
Өглөө бүр хамгийн түрүүнд горьдонгуй ширтдэг зүйл минь гар утасны дэлгэц. Үдэш бүр байн байн асааж хардаг зүйл минь ч гар утасны дэлгэц. Олон шөнийн нойрыг минь хулжааж, орондоо хий хөрвөөх
шалтгаан минь ч энэ л дэлгэц. Харамсалтай нь, энэ утсанд хүсэн хүлээсэн цор ганц зурвас, цор ганц дуудлага минь ирэлгүй хяссаар 23 хоногийг ардаа үдэв. Тэр нэгэн үдшээс хойш Минжин надтай ганц ч
удаа холбоо барьсангүй. Хором бүрт түүнтэй холбогдохыг хүсэх авч “Тэр миний бүсгүй биш” гэсэн цор ганцхан хяслан гараас минь татаж, хүслийг минь боомилно. Бодит үнэнтэй тэрсэлдээд түүн рүү
залгачихвал, ганцхан зурвас биччихвэл “амар амгалан амьдралыг нь бусниулчих болов уу” гэж эмээнэ. “Тэр минь айх айдасгүй, шаналах зовлонгүй, шархирах өвчингүй амар амгалан амьдарч байгаа” гэсэн
итгэл л цор ганцхан тайтгарал минь юм. Өөрийн хүсэл тэмүүлэл, зол жаргалын төлөө өрөөлийн амар амгалан амьдралд халдах тийм өөдгүй нэгэн би биш ээ. Хүсэл минь дахин амилахгүй гэдэгтэй би

бараг эвлэрч эхлээд байлаа. Тиймээс ч аяллаас ирсний маргаашаас л “Шинэ байранд чинь зочилъё” гэж шалаад байсан найзуудаа гэртээ урив. Үерхэл хайрын талаар төсөөлж ч чадахааргүй нялх багаасаа үерхэж дотноссон, амьдралын минь түшиг болсон дөрвөн анд минь манайд дуу шуу болсоор хүрч ирлээ. Тэд бүгдээрээ өрх толгойлж, өөрийн амьдралаа босгосон. Уулзаж суугаад эхнэр, хүүхэд, амьдралын аар саархан асуудлын талаар л ам булаалдан ярьдаг болсон. Үеийн нөхдөөсөө хоцорч үлдээд, ганцаархнаа гэрийн мухар сахиж суугаа надад тэдэнтэй ярих зүйл ч олдохоо больсон. Тиймээс үе үе уулзалдаад байя гэж бодохоо ч үнэндээ больчихсон юм. Ганцаардаад ганц хоёр шар айрагны бөглөө мултлахаар сэтгэл шулуудах үед минь тэд дандаа л завгүй байдаг. Хүүхэд харах хүнгүй, эхнэр гаргахгүй, хадам ээжийн бие муудчихсан, эсвэл гэр бүлээрээ хөдөө явна л гэнэ. Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, өөрт оногдсон асуудалтай учир бүгдийг нь нэг дор цуглуулна гэдэг ч асар том асуудал болж хувирсан билээ. Элдэв асуудалд хэт санаа тавих, шаардлагатай гэж л үзэхгүй бол хичээл зүтгэл гаргадаггүй, хэн нэгнийг хүлээх дургүй надад энэ бүхэн хэтэрхий төвөгтэй санагдах учир уулзах санаачилга гаргасныхаа нэгэн адилаар үтэр түргэн цуцалчихаж ч чаддаг. Өнөөдөр харин ямар гээчийн дашням, балжинням нь давхацчихсан юм бэ гэлтэй, хэн нь ч шалтаг тоочсонгүй. Товлосон цагаасаа ч хоцорсонгүй. Цугласнаас
хэдхэн хормын дараа л гэхэд хаа сайгүй шар айрагны лааз, хоолны үлдэгдэл, тамхины иш, элдэв үнэртэй оймс, цамц хөглөрчихсөн байлаа. Ямагт эмх цэгцтэй байдаг орон гэр минь ийнхүү толгой эргэм эмх замбараагүйд умбаж эхлэв. Гэвч энэ бүхэн хэнд хамаатай юм бэ. Бүх эмх цэгц, хэм хэмжээ, хил хязгаарыг чөтгөр ав. Бүхнийг умартаад, орчлонгоос тасармаар байна. Өөрийгөө болоод өрөөлийг ч санан үгүйлж, мэдэрч тэмүүлэхээ ч мэдэхгүй болтлоо мансуурмаар байна. Уусан зүйл минь тийм их биш ч аль хэдийнэ толгой дүйнгэтээд эхэлжээ. Гар болоод хөлөө харж байгаа хэрнээ мэдрэхгүй байгаа мэт таатай мэдрэмжинд автаж суутал хэн нэг нь: -Хөөх, юу олсныг минь хар даа. Whiskey Lauders хэмээн хашхирав. Зовхио арай ядан өргөж, өнөөх амар амгаланг эвдэгчийн зүг хараа бэлчээвэл найзуудын маань нэг нь гал тогооны шүүгээний буланд хийгээд мартаж орхисон вискиг минь барьчихсан гуйвж явна. -Энийг хэрэглэж болох юм уу, хөгшөөн? -Уу уу. -За эзнээс нь зөвшөөрөл авчихлаа шүү, нөхөд өө… Ингэхэд хундага байгаа бил үү? -Байхгүй ээ. -Тэгээд энэ нандин эдийг юугаар уух уу, хө? -Аяганд хийгээд уучих аа. -За тэгье… хөөе хөөе. Чишш чимээгүй. Миний утас дуугарч байна. Виски аягалах гэж байсан нөхөр
маань гэнэт долоовор хуруугаа гозойлгон, урууландаа хальт хүргээд гар утсаа хайн тэвдэж эхлэв. Нөгөөдүүл нь ч бас түгшүүр хүлээж авсан байдалтай чимээгүй болоод, хөдөлгөөнөө цэгнэчихэж. -Миний утас хаана байна аа… өө энд байна гэснээ -Энэ миний утас биш байна гэхэд хэн нэг нь өлгөж аваад л -Миний утас хаана байна? хэмээн уулга алдлаа. Ийнхүү тэднийг гар утсаа хайж, хэнээс ч юм бэ сүрхий айн тэвдэж байх зуурт би ч бас хэзээний дадал болсон зуршлаараа гар утсаа халааснаасаа гаргаж ирэв. Утасны минь дэлгэц асаалттай байх бөгөөд хэн нэгнээс дуудлага ирж байлаа. -Манайхаан, тэвдэх хэрэггүй дээ. Миний утас дуугарсан байна гэвэл бүгд зэрэг шахам гүнзгий амьсгаа авч тайвшраад л биеэ сул тавьж, урьдынх шигээ шуугилдаж эхлэв. -Алив хөгшөөн, энийг татчих. -Мөс хий л дээ, чи. -Бай… бай… байна уу? -Байна байна. Унтаж байхад чинь сэрээчихэв үү? -Үгүй ээ, би унтаагүй байна. Хэн бэ? -Минжин байна аа. Тархи руу минь 220
вольтоор цохичих шиг л болох нь тэр. Мэдээж алдаж эхлээд байсан биеийн минь эд эс тэрхэн зуурт бүгд сэртэсхийж, манарч сүүмэлзээд байсан оюун санаа минь төдхөнөө түргэн аваад сэргэчихэв. Тэгтэл ч -Уучлаарай. Найзуудтайгаа наргиж байхад чинь залгачихав уу даа. За би дараа… гэж хэлээд тэр утсаа таслахыг завдах нь тэр. -Үгүй ээ, үгүй. Одоо ярь. Юу болсон бэ? гэж яаран хэлээд хүсэн хүлээсэн дуудлагаа хүлээн авах мөчийг минь юу юугүй нураачих гээд байгаа нөхдөдөө хандан: -Хөөе, та нар чимээгүй байгаад өгөөч хэмээн өөрийн мэдэлгүй л хашхирчихав. Нэгдүгээр ангийн учир мэдэхгүй багачуул шиг учир нь олдохгүй шуугилдаж байсан нөхөд минь миний бухимдангуй дуунд цочирдов бололтой, дуулгавартай гэгч нь дуугаа хураачихлаа. -Байна уу… байна уу? Юу болсон бэ? -Байна аа. Би цагаа ололгүй л залгачих шиг боллоо. Би чамайг боломжтой бол манай зуслан руу хүрээд ирээч гэх гэсэн юм л даа. -Юу… аан тэгэлгүй яах вэ. Хаана
билээ? -Чи ирэх боломжтой гэж үү? -Тийм ээ, боломжтой. -Ашгүй дээ. Манай нөхрийн жолооч одоо наанаас чинь ирэх юм. Тэгвэл би чамайг аваад ирээч гээд хэлчихье. -За тэг тэг. Ирээд авах юм уу? -Тийм ээ. Гэрийн чинь гадаа очоод залга гээд хэлчихье. -За ойлголоо. Би бэлэн байж байя -Баярлалаа… Тэр ингэж хэлээд утсаа таслах гэснээ: -Наба… гэж их л дотночлон дуудав. -Юу? -Гэхдээ би чамайг завгүй байхад чинь дуудчихаагүй биз дээ? -Үгүй дээ, яалаа гэж. Санаа зоволтгүй. Би хүлээж байя. -За баярлалаа. Дуудлага тасармагц би огло үсрэн босоод, өмд, цамцаа солин явахаар бэлтгэж эхэллээ. Гутлаа шүүрэн автал: -Хүүе, Наба хаачих нь вэ? гэж хэн нэг нь хэлээгүй бол би найзуудтайгаа хамт байгаагаа бараг саналгүй, гараад гүйчих байсан болов уу. Өрөөсөн гутлаа яаран углах зууртаа: -Надад яаралтай ажил гарчихлаа. Та хэд минь үргэлжлүүлээд ууж бай. Найз нь удахгүй эргээд ирнэ гэж бараг л нэг амьсгаагаар хэлж орхив. -Үгүй ээ, гэрийн эзэн байхгүй байхад бид энд юу хийх юм бэ? -За энэ ямар гэрийн эзэн юм уу? Бид ямар танихгүй айлд байгаа биш. Наадах чинь аягүй бол нэг хүүхэнтэй уулзах гэж байгаа. Сингл хүнийг явуул явуул. -Анд аа, хүүхэн рүү явах гэж байгаа юм уу? -Үгүй дээ, яалаа гэж? -Хүүхэн рүү явах гэж байгаа
юм байна. За яв яв, хөгшөөн. Гутлаа хам хум углаж, гар утас болон хэтэвчээ энгэрийн халаасандаа хийгээд л гүйгээд гарав. Байрныхаа үүдэнд гарч ирснийхээ дараа л машин ирээгүй байгааг саналаа. Гэвч эргээд оролтой нь биш, эндээ хүлээхээр шийдэв. “Юу болсон юм бол…” гэсэн бодол байсхийгээд л тархи тоншино. Тэгэх бүрт зүрх минь байж ядан дэвхэцнэ. Тэвчээр алдуулан удаан хүлээлгэсний эцэст том хар жийп өмнө минь ирж зогсоод: -Наранбаяр уу? гэж асуулаа. Би ч гүйж очоод л суучихав. ♠♠♠ Машинаас буумагц хоёр, гуравхан харайгаад л Минжингийн байрлаж буй байшин руу орчихлоо. -Минжээн… гэж дуудтал -Наба… хоёр давхар луу гараад ирээч гэх сонсогдов. Гишгүүр алгасаж харайлгаад л хоёр давхарт гарчихлаа. Шатны хажуугийн хаалга хагас дэлгээстэй байх бөгөөд хүүхэд уйлагнах дуу гарч байв. Минжин хүүгээ тэврэн гарч ирээд: -Хүү маань гэнэт өвдөөд… би
Мөнхөөтэй хамт эмнэлэг явлаа. Чи Наргилыг харж байгаарай гэх нь тэр. Би юу ч хэлэлгүй, гараа сунган, хүүг нь тэвэрч гараад, машинд суулгаж өгөв. Минжин: -Утсаар ярья. Маргааш өглөө асрагч ирнэ гэснээ жолоочид хандан -Мөнхөө, явъя гэв. Тэд шуртхийгээд л давхиад одлоо. Бүх зүйл хэтэрхий хурдан өрнөсөн учир ухаан санаа нь хараахан бүрэн тогтворжоогүй байгаа бололтой. Хэсэг зуур манарч зогсоод, эргэн харвал Наргил хаалгаа хагас дэлгээд бариулаас нь тас зуурчихсан зогсож байв. -Алив оръё. Даарчихна. -Та гайхсан уу? -Юуг? -Шөнө дунд тан руу залгахаар… -Үгүй ээ, яагаад гайхана гэж? -Би таныг гайхана гэж бодсоон. -Мхнн -Та унтаж байсан уу? -Үгүй ээ. -Ээжийг тан руу залга гэж би хэлсэн юм. -Мхнн -Яагаад тан руу залгуулсан юм бол гэж гайхаж байна уу? -Үгүй ээ… ингэхэд нээрээ яагаад над руу залгуулсан юм бэ? -Асрагч эгч хөдөө явчихсан. Маргааш өглөө л хотод орж ирнэ гэсэн. Онон… үгүй ээ, аав чухал уулзалттай байна, ирж
чадахгүй гэсэн. Эмээг ийм орой дуудвал бөөн уур болно. Ирэхээрээ үглээд салдаггүй юм. Тэгээд л таныг дуудсан юм. Би өөр хүнтэй хамт байж чадахгүй шүү дээ. Ээж ч намайг янз бүрийн хүнтэй хамт үлдээдэггүй юм. -Мхнн. Цаг орой болчихсон байна. Миний дүү одоо унт за. -За. Наргил хөнжлөө нөмөрч, унтахаар тухалсан боловч над руу бүлтийтэл ширтээд унтах шинжгүй хэсэг хэвтэв. -Чи яагаад унтахгүй байгаа юм бэ? -Миний нойр хүрэхгүй байна. -Ингэхэд дүүгийнх нь юу өвдөө вэ? -Хоолны хордлого байх гэсээн. Ээжийн үгэнд оролгүй, муудсан бялуу идчихсэн. -Өө хөөрхий. Гэхдээ одоо эмнэлэгт очоод зүгээр болчихно оо. -Мхнн. -За миний дүү одоо унт. Нүдээ аниарай. -Би танаас нэг юм гуйж болох уу? -За юу юм бэ? -Та надад бүүвэйн дуу аялаад өгөөч. -Юу? Ийм том болчихоод… -Та надад бүүвэйн дуу дуулж өгдөг байснаа санадаг уу? Би бол үргэлж санадаг аа. -Айн… юу… юу билээ? -Өө та мартчихсан юм уу даа. Таныг манайд ирж хонохоор би унтахгүй гүрийгээд байдаг байсан даа. Тэгэхээр та намайг унтуулах гээд бүүвэйн дуу аялж өгч байснаа өөрөө унтчихдаг байсан шүү дээ. -Аан… би яалаа гэж мартах вэ дээ. -Одоо надад бүүвэй аялаад өгөөч. -Ах нь бүүвэйн дуу мэдэхгүй шүү дээ. -Бүүвэйн дуу мэддэггүйг чинь би мэднэ ээ. Гэхдээ та “Бүүвэй, бүүвэй… унтаарай…
унтаарай… бяцхан Наргил унтаарай…” гээд гэдсэн дээр минь зөөлөн цохиод… -Өө нээрээ тийм л дээ. Бүүвэй, бүүвэй… унтаарай… унтаарай… бяцхан Наргил унтаарай… Наргил нүдээ аниад, хөдөлгөөнгүй хэсэг хэвтэв. Үе үе уруулаа жимбэлзүүлэн инээмхийлэхийг бодоход унтаагүй л байгаа бололтой. Нэг үгээ олон давтан дуулснаас болоод хоолой минь аргаж, гар минь ч чилэх мэдрэмж төрөхөд хөдөлгөөн минь удааширч, дуу минь ч гарахаа болив. Охин хөнжлөө сөхөн гараа гаргаж ирснээ гараас минь атгаад: -Баярлалаа. Би унтлаа. Та миний хажуугаар унтаарай гээд буруу хараад хэвтчихэв. Босохоор өндийтөл: -Миний хажуугаар унтаарай гэж би танд хэлсэн шүү хэмээн сануулах нь тэр. Балмагдсандаа: -Агаа нь гадуур хувцасаа тайлаадахъя гэж яаран хариуллаа. Хүрмээ тайлж, хажуугийн сандал дээр тавиад, охины хажуугаар хэвтсэн боловч нойр
хүрсэнгүй. Хэсэг чимээгүй хэвтээд: -Чи унтчихсан уу гэвэл охин дуугүйхэн толгойгоо сэгсэрч байна. -Ингэхэд Ононбат… үгүй ээ, аав нь хотод байгаа юу? -Тийм ээ. -Тэгээд хүүхэд өвдчихөөд байхад яагаад ирдэггүй юм бэ? -Нэг том уурхайтай холбоотой хэлэлцээр хийх гээд хуралдаж байгаа гэсэн. -Ер нь л ажил ихтэй байдаг уу? -Тийм ээ, гэртээ бараг үзэгддэггүй юм. -Ммм… Дүү нь ингэхэд юу идчихсэн гэлээ? -Бялуу… төрсөн өдрийн бялуу. -Хэний төрсөн өдөр болоо вэ? -Мөнхүүш дөрөв хоногийн өмнө 2 нас хүрсэн. -Аан. Тэгээд бялуугаа яагаад дөрөв хоног хадгалчихдаг билээ? -Аав төрсөн өдөрт нь ирж чадаагүй юм. Мөнхүүш уг нь тэр бялууг аавдаа хадгалж байсан юм байхгүй юу. -Өө… -Өөдгүй байгаа биз? -Хэн? -Аавууд ямар ч чухал ажилтай байсан хүүхдийнхээ төрсөн өдрийг заавал хамт тэмдэглэдэг тэ? -Заримдаа чаддаггүй л дээ. -Гэхдээ л ихэнхдээ хамт тэмдэглэдэг. -Аав нь улсын маш чухал ажилтай хүн шүү дээ. -Би мэднэ ээ. -… -Мөнхүүшийн төрсөн өдрийн бэлгийг ч одоо хүртэл авчирч өгөөгүй байгаа. -Ирж амжихгүй л яваа юм байлгүй дээ. -Би танд нэг нууц хэлэх үү? -За… ямар нууц
билээ? -Та гэхдээ намайг хэлсэн гэж ээжид хэлж болохгүй шүү дээ. -За. -Тангараглаж байна уу? -Тангараглаж байна аа. -Ононбат агаа миний төрсөн аав биш. -Агаа нь мэднэ ээ. -Мөнхүүшийн ч бас… Дахиад л тархи руугаа 220 вольтоор цохиулчих шиг боллоо. Наргил миний төсөөлж ч чадахгүй нууцыг тун санамсаргүй дэлгэчихэв. Есөн настай охины гэмгүй цагаахан яриа мэт боловч энэ нууцыг надад л хэлэх гэж хэлсэн ч юм шиг. -Дүү чинь ингэхэд хэзээ төрсөн гэнэ ээ? -2012 оны наймдугаар сарын 23. Дөрөв хоногийн өмнө 2 нас хүрсэн… Наргил үргэлжлүүлээд нэлээд олон зүйл хэлэх шиг болсон. Гэвч юу гэж

хэлснийг нь би анхааран сонсож чадсангүй. 2012 оны наймдугаар сарын 23. Би Минжингээс холбоо тасарснаас дөрвөн сарын дараа Солонгос руу ниссэн. Тэгэхэд тэр хүү эхийнхээ хэвлийд зургаан сартай үлдсэн байх нь.
үргэлжлэл бий…