
Шөнө болмогц Агдай талийгаач эцгийнх нь нохой дахыг аваад модонд хоног төөрүүлэхээр гарав. Тэгэхдээ Хөөнөө гуайн ирэх замыг тосон, баруун уулын өвөрт очиж хоноглохоор шийджээ. Дээлээ дэвсээд дахаар хучин хэвтэв. Ирж яваа цаг тул тэгтэл даарч бээрсэнгүй…. Өглөө эрт босож түлш түүх зуураа Хөөнөө гуайн ирэх зүг, хот айлыг нүд салгалгүй ажиж суув.
Бага үдийн алдад хоёр морь холбон хөтлөсөн Хөөнөө гуай айсуй харагдлаа. Нэг мориндоо тохош тохож, ууттай зүйл тэгнэснийг бодоход зорьсон хэргээ бүтээсэн янзтай.Гэвч түүний бараанаар гүйгээд очиж болохгүй. Хүн алахаас буцахгүй улайрсан тэр цэргүүд хоол гуйж очсон эмэгтэйг сэжиглэн, нэхүүл дагуул хийхгүй гэх газаргүй.Хөөнөө гуайг харьсан хойно хойдох замыг ажвал дагасан хүн үгүй шиг.
Халиудай ээжийгээ ирмэгц хойд, урд мод руу орох нь түүнийг хайгаад байгаа янзтай.Орой болоход тэр модоо үүрсээр харив. Хөөнөө гуай ямар мэдээтэй ирсэн бол гэхээс түүнээс илүү тэвчих аргагүй. Гадна уясан хоёр морийг үзвэл өргөсөн аав нь өөрийн алдартай хурдан ажнайдыг ногтлон илгээжээ. Зүгээр алаад ид гэсэн бол ийм морио илгээхгүй сэн.
Агдайг гэрт ороход гэрийн эзэгтэй ам дүүрэн баяртай угтаж-Хүү минь, чи хааччихав аа? Би танайд очоод бөөн баяр ирлээ гэв.-Араас чинь хүн дагасан байж магад гээд жаал азначихлаа. За манайд гадны хүн байна уу? гэвэл түнтийсэн хоёр богц авч түүнд өгөөд-Хоёр хөрзгөр царайтай хүн байж байна. Би аавын чинь байгааг хараад л чиний хэлснээр сүй бэлгээ яриад, хань ижлээ алдсан гээд уйлаад буучихлаа. Тэгтэл аав чинь мэдсэн үү, аан за, уухайс гээд л сууна.

Би ч нэлээн сайн гуйгаад орхитол “За ийм орой болсон хойно юм хум гаргахгүй, хоноод яв, маргааш өглөө шөлний юм, хөл дүүжлэх унаа барьж өгье, Агдай минь хэдэн морь хэлхэж унаад л гарсан, сураггүй байна. Залуу хүн яаж энэ бөглүү модонд тогтохов дээ” гэж байна. Тэгээд сайхан хоол унд идээд, талийгаачаа баахан ярьж, танайд хонолоо. Өнөө хүмүүс хоёул танайд хонож байх юм. Чамайг л отоод суугаа бололтой, их дээрэлхүү баралхуу улс харагдсан.Бичгийг чинь өгөх гээд ер завдсангүй, гадна шээх зуур ээжид чинь өгсөнд өглөө миний гутлан дотор нэг бичиг хийчихсэн байсан.
Би мэдээгүй дүр эсгэн гутлаа өмсөөд, өгсөн хишгийг нь авч мордоод гэрээс холдох зуураа үсэндээ нуучихсан нь энэ гээд гудсан доогуур хийсэн бичгийг авч өглөө.Хүн орж ирэхээс өмнө бушуухан задлаж үзвэл “Торгон цэргийн захирагч Сүмбэдэйд…Миний ач хүүг хишигтэн цэргийн албанд суулгаж, өвгөн хишигтэн миний үе залгамжийг тэтгэнэ үү? Нэр овгийг нууцлан, Барчийн Бал гэж албанд автугай. Нууцыг сахихыг өгүүлэх хэрэг юун.
Хөх төрд үнэнч явсан миний гавъяаг тэнгэр газар мартаагүй гэдэгт итгэнэм. Балаагийн толгойг Шимэгтэй жанжинаас өөр хүн мэдэх ёсгүй тул энэ бичгийг шатааж туслана уу? Өвгөн цэрэг Тайчир ёслон илгээв” хэмээн бичжээ.Агдайг нэр зүсээ солин яаралтай мордож, хишигтэн цэргийн албанд зүтгэ гэсэн тушаал ажээ. Илгээсэн хоёр морь нь ч түүний цаг алдалгүй мордохыг сануулж буй хэрэг. туужийн эхний 30% нь бүлэгт орно. Үргэлжлэл нь орохгүй. Номоо хүргүүлэн авч унших боломжтой. Үнэ:20,000Хүргүүлэн авах хүмүүс л дугаараа үлдээнэ үү?
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. Зохиолч: Шуурайн солонго
