Нүүр Өгүүллэг “ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “2-р хэсэг”

“ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “2-р хэсэг”

26 секунд уншина
0
0
622

Тэр надаас юу ч асуусангүй. Би ч олон зүйл асууж зүрхэлсэнгүй. Дотно бус хүмүүсийн зарчмаар үг дуугүй хооллочихоод, хэлснийх нь дагуу ажил руу нь явахаар машиндаа сууцгаав. Гэрлэн дохион дээр түр

зогсох үед харц минь өөрийн эрхгүй түүн рүү хандана. Анзаарчих вий гэж эмээгээд зоригтой ч ширтэж чадсангүй. Өхөөрдөл төрүүлдэг Алимхан маань нэлээд жин хаяжээ. Суухад нь бага зэрэг цодойж

харагддаг гэдэс, үе нь хонхойж эгдүү хүргэдэг булцгар гар, инээхэд нь үл мэдэг хонхойдог бумбагар хацар… аль алийг нь хайгаад олж харж чадсангүй. Ажил хэрэгч бариу даашинзны цаанаас тодорч товойх төгс

галбир, төгөлдөр хуурын товчлуур дээр бүжих уран цагаан хун мэт цаас шарчигнуулан эргүүлэх савхан хуруунууд, бодолд автан зангирсан өтгөн хар хөмсөг, дээд, доод уруулаа шүргэлцүүлэн имэрдэх

танил бус хөдөлгөөн, намайг хажуудаа байгааг ч умартсан мэт хүйтэн хөндий байдал… аль алинд нь дасах гэж нэлээд шаналах бололтой. Ажил дээрээ очмогцоо тэрбээр хүн бүртэй толгой дохин мэндлээд,

“Гүйцэтгэх захирал Н.Хатансайхан” гэсэн өрөө рүү оров. Махлагдуухан бие, өндөр нуруутай, нүсэрдүүхэн эр биднийг угтан мэндчиллээ. Тэднийг ажил хэргийн яриа өрнүүлэх зуурт гаднаас хүмүүс цувран орж ирсээр тавуулаа болов. Бүсгүй группийнхээ охин компаниудын захирлуудтай тун товчхон хуралдаад, намайг дагуулан гарлаа. Тунамалыг угтан ирэхэд тэрбээр: -Наранбаярыг Амралтын өрөөнд оруулчих гэснээ над руу эргэж хараад: -Би энд нэлээд удаан саатах нь. Чи Амралтын өрөөнд хүлээж бай. Тэнд буйдан, зурагт гээд бүгд байгаа. Үдийн цайны үеэр чамд хоол, цай оруулаад өгчихнө гэв. Ингэж хэлмэгцээ эргэж алхаад, Гүйцэтгэх захирлын хажуугийн өрөө рүү яваад орчихлоо. Хэрэгт дурлан араас нь өнгийж харвал өрөөний хаалган дээр “Ерөнхийлөгч Б.Минжин” гэж товойлгон бичсэн байв. Амралтын өрөөнд мөн л гэгээлэг шар өнгө зонхилох бөгөөд жижиг буйдан, нимгэн зурагт, дугуй ширээ гэсэн гуравхан тавилгаар тав тух хангахуйц орчин бүрдүүлжээ. Би буйдан ирмэгдэн суугаад гар утаснаасаа Минжингийн талаарх мэдээлэл хайж эхлэв. Тэрбээр телевиз, сэтгүүл, хэвлэх үйлдвэр гэсэн бүтэцтэй медиа групп, гадаад хэлний сургалтын төв, бие хамгаалах урлагийн академи, өөрийн бүтээлээр дагнасан уран бүтээлийн нэгдэл гэсэн дөрвөн хэсэгт

хуваагдах группийг нэгтгэн удирддаг аж. Мөн УИХ-ын гишүүн нөхрийнхөө мөрийн хөтөлбөрт багтсан Ахмад настан, өнчин хүүхдүүдийн асрамжийн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа гэнэ. Уг асрамжийн газарт зориулж улсаас байршил сайтай газар гаргаж өгсөн бөгөөд арван давхар барилга барих санхүүжилтийг гадаадын буцалтгүй тусламжаар босгожээ. Түүний нөхрийг Ононбат гэх бөгөөд төр түшилцэх эрхээ өнгөрсөн сонгуулиар олж авсан залуу улстөрч аж. Тэд сонгуулийн дараахнаас хамтран амьдрах болсон ч хуримаа хараахан хийгээгүй байгаа талаар хэвлэлүүд хэд хэдэн удаа онцлон дурьджээ. Тэд Наргил, Мөнх-Учрал хэмээх хүү, охин хоёртой бөгөөд Наргил урлагийн карьериа аль хэдийнэ эхлүүлсэн бол хосууд бага хүүгээ олон нийтийн өмнө гаргахаас өнөө хэр нь татгалзсаар байгаа гэнэ. Ийнхүү тэдний гэр бүлийн талаарх чамлахааргүй мэдээлэл олж авсан ч Минжин нөхөртэйгөө хэзээ хэрхэн танилцаж дотноссон талаар ганц ч өгүүлбэр олж уншиж чадсангүй. ♠♠♠ Минжин маргааш нь гэрийнхээ хүнсийг цуглуулахын хамт манай хөргөгчийг мөн дүүргэж өгөв. Миний оронд өөр хүн байсан ч ийнхүү анхаарал тавьж, амьдрах, ажиллах тав тухыг нь хангаж өгөх нэгэн гэдгийг нь

би сайн мэдэх учир үүнд онцгойлон догдлох хэрэггүй гэдгээ ч мэдэж байлаа. Гэвч юунд дуртай хийгээд дургүйг минь мартаагүй байгааг нь анзаараад өнөө муу зүрх минь цээжин дотроо багтаж ядан бөндчин тонгочиж эхэлсэн билээ. Тэрбээр цуглуулсан хүнсээ хөргөгчин дотор ангилан байрлуулаад -Бид хоёр хоногийн дараа урт хугацааны аялалд гарна. Тиймээс энэ удаа хөнгөн зууш маягийн зүйлс авчихлаа. Аяллаас ирээд хоол хийх зориулалттай зүйлсээр хөргөгчийг чинь дүүргэж өгье. Сар хэрэглэх хүнсээ нэг дор авчихвал мөнгөнд ч хэмнэлттэй байдаг юм. Хоёулаа ажил ихтэй байх учраас дийлэнхдээ гадуур хооллоно. Зарим үед жолооч нар маань манайд оройн хоолоо идчихдэг юм. Амрахаас бусад үед гэртээ хоол хийх шаардлага бараг гарахгүй байх аа. Гэхдээ хөргөгч хэзээ ч хоосон байж болохгүй гэв. Ингэж хэлэхдээ ч мөн шинэхэн ажилтандаа албан ажил тайлбарлаж буй захирал бүсгүйн байр сууриа хадгалсаар байх аж. Энэ л үед би түүнийг таньдаг эсэхдээ бүр эргэлзэж орхино. Хоёр жил гаруйхны хугацаанд орчлон дэлхий, хүн төрөлхтөн, аливаа юмс тодорхой хэмжээгээр хувьсан өөрчлөгдсөнийг би хүлээн зөвшөөрнө. Гэвч хүн ингэтлээ өөрчлөгдөж болдог юм гэж үү? Би түүний хажууд байх эгшин бүртээ танил дотно нэгнээ хайж байв. Хүн жин хаяж болно. Төрөлх зангаа гээмээргүй юм. Гоо сайхны мэс засалд орж, гадаад төрхөө

танигдахын аргагүй болтол нь өөрчилж ч болно. Мөн чанартаа засвар хийж хүчрэмгүй юм. Хоёр жил гэдэг үнэндээ урт хугацаа биш шүү дээ. Урт байлаа ч аливаа дурсамжийг ой санамжаасаа арчиж хаяхад л лав хүрэлцэхүйц хугацаа биш. Тэрхүү гэрэлт өдрүүд өнөө хэр нь миний ой санамжинд амьд сэрүүнээрээ, амь халуунаараа оршин байдаг. Тэдгээр өдрүүдэд бидэнд тохиосон үйл явдлууд сэтгэл дотор минь яг л өнгөт зүүд шиг туналзан жирэлзэж байдаг. Өдөр бүр… хором тутам. Эргэн санахын төдийд тэрхүү цаг хугацаандаа буцаад оччихсон мэт мэдрэмж төрөөд, зүрх минь хүчтэй булгилж, тэр минь их л бодитойгоор өөдөөс минь зөөлөн инээмсэглэдэг. Түүний бие нь надаас холдсон ч тэр нүд өнгөрсөн хугацаанд надаас алхам ч холдоогүй. Алхам тутамд минь дагаж хараад л, харц тулгарах бүртээ ичингүйрэн инээмсэглэсээр байдаг. Тэр нүдтэй ингэж нууцхан ширтэлцэж, сэтгэл дотроо хадгалж явдаг үгсээ хааяахан шивнэн хэлэхдээ би хамгаас жаргалтай байдаг. Урсан одсон хоёр жилийг би түүнтэй л “ярилцаж”, түүнтэй л хамт туулсан юм. Хэрэв тэр дэргэд минь байгаагүйсэн бол… үгүй ээ, ингэж төсөөлөх маш хэцүү. Дэлхий тэнхлэгээ алдаж, би тэндээс хөл алдаад хязгааргүй огторгуй руу нисчих байсан байх. Тэндээ тэгээд үүрд төөрчихөж мэднэ. Тиймээс би түүнийг дэргэд минь

байхгүй байна гэж огт төсөөлдөггүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүүг хүсдэг, хүлээдэг. Тэр л жамаар би тэр төсөөллийнхөө нүднээс даваад эзэнтэй нь уулзан учрахыг хүсэн тэмүүлсээр ирсэн. Уулзах хувь тохиодог л юм бол өчүүхэн үл ойлголцлоос болоод хөндийрч золгүй тавилангийнхаа талаар сөхөн ярьж, учирлан ойлгуулаад харилцаагаа сэргээнэ ээ гэж найдан хүлээдэг байсан. Тэр хүлээлт, тэр итгэлдээ л хөтлөгдөн таван жилийн гэрээгээ цуцлаад эх орондоо эргэж ирсэн юм. Хэрвээ хэн нэгэнтэй уулзахыг чин сэтгэлээсээ хүсвэл хувь тавилан чамайг түүнтэй учруулахын төлөө хичээдэг гэдэг нь үнэн бололтой. Тийм ээ, хувь тавилан, амьдралын тойрог биднийг дахин учруулсан. Харамсалтай нь, бие нь дэргэд ирсэн ч сэтгэл нь надаас аль хэдийнэ алс тэртээд оджээ. Тэр одоо надтай харц тулгараад ичингүйрэн инээмсэглэх нь бүү хэл, над руу эгцэлж ч харахгүй байна. Дийлэнхидээ л бичиг цаас эргүүлж, гар утас юм уу, зөөврийн компьютерийнхоо дэлгэцийг цоо ширтээд хөмсөг зангидан бодолд автана. Ямар нэгэн мэргэн санаа олов уу гэлтэй хааяахан инээмхийлэх ч өнөөх л амин чухал бичиг баримтуудаасаа харц үл салгана. Ямар нэгэн зүйл асуух юм уу, бяцхан даалгавар өгөхдөө над руу эгцэлж харна. Тэр харцнаас ямар ч дотно

байдал, танил мэдрэмж төрөхгүй. Харин би эгшин бүрт түүн рүү тэмүүлэх зүрхээ, танил нэгнээ хайх харцаа захирч дийлэхгүй байна. Урьдын явдлаа ор тас мартчихсан мэт, олон охин компанитай том группийн ерөнхийлөгчийнхөө дүрд хэт орчихсон ажил хэрэгч бүсгүйн дүр эсгээд байхаар нь гөжүүдлээд эрх мэдэл, эд хөрөнгөөрөө аархсан ярвагар захирлын ямбигар жолоочийн дүрд тоглож эхэлмээр санагдана. Гэвч би чадахгүй нь… ♠♠♠ Бүтэн өдөржин дэлгүүр хэсч, хоёр өдрийн турш зогсоо зайгүй бэлтгэсний эцэст бид анхны аялалдаа гарлаа. Аялал 21 хоног үргэлжлэх бөгөөд таван аймгаар орж, хөдөө орон нутгийн ахмадууд болон хүүхдүүдийн амьдралд тандалт судалгаа хийх юм гэнэ. Тэрбээр өдөр нь ямар нэгэн аймаг юм уу, суманд үдэлж, хүмүүстэй уулзаж ярилцах бөгөөд дийлэнхдээ төв суурин газраас холдож, ой мод, үзэсгэлэнт нуурын эрэгт хоноглохоор

төлөвлөжээ. Гэр бүлийн аялалд зориулсан машинтай учир бид амрах үедээ арын өрөөндөө гэртээ байгаа мэт тухалж болох аж. Тэрбээр бие барьсан нарийн мөртэй майк, хэлхгэр тааран өмд, дэлбэгэр цагаан малгай өмссөн нь миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй цоо шинэ төрх байлаа. Хамгийн гол нь, энэ удаа тэр ямар нэгэн бичиг цаас болон зөөврийн компьютер тэвэрсэнгүй. Гар утас, хэтэвч хоёроо гартаа атган орж ирсэн ч голын тавиур дээр тавьчихаад, заншил ёсоороо суудлын бүсээ зүүв. Танил дотно байсан үеийнхээс минь өөрчлөгдсөн бас нэгэн зуршил нь энэ. Тэр үед Минжин суудлын бүсээ хэзээ сануулгагүйгээр зүүдэггүй хэнэггүй нэгэн байсан юм. Харин одоо тэр машинд суунгуутаа л суудлын бүсээ зүүдэг маш зөв зуршилтай болчихож. Замын турш ямар нэгэн ажил хэрэгт анхаарлаа хандуулж, намайг үл тоомсорлохгүй гэдгийг нь мэдсэн учир би энэ завшааныг ашиглаад л хэдэн үг сольчих юм шүү гэж өөртөө сануулаад амжив. Нөгөөтэйгүүр, хоёр жилийн турш тээж явсан үгсээ ч түүнд хэлэх боломж энэ аяллын үеэр олдоно гэдэгт эргэлзэхгүй байлаа. Гэвч түүнтэй хэрхэн яриа өрнүүлэх учраа олохгүй, дүмбийж явсаар хотоос гарлаа. Нүднийхээ булангаар сэм ажиглавал тэрбээр захирал төрхөө өнөө хэр нь хадгалсаар байх аж. Өөрөөр хэлбэл, тэр урьдын л адил

суудал дээрээ цэх суугаад шанаагаа тулан өмнөх замаа анхааралтай ширтэж явна. Юу ч бодож буйг бүү мэд. Надтай ямар нэгэн яриа өрнүүлье гэж огт бодохгүй байгаа бололтой. Хотоос гараад нэг их удаагүй байтал тэрбээр ямагт тун тухгүй харагддаг хоёр өвдгөө салган, биеэ бүхэлд нь урагш түрж, толгойгоороо түшлэгээ налав. Түүний энэ байрлал тун эршүүд авч урьдынхаасаа хэд дахин тухтай харагдаж байлаа. Тэрбээр ийнхүү тав тухаа эзэлснээ нэг их гүнзгий шүүрс алдаад, нэг гараа голын тавиур дээр тавьчихав. Тэр өмнө нь ч бас яг ингэж жолоочийн хажуугийн суудал дээр тав тухаа олж суугаад, гараа яг энд тавьдаг байсан сан. Жолоо барих зууртаа зөөлөн атгаж илэх, өөр лүүгээ татаж үнсэх гэх мэт дуртай үйлдлээ хийхэд минь зориулж л гараа энд тавьдаг гэлтэй. Ер нь тэр хэзээ ч түрүүлж үйлдэл хийдэггүй эмэгтэй л дээ. Үнсэхийг асар ихээр хүсэвч үнсэхгүй. Зүгээр л нүд рүү

минь хараад инээмсэглэнэ. Дараа нь аажмаар уруул руу минь харна. Бас л инээмсэглэнэ. Үнсүүлмээр байсан ч “үнсүүлмээр байна” гэж хэлэхгүй. Нүд рүү минь ширтэж, нүд, хөмсөг, хамар, хацар, уруулыг минь нэгбүрчлэн бүртгэх мэт удаан ширтэж, үнсэхээс өөр аргагүй болтол хайр төрүүлнэ. Тэврэхийг хүссэн ч түрүүлж тэврэхгүй. Харин тэврэхэд хамгийн тохиромжтой байрлалыг олж суугаад тэврэхийг минь тэвчээртэй хүлээнэ. Ингэж тэр өөрөө хийхийг хүссэн үйлдэл бүрээ өрөөлөөр хийлгэх боломжийг бүрдүүлээд, хийлгэж ч чаддаг. Тиймээс ч би түүнийг гараа гар минь хүрэх зайд ил тавихад нь атгуулахыг хүсч байгааг нь мэдэрч, нүд болоод уруул руу минь ширтэн инээмсэглэхэд нь үнсүүлмээр байгааг нь ойлгож, биеийг минь зөөлөн шүргээд ойртон суухад нь тэврэх учиртайг мэддэг болсон юм. Түүний биед хүрэлгүй хоёр жил гаруй хугацааг даван туулжээ. Өмнө

нь түүний биед л хүрэхгүй бол байж сууж чадамгүй санагдаад байдаг сан. Би ийм урт хугацааг яаж туулсан юм бол… бүү мэд. Гэвч түүнтэй хамт байхдаа хийдэг байсан үйлдлүүд минь өнөө хэр нь миний дотор амьд оршсоор байна. Яг тэр л амьд мэдрэмжиндээ хөтлөгдөөд түүний гарыг эгээтэй л атгачихсангүй. Гараа жолооноос хөндийрүүлээд, түүн рүү сунгасан боловч гарт нь хүрч зүрхлэлгүй өвдгөн дээрээ тавьчихав. Тэр үйлдлийг минь огт анзаараагүй боловч би өөрөө үүндээ бантаад, түүнийг нүднийхээ булангаар ч ажиглахаас эмээн, өмнөх замаа цоо ширтэж явлаа. Гэтэл хажуухнаас минь цоо ширтээд, ажиглаад байгаа мэт халуухан мэдрэмж гэнэт төрөх нь тэр. Энэ мэдрэмж үнэн бол надад хэчнээн таатай байхсан билээ. Хяслантай нь, надаас холдож хөндийрсөн, мартаж хонзогносон дүрдээ хэт итгэчихсэн энэ босс бүсгүй намайг хэзээ ч тэгж халуухнаар ширтэхгүй биз ээ. “Итгэж болохгүй шүү” гэж хэдэнтээ сануулсан ч “тэр чамайг ширтээд байна” гэсэн бодол тархин дотор минь байж ядан тонгочоод зүгээр суулгахгүй байлаа. Догдлоод, урам хугарч ханадаггүй өнөө муу зүрхийг минь хүртэл уруу татаад дэгэлзүүлэв. Эгээ л өсвөр насны хөвгүүн шиг догдлолоо барьж ядан суутал “Чи над руу харахгүй юм уу?” гэх танил хоолой сонсогдох нь тэр. “Юу?” гэж уулга алдан хажуу тийш хараад л

түүнтэй харц тулгарчихлаа. Ийм үед түүний л хацар ягаарч ичингүйрээд зөөлөн инээмсэглэдэг сэн. Энэ удаа ичингүйрсэндээ миний хацар халуу дүүгээд явчихав. Харин Минжин огт тоосон шинжгүй, нүд рүү минь цоо ширтэж байгаад -Чи миний хэлсэн үгийг сонсов уу? гэж нэлээд ноцтой лавлан асуух нь тэр. -Юу… юу тэр билээ… би сая юм бодож яваад анзаар…сангүй. -Харин тийм бололтой. Их л чухал зүйл бодож байжээ дээ. -Айн… юу… тийм ч чухал зүйл биш ээ. Чи юу гэсэн юм бол…? үгүй ээ, та гэх ёстой бил үү? -Чи гэхэд болно оо. Би уг нь нэг үгээ давтаж хэлдэггүй л дээ. Гэхдээ энд чамаас өөр ярих хүн байхгүй байгаа учир давтаад хэлчихье. Яг одооноос эхлээд энэ машин дотор ямар ч гишүүний эхнэр, группийн захирал байхгүй шүү. -Айн… -Чи одоо юундаа ингэтлээ сандраад байгаа юм бэ? Яагаад ингэтлээ биеэ бариад байдаг болчихов? Урьдынх шигээ л бай л даа. Ингэж хэлээд тэр мөрөн дээр минь гараа тавьснаа тун дотноор доош гулгуулан илэв. Энэ бол яах аргагүй танил дотно мэдрэмж. Тэр сэтгэл хөдлөлөө яг ингэж илэрхийлдэг байсан юм. Хэрэв бид хоёр жил гаруйн завсарлага аваагүй бол ингэж илснийхээ дараа тэр нүүрээ мөрөнд минь наагаад, зөөлөн инээмсэглэж, гараа доош гулгуулсаар гараас минь атгах байсан. Түүнтэй дахин уулзсанаас хойш анх удаа ийм дотно мэдрэмж мэдэрсэндээ ч тэр үү, эсвэл хэт догдолсондоо түүн

рүү эгцлэн ширтэх зориг оров. Минжин суудал дээрээ хажуулдаж суугаад шал ширтээд зөөлөн инээмсэглэж байна. Мөн байна. Тэр яг ингэж инээмсэглэдэг, ичингүйрдэг, яг ингэж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байсан… Тэрүүхэндээ чимээгүй инээмсэглэж байснаа толгойгоо өргөн нүд рүү минь ширтээд: -Чи бид хоёр ямар танихгүй хүмүүс биш дээ. Урьдынх шигээ л байя. Хэн нэгэн нь тусдаа амьдралтай боллоо гээд бие биендээ хөндийрхөж хатуурхаад яах вэ. Чамайг ингээд биеэ бариад байхаар би бүр яахаа мэдэхээ больчих юм гэв. “Урьдынх шигээ л байя… чи урьдынх шигээ байж чадсан бил үү? Чадах уу?… яг үнэндээ хэн нь биеэ барьж, хоосон дүр эсгэсэн бол доо” гээд хэлчихмээр байсан ч энэ удаа үгээ дотогш залгив. -Чи ямар нэгэн юм хэлэхгүй юм уу? -Урьдынх шигээ… Урьдынх шигээ юү? -Мхнн -Болох байлгүй дээ. -Одоо л нэг юм өөрөөрөө байж болох нь. Одоо хаана ч хэнтэй ч уулзсан хоёулаа зүгээр л зугаалж яваа хоёр шүү. Хотод даанч ийм чөлөөтэй байх боломж байхгүй. Жаахан л чөлөөтэй байчихвал нөгөө гишүүний авгай чинь… нөгөө группийн ерөнхийлөгч чинь… гээд фэйсбүүкээр нэг зураг хөрөгтэй нь тавьж байгаад муулаад эхэлнэ. Хэцүү шүү дээ. -Од байх ч хэцүү байх аа. Мань мэт нь яаж мэдэх вэ дээ. -Од нь ч юу юм бэ. -Гэхдээ үүнийг чи өөрөө л

сонгосон биз дээ? Гэнэт сонгочихсоноос хойш одоо хэцүү гээд яах вэ дээ, тийм ээ? -Би өөрөө ч сонгоогүй л дээ. Хувь тавилан л намайг ийм сонголт руу хөтөлчихсөн… -Чи ийм амьдрал сонгохгүй байсан гэж үү? -Би огт өөр амьдралыг сонгох байлаа… -Ямар? -Чи мэднэ шүү дээ. -Дэргэд нь байхдаа л амар амгаланг мэдэрч чадах нэгэнтэйгээ хамт эгэл даруухан амьдралаа өөрсдөө босгоод л… эгэл даруухан амьдрах уу? -Үгүй ээ… -Тэгвэл би мэдэхгүй юм байна. Хамгийн энгийн мөрөөдөл чинь хүртэл өөрчлөгдчихсөн гэж бодсонгүй. -Би хэн нэгний дэргэд байхдаа амар амгаланг мэдэрч болох ч бусад хүмүүс тэр амар амгаланг заавал эвддэг юм билээ. Тэгэхээр нь бид хүсч байсан тэр амар амгалан минь энэ биш юм байна гээд өөр газраас хайгаад, төөрөөд явчихдаг. Гэтэл хажууд нь амар амгалан аж төрж чадахгүй ч түүнгүйгээр ч бас амар амгалан байж чаддаггүй. Чамайг л байхгүй бол Би үхнэ гэж боддог Цээжээ ганцаардлын цогоор хучаад Шатна гэж боддог Орхиод явбал чинь гомдож Орчлонгоор дүүрэн хашгирна гэж боддог Өөрт чинь сонсгоно гэж боддог Ахиад хэзээ ч уулзахгүй гэж боддог Тэнгэрийн гүн рүү ниснэ гэж боддог Тэндээ үүрд нуугдана гэж боддог Нэрээр минь дуудан хашгирахад чинь Уйлахад чинь хүртэл Гарч ирэхгүй гэж боддог Гомдоно гэж боддог Хатуурхана гэж боддог

Чамайг л байхгүй бол Би үхнэ гэж боддог… Дэргэд нь байхдаа хүн хэзээ ч ингэж боддоггүй юм билээ. Харин явчихаар нь яг ингэж боддог. Хамаг амар амгалангаа эвдүүлээд, түүнгүйгээр аж төрж чадахгүй мэт давчдаад байдаг. Хэрүүлтэй, маргаантай, зөрчилдөөнтэй хэрнээ түүний дэргэд ямар амар амгалан аж төрж байснаа мэдэрдэг, ухаардаг. Тийм л хүнтэйгээ жаргаж инээж, жаргаж уйлаад, жаргаж хэрэлдээд сууж байх л ямар ч эд хөрөнгө, эрх мэдэл, нэр төртэй харьцуулшгүй амар амгалан аз жаргал юм билээ. Сэтгэлийн амар амгаланг тээж явдаг хүн гэж тусдаа байдаг юм билээ. -Нөхөр чинь тийм хүн чинь биш юм уу? -Би түүний дэргэд зүгээр л аюулгүй, амар амгаланг мэдэрдэг юм. Хүүхдүүд маань ч мөн адил. Би түүнгүйгээр ч амар амгалан аж төрж чадна. Дэргэд нь байхдаа амар амгаланг мэдэрдэг хэрнээ дэргэдээс минь явчихаар амар амгалан минь эвдэгдэхгүй. Шулуухандаа бол тэр миний сэтгэлийн амар амгаланг тээгч нэгэн биш ээ. -Зөзө… Гаднаа ийнхүү үл тоомсорлож байгаа мэт дүр эсгэсэн ч дотроо бол “Сэтгэлийн амар амгаланг нь тээгч тэр нэгэн нь би юм биш биз” гэсэн нууцхан горьдлого тээж л явлаа. -Харин чамд… хувь тавилан ямар сонголт өгөв? -Надад… надад уу? Гадаад явна гэснээрээ явах л сонголт өгсөн дөө. -Таван жил явна гэж байсан биз дээ? Яагаад эргээд ирэв? -Эргэх ирэх сонголтыг бол харин би өөрөө

хийсэн шүү… “Сонголт…” энэ үгнээс үүдсэн урт бодол хөврөв. Би түүнтэй анх учрахдаа л таван жил гадаадад ажиллахаар төлөвлөчихсөн, бэлтгэлээ базаачихсан байсан. Түүнтэй учирч дотноссоноороо энэ төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрсэн юм. Тэр харин нөхрөөсөө салаад гурван жил болж байгаа ганц бие ээж байлаа. Надтай учирсанаараа тэр ч бас “Охиноо 16 нас хүртэл амьдрал зохиохгүй” гэсэн төлөвлөгөөнөөсөө ухарсан юм. Бид анхны харцаар дурлалцаж, маш богино хугацаанд дотносож, нэг л мэдэх нь ээ, хамтын амьдралынхаа төлөвлөгөөг гаргачихсан байсан. Өсвөр наснаасаа л хар бор ажилд нухлагдсан, дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшиж чадаагүй хүү нь гадаад явж, амьдралаа дээшлүүлээд ирэх төлөвлөгөөнөөсөө гэнэт татгалзсан нь аав, ээж хоёрт минь огт таалагдаагүй. Ээж минь санасандаа заавал хүрч байж

санаа нь амардаг хүн л дээ. Тэр л зангаараа “Энэ хүүхнээс л холдуулчихвал хүү минь гадаад явна, их мөнгөтэй болж ирээд, амьдралаа босгоно” гэж бат итгээд, Минжинтэй уулзахаар шийдсэн байгаа юм. Уулзмагцаа “Миний хүү чамд тохирохгүй. Эр хүн сэтгэл хөдлөлдөө автаад хэсэг зуур зугаацаа л биз. Чи амьдрал зохиож үзсэн хүн байна, ойлгоно. Хүү маань гадаад руу зөвхөн ажил хийх гэж явж байгаа юм биш ээ. Тэнд эхнэр нь байгаа юм. Өөр шигээ нэгэн эмэгтэйн нулимсан дээр амьдрал босгоод яах вэ дээ, охин минь” гээд хэлчихэж. Ээжийн хэлсэн тэр эхнэр нь намайг гадаадад ажиллуулахын тулд урилга явуулахаар хөөцөлдөж байсан Уянга хэмээх бүсгүй л дээ. Үеэл ахтай минь ханилж, хоёр хүүхэдтэй болоод салсан ч манайхантай тун дотно байдаг, хэрэгтэй үед тусалж дэмждэг, өрөөлийн ажлыг өөрийн мэт санаж бүтээхийн төлөө зүтгэдэг сайхан сэтгэлтэй нэгэн. Урилга

хүлээж авах, виз хөөцөлдөх ажлаар Уянгатай байнга холбогдож, долоо хоног бүр шахам л илгээмж хүлээн авдаг ч ямар учир холбоотой хүмүүс болохоо Минжинд тайлбарлаж хэлээгүй минь алдаа болсон юм. Нэг л өдөр “Би өөр хүнтэй болсон. Дахиж чамтай уулзмааргүй байна” гэж хэлээд, харцаараа тас шилбүүрдээд гүйж одсон Минжинд гомдож гутарсан би эхэндээ бодит үнэнийг огт мэдээгүй. Мэдэхийг ч эрмэлзээгүй. Өөрийг минь гэхээ больсон нэгний араас шаналж шархалж суухын оронд зам шулуудаж, харийн орон руу ниссэн юм. Тэгэхэд л өөрийнх нь хэлдгээр түүнгүйгээр амар амгалан амьдарч чадахгүйгээ мэдэрсэн дээ. Тиймээс ч биеийг нь энд орхиод явахаас өөр сонголт үлдээгүй ч инээмсэглэл тээсэн алаг нүдийг нь сэтгэлдээ зураглаж “тэр минь үргэлж миний дэргэд байна” хэмээн өөртөө итгүүлж, төсөөллөө амилуулан өөртэйгөө ярьж л өөрийгөө аварч

үлдсэн дээ. -Хөөе, чи бас юу болоод гөлөрчихөв өө? гэх дээрэнгүй хоолой намайг дурсамжин дундаас минь суга татаад гаргаад ирэв. -Аан… нэг зүйл бодоод оо… яасан… юм хэлсэн үү, хө? гэвэл -Үгүй ээ, үгүй. Юу ч хэлээгүй. Чамтай замд явах үнэхээр уйтгартай юм. Бүхэл бүтэн 21 хоног, 4200 километрийг яаж туулна даа… гэж хэлээд суудалдаа шигдээд, буруу хараад суучихав. Чамтай хамт байх уйтгартай юм… Тэр надад анх удаа л ингэж хэлж байна. Өмнө нь бид юу ч яриагүй хэрнээ харцаараа ойлголцдог, уулзалгүй хоёр хоновол хорь хоночихсон юм шиг санагддаг, юу ч хийхгүй хэрнээ биесээ ширтэж инээмсэглээд, тэвэрч хэвтээд жаргалыг мэдэрдэг байх үед тэр ингэж огт хэлж байгаагүй. Түүнтэй хамт байх надад хэзээ ч уйтгартай санагдаж байгаагүй. Сүүлийн хэдэн өдрийн турш тэр өглөөнөөс үдэш хүртэл дэргэд минь байгаа хэрнээ надтай юу ч ярихгүй байсан ч надад

огтхон ч уйтгартай санагдаагүй. Харин намайг урт замын дунд хэсэгхэн зуур дуугаа хураах зуурт тэр уйдаад эхэлчихэж. Хэрэв тэр аян замын 21 хоног биш амьдралын 20, 40, 60 жилийг надтай хамт туулсан бол яг хэдийд нь ингэж уйдах байсан бол…? үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *