Нүүр Өгүүллэг “ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

“ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

38 секунд уншина
0
0
427

Мөнх-Учрал… Биед нь хүрч мэдрэх нь байтугай үг ч сольж үзээгүй, танин мэдэхийг хэчнээн хүсэвч ойртон дотносож чадахгүй нууцлаг нэгэн оршихуй. Давхраагүй дугариг нүд, өтгөн хөмсөг, сартан хамар,

өргөн шанаатай божин бор хүүгийн зургийг би үдэш бүр ширтдэг. Тэр ч бас өөдөөс минь бүлтийтэл ширтээд л байдаг. Өмнө нь би Минжинг харахсан гэсэн догдлолоо барьж ядан тэднийхийг зорьдог байлаа. Тэр

өдрөөс хойш харин танилаас танил хэрнээ огт танихгүй тэр нэгэн хөвгүүнийг харахсан гэсэн тэмүүлэлдээ хөтлөгдөн тэднийхийг зорьдог болсон. Хоолны ширээний ард түүнтэй зэрэгцэн суугаад ээжийнхээ

таваглаж өгсөн хоолыг хэрхэн бувар бувар зажилахыг нь, аяга, халбагаа харшуулж тоглохыг нь, юунд ч юм бэ сүрхий хөгжиж, ход ход инээхийг нь, хооллож дуусмагцаа өөрт нь хэт өндөрдсөн сандал

дээрээс хэрхэн эвтэйхэн бууж буйг нь, тонтогнотол алхсаар булан тойрохыг нь өдөр бүр сонжин ширтэвч ер уйддаггүй. Би түүний тухай бүгдийг судалж, бүгдийг мэдэхийг хичээдэг. Хяслантай нь, би түүний

хамгийн том ганцхан нууцаас өөр юу ч мэдэхгүй. Бүх нууцыг мэдчихсэн хэрнээ мэдээгүй мэт дүр эсгэнэ гэдэг яасан хүнд даалгавар вэ. Гэвч би дүр эсгэсээр багагүй хугацааг ардаа үджээ. Бид өдөр бүр уулзалддаг. Өглөө бүр хамт хооллодог. Заримдаа бүтэн өдрийг хамтдаа өнгөрөөдөг. Энэ өрхийн бүх гишүүн намайг эрхэм дотно нэгэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Гэвч санасандаа хүртэл ойртон дотносож чаддаггүй хоёр хүн надад бий. Тэр нь Минжин, Мөнх-Учрал хоёр. Минжин жилийн өмнөх аяллаас хойш ганц ч удаа над руу хайр дүүрэн нүдээр ширтэж, энхрий дотноор биед минь хүрээгүй. Идэх хоол, өмсөх хувцас, эрүүл мэнд, хувийн амьдралд минь байнга санаа тавьдаг ч тэр нь үргэлж найзын сэтгэл, захирлын халамжаар л хязгаарлагддаг. Мөнх-Учрал. Энэ бол миний хэзээ ч халдаж зүрхлэхгүй тийм нэгэн нандин ертөнц. Ононбат намайг гэр бүлийн найз хэмээн

хүлээн зөвшөөрч, дотночлон яриа дэлгэж, хааяахан биллъяард, гольф тоглохоор хань татна. Наргил надтай уулзах бүртээ дотночлон тэвэрнэ. Мөнх-Учрал харин ээж, эгч хоёроосоо өөр хүнд төдийлөн хүрдэггүй, аминчилж ярилцдаггүй, хөгжилдөн тоглосон ч ойртож дотносдоггүй бүрэг ичимхий гэмээр нэгэн. Тэгээд ч тэр үү, түүний биед хүрэх, юм асуух, дотночлон ярилцахаар зориглоно гэдэг түүний ертөнцөд, эрх чөлөөнд, бие даасан байдалд нь халдаж буй ёс бус үйлдэл мэт санагддаг юм. Өнөөдөр ч мөн би түүнд халдахгүйг хичээн биеэ барьж сууна. Тэр дөнгөж сая сандал дээрээсээ буух гэж байгаад уначихлаа. Минжин гадагш гарахаар бэлтгэж байгаа учир түүнийг анзаарсангүй. Наргил аяга таваг угаагаад буруу хараад зогсож байв. Ононбат гар утсаараа өглөөний мэдээ үзээд завгүй байна. Мөнх-Учралыг сандал дээрээс ойчсоныг надаас өөр хэн ч харсангүй. Ухасхийж өндийгөөд, түүнийг өргөн босохыг завдсан боловч өөрийгөө хүчлээд эргээд суулаа. Өвдгөө хоёр гараараа базаад ярвайж байгааг харваас өвдөж байгаа нь илт. Гэвч хүү уйлж урвагнасангүй, ёоё ч гэж уулга алдсангүй. Хэн нэгнээс тусламж авахыг хүсвэл ганцхан удаа чангахан дуугарахад л хангалттай. Гэвч тэр хэний ч анхаарлыг татаж, тусламж авахыг хүсэхгүй байгаа бололтой. Өвдгөө бариад босолгүй

хэсэг суув. Минжин түүнийг нь анзаарчихаад: -Мөнхүүш ээ, миний хүү зүгээр үү? гэвэл хөвгүүн юу ч хэлэлгүй, босоод алхчихлаа. Төдөлгүй бүгд гарахад бэлэн болсноо мэдэгдэв. Би Наргил, Мөнх-Учрал хоёрын цүнхийг тэврээд машин руугаа алхлаа. Мөнх-Учрал араас минь гүйж ирээд, бүхнээс түрүүлж суухаар машин руу зүтгэв. Түүнд хаалга онгойлгож өгөхдөө “Хөл зүгээр үү, залуу” гэж хэлэхийг хүссэн ч хэлээ хазаад л өнгөрлөө. Бусдад мэдэгдэхийг хүсээгүй нууцыг нь хэн нэгэн мэдчихсэн байх түүнд лавтайяа таалагдахгүй байх. Ононбат, Минжин, Наргил гурвыг гарч ирэх үед Мөнх-Учрал бид хоёр хэдийнэ суудлаа эзлэн тухалсан байлаа. Өнөөдөр бол Гэр бүлийн өдөр. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, Ононбат хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Бүтэн хоёр жилийн турш нойр хоолоо умартан зүтгэснийхээ үр шимийг хүртсэний баяр. Их ажлын ард гарсны дараа халуун ам бүлээрээ хөгжилдөхөөр товлосон өдөр. Бас миний жолоочоор ажиллах сүүлийн өдөр. Анх ажилд орохдоо л төлөвлөж байснаараа би цалингаа хуримтлуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард байр авах хуримтлалаа бүрдүүлж чадсан. Сонгуулийн ажил ид эхэлчихсэн, завгүй өдрүүд үргэлжилж байсан учир сонгуулийн дараа байраа худалдаж авахаар төлөвлөж байлаа. Гэтэл Сонгуулийн дараах

тайлангийн хурлаар одоо амьдарч буй байрыг минь компанийн зүгээс надад урамшуулал болгон бэлэглэж байгааг дуулгасан юм. Харин хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх саналыг Ононбат надад тавьж, Минжин ч оффис болон бусад зүйлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс би энэ гэр бүлийн аяллаас эргэж ирээд, жолоочийн ажлаа хүлээлгэж өгнө. Шинэ оффистоо шинэ хамт олонтойгоо шинэ ажлаа эхлүүлнэ. Харин өнөөдөр бид төлөвлөгөө ёсоор бол их хотын чимээ шуугианаас холдон, голын урсгал, ногооны шимийг дагаж буудаллаад хорхог хийж идэн, хөгжилтэй тоглоомуудаар наадна. Энэхүү өдөрлөгийн гол зохион байгуулагч нь Минжин, Наргил хоёр. Ерөнхий зохион байгуулагчийн зааварчилгаагаар хотоос гарч 200 орчим километр давхиад нэгэн нуурын эрэгт хүрч ирэв. Хүн амьтан олноороо цуглаад байдаггүй, нам гүм газар байлаа. Өдөржин хөгжилдсөний эцэст хүүхдүүд нэлээд ядарсан бололтой, нар жаргахаас өмнө майхандаа ороод нам унтацгаав. Ононбат бид гурав түүдэг тойрч суугаад улаан дарс шимэнгээ амьдралын аар саархан зүйлсийн талаар ярилцаж суутал Минжин: -Ингэхэд тэр уул руу алхах уу? Нар ч жаргах гэж байна. Нар

жаргахыг уулын орой дээрээс харж, зураг даруулъя гэв. Ононбат биднээс холгүйхэн дүнхийж үзэгдэх намхан толгодын зүг хэсэг ширтсэнээ: -Та хоёр алхвал алх. Би хүүхдүүдээ хараад байж байя гэх нь тэр. Алхах хүсэл төдийлөн төрөхгүй байсан боловч Минжингийн аргадан ширтэх харцанд татгалзах арга байсангүй. -За тэгвэл бид хоёр алхчихаад ирье дээ гээд өндийвөл Минжин годхийгээд түрүүлээд гүйчихэв. Ононбат түүний араас харан толгой сэгсэрснээ: -Уг нь их л намбатай эмэгтэй шиг харагддаг юм. Хотоос гарахаараа л танигдахаа больчихдог хүн дээ гээд инээмсэглэв. -За дагаад алхчихвал энэ үл таних эмэгтэйн хөлд чирэгдчихдэг юм болов уу, яадаг юм бол… -Магадгүй шүү. Зургийн аппаратаа аваад яваарай. Үл таних эмэгтэй зураг даруулна гэсэн шүү. -За тэгнэ ээ хө. Минжин хэсэг гүйж байгаад түр зогсож, намайг хүлээх авч гүйцээд ирэхийн даваан дээр дэггүй охин шиг год хийгээд л гүйчихнэ. Ийнхүү түүнийг гүйцэлгүй мадлуулсаар уулын оргил дээр гарч ирэх үед нар жаргаж байв. Минжин гараа саравчилж зогсоод жаргаж буй нарны зүг анхааралтай ширтэх аж. Тэгснээ гэнэт алгаа хавсарч, нүдээ аниад тун нухацтай залбирч эхэллээ. Залбирч дуусмагцаа над руу эргэж хараад: -Сая би юу

гэж залбирсан гээч? хэмээн асуув. Би дуугүйхэн л мөрөө хавчив. -Чиний төлөө… Түүнийг ингэж хэлнэ гэж огт бодоогүй боловч урьдчилан таамаглаж байсан мэт дүр эсгэн -За тэгээд миний төлөө юу гэж залбирав даа? хэмээн тоомжиргүйхэн асуулаа. -Миний амьдралын хамгийн нандин бэлэгнүүдийн нэг болох Наранбаяр хэмээх энэ залууг маш сайн бүсгүйтэй учруулж, айх айдасгүй, шаналах өвчингүй амар амгалан амьдруулаарай гэж. -Өөрт чинь өгсөн нандин бэлгийг өөр хүнд өгчих тэгээд зүгээр үү? -Зүгээр ээ. Хайрлана, нандигнана гэдэг чинь өөртөө өмчилж, дэргэдээ үүрд уяхыг л хэлдэг юм биш шүү дээ. Өөрийн хүссэнээрээ амьдрах эрх чөлөөг нь олгох нь хайрлаж, нандигнахын хамгийн дээд хэлбэр гэж би боддог болсоон. -Магадгүй ээ. -Хувь тавилан гэдэг зурагдчихсан байдаг юм байна. Зураач нь зарим хүмүүсийг түрхэн зуур уулзаад салахаар, зарим хүмүүсийг насан туршдаа хамтдаа байхаар зурдаг. Гэхдээ хамт

байх нь хүртэл ялгаатай. Зарим нь нэг гэрт, зарим нь хөрш зэргэлдээ амьдарна. Зарим нь яг дэргэдээс нь харж халамжлах хэдий ч халамжлуулж байгаа нь түүнийг огт танихгүй байсаар насыг элээх хувь тохиол л бий. Тэр зураач чи бидний хувь тавиланг ч бас нэлээд ээдрээтэй зуржээ. Нэгэн үе хамтдаа байж, нэгэн үе салж холдоод, эргэн уулзана. Тэгэхдээ тэр чамайг миний хөрш зэргэлдээ л зурчихаж. Санаатай юм болов уу, санамсаргүй юм болов уу? Алин ч болов, нэгэнт ингэж зураад тамгалчихсан тавиланг бид өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм ээ? Юу гэж хариулах ёстойгоо үнэндээ би мэдэхгүй байлаа. Тиймээс дуугүйхэн л жаргаж буй нарны зүг ширтэв. Саяхан л тэнгэрийн хаяаг дүүргэн мэлтийж байсан дүүрэн шаргал наран уулсын цаагуур нуугдчихаж. Гэвч улбар ягаан туяа нь тэнгэрийн хаяаг бүрхэн солонгорсоор л байна. Чи ч бас сэтгэлийг минь гэрэлтүүлэх гэж ирсэн хэрнээ бие нь барагдаж, надад өмчлөгдөхгүй амьдралын

минь наран юмсан уу. Сэтгэлийн чинь илч эргэн тойронд минь туяаран солонгорсоор авч чи надтай насан туршдаа нуугдаж тоглох л хувь зохиолтой юмсан уу. Минжин нэгэн ургаа хадан дээр суугаад -Нааш ир. Энд ирж суугаач хэмээн урив. -Би чамд нэг шинэ мэдээ хэлэх даалгавартай яваа. Энэ мэдээг өөр хэн ч биш би өөрөө чамд хэлэх нь зүйтэй гэж бодсон юм. -… -Түрүүн хэлсэнчлэн чи бол миний амьдралдаа бурхнаас авсан хамгийн нандин бэлэгнүүдийн нэг. Чамтай учирсандаа, чамаас холдсондоо, эргэн уулзсандаа би хязгааргүй их баярладаг. Чамтай эргэж хэзээ ч уулзахгүй байх вий гэдэг бол миний хамгийн том айдас байсан. Чамтай эргэж уулзах, сэтгэлээ уудлан ярих ганцхан боломж олговол би өөр юу ч хүсэхгүй гэж үдэш бүрийн тэнгэрт залбиран гуйдаг байлаа. Хувь тавилан, мөнх хөх тэнгэр хүслийг минь сонссон, биелүүлсэн. Би ч бас амлалтандаа хүрсэн. Дэргэд минь байгаад хязгааргүй их баярладаг шүү… -… -Зарим хүнийг бид дэргэдээ байлгаж, тэвэрч, үнсэж, энхрийлж таалж байж жаргалтай байгаагаа мэдэрдэг. Зарим хүнийг холоос харах төдийдөө бид жаргалтай байж чаддаг… Хамтдаа байж чадахгүй байх, биесээсээ дэндүү алсад байх, хүссэн үедээ харж чадахгүй байх… юутай их хяслан бэ. Өмнө нь би чамайг зөвхөн өөртөө өмчилж, хүссэн үедээ тэвэрч

үнсэж, энхрийлж таалаад насан туршдаа жаргалтай амьдарна аа гэж боддог байлаа. Харин чамаас холдоод… алсаас ч болов харахыг, дахиад ганцхан удаа уулзахыг хүсдэг болсон. Эхний саруудад би чамайг эргээд ирнэ гэдэгт огт эргэлзээгүй. Өдөр хоног өнгөрөх тусам эргэж ирнэ ээ гэсэн итгэл минь бүдгэрч эхэлсэн. Үнэндээ чамайг өөрөө эргэж ирэхгүй нь ээ гэдэгтэй эвлэрч эхэлсэн. Гэвч ямар нэгэн далдын хүчний тусламжтайгаар ч хамаагүй, үгсэж хуйвалдах нэгэн байдаг бол түүнтэй үгсэж хуйвалдаад ч хамаагүй чамайг эргүүлж авч ирэхийг л хүссэн. Эргээд ирсэн ч бидний харилцаа урьдынх шигээ халуун дотно хэвээрээ байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Эргээд ирсэн ч дэргэд минь үүрд үлдэхгүй ч байж магадгүй гэдэгтэй эвлэрсэн. Тэгээд л дахиад ганцхан удаа уулзахыг, алсаас ч болов харахыг хүсэн залбирч эхэлсэн. “Заавал амраг минь байх албагүй ээ. Ах минь, дүү минь, анд минь… болгоод ч болсон, түүнийг минь надад эргүүлээд аваад ирээч” гэж гуйж залбирсан. Энэ бол миний эцсийн арга ядсан арга байсан юм. Өмнөх бүх хүслийг минь сонсоогүй мэт дүлбийрсэн хэрнээ энэ хүслийг минь харин бурхан дуулгавартай биелүүлсэн шүү. Би амьдралд, хувь тавиланд, надад оноосон юм бүхэнд талархдаг. Надад

өгсөн хийгээд эргүүлж авсан зүйлсэд ч талархдаг. Бурхан чамайг надад өгөөд, эргүүлж аваад, буцааж өгсөн. Үүнд хамгийн их талархдаг. Чи яг одоо дэргэд минь сууж байна. Бид өдөр бүрийг хамтдаа өнгөрөөж байна. Би чамайг заавал тэврэхсэн, үнсэхсэн, энхрийлж таалахсан гэж шунахгүй ээ. Харахыг хэчнээн хүссэн ч харж чадахгүй тийм гашуун өдрүүд надад тохиосон. Давж гарамгүй өдрүүд байсан. Гэвч давж гараад, чамтай эргэн уулзсан. Энэ нүдийг ширтэж, энэ харцыг мэдэрч, энэ инээмсэглэл, энэ ирмэлтэнд нууцхан догдолж байгаадаа л сэтгэл дүүрэн байна. -Дуулгах мэдээ чинь энэ бүхэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой юм уу? -Холбоотой ч байж магад. Үгүй ч байж магад. Үнэндээ энэ мэдээг чамд дуулгах сэтгэл зүйгээ л бэлтгэж буй хэрэг л дээ. -Сайхан мэдээ юү? -Тийм ээ. -Тэгвэл хурдан хэл л дээ. -Ирэх сарын 28-нд бид хуримаа хийнэ. Энэ сонгуульд ялсан ч, ялагдсан ч намар нь хуримаа хийнэ ээ гэж хоёр жилийн өмнөөс ярилцаж төлөвлөсөн юм. -Сайхан мэдээ байна. Баяр хүргэе. -Баярлалаа. -Чин сэтгэлээсээ баяр хүргэе. Алив тэвэрье. Хоолой дээр тээглэчихээд дотор

бачууруулаад байгаа нулимсаа залгих боломжийг л өөртөө олгох гэж би түүнийг энгэртээ нааж, дотночлон тэвэрсэн юм. Дахиж би чамайг ийм халуун дотноор тэврэхгүй ч байж магад. Чамайг миний бүсгүй байхаа больсон гэдэгтэй би хэдийнэ эвлэрсэн ч ингээд албан ёсоор алдаж байгаагаа шууд хүлээн зөвшөөрчихөж чадсангүй. Тэр энгэрт минь наалдаад, суган доогуур минь гараа гүйлгэн намайг тэвэрлээ. Ингэж тэвэрч, тэврүүлэхдээ чи үргэлж миний л бүсгүй байдаг. Цаг хугацааг яг ингээд зогсоочихож болох уу? -Би чамаас бас нэгэн зүйлийг гуйх гэсэн юм. -Тэг тэг. -Чи миний хуримын гэрч болооч. Балмагдсандаа би түүнийг зөөлөн түлхээд, өөрөөсөө хөндийрүүлчихэв. -Сүйт бүсгүйн гэрчүүд дандаа л эмэгтэйчүүд байдаг юм билээ. Гэхдээ миний гэрч яагаад эрэгтэй хүн байж болохгүй гэж? Хамгийн итгэлт дотно хүнээ л хуримынхаа гэрчээр сонгодог биз дээ? Миний хувьд чамаас илүү элгэмсэг дотно санагдах хүн огт санаанд буухгүй байна… -Чи… чи… чи арай дэндэж байна. Би чамтай эргэж уулзсан хувь тавиландаа чиний л адил талархдаг. Талархсандаа ч

чиний гаргаж буй тэсвэрлэшгүй авир, үл тоомсорлолт, дүр эсгэлтийг чинь тэвчдэг. Тэвчихийн дээдээр тэвчдэг. Надаас нуудаг зүйлийг чинь мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэдэг. Ингэж тэвчсэний минь шагнал энэ үү? -Наба… Наба… -Битгий намайг дуудаад бай. Би тэр Ононбат чинь биш шүү. Бос гэсэн газар босож, суу гэсэн газар суудаг дуулгавартай гөлөг чинь би биш. Ойлгов уу? -Би чамайг хэзээ ч тэгж дорд үзэж байгаагүй ээ. -Дорд үздэггүй гэв үү? Чи намайг дорд үздэггүй гэж үү? УИХ-ын гишүүний эхнэр, том группийн ерөнхийлөгч хатагтай над шиг мэргэжил ч үгүй, боловсрол ч үгүй золбин амьтантай дотносож явснаасаа, хүүхдийг нь төрүүлснээсээ ичдэг байлгүй дээ. -Наба… одоо болно. -Наад үгээ чи өөртөө л хэл. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм. -Би хэзээ ч, хэнээс ч, юунаас ч ичдэггүй. Тэр дундаа хайрлан нандигнадаг хүмүүсээсээ огтхон ч ичихгүй. Чи хүүгээ тэгтлээ их анхаарч, сонжин ширтэж, судалж таних хүслээр дүүрэн байдаг хэрнээ хамгийн энгийн зүйлийг анзаардаггүй юм бэ? Мөнхүүш хэн өөрийнх нь төрсөн аав бэ гэдгийг сайн мэднэ. Мэддэг ч учраас чамаас дөлж бишүүрхээд байдаг юм. Унаж байгаагаа, өвдөж байгаагаа, алдаа гаргаж байгаагаа, уйлж байгаагаа чамд харуулахгүй гэж гүрийгээд байдаг юм. Түүнийг жаахан хүүхэд гэж басах хэрэггүй шүү. -Тэр яаж

мэддэг гэж? Би итгэхгүй байна. -Чи миний болоод хүүгийн минь талаар их зүйл мэддэг гэж бодож байна уу? Чи эндүүрч байна. Миний хүүг Наранбаярын Мөнх-Учрал гэдэг юм. Төрсний гэрчилгээн дээр нь энэ нэрийг бичүүлэхийн тулд чиний регистрийн дугаар, ургийн овгийг олох гэж Ононбат бүхэл бүтэн баг гаргаж ажиллуулсан юм шүү. Би, миний хүү, миний гэр бүл хайрладаг хүмүүсээсээ, нандигнадаг зүйлсээсээ, туулж өнгөрүүлсэн түүхээсээ хэзээ ч, хэнээс ч ичиж байгаагүй. Ичих ч үгүй. Учир нь, хэн бидэнд нандин хийгээд юу бидэнд хамгийн үнэ цэнэтэйг би хүүхдүүддээ хэлж ойлгуулдаг юм. Тэд минь ч маш сайн ойлгодог. Харин чи өрөөлийн байтугай өөрийнхөө ч үнэ цэнийг мэддэггүй юм байна. Хэрэв чи өөрийгөө нохой гэж бодож байвал чи нохой. Бид чамайг Бурхан гэж боддог байгаад ч нэмэргүй. Ингэж хэлчихээд тэр хариу хэлэхийн завдалгүй гүйгээд явчихав. ♠♠♠ 2016 оны наймдугаар сарын 28. Өнөөдөр тэр минь хуримаа хийсэн. Хун цагаан даашинзтай тэр минь тэнгэрийн дагина шиг л харагдаж байсан. Харин би түүнийхээ хуримын гэрч болсон. Цайвар цэнхэр хослол өмсөөд түүнийхээ насан багын найз дөрвөн бүсгүйтэй зэрэгцэж зогссон. Уг нь би энэ ёслолд юүдэнтэй хар цамц, бариу өмд, хөнгөн кеттэй л ирье гэж бодсон. Гэвч биед минь яг тааруулж урласан энэ хослолыг өчигдөр орой Минжин өөрийн гараар индүүдэж

бэлтгээд, өнөө өглөө гэрлэх ёслол эхлэхийн өмнөхөн Наргилаар надад өгүүлсэн юм. Яаран сандран хувцасаа сольсон учир түүнд өгөхөөр бэлтгэсэн цэцгийн баглаагаа ч машин дотроо мартаад ёслолын танхим руу орчихсон байсан. Хөнгөн ая эгшиглэж, цагаан даашинз, сувдан гоёлтой тэр минь инээмсэглэн алхаж ирээд надад гараа өгсөн. Би түүндээ хэсэгхэн зуур сугадуулж алхах хувь тэгж тохиосон. Эр нөхөрт нь хүргэж өгөөд, арагш ухарч, хуримын гэрчүүдийнхээ эгнээнд орж зогссон. Тэд тангаргаа өргөж, сүйн бөгжөө солилцсон. Цээжинд минь нулимс зангирч, амьсгалах агаар дутагдан бачуурч байсан ч би тэвчсэн. Амилсан хүсэл, хувилсан бие минь болох ганц хүү минь тав хоногийн өмнө дөрвөн нас хүрсэн. Анх удаа түүнийхээ төрсөн өдөрт аавын хувиар оролцож, энгэртээ тэвэрч, энхрийлэн үнссэн. Тэр өдрөөс хойш бид илүү элгэсэн дотносож эхэлсэн. Гэвч өнөөдөр би өр зүрхний минь шигтгээ болон гэрэлтдэг гурван эрдэнээ өрөөл нэгэнд албан ёсоор хүлээлгэж өглөө. Өглөө машиндаа мартсан цэцэг минь хатаад хорчийчихсон байсан учир хамгаас хайртай юүдэнтэй цамцаа том

ягаан хайрцаганд нь хийж, хатаж эхэлсэн дэлбээгээр хучаад “Хүүг минь том болохоор өгөөрэй” гэсэн зурвас шургуулчихсан. Солонгосоос эргэж ирэхдээ чамд зориулж авсан хөх сувдан зүүлт халаасанд нь бий. Бүх зүйл байх ёстой байрандаа эмх цэгцтэй оршиж байвал сэтгэл минь уужуу тэнэгэр байдаг юм. Хамгийн гэгээн бүхнийг түүндээ ерөөгөөд хуримын цайллаганаас гарч ирлээ. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрладаг бол дэргэдээ өмчлөн хорих бус тавьж явуулах ч тэвчээртэй байх учиртай. Тийм тэвчээрийг надад хайрласан амьдрал, хувь заяанд талархъя. Сүйт хархүү чинь болж хажууд чинь зогсох хувь дутсан ч чинийхээ амьдралын алтан мөч, аз жаргалын гэрч

болох л төөрөг тавилантай байжээ. Төөрөг тавиланг минь хэн нэгэн ингэж зураад тамгалчихсан юм бол би насан туршдаа чинийхээ хажууд бус ард зогсох болно. Дэргэдээс чинь түших хүн үгүй болох үед араас чинь тулах түшиг бат зогсож байгааг санаарай.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *