Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 4-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 4-р хэсэг

10 секунд уншина
0
0
304

… Отогийнхны итгэл найдвар болсон анчид ирсэн ч хуваагаад байх олз омог багатай иржээ. Гэрт нь хоргодон суугаа Хөөнөө авгайн ганц хөл дүүжлэх унаа нь холын аянд ягтаж, сүвээ нь бараг цоороод ирсэн байв.

Ангийн олбороос тэднийд туранхай гөрөөсний цээж оногдсон учир өлмөн цөлмүүн байсан дээрээ улам л нарийлах болов. Агдай гэдэг араа шүд нь арзганасан хоолны сав нэмэгдсэн учир арга ч үгүй биз?Арьсан дээлтэй тэр эрчүүд артай торгон дээлтэй, агсарга бүсэндээ зүүсэн хутга нь хүртэл бэлтэй зузаан Агдайг хараад, анчлаж явсанд нь тэгтлээ итгэсэнгүй.

Ямар нэг учиртай хүн хэмээн битүүхэн тандаж буйг ойлгож ядалтгүй.Маргааш нь тэднээс нэг муу нум гуйн авч, засаж сэлбээд зүүн ууланд бурхираад байсан гөрөөсийг намнаж ирсэнд зэр зэвсэг чадмаг хэрэглэдэгийг нь хараад “хүч нэмэв” гэж баяссан биз. Бургас тэгшлэж хэдэн сум зэхэж авав.

Тэгтэл отгийн ахлаачийн туранхай хүү Халиудайд талтай бололтой, байнга түүнээс өө сэв эрэн цанхаалах болсонд Агдай нэг өдөр охиныг цайны ургамал түүхээр явсан хойгуур ажигч гярхай ээжтэй нь яриа үүсгэв.-Хөөнөө гуай надад туслаач. Би бол Ташлангийн урд аманд хаваржиж буй Тайчир гуайн хүү. Тэгтэл зэвсэгтэй хүмүүс намайг нэхэж ирээд бөөн тулаан болсон.

Гэрийнхэн маань амьд мэнд суугаа эсэхийг ч үл мэднэм. Та яваад манай гэрийнхэн ямар байна, амьд мэнд бол хэл мэдээ өгөөд, идэш олоод ирээч. Манайх мал хуй их. Ийм туранхай гөрөөсний ясыг олонтаа чанаж өллөж суумааргүй байна гэхүйд тэр авгай-Би чамайг хэр барагтай айлын хүү биш гэж мэдсээн. Тайчир гуайнхан их тусархуу хүмүүс гэж талийгаач минь ярьдаг сан.

Ганц хүүг нь өлсгөж суугаа золиг юм байна даа би гэлээ.-Арай ч өлсөөгүй ээ. Гэхдээ дахин махтай залгатал юм юм дутна вий. Манайд очвол ядаж гурил, ганц үрээ даага ч гэсэн өгөх вий. Та их хурц сэргэлэн хүн. Арга учрыг олвол зун болтол гэдэс цатгалан суух ийм арга байна гэсэнд-Танайд цэргүүд ирээд чамайг нэхэж тулалдсан бол бэлэнгүй юм болоо вий. Би ямар арга учир гаргаж очдог билээ? гэж гайхалзав.-Та манайд очоод эхлээд гадны хүн байгаа эсэхийг танд. Аав ээж, дүү нар маань байвал миний өгөх бичгийг сэм өг.

Хэрвээ гадны хүн байвал намайг охинтой чинь багадаа сүйлсэн мэт мэх зохиож ярь. “Хань минь уначихаад амьдрах аргагүй боллоо, тураг ядрахаараа уулаа, хүн ядрахаараа урагаа гэдэг юм, бидэнд туслаж хайрла” гээ. Энэ бүхнийг зөвхөн аавд хэлэх юм шүү. Ааваас өөр хүн бол сүйн тухай яриаг сонсвол тийм юм болоогүй гэж маргаад сэжиглэгдэнэ. Хүлээж байгаад уулзаарай.-Бичгийг зөвхөн аавд чинь өгөх үү?-Тиймээ. Манай аав төрийн үйл он удаан хашсан соргог хүн. Даруй таньд мал барьж өгөөд, намайг яах ийхийг аргалж хэлэх байх.

Захиа зурвас өгч магадгүй, та сайн ажаарай. Үг хэлвэл сайн тогтоогоод ирнэ буй заа.-Ямар нэг, таних тэмдэг өгөх үү?-Миний хавтаганы энэ цагирагийг бүсэндээ зүүгээд яв. Аав хараад л намайг явуулж гэж танина.-Мал хуй өгөхгүй шиг болвол яах билээ?-Хэрэг зорилгоо сэм мэдэгдэж чадвал яавч хоосон буцаахгүй. Хань ижил минь өнгөрсөн, охинтойгоо өлбөрч үхэж мэдэх нь гээд сайн уйлаарай даа.-За.-Би Саадуу гуайгаас хүрэн морийг нь гуйна. Та өглөө яваад ир. Би арын хавцгайд юмыг яаж мэдэхэв хэмээн биеэ нуугаад сууж байя. Хоолойд чинь хутга тулгавч намайг энд буйг бүү мэдэгд гэсэнд-За би маргааш эрт явнаа гэлээ. Агдай-Таньд би манайхыг яаж олохыг заамц гээд босож гэрээс гарав.Гэрийн ойр байж, Хөөнөө гуайг бусад айлдаа хэл мэдээ өгөв зай гэж сэргийлээд охиныг нь ирмэгц, хамтдаа дотогш орлоо.ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. ГЭРТЭЭ ХҮРГҮҮЛЭН АВАХ БОЛ УТАСНЫ ДУГААРАА ҮЛДЭЭНЭ ҮҮ?

Зохиолч: Шуурайн солонго

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *