Home Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 2-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 2-р хэсэг

0 second read
0
0
397

… Ирсэн газраа үзвэл зулзаган шинэсэн ойг хөвөөлсөн модны захад хоёр гурван гэртэй айл байна.

Мал багатай, төсөрхөн гэр бараатайг үзэхэд уул усны хишигт залбирч явдаг анчин гөрөөчний хаваржаа болов уу.Баруун талын жижиг гэрээс настай эмэгтэй гарч, юм бүслэн Агдайн суугаа уулын энгэрээд өгсөхийг үзвэл түлээнд явж буй шинжтэй.

Түүний гэрээс бас нэг багавтар охин гарч араас нь харж зогсохыг үзээд тэр эмэгтэйг амдаж уулзья хэмээн шийдэв.

Эмэгтэйг мод руу орж унасан, ойчсон мод түүж байхад Агдай хүрч очив. Мэндлээд ойр зуурын үгээр тандвал тэднийхэн анчны отог байж таарчээ. Эрчүүд нь анд яваад ирээгүй тул эмс хүүхэн голдуу хэдэн хүн бий гэнэ.

“Би ч гэсэн ан хийж яваад унаа морио, нум сумаа ч алдав” гэсээр түүнтэй хамт мод түүн, өнөөх авгайн уяагаар оосорлон сэгнийсэн баглаа болгож үүрээд түүнтэй хамт гэр лүү нь очив.Модоо буулган дээлнийхээ мөрийг гөвж атал гэрээс нэг охин гарч ирэв.

Турьхан жаахан ч ээжийгээ дуурайсан нүд хөмсөг болсон тэр гоо охиныг үзээд Агдайн сэтгэл нэг л чимхийгээд явчих нь тэр.Хуурсан самар идэж тамир орсон Агдай тэдний хотонд тав хонов. Шөнө унтахад идээлсэн арьс шир үнэртэх нь л хэцүү болохоос амь дүйж яваа хүнд жаргалын орон шиг.

Хөөнөө авгай хар моддын дунд сондгойрч ургасан хус шиг ганц сайхан охинтой аж. Халиудай охин үзэмж гиймэл цагаан царайтай, торго дурдан өмсгөвөл хааны гүнж л ийм сайхан жавхаатай төрдөг байх гэмээр охин. Дөнгөж арван таван хаврыг үзсэн гэнэ.Агдайн зүрхэнд чухам хаа байсан нь үл мэдэх хоосон зай дүүрэн, дулаахан урсгал биеэр нь хучих мэт ер бусын гэгээн жаргалд умбан жаалхан бүсгүйгээс нүд үл салган суух болов.

Халиудай охин ч гэрт нь санаандгүй ирсэн торгон тэрлэгтэй, зөөлөн нүдтэй ахыг шохоорхон эргэлдэнэ.Эх нь газар дээрх ганц үрээ чухам салхинаас нууж, нарнаас халхлахаар их харамнана. Гэрт нь ороод суусан Агдайг байтугай охиныхоо хөрсийг нь хуулж буй арьснаас татаад өгсөн хөршийнхөө хазгар эрийг ч хялам цэхэм хийнэ.Эх охин хоёр тэжээгчээ алдснаас хойш цагийн сайханд хатааж хураасан арьс хөдсөө идээлж элдэн, торго шиг намирсан илгэн дээл, гутал хийх болсон нь багагүй самбаатайг илтгэх мэт.

Ээжийнх нь талд ширэн авдар хийдэг хүн ч бий гэнэ. Нэг ширэн авдар таван хонины үнэтэй байдаг бол модон авдар нь арван хонины үнэтэй байдаг дуулдана. “Бүлтэй байсан бол хүрээ хот руу ойртож буугаад сурсанаа хийх сэн” гээд Хөөнөө түүн рүү харсан нь “Энэ хархүү манай хүн болчихдоггүй байгаа даа” гэсэн нууцхан горь агуулах мэт.ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. ХҮРГҮҮЛЭН АВАХ БОЛ УТАСНЫ ДУГААРАА ҮЛДЭЭНЭ ҮҮ?

Зохиолч: Шуурайн солонго

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…