Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 3-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 3-р хэсэг

1 секунд уншина
0
0
229

Нэг үдэд Халиудай “Ээжээ би Агдай ноёнд шир туламлаж малгай хийж өгье” гэсэнд эх нь үнэхээр ч толгой нүцгэн ирсэн залуу эрийг харснаа “Ноёнтон тоож өмсөх юмуу даа” гэв.

Сэтгэлийн эрхээ нялх багахан охинд мэдүүлсэн Агдай инээж “Ямар ч малгай хийж өгсөн баярлана” хэмээн зөөлөн өгүүлэв.Тэр өдрөөс хойш залуу хоёр модон ганганд өмнө хэрэглэсэн үхрийн ширний хүзүүний арьсыг хийж идээлэв.

Идээлэхдээ гашласан сүүг буцалган, шар сүүгээр идээлдэг аж. Бас хэдэн атга хар хөх юм хийв. Юу болохыг асуувал өнгө оруулагч зомгол гэнэ.

Хэд хоногийн дараа үс нь зумарсан хөх өнгөт ширийг гаргаж ирж хурц хутгаар хусаад, Агдайгаар өөлүүлсэн түнтгэр хусан толгойд хийж хэвлэн, үлдсэнийг янз бүрийн үүлэн дүрст хээ болгож хайчлав.Өнөөх түнтгэр толгойны ирмэг хөвөөг Халиудай модон алхаар нүдэж зөөллөөд арын хэсгийг бугын шөрмөсөөр үдэж оёно. Хэлбэр галбирыг нь бариулах арга нь модоор хэлбэж цохилох бололтой. Үнэхээр малгай хэвтэй болохыг хараад Агдай тачганатал инээхүй жаал охин ч даган цангинатал хөхөрчээ.-Би жаахан зодоод өгөх үү? гэхэд Халиудай инээмсэглэн нүдүүрээ түүнд өгч-Ирмэг хөвөөг нь зодоорой.

Хэрэв бүнхэр оройг нь цохивол зөөлрөөд бороо ус даахгүй, шамбигар малгай болно шүү хэмээв.Тэр ширэн хөхүүр шиг малгайны ирмэг хөвөөг зөөллөсний эцэст хэвнээс нь гарган өмсвөл Агдайгийн толгойд багтахааргүй хумбиу малгай болжээ. Бас толгойноос нь гарахгүй хөхөгдөх янзтай. Толгойных нь хэмжээг авч, хус зоруулсан Халиудайн хацар улсхийгээд л явчихав.

Ээж нь тэр хоёрын урлалыг авч үзсэнээ “Хмм” хэмээн хамар дороо нэг гүвтнэснээ, уг ёсоор хэвэнд углахдаа бөөрөнхий мөлүү чулуунууд авч дотор нь хийгээд хэдэн талд нь соновтор маягийн сэртэн гаргаж цохив. Бас шөрмөсөөр үдсэнийг задлаж, тэнд нь хонины илгээр гурвалжин заадал оруулж оёулав. Өмсгөж үзсэнээ оройжин хэлбэр галбирыг нь засав.

Маргааш өглөө нь өнөөх ширэн хөхүүрээ эсгэж, дуулга хэлбэртэй болгоод эсгэсэн үүлэн хээг дарж ширсэнд төмөр дуулганаас дутахгүй хөх өнгийн арьсан дуулга болжээ. Хөмсгөн дээгүүр татах ирмэгийг цэнхэр сарьсаар хажин, голд нь Агдайн агсарга бүснээсээ авч өгсөн мөнгөн товрууг хадсанаар орчлонд ижилгүй, цор ганц ширэн дуулга болох нь тэр.Халиудайн “Сайхан зохижээ” гэж хэлэхийг сонсохын тулд Агдай байсхийгээд л дуулгаа шүүрэн авч өмсөн, инээд алдан баясаж суув.ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. ХҮРГҮҮЛЭН АВАХ БОЛ УТАСНЫ ДУГААРАА ҮЛДЭЭНЭ ҮҮ?

Зохиолч: Шуурайн солонго

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *