Home Өгүүллэг “ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “3-р хэсэг”

“ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “3-р хэсэг”

13 second read
0
0
1,432

Аялалд гараад арван зургаа хонолоо. Бид өмнөх шигээ ойртож дотноссонгүй. 24 цагийн турш хамт байгаа учир өмнөхөөсөө олон удаа үг сольдог болсон хийгээд Минжин хааяахан тун санамсаргүй

байдлаар гараас минь атгах юм уу, биеийг минь шүргэхээс өөр ахиж дэвшсэн зүйл ч гарсангүй. Хээрээр гэр, хэцээр дэр хийхээс бага зэрэг залхсан уу, эсвэл тав тухтай тансаг амьдралаа санагалзсан ч юм уу,

тэр гэв гэнэт л амралтын газарт байрлах шийдвэр гаргасан юм. Ой моддын дунд орших дээд зэрэглэлийн жуулчны баазад ирээд бид гурав хонож байна. Хооллохоос бусад үед тэр өрөөнөөсөө барагтай л

бол гарч ирэхгүй. “Надтай хамт байх ч уйтгартай шүү. Би амарч зугаалах бус ажил хэргийн зорилгоор энэ аялалд гарсан учир дийлэнх цагийг ажилдаа л зориулна. Өөрийгөө зугаацуулах зүйлээ олж аваад,

хүссэнээрээ байгаарай. Амралтын газарт ирснийх охид бүсгүйчүүдтэй уулзаж, уйдахгүй байх аргаа олоорой” гэж хэлснийг нь би энгийн нэгэн хошигнол гэж хүлээж авах уу, аль эсвэл нөхөрсөг зөвлөгөө гэж

ойлгох уу гэдгээ мэдэхгүй байлаа. Тэр хэлснээрээ ихэнх цагийг ажилдаа зориулж, намайг үл тоомсорлосон хэвээр. Ганцаардаж гиюүрсэн надад зурагт болоод гар утаснаас өөр нөхөрлөх зүйл олдсонгүй. Үдшийн цагаар хааяахан ойн чөлөө рүү очиж, жаргаж буй нарыг ширтэн, сэтгэл доторх Минжинтэйгээ чин сэтгэлийн халуун яриа өрнүүлнэ. Өнөөдөр харин өрөөнөөсөө цухуйдаггүй их зантай хатагтайгаа уул руу алхах бяцхан аялалд уруу татахаар шийдлээ. Дурсамжийг нь сэргээж, сэтгэлийнх нь нандин утсыг хөндөхийн тулд түүнтэй танил дотно байсан үедээ өмсөх дуртай байсан юүдэнтэй хар цамц, бариу өмд, хөнгөн кетээ гаргаж өмсөв. Хаалгыг нь зөөлөн тогших агшинд зүрх минь эгээ л түүнийг анх харсан мөчийнх шигээ хүчтэй цохилж, цээжийг минь тийрэн дэвхцэж байлаа. Нэлээд болгоомжлонгуй гурван удаа, дараа нь жаахан чанга, хэсэг хүлээзнээд нэлээд чанга тогшсон боловч тэр хариу дуугарсангүй. Дахин

тогшихоор гар сунгасан боловч “Унтаж байгаа байх нь” гэж өөртөө хэлээд, урам муутайхан эргэж алхлаа. Үдшийн зугаалгаас эргэж ирээд, оройн хоол хамт идэхээр хаалгыг нь тогшсон боловч тэр бас л хариулсангүй. Өрөө лүүгээ алхаж яваад Жуулчны баазын зохион байгуулагч бүсгүйтэй таарав. Тэрбээр толгой дохиод зөрөх гэснээ гараас минь зөөлөн татаад: -Ингэхэд танай захирал зүгээр үү? Өнөөдөр огт харагдсангүй гэж чухалчлан асуулаа. -Би бас өнөөдөр таарсангүй. Хоолоо идсэн үү? -Үгүй. -Өчигдөр ажил ихтэй байна гээд өрөөндөө хооллоод байсан болохоор нь би… Ингэж хэлэхтэй хамт “Минжинд ямар нэгэн зүйл тохиолдсон юм биш биз? Өчигдрөөс хойш бид үнэхээр тааралдаагүй юм байна шүү дээ” гэсэн бодол толгойд харвах нь тэр. Ухасхийгээд эргэж, Минжингийн өрөөний хаалгыг хэд хэдэн удаа угсруулан нүдлээ. Хажуугийн өрөөний бүсгүй хэрэгт дурлав уу гэлтэй, үүдээрээ шагайж харснаа: -Наад дуу чимээгээ… хүүхдүүд унтаж байна гэчихээд ширэв татан хаалгаа тасхийтэл хаав. Зохион байгуулагч бүсгүй араас минь гүйцэж ирээд: -Уучлаарай, та арай л хүчтэй нүдээд байна гэснээ өөрөө тун зөөлхөн хэдэнтээ тогшиж, хариу хүлээн хэсэг зогсов. Тэгснээ гар утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгаад: -28 тоотын

түлхүүрийг аваад ирээч гэж хэлэв. “Ямар нэгэн зүйл тохиолдож дээ” гэсэн бодол тархи тоншиход би байж ядан дороо холхиж эхэлснээ өөрөө ч анзаарсангүй. Жижүүр залуу түлхүүр авчирч өгөх хүртэл “Нөгөө хүн чинь ирж байна уу?” гэж зохион байгуулагч бүсгүйгээс хэдэн ч удаа давтан асуусан юм бүү мэд. Зүс таних болсон жижүүр залуу аахилан гүйсээр түлхүүр авчирч өгөхөд булаах нь холгүй шүүрч аваад, цоожны нүхэнд шургуулаад эргүүлэх гэсэн боловч болсонгүй. Хүчтэй түлхээд, дахин эргүүлсэн ч хэт сандарснаасаа болоод ч юм уу, онгойлгож чадахгүй байлаа. Онгойлгож чадахгүй байгаадаа бачууран аман дотроо хараалын үгс бувтагнаж эхлэхийг минь анзаарсан зохион байгуулагч бүсгүй намайг зөөлөн түлхэж холдуулаад, түлхүүрийг ганцхан эргүүлээд л онгойлгочихов. Гүйгээд ортол Минжин хөнжлөө толгой дээгүүрээ битүү нөмөрчихсөн, нам унтаж байх нь тэр. Царайг нь олж хараагүй боловч өрөөндөө бүрэн бүтэн байж байгаад нь багахан ч болов санаа амарч, нэг сайхан гүнзгий амьсгаа аваад, орных нь булан дээр очиж суув. Зохион байгуулагч, жижүүр хоёр зайдуухан зогсоод, харцаараа ямар нэгэн зүйл асууж байгааг сая л анзаарлаа. Хөнжлөөс зөөлөн татаж: -Минжээн… унтаж

байгаа юм уу? Хоолоо идсэн үү? гэж асуувал тэр хөнжил дотроо зөөлөн хөрвөөгөөд: -Наба… гэж аяархан дуудах нь сонсогдлоо. -Айн? Яасан бэ? би энд байна гэсээр ойртож очоод, хөнжлийг нь таттал тэр усан хулгана болтлоо хөлөрчихсөн хэвтэж байх нь тэр. ♠♠♠ Минжингийн хоолой үрэвссэнээс өндөр хэмээр халуурчээ. Баазын эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлж аваад өрөөн дотор бид хоёулхнаа үлдэв. Халуун нь бууж, өндийж суухтайгаа болмогц нь битүү шөл халбагадаж өгөх зууртаа: -Яагаад биеэ боддоггүй юм бэ? Өвдсөн юм бол намайг дуудаж болно оо доо. Өрөөн дотроо хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд хэвтээд байхаар чинь хэн чамайг өвдсөн гэж мэдэх юм бэ? Ийм байдалтай олон хоносон бол яана… гээд л өөрийн мэдэлгүй үглэж эхлэв. Минжин халуун шөл оочлох зууртаа нүдээ бүлтэлзүүлэн хэдэнтээ анивчсанаа: -Үглээ хэвээрээ л байх шив… гэж тээршаасан

маягтай хэлээд хоолойгоо засан хэдэнтээ бөгшүүлэв. -Чамд л санаа зовоод… Хоолой чинь сөөчихсөн байна. Ярих гэж хичээгээд яах вэ. Шөлөө уучихаад сайхан унтаж амар. -За Түүнийг ийм дуулгавартай байхыг би хэзээ ч харж байгаагүй учир бага зэрэг балмагдсан ч үгэндээ оруулж чадсандаа сэтгэл өегшиж, хучлагыг нь засч өгөн хэвтүүлэв. Аяга таваг хурааж, эмчийн бичиж өгсөн эмийг хэд, хэдэн цагт уулгахыг тооцоолж, цаасан дээр нь тэмдэглээд: -Би өнөө шөнө чамайг сахиж хононо оо гэж өөртөө тун ч итгэлтэй дуугарлаа. Минжин чимээгүйхэн толгой дохиод, хачин дотно инээмсэглэлээрээ намайг шагнав. Шөнө дунд тэр дахин өндөр халуурсан ч эмчийн өгсөн эм болон бүлээн жингийн тусламжтайгаар халууныг нь богино хугацаанд буулгаж чадсандаа сэтгэл тайвширав. Үүрээр тэр минь эв эрүүл болчихсон мэт бие нь тавираад, амгалан нойрсож буйг харах сэтгэлд таатай мэдрэмж төрүүлж байлаа. Амар амгалан… чамайг өвдөх зовлонгүй, шаналах асуудалгүй амар амгалан байгааг харж, дэргэд минь буйг мэдэрнэ гэдэг юутай их амар амгалан бэ. Урсаж одсон он цагийг нэхэн санахуйяа би ер нь чинийхээ унтаж байгааг бараг л харж байгаагүй юм байна. Чи л үргэлж надаас түрүүлээд

сэрчихсэн байдаг сан. Нүд юм уу, уруул дээр минь зөөлөн үнсэж болгоомжлонгуй дуудахад чинь нойроо харамласандаа дийлэнхдээ муухай аашилдаг байсан сан. Чи хэсэг чимээгүй хүлээгээд биед минь зөөлөн хүрч, дахин дуудна. Сэрүүлэг хэдэн минутын өмнө дуугарсныг, ажилдаа явах цаг болж буйг сануулна. Би нойроо харамлаж, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх авч хөнжил доогуураа гараа сунгаж, түүнийхээ гарыг олж зөөлөн атгаад, өөр лүүгээ татдаг сан. Тэр дэргэдүүр минь хажуулдан хэвтэж, намайг тэврээд дахиад л хэсэг хүлээнэ. Тэгснээ үс болоод хацрыг минь зөөлөн илж “одоо босохгүй бол ажлаасаа хоцрох нь ээ” гэж зөөлөн шивнэнэ. Цаг хэд болж буйг асуухад гэрээсээ гардаг цагаас минь тавхан минут дутуу эсвэл таван минут хэтэрсэн байдаг сан. Би огло үсрэн босоод, хам хум хувцаслана. Нүүр гар, шүдээ угаах зуурт минь тэр өглөөний зууш, уух дуртай цайг минь ширээн дээр гаргаж тавина. Хэчнээн яарч байсан ч хоолоо заавал идэж дуусгадаг зуршлыг үг дуу цөөтэй аавын хатуу зан,

санасандаа хүрэх хүртлээ үглэчихдэг ээжийн ааш хоёр надад бат нот хэвшүүлсэн юм. Тиймээс би хэчнээн яарч байсан ч нүүр, гар, шүдээ хичээнгүйлэн угааж, бэлтгэсэн хоол цайг идчихээд л гэрээсээ гардаг. Тэр намайг хаалган дээрээсээ гаргаж өгнө. Гармагцаа би эргэж хараад хаалганы завсраар түүнийхээ уруул дээр зөөлөн үнсэнэ. Тэр минь “Гэрээрээ дайрах юм уу” гэж асууна. Би “амжихгүй нь ээ” гэж хэлээд цааш эргэнэ. Яаран алхах боловч шатаар буухын өмнө эргэж хараад, түүн рүүгээ ирмэнэ. Тэр өөдөөс минь зөөлөн инээмсэглээд, гараа даллана. Ажлаа хүлээж аваад, ширээнийхээ ард тухлан сууж, амьсгаагаа дарах мөчид түүнээс минь зурвас ирнэ. “Хоцорсон уу” гэсэн байдаг сан. Би хоцорсон ч, даргадаа загнуулсан ч “үгүй” гэж худлаа хэлдэг сэн. “Хоол ундаа заавал идээрэй. Битгий даараарай” гэсэн зурвасаар бидний харилцаа хэсэгхэн зуур завсарлана. Түүнтэй хамт бүтээсэн дурсамж бүхэн минь ийм гэгээн. Хааяахан ам зөрөлдөж, хоёулаа зөрүүд учир бууж өгөхгүй гэж хэдэн өдрөөр биестээ тунина. Заримдаа бүтэн өдөржин хэрэлдэнэ. Ам зөрж байсан ч дэргэдээс нь холдмооргүй санагдсан сан. Тэгж л бид жаргаж хэрэлддэг байлаа. Тэр бүхний дараа сэтгэл уярам эвлэрэл болно. Угтан ирэх өдөр хоногуудыг

түүнгүйгээр төсөөлж чадахгүйгээ мэдрэхэд нүдэнд минь нулимс дүүрч, хоолой өөрийн эрхгүй зангирдаг байлаа. Тэгээд “Чи бол миний бүсгүй” гэж хэлээд гараас нь атгахад тэр энгэрт минь наалдан чангаар тэвэрч, үгээрээ бус үйлдлээрээ хайраа илэрхийлдэг сэн. Ийнхүү дурсамжаа хөвөрдөн, түүнийгээ ширтэж суусаар нар мандсаныг ч анзаарсангүй. Хэн нэгэн хаалга тогших чимээнээр сэрүүн зүүднээсээ сэрж, суудлаасаа өндийв. Гараа алдлан суниаж, хөшиж чилсэн биеийнхээ алжаалыг тайлаад, хаалга тайлбал зөөгч бүсгүй өглөөний цай барьчихсан зогсож байлаа. Өглөөний цайг Минжингийн орны хажууд байрлуулсан ширээн дээр тавьчихаад, эмийн бичгийг харвал эм уух цаг болжээ. Хөнжлөөс нь зөөлөн татаж: -Эмээ уух цаг болчихож. Өглөөний цайгаа ч уучих гэвэл тэр нойроо харамлаж буй бололтой, буруу хараад хэвтчихэв. Таван минут хүлээгээд “Эмийг нь заавал цагт нь уулгаарай” гэсэн эмчийн үгийг санаж, түүнийг дахин дуудлаа.

Минжин хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөв. Дэргэд нь очиж суугаад хөнжлөөс нь зөөлөн татаж: -Ядаж эмээ уучих аа. Эргээд унтаж болно шүү дээ гэвэл -Өө чи ямар ядаргаатай юм бэ? Би унтмаар байна шүү дээ хэмээн ундууцав. Хөнжлийг нь татсан боловч тэр дотроос нь тас зуурчихаад тавихгүй байгаа бололтой. Урам хугараад -Заза өөрөө л мэдэхгүй юү. Би өглөөний цайгаа ганцаараа уулаа шүү гээд өндийтөл тэр гараас минь зөөлөн атгаад: -Би энэ цамцыг таньж байна гэх нь тэр. Тэр өдөр бид сэтгэлийнхээ гүнд нууцлан түгжсэн дурсамжуудаа гав гинжнээс нь чөлөөлж, хайр цалгиж, зүрх догдлуулсан тэр л өдрүүддээ эргэж очсон юм. Хамтран бүтээсэн дурсамжууд минь хэчнээн гэгээн байсан тухай, тэр мөчүүдийг эргэн санах бүртээ зүрх бүлээцдэг тухай, дахин уулзахыг ямар их хүсдэг байснаа гээд л чин сэтгэлдээ тээж явсан бүхнээ уудлан ярилцав. Хоёр биенээсээ хэрхэн хөндийрсөн хийгээд холдсоноосоо хойш юу бодож, юу хийж явснаа ч ярив. Харин тэр нөхөртэйгөө хэрхэн дотносож, нэг гэрт орсон тухайгаа л огт ярьсангүй. Магадгүй, үүнээс ч өөр яриагүй зүйлс түүнд нэлээд үлдсэн

мэт санагдсан. Ярих шаардлагагүй болоод л яриагүй биз ээ. Гурав хоногийн дараа Минжингийн хоолой эдгэв. Үүнтэй зэрэгцээд аялал ч өндөрлөх дөхсөн учир бид өрөөгөө хүлээлгэж өгөөд, аян замдаа гарлаа. Бид танил дотно хүмүүс болж чадсан хэдий ч миний хүсэл бүрэн биелсэнгүй. Учир нь, тэр одоо миний эмэгтэй биш. Бие сэтгэл, амь амьдрал өөр нэгэнд бүрэн харьяалагдах учир би түүнийг үнсэхийг, тэврэхийг хором бүрт хүсэмжлэвч энэ бол хэзээ ч биелшгүй өнө холын мөрөөдөл болон хувирчээ. Аав, ээж хоёр минь намайг хүний юманд зөвшөөрөлгүй гар хүрэх, аливаа хэм хэмжээний хил хязгаарыг давахгүй байхад сургасан. Гэвч хүний хүсэл, хайр гэдэг хориглож дийлдэшгүй их хүч юм. Хүнийх гэсэн тэр хил хязгаарыг давж, хууль цаазыг нь зөрчөөд, түүнийгээ ганцхан удаа чангаас чангаар

тэврэхийг, дотночлон үнсэхийг ямар их хүснэ вэ. Хот руу орох замд бид ердөө л хоёрхон удаа хээр хоноглоно. Сэтгэлийг минь эзэмдэгч чамайгаа ганцхан удаа энгэртээ наан тэврээд “Хайртай шүү” гэж хэлэх боломж надад олдох болов уу. үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…