өргөөнөө суун бүхий цаг.

Хишигтэн цэргийг анх Чингэс хааны үед нэгтгэн босгохдоо зөвхөн хаад хатад, ноёд ихэсийн амийг сахих шадар цэрэг мэтээр үзэж аснаа зуун тавиад жилийн дараа \1367 он\ үндсэн үүргээс гадна ордны дэг ёсыг сахиулах, ханхүү гүнжидийг сургах алба болгон засан сайжруулсаар иржээ.

Мянганы ноёдоос илүү эрх эдлэж байсан хишигтэн, торгууд цэргүүд хааны шууд удирдлага, хишигтэн цэргийн ахлаачаас бусдад захирагдахгүй ордны дотоод алба болон өргөжиж байлаа.

Анх хүчтэй бяртай торгууд цэрэг зонхилж байсан бол өдгөө ухаан, чадал хослосон эрчүүдийг тугандаа мөргүүлэх болсон нь аргагүй хувисан эргэж буй цагийн эрх гэлтэй.Хишигтнийг сонгон авахдаа ноёд дээдэс, улс оронд гавъяа бүтээгчдийн хөвгүүдээс сонгон авч, сурган боловсруулаад шүүлэг аван жинхэлдэг байсан бол эдүгээ цэрэг дайны онцгой гавъяа байгуулсан эрчүүдээс ч бүрдүүлэх болж. Гэвч хишигтэнүүд нь 35 хүртлээ гэр бүлтэй болохыг хориглодог, алба нь ихэс дээдсийн амьтай дүйдэг, хүнд хэцүү сургалттай тул олноор элсэхийг хүсэмжлэхээ нэгэнт больжээ.

Харин нэр хүнд өндөр, алдар гавъяаг олж зэрэг цол ахиж болох учир Балаа мэтийн нэр зүсээ хувиргасан залуус элсэх нь бий.Хишигтний алба эхний жилдээ шөрмөс сунам хүнд тул халшран гарахыг эрэлхийлэгч нь олон. Тэднийг санаан зоргоор эс явуулан, хатуу чанга гараар атгадаг Сүмбэдэй хошууч байгаагүй бол хишигтний алба нуран унах байсан буй заа.Эрт цагт хишигтэн цэргүүд бүхэл мянгат болж, аян дайны цөмд хошуучлан оролцож, аянга мэт сүртэй явсан цаг бий гэнэ. Харин өдгөө ихэнх нь ордноос гарахаа больж, зөвхөн аян дайнд явах дээдсүүдийн амийг сахих тавтуудыг тэднээс томилох болжээ.Эдүгээ хаанчлан буй Балад хаан өөрийн хүү болон бусад үрсээ олзлуулж, улс залгамжлагчгүй болсон үе.

Харин түүний дүү Төгст вантаны агь, ирээдүйн хааны тамгыг залах нялх багахан Энх ханхүү дэргэдийн амь сахигчаа сонгоогүй буй цаг тул хишигтэн бүр түүний сонголтонд тэнцэхийг хичээж байв. Ханхүүгийн амь сахигч болваас идээний дээдийг идэж, өнгөтний дээдийг өмсөж, аян дайны олзноос ихийг хүртэж ар гэрээ өлхөн тэжээнэ гэсэн үг билээ.Балаа илд жадаар тулах, морь мал эдлэхдээ хэнээс ч дутсангүй. Харин тагнан турших, ордонд шургалсан мэх гохтоныг олж илрүүлэх үйлд хойрго байсан ч өргөсөн эцгийн захиж сургаснаар хичээн оролдсоор өөртэйгөө хамт элссэн долоон цэргийн эхэнд баттай бичигдэх болж, шөнийн хэвтүүлд явуулахад хэн ч түүнийг “Шинэ тутам, алдаж эндэх вий” гэж айлтгүй болжээ. Тэгэвч жинхэнэ ёсоор Төрийн сүлднээ тангараг бариагүй тул хэвтүүлийг ахлуулсан удаа ганц ч үгүй байсаар…

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. Зохиолч: Шуурайн солонго

Үнэ:20,000 Хүргүүлэн авах хүмүүс дугаараа үлдээнэ үү?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *