Нүүр Өгүүллэг “ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “4-р хэсэг”

“ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “4-р хэсэг”

34 секунд уншина
0
0
622

Гэрээс гарснаас хойш яг 22 хоног өнгөрчээ. Бид хамтдаа 4275 километр зам туулжээ. Гэртээ харихад 184 километр л үлдэв. Хоноглох бэлтгэлээ базаагаад, задгай гал дээр мах шарж байтал Минжин сагс дүүрэн шар

айраг барьсаар хүрч ирэв. -Урт аялал өндөрлөж байна. Энэ аялалд үнэндээ ажил чухал байгаагүй ээ. Тэр бол зүгээр л шалтаг. Хамгийн гол нь, би ганцаараа байж, өөртэйгөө ярилцаж, өнгөрсөн жилүүдэд

өөрөөсөө асуусаар ирсэн олон асуултандаа хариулт өгөх л гэсэн юм. Хоёулаа яваа хэрнээ ганцаараа мэт тийм амар амгалан байхад минь тусалсан чамд маш их баярлалаа. Хоёулаа маргааш ч бас эндээ хононо

оо. Тиймээс санаа зоволтгүй. Үүнийг уучих. -За Тэр өөрөө нэг шар айраг задлаад эр хүн шиг л гүд гүд хийтэл залгилав. Би түүнийг ажиглаж хэсэг чимээгүй сууснаа -Чи одоо хариад юу хийх вэ? гээд

асуучихлаа. -Хүүхдүүдтэйгээ хамт зусландаа гарч амарна аа. Чи ч бас нэг сар амраарай за. -Амрах аа? -Тийм ээ, юуг нь тэгтлээ гайхаа вэ? -Би ажилд ороод нэг л сар болж байна шүү дээ. -Зүгээр ээ. Би хотод

очмогцоо цалинг чинь бөөнд нь шилжүүлчихнэ. Томилолттойгоо нийлээд нэлээд хэдэн төгрөг болчих байх. Амрах хугацаанд ч гэсэн байр үнэгүй. -Би тэгээд бүтэн сар юу хийх юм бэ? -Би яаж мэдэх вэ дээ. Найз нөхөдтэйгөө ийш тийшээ зугаална уу, гэртээ амарна уу, өөрөө л мэд. Би сүүлийн жилүүдэд маш завгүй ажилласан. Хүүхдүүддээ ч олигтой цаг зарцуулж чадаагүй. Тиймээс одоо яг нэг сар өөр юу ч бодолгүй, хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна. -Ойлголоо. -мхнн -Хүүхдүүдтэйгээ… гэсэн үү? Нөхөр чинь хамт байхгүй юм уу? -Тэр бөөн ажилтай. Амрах зав гарахгүй биз. Гэхдээ мэдээж зав зайгаараа бидэн дээр очно л доо. -ммм -Ингэхэд тулгачих уу? -Юуны төлөө? -… ммм … сайн сайхны төлөө… -Чиний сайн сайхны төлөө. -Чиний ч бас. Дөрвөн лааз шар айраг уугаад Минжин нэлээд халамцав бололтой, хэл нь ээдэрч эхэлсэн ч үг нь олширч эхлэв. -Чи мэднэ дээ. Би өмнө нь олж

байгаа мөнгө маань хэрэглээнд хүрээд, шаналах өвчин, айх айдасгүй л бол бол оо гэж боддог байсан. Байгаа бүхэндээ дэндүү сэтгэл хангалуун нэгэн байлаа. Харин тэр нэг өдрөөс хойш надад юм бүхэн дутуу дулимаг санагддаг болсон. Бүх юм болж бүтэхгүй байгаа мэт санагдаад л, өөрийн эрхгүй бухимдаж, амьдралд гомдоллодог болсон. Би зүтгээд байна шүү дээ, яагаад намайг шагнахгүй байгаа юм бэ? Би сайн байсан шүү дээ, яагаад намайг ингэж шийтгэж байгаа юм бэ? Яагаад бусад хүмүүст илүүг өгөөд, надад дутуу өгөөд байгаа юм бэ? гээд л. Тэгж гомдоллож явахдаа Ононбаттай таарсан юм. Тэр амьдралд дэндүү их талархалтай ханддаг, өөдрөг нэгэн байлаа. Би эхэндээ түүнд атаархдаг байсан. Яг түүн шиг юм бүхэнд талархаж амьдрахсан гэж хүссэн. Харин тэр надад амьдралд талархах боломжийг бэлэглэсэн юм. Бид танилцсанаасаа хоёрхон сарын дараа нэг гэрт орсон. Учир нь, юм

бүхэнд гомдоллож, юунаас ч юм бэ айж, тэр айдсаасаа болоод асар их бухимдалтай амьдарч байсан надад тэр л айх айдасгүй, амар амгаланг мэдрүүлсэн юм. Түүний дэргэд байхад юу ч гомдохгүй, юунаас ч айхгүй, юунд ч бухимдахгүй амьдарч чадах юм шиг санагдсан. Үнэхээр ч тэгж чадсан. Би амьдралд үнэхээр их талархдаг. Надад илгээсэн бүхнийх нь төлөө… бас надаас авсан бүхнийх нь төлөө… Өнгөрсөн хоёр жил би галзуу юм шиг л ажилласан. Ингэснийхээ ч хүчинд хүсч байсан бүхнээ босгож чадсан. Гэхдээ энэ бүхэнд Ононбат л хамгийн их тусалсан. Хэрэв түүний дэмжлэг, түүний мөнгө байгаагүй бол би хэчнээн хүсээд ч, хэчнээн зүтгээд ч энэ бүхнийг босгож хүчрэхгүй байсан. Тэр намайг маш сайн дэмждэг. Би ч гэсэн чадлынхаа хэрээр түүнийг дэмждэг. Би одоо л хүсч тэмүүлж байсан шигээ ажиллаж, амьдарч чадаж байна. Үдэш бүр ямар нэгэн зүйлд

санаа зовоостой орондоо орох ямар хэцүүг чи мэдэх үү? Унтаад байгаа хэрнээ тархи ажиллаастай. Амарсан ч болдоггүй. Харин одоо би юунд ч санаа зовохгүй байж чадаж байна. Тиймээс шөнө бүр маш сайн амарч, өглөө бүр сэтгэл хангалуун сэрж байна. Нөхөр минь намайг хуурдаггүй, бухимдуулдаггүй, хайраар дутаадаггүй. Би хүссэн бүхнээ хийж, хүссэн бүхнээ авч чадаж байна. Хүүхдүүд минь эрүүл чийрэг, элбэг хангалуун өсч байна. Үүнээс өөр юу хэрэгтэй гэж? Ингэж хэлснийхээ дараа тэр сүүлийн өгүүлбэртээ эргэлзэв үү гэлтэй хэсэг чимээгүй болоод, ямар нэгэн зүйлийн талаар нэлээд нухацтай бодох шиг болов. -Би амьдралд маш их талархдаг. Хоёр сайхан үрийг минь өгсөнд, ийм сайхан ханийг илгээсэнд… Амармаар санагдсан үедээ амарч, ажиллах ёстой үедээ ажиллах боломжийг минь хангаж өгч байгаад… Хамгийн гол нь, чамтай учруулсанд. Хэрэв би чамтай учирч,

дараа нь холдоогүй бол амьдралд гомдоллох хийгээд талархахын ялгааг олж харж чадахгүй байсан байх. Нөгөө л байгаа бүхэндээ сэтгэлдээ хангалуун, дээшээ ахидаг ч үгүй, доошоо урууддаггүй эмэгтэй хэвээрээ л насыг барах байсан биз. Энэ бүхнийг хэлэхийн тулд чамтай дахин уулзахыг хүсдэг байлаа. Дахин уулзуулсан хувь тавиланд маш их талархаж байна. Тэр өдөр чамайг хараад ямар их баярлаж догдолсныг минь чи л лав төсөөлөхгүй дээ. Баярлаж байгаагаа нуух гэсэндээ чамайг аль болох анзаарахгүй байгаа мэт дүр эсгэх гэж хэтэрхий их хичээдэг байлаа. Чамаас асуухыг хүссэн маш олон зүйл надад бий. Гэвч асууж зүрхлэхгүй л явна. Тэр дахиад л чимээгүй болчихов. Асуух эсэхээ бодож байгаа бололтой. -Чи надад үнэхээр хайртай байсан уу? Би түүнийг юу ч асуусан хариулна гэж бодож байсан ч шууд ингэж асууна гэж төсөөлсөнгүй. Гэнэтийн асуултанд нь тулгамдсандаа хий дэмий л нүд рүү нь ширтээд, хэсэг чимээгүй суулаа. -Тийм ээ. Хайртай. Чиний төсөөлж байгаагаас ч их. -Тийм байх аа. Чамтай хамт өнгөрөөсөн мөч бүхнээ, надад зориулсан үг, үйлдэл бүрийг чинь эргэн санахад чи надад үнэхээр хайртай байсан юм шиг санагддаг. Эргэлзэх юмгүй. Гэвч надад эргэлзэх шалтгаан байсан юм аа. Тийм их хайртай байсан хэрнээ яагаад тэгж

чив чимээгүй алга болж чадсан юм бэ? Дахиад л хүндхэн асуулттай нүүр тулгарлаа. Үнэндээ би ч бас энэ асуултыг түүнээс асуухсан гэж маш их хүсдэг. -Мэдэхгүй ээ. Очихсон гэж маш их хүссэн. Гэвч намайг гэх сэтгэлгүй болсон хүн дээр эргэж очоод ямар хэрэгтэй гэж? -Сонин юм шүү. Бид яг адилхан зүйлийг мэдэрч, яг адилхан төөрөгдөлд орж байжээ. Асууж ч амжаагүй байхад минь тэр өөрөө л хариулчихлаа. Харин би түүнд хүсч байсан хариултыг нь өгч чадсан болов уу. “Одоо юу гэж асуух бол…” гэж хүлээсэн боловч тэр дахиж юу ч асуусангүй. Бас юу ч нэмж ярьсангүй. Чимээгүй суугаад, тэнгэрийн хаяа руу ширтээд, гартаа чанга гэгч нь атгасан шар айрагнаасаа хааяахан нэг балгаж, гүд хийтэл залгина. Ярьсан бүхнийг нь тунгаан бодоход улирч одсон цаг хугацаа, биднийг холдуулсан хувь тавиланд гоморхож бачуурмаар санагдана. Бачуурал минь нулимс болж хоолой дээр зангираад юу юугүй л аньсага давж урсчих гээд байв. Нулимсаа дотогш залгихын тулд шар айрагнаас томхон балгаад гүд хийтэл залгилаа. Шар айргаа залгисан ч хоолой дээр тээглээд байгаа зүйлийг хамтад нь залгиж чадсангүй. Амьсгаа ч авах завдал өгөлгүй, угсруулан залгилсаар шар айрагны лаазаа хоослов. Хоосон лаазаа шамшийтал нь базаад, холоо гэгч нь шидчихлээ. Маш олон зүйлийг яг

ингэж шамшийтал нь базаад, гар хүрэхгүй алсад шидэхийг хүсдэг. Одоо ч тэгж хүсч байна. Бие, сэтгэлийг минь торлож хүлчихээд байж суухын аргагүй тарчилгаж буй бачуурлаас өөрийгөө чөлөөлчих санаатай хэрэндээ л хичээлээ. Хэлэхсэн гэсэн бүхнээ хэлж, хийхсэн гэснээ хийхгүй бол энэ бүхнийг дотроо хадгалаад байж чадахгүй бололтой. Хадгалаад байвал би нэг л өдөр тэсэрчихэж мэднэ. Бүгдийг нь ил гаргахаар шийдэж, Минжин рүү зориглон ширтлээ. Тэр тэнгэрийн хаяа руу ширтэж байгаа дүр эсгээд уйлж байгаа мэт харагдав. Өөдөөс нь харан бохирч суугаад нүд рүү нь ширтлээ. Нүдэнд нь нулимс дүүрэн мэлтэлзэх ч миний л нэгэн адилаар асгаруулчихгүйг хичээж суугаа аж. Нүд рүү минь ширтээд, инээмсэглэж байна. Энэ нүдэнд, энэ инээмсэглэлд би хэчнээн хайртай билээ. Юу ч бодож амжсангүй, хүзүүгээр нь тэврээд уруулыг нь зөөлөн

шимж үнслээ. Эхний хэдэн секунд тэр уруулаа огт хөдөлгөсөнгүй. Төдөлгүй тэр ч бас хариу үнсэж, суган доогуур минь гараа шургуулан тэврэв. Он жилийн тэртээд гээгдэж хоцорсон дурсамж, танил мэдрэмж дахин амиллаа. Дэндүү хайртай түүнийхээ уруулын амтанд мансууранхан үнсэж байсан минь саяхан мэт. Бид биесээсээ алсад хоёр жил гаруй хугацааг туулсан гэдэг худлаа байх аа. Өглөө нь үнсэж гараад, өдөржин энэ уруулыг санаж, үдэш нь ажлаасаа ирмэгцээ л шунан дурлаж, үнсэн таалж буй мэт. Уруулынх нь амт, үснийх нь үнэр, арьсных нь зөөлөн, тэврэлтийнх нь халуун яг л хэвээрээ байна. Юу ч өөрчлөгдсөнгүй. Түүнийгээ үнсэхээр нүдээ аниад, нээхийн төдий л хугацаа өнгөрсөн мэт. Тэр минь хэзээ ч миний дэргэдээс холдоогүй мэт. Тийм халуухан жаргалд шөнөжин умбав. Харах бүртээ инээмсэглэж, хайр ундарч, үнсэх хүсэл төрнө. Үнсэх тусмаа улам ихээр

хүсэмжилж, энхрийлэн таална. Яг ингээд л бид он цагийг хамтдаа туулсаар өнөөдөрт хүрч ирсэн мэт. Яг ингээд л бид он цагийг хамтдаа элээх мэт. -Яг ингээд л цаг хугацаа зогсчихдог ч болоосой гэж тэр минь аяархан шивнэв. “Миний хувьд аль хэдийнэ цаг хугацаа зогсчихоод байна аа” гэж би харин сэтгэл дотроо шивнэлээ. -Цаг хугацаа зогсчихвол чи энд надтай үүрд үлдэхэд бэлэн үү? гэж би түүнээс асуув. -Үлдэхсэн. Цаг хугацааны хаа нэгтээ чамтай хамт гацчихаад нэгэн насны амьдралаа элээхийг би үргэлж л хүсдэг байсан шүү… гэж тэр дуулдах төдий хэлэв. “Байсан шүү…” энэ үг яасан гунигтай сонсогдоно вэ. Энэ үг сэтгэлийг минь тон хийтэл тогшоод, сайхан зүүднээс минь

гуд татаад сэрээчихлээ. Тэр биеэ хурааж, энгэрт минь наалдаад, зөөлөн санаа алдаж байна. Тэврэх бие, амьсгалах чимээ, хэлэх үгс нь бодитоос бодит авч чамайг эзэрхийлэн өмчлөх минь оргүй хоосон зүүд төдий юм. Маргааш бид гэртээ харина. Сэрэмгүй сайхан зүүднээсээ харамсангуй сэрнэ. Тэвэрт минь нялхарч эрхэлсэн чи тэврээс минь алдуурна. “Тэр үед сайхан байсан шүү…” гэсэн дурсамж л үлдэнэ. Эсвэл… эсвэл чи минийх. Чи миний бүсгүй хэвээрээ үлдэнэ. Биесээсээ алсад өнгөрүүлсэн хоёр жил ердөө л урьд шөнийн зүүд байсан гэдэг нь нотлогдоно. Бид өглөө нь хоёр тийшээ салж, ажилдаа яваад, үдэш нь гэртээ уулзалдаж буй дахин учралдана. Тэгээд бид хэзээ ч биесээсээ удаан хугацаагаар холдохгүй. Санахын шаналан, мартагдахын зовлонг мэдрэхгүй. Чи бол миний бүсгүй. Минийх л байсан. Үүрд минийх л байх болно. ♠♠♠ Цаг хугацаа хэзээ ч эргэдэггүй. Он цаг хэзээ ч амсхийдэггүй. Бид сайхан дурсамжаа санаж сэтгэлээ бүлээцүүлдэг ч

дурсамжин дундаа амьдардаггүй. Дурсамж бүтээгдсэн он цагтаа л үлдэж, харин бид хувь тавилангийнхаа жимийг даган урагш гэлдэрдэг. Өдөр бүр, хором тутамд хүсэн тэмүүлсэн амтат мөрөөдөл минь гэнэт амилж, салж хагацамгүй зүүд шиг жаргалыг хэсэгхэн зуур л мэдрэв. Харин одоо зүүднээсээ сэрэх цаг болжээ. Хажуухнаас минь ширтэж, зөөлөн инээмсэглээд л, гараас минь атгаж зөөлөн илээд л, мөрөнд минь хацраа нааж эрхлээд л, харцнаасаа хайр цацрааж гэрэлтээд байсан тэр минь хотод орж ирмэгцээ л зэрэглээ мэт замхарчихав. Хашааныхаа хаалгаар ормогцоо л нуруугаа цэхэлж, биеэ цэгнээд, хэзээний захирал зангаараа хахирган өнгөөр зааж тушаагаад эхлэх нь тэр. Ачаагаа буулгаж, бүгдийг цэгцэлж дуусмагц тэр: -Наба… Долгормаа эгч хоол хийчихлээ гэж байна. Хамт хооллоё гэчихээд өөрөө түрүүлээд орчихлоо. Сайхан зүүдэндээ дэндүү итгэчихсэн би л харин жолоочийн дүрдээ эргэн орох гэж багагүй тэвдэв. Гал тогооны өрөөнд орвол Ононбатаас бусад нь бүгд ширээ тойроод суучихсан байлаа. Наргил намайг хармагцаа гараа өргөж, хөөрхөн хуруунуудаа годогнуулан мэндчилэв. Би ч тэрхүү өхөөрдөм мэндчилгээнийх нь хариуд дуугүйхэн л инээмсэглэв. Мөнөөх бяцхан ноёнтон ээжийнхээ

өвөр дээр гараад суучихсан, хайр дүүрэн нүдээр ширтэж, жижигхэн булцгар гараараа хацрыг нь илэн инээмсэглэх аж. Минжин хүүхдүүдээ ээлжлэн ширтэж, өхөөрдөж үнсээд л… ер бусын жаргалтай харагдаж байлаа. Хооллож дуусмагц тэр хэн нэгэн рүү залгаад: -Наранбаярын цалинг бодоод явуулаач. Яг одоо… гэж хэлээд утсаа таслав. Цалинг минь өгөөд “Үүрд баяртай” гэх гэж байгаа мэт хачин жигтэй мэдрэмж. Хоолны дараах амттанаа идэж дуусаагүй байтал Минжингийн утас дуугарав. Миний цалинг бодчихсон бололтой. Минжин утсаар ярьж дуусмагцаа над руу эгцлэн ширтээд -Дансны дугаар чинь хэд билээ? гэж асуув. Хариулаад нэг их удаагүй байтал гар утасны хонх жингэнэж, орлогын мэдээлэл ирж буйг мэдэгдлээ. -Цалинг чинь шилжүүлчихлээ. Бид нөгөөдөр зуслан руугаа явна. -Би хүргэж өгөх үү? -Тэгэх хэрэггүй ээ. Чи одоо амарч болно. Амттанаа

идэж дуусаад тавгаа хураах гэж байтал Наргил гүйж ирээд: -Би авчихъя гэв. Тэр ширээн дээрх аяга тавгыг хураан угаах зууртаа -Агаа… гэж часхийсэн дуугаар гэнэт дуудлаа. Дахиад л танил дотно мэдрэмж. -Айн? -Та их ядарсан уу? -Айн? -Их ядарсан уу? Ээж та хоёр олон хоног явлаа шүү дээ. Хол замд жолоо бариад ядарсан биз дээ? -Аан, гайгүй ээ. -Ээж ээ, агаа өнөөдрөөс амарч байгаа юм уу? -Тийм ээ. Олон хоног замд яваад ядарсан байх гээд амрааж байгаа юм. -Агаа бидэнтэй хамт зуслан дээр очиж амардаг бол гоё тэ? -Яалаа гэж дээ. Агаа чинь гэртээ, өөрийнхөө гэр бүлтэй хамт амарна. Гэрээ, гэр бүлээ санасан байгаа шүү дээ. Энэ үгээрээ тэр намайг энэ гэр бүлийн хүн биш гэдгийг маш тодорхой санууллаа. Тийм ээ, би ердөө л оройн зоогонд уригдсан зочин төдий. Тэр намайг хоол идэхийг урьсан. Бид хооллож дууссан. Тэр намайг жолоочийн ажилд авсан. Би ажлаа хийгээд, цалингаа авчихсан. Одоо явах цаг болсон бололтой. -За би ингээд явъя даа гэж урам муутайхан дуугарвал Минжин над руу сүрхий харснаа “явж болно” гэх мэт толгойгоо хөнгөн дохив. -Баяртай гэж хэлээд түүн рүү болон Наргил, бяцхан ноёнтон, дараа нь үйлчлэгч, асрагч, тогооч эгч рүү хүртэл нэгбүрчлэн толгой дохин

салах ёс гүйцэтгэв. Юунд ч юм бэ, ер бусаар хорогдох хэрнээ явах ёстой гэдгээ маш сайн мэдэж байсан учир өөрийгөө хүчлээд хаалга руу зүглэлээ. Үүдэнд очоод хаалгаа зөөлөн түлхэх мөчид -Зуслангаас ирээд холбогдъё гэх танил дуу гарав. Үүрд хагацах гэж байгаа мэт давчдаж бачуураад байсан сэтгэлийг минь айдсаас чөлөөлсөнд баярлалаа. Эргэж харан инээмсэглээд: -За тэгээрэй гэвэл -Зуслан руу хүргүүлэхээр бол хэлнэ ээ гэх нь тэр. Хэдхэн километрийн цаана л сэтгэлийг минь дүүрэн шаргал наран гэрэлтэн гийгүүлж байсан. Энэ хашааны үүдээр ормогц л хаанаас ч юм бэ, бөөн хар үүл нүүж ирээд бүрхчихсэн. Минжингийн хэлсэн сүүлийн хоёр өгүүлбэр харин сэтгэлд минь зөөлөн салхи сэвэлзүүлж, өнөөх хар үүлийг багахан ч болов

сарниулав. Даахын аргагүй хүнд бодлоо хаалганы цаана орхиод энэ гэрээс би гарлаа. Халуун хайр, хөнгөн догдлолоо тээсээр энд би ирсэн. Халуун хайр, хөнгөн догдлолоо тээсээр эндээс би буцаж байна. Халуун хайр, хөнгөн догдлолоо тээсээр л эргэж ирнэ.

үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *