Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 5-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 5-р хэсэг

22 секунд уншина
0
0
231

Хоолоо хийж байсан Хөөнөө охиндоо “Ээж нь өглөө хол айл руу явна, жаахан гурил хуураад орхи” гэхийг дуулаад Сандуу гуайнхаас морийг нь гуйхаар гарав. Тэднийд орж “Хөөнөө гуай ойрхон айл руу явна гэнэ, та хүрэн морио өгөөч, ирээд шан өгнө биз” гэж наргиж наадуулж байгаад морийг нь гаднаа авчирч уяв.

Гэрт орвол гэрийн эзэгтэйг эзгүй байх зуур Халиудайг Саадуу гуайнд байлгахаар тохирчээ. Охин ганц үртэй хүн цус нь буцлаж яваа залуу эрээс болгомжлолгүй яахав. Халиудай ч Агдайг хармагцаа нүд нь гэрэлтэж, үс гэзгээ хүртэл гоёж явдагийг эх хүний совингоор мэдэлгүй яав гэж.Тэр оройг гурвуул барж ядан, бие биеэ отон сууж өнгөрүүлэв. Нэгэнт нууцаа алдсан тул одоо буцъя гэх аргагүй.

Тэр өөрөө яваад алсаас гэр хотоо харуулдаж болох байсан юм. Гэвч аав нь нэгэнтээ түүнийг зугт гэсэн бол эргэж ирэхийг зөвшөөрөхгүй гэсэн үг.Маргааш нь гэрээ яаж олохыг Хөөнөө гуайд зааж өгч явуулаад хавийн уулаар түлш түүж, гурван гэрийнхэнд овоолж өгч өнжив. Энэ нь нэгт цаг хожих, хол ойрын барааг тандах, модонд хоносон ч сэжиглэгдэхгүй байхаар бодож олсон түүний арга байв.

Орой модоо үүрсээр буулаа. Халиудай агнасан гөрөөсний махнаас чанаж, Агдайн өмнө модон царнаа талбив. Ээжийнх нь буйд өнөөх нүд хариулж ширтдэг нь ч яалаа, жаал охиныг улаа бутартал ширтэж суув.-Халиудай чамд сүйлсэн хүн бий юү?- Ядуу явир манайд хэн тоож сүй тавих билээ.- Галчиг чамд сайн юмаа даа.- Их сагсуу гээд ээж минь дургүй байдаг юмаа.- Чи ч мөн адил уу?- Хар багаасаа хамт тоглож өссөн найз.- Би ээжийг чинь ирэхээр… чамайг аваад гэр лүүгээ явъя гэвэл чи дуртай байх уу?- Аав ээж чинь… зөвшөөрөхгүй байлгүй дээ.-

Манайд хамаг юм миний дураар л болж байдаг юм. Идье гэснээ иднэ, унана гэсэн морио унана. Үгүй гэж хэлэх хүн үгүй, бүгд миний дураар…- Та тийм, эрх танхи юмуу?- Үгүй. Би зүгээр л өргөмөл юм Халиудай.- Өргөмөл өө?- Тиймээ. Би нэг ноёны л үр сад болов уу? Урд Дайду хотоос эргэж ирэхэд бөөн үймээн болж, наймхан настай байсан намайг эхлээд хятадууд олзлосон юм. Тэгээд буцаан авч явтал манайхан мөшгөн ирж, биднийг булаасан. Харин ээж дүү нарынхаа алагдсаныг би сайн санадаг.

Тэгээд намайг аавынд авчирч өсгөсөн. Их бага байсан даа. Санах юм иймхэн.- Ээ харуусалтай.- Тэр үед миний гарт нэг оюу бугуйвч зүүлттэй ирсэн гэдэг. Өдгөө тэр бугуйвчийг аав ээж хоёр минь нандигнан хадгалдаг учиртай.- Оюу бугуйвч гэдэг хэр баргийн хүнд зүүлгэдэг эд биш биз?- Миний нууцыг хүнд бүү задлаарай. Ганцхан чамд л өгүүлж буй хэрэг.- Жаа. Би ээждээ ч хэлэхгүй ээ.- Тийм л учир аав ээж хоёр миний үгнээс гарахгүй. Намайг чамайг авъя гэвэл нэг ч их зэмлэхгүй вий.- Харин удам угсаатан бол хорих биш үү?- Миний аав амьд байсан бол өдийд намайг авчихалгүй яахав дээ.

Бүгд амь үрэгдсэн учраас л би өргөсөн аав ээжийнхээ гэрт залагдаж ирсэн дээдэс шиг суудаг биз.- Тэгэхээр таны нэр хүртэл өөрчлөгдсөн байх даа. Таныг багад чинь хэн гэж дууддаг байсан юм бэ?-Бал, Балаа л гэдэг байсныг мэддэг. Нэг их торго дурдам болсон хувцас өмсдөг байсан. Бас хатмал жимс, усан үзмэнд дуртай байлаа.- Аав чинь таны хэний үр гэдгийг мэдэж бий байх?-Ааваас хэдэнтээ үг алдуулах гэж үзсэн. Тэгтэл нарийн учрыг мэдэхгүй хоцорсон юм гэлээ. Ганцхан хүн л миний үнэн үүх түүхийг мэддэг болж таарсан. Сүбээдэйн удмын нэг ноён Цагаадайн улсаас эргэн ирвэл би өөрийн зэрэг угсааг залгамжлан авах буй заа.

Ер тэр буцан ирэх үеэр маш олон ноёд дээдэс алагдаж, уг удмаа самруулсан. Их Юаньд үлдсэн сан хөмрөг ч маш их. Цэргүүд гэхэд асар олон, үнэт өвийг үнэлж болшгүй их. Өөрийн мэдэлд үлдсэн газар нутаг ч багагүй. Тиймээс нэг сайхан өдөр буцан заларч, бүгдийг хураан авах биз ээ.-Та өөрийн үнэн мөнөө мэдвэл яах вэ?- Хэргэм зэрэг байвал залгамжлана. Тэгээд өөрийн дураар амьдарна даа. Тэр дотроос хамгийн эхэлж хийх зүйл бол Тамирын хөндийд суугч чамайг авах.- Ноёнтон минь, та язгууртан бол аав чинь гарал угсаа сайтай хүнийг сонгож өгөх байлгүй дээ.- Би ураг элгэнээс хагацсан байж болно. Гэвч яахин өөрийн дураар амьдрах эрхгүй болох билээ. Би заавал өөрийн зоргоор явна.

Харин чи сайн дээл хувцас зэхэж намайг ирж авахыг хүлээн суутугай.-Заа.- За гэдэг жирийн үг бус, андагаар тангараг гэдгийг мэднэ биз гэтэл гадна хөлийн чимээ сонстон Галчиг хэмээх өнөөх шөрмөслөг, бор залуу орж ирэв. Тэр тэдний хоол идэн суугааг хараад санаа амрах мэт шүүрс алдсанаа- Аав чамайг орж ирж унт гэж байна хэмээн охинд хэлэв. Халиудай толгой дохин, тогоо шанагаа цэвэрлээд бүсээ авч бүслэнгээ Агдайд-Та гэрт хоноорой, би айлд үйл хийлцэн хононо гээд гарсан нь ээж нь Агдайн явдал учрыг гаргаж хэлээгүй шинжтэй.ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Зохиолч: Шуурайн солонго

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *