Нүүр Өгүүллэг “ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХУРИМЫН ГЭРЧ” өгүүллэг “1-р хэсэг”

21 секунд уншина
0
0
727

-Анд аа, ийм бүсгүйн жолооч болчихвол догь уу? … нөхөр нь УИХ-ын гишүүн, өөрөө группийн ерөнхийлөгч. Хүмүүс яаж зүтгэхээрээ ингээд баяжчихдаг байна аа… хамгийн гол нь, их сайхан бүсгүй юм аа…

хэмээн найз минь ганцаараа ярьсаар л. Би гар утсаараа тоглонгоо яриаг нь анхааралтай сонсож байсан ч яаран хариу хэлэхийг хүссэнгүй. -Амьдрах байраар үнэгүй хангана. Даатгалд хамруулна.

Сарын цалин 1.6 саяас эхэлнэ. Долоо хоногийн зургаан өдөр ажиллана… Илүү цагийн урамшуулал бодогдоно. Олон хоногоор томилолтоор явах боломжтой, ар гэрийн зүгээс ажиллах боломжийг

нь бүрэн дүүрэн хангаж өгдөг байх… өө, би ч бүтэхгүй юм байна л даа. Ийм сайхан бүсгүйг дагаад томилолтоор явчихвал манай эхнэр гэрт нь давхиж очоод, түймэрдчих байлгүй… гэж хэлэхэд нь л -Ганц бие

хүнд л таарсан ажил юм биш үү дээ гэж бодсноо шууд хэлчихэв. -Тийм байна аа, үнэгүй байранд амьдраад ийм өндөр цалин авна гэдэг чинь тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг биз дээ. -Захирал хүүхэн нь адгийн

муухай ааштай шулам байвал чөтгөрийн саварт атгууллаа л гэсэн үг шүү дээ. -Хүүе, чи энэ ажилд орооч. Цуглуулсан мөнгө чинь байр авахад хүрэхгүй учраас түрээсийн өрөө хайж байгаа биз дээ? Үнэгүй байранд амьдрах зууртаа цалингаа цуглуулаад байвал удахгүй байр авчих юм биш үү? -Юу вэ, би тэгээд жолооч хийх гэж үү? -За, чи гадаадад жолоочоос ч хүнд ажил хийж байгаад ирсэн биз дээ? Баян хүний жолооч гэдэг чинь тансаг ажил шүү. Чи бид хоёр шиг эзэмшсэн мэргэжилгүй хүмүүст үүнээс дээр ажил олдохгүй дээ. -Тийм ч юм уу? Бодож үзнэ ээ. -Бодоод байх юм байхгүй ээ, би чиний анкетийг бөглөөд явуулчихъя. Өргөдөл авах хугацаа нь өнөөдөр дуусч байгаа юм байна. -За өөрөө мэд ээ. Харин баахан алдаатай юм бичээд явуулчихав аа, чи? -Бөглөж дуусаад, чамд уншуулна аа. Ийм яриа болсноос хоёр хоногийн дараа танихгүй дугаараас дуудлага ирсэн нь мөнөөх ажлын ярилцлаганд орох урилга байсан юм. Тэрхүү урилгын дагуу хотын төвд байрлах найман давхар шилэн барилгын хамгийн дээд давхарт

хүрч очлоо. Угтагч бүсгүй инээмсэглэн ойртоод: -Та ярилцлаганд орох гэж байгаа бол тэр өрөө рүү ороорой хэмээн зөвлөв. Цэмцгэр шаргал өнгөөр тохижуулсан тэрхүү өрөөнд жижиг ширээ, хоёр сандлаас өөр юу ч байсангүй. Нэг сандлыг нь татаж суугаад тухалж ч амжаагүй байтал өндөр нуруутай, дунд зэргийн махлаг бүсгүй орж ирэв. Тэрбээр өөрийгөө захирлын туслах хэмээн танилцууллаа. Намхан өсгийтэй гутал, хэлхгэрдүүхэн өмд цамцтай хослуулан өмсөж, эрэгтэй хүн шиг хайш яайш алхах тэрбээр энгэртээ ажил хэрэгч хавтас тэврээгүйсэн бол албан тушаалтайгаа огт авцалдахааргүй л харагдаж байв. Туслах бүсгүй ажил хэрэгч маягаар хэдэн зүйл асууж, энгэртээ нандигнан тэвэрч ирсэн цаасан дээрээ идэвхийлэн тэмдэглэж байснаа: -Манай захирал ажилтнуудтайгаа өөрийн биеэр уулзаж, сонгодог. Энэ удаа тун завгүй байгаа учир жолооч шалгаруулж ажилд авах ажлыг би бүрэн хариуцаж байгаа юм. 300 гаруй залуусаас ажилд орох өргөдөл

ирснээс 15-ыг нь сонгож, ярилцлаганд орууллаа. Та бол ярилцлаганд орсон хамгийн сүүлчийн хүн. Энэ бол нэлээд ачаалалтай, хөдөө гадаа, гадаад, дотоодоор их явдаг ажил. Тиймээс би ганц бие, гэхдээ дунд орчим насны хүнийг сонгоё гэж бодсон юм. Та багаасаа янз бүрийн ажил хийж байсан, амьдралын тодорхой зорилготой хүн байна. Би таныг ажилд авлаа. Та маргааш өглөө 8:30-д ажилдаа ирэхэд бэлэн үү? гэв. Ингээд л ажилд орчихно чинээ огт төсөөлөөгүй суусан би бага зэрэг тулгамдсан ч: -Тийм ээ, бэлэн гээд л хэлчихлээ. Бүсгүй суудлаасаа босмогцоо амжилт хүсэн гар бариад, “Маргааш өглөө уулзъя” гээд гарч одов. Маргааш нь товлосон цагт нь ажилдаа ирсэн ч туслах бүсгүй намайг захиралтайгаа шууд уулзуулсангүй. Бүтэн долоо хоногийн турш туслах бүсгүйг даган, хотын төвөөр холхичихдог юм байна. Ажилд орсноос долоо хоногийн дараа буюу пүрэв гарагийн өглөө туслах бүсгүй Тунамал: -Та маргааш өглөө захиралтай уулзана.

Өнөөдөртөө байрандаа нүүж ороод, сайхан амарчих. За тэгэхээр одоо хоёулаа байрыг чинь очиж үзнэ ээ гэв. Тэрбээр намайг хотын захад байрлах 15 давхар орон сууцны нэг өрөөнд дагуулан оров. Уг өрөөг тунгалаг шар, цасан цагаан өнгийн тавилгуудаар тун аятайхан тохижуулжээ. Тунамал өрөөний түлхүүрийг алган дээр минь тавиад: -Тавилга, цахилгаан хэрэгслүүд энд бүгд бий. Та чемодантай хувцсаа аваад ирэхэд л болно. Энд амьдарлаа гээд цалингаас чинь ганц ч төгрөг хасагдахгүй. Хамгийн гол нь, та ажлаас халагдлаа гэхэд дараагийн хүн амьдрах учраас цэвэрхэн, ариг гамтай л амьдраарай гэж зөвлөн сануулав. ♠♠♠ Захирлынх хэмээн зааж өгсөн гурван давхар хувийн орон сууцны хэрмэн хашааны үүдэнд ирэхэд товлосон цаг болоход 10 минут дутуу байлаа. Тас хар дээр алтан шаргал хээ товойлгож гоёсон төмөр хаалганы хажууд байрлуулсан хонхон дээр

зөөлөн дарвал: -Шинэ жолооч уу? Ор ор гэх бүсгүй хүний хоолой сонсогдов. Хариу хэлэх эсэхдээ эргэлзэн зогстол хаалга өөрөө нээгдчих нь тэр. Боржин чулуугаар угалз урлаж тавьсан зам дээгүүр чигээрээ алхсаар байшингийн хаалганд тулж очоод зөөлөн түлхвэл онгорхой байлаа. Хаалгыг аяархан түлхээд л хурлын заал шиг том цэлгэр өрөөнд шууд ороод ирэх нь тэр. Хойморт нь гал тогооны хэсэг байрлах бөгөөд том шар навчин хээтэй, цагаан даашинзтай бүсгүй цаашаа хараад зогсож байв. Түүний ар талд байрлах дугуй ширээний ард дунд эргэм насны туранхай бор залуу суух бөгөөд тэрбээр над руу толгойгоо өлийлгөн харснаа “нааш ир” хэмээн гараараа дохилоо. Огт танихгүй айлд анх удаа ирж байгаа учир гэрэмшиж бишүүрхсээр хөлөө зөөж ядан алхаж явтал хүүхдийн цовоо инээд гэнэт цангинаад эргэж харж ч амжаагүй байтал хүү, охин хоёр хажуугаар шуртхийтэл гүйгээд ширээний ард очоод суучихав. Эзэгтэй эргэж хармагцаа над руу хальт толгой дохиод: -Нааш ир, нааш ир. Энд ирээд суучих. Нэрэлхэх хэрэггүй. Бидэнтэй хамт өглөөний цай уунгаа сайхан танилцаад авъя

гээд таван тавганд өглөөний хөнгөн зууш таваглаж эхлэв. Гэрийн эзний хажууд байрлах хоосон сандлыг татах зууртаа: -Сайн байцгаана уу? гэж ам нээвэл бүгд нэгэн зэрэг: -Сайн, сайн байна уу? хэмээн мэндчилсэн нь халуун дотно юм шиг хэрнээ анх танилцаж байгаа надад ичиж зовмоор ч юм шиг хоёрдмол мэдрэмж төрүүлэв. Дасаагүй орчинд таниагүй нөхцөл байдалтай хэрхэн зохицох учраа ололгүй, шал ширтсээр сандал дээр дөнгөж суутал: -Хөөе, агаа… хэмээн огцом хашхирах адтай дуу цуурайтлаа. Надад л хандаж хэлсэн нь тодорхой тэр дуунаас цочсондоо годосхийгээд босчихлоо. Тэгтэл -Наранбаяр агаа… гэсэн уулга алдалтын эзнийг хайж ч амжаагүй байтал ягаан даашинзны хормой хоёронтоо дэрвэлзээд л, булбарай жаахан хоёр гар бэлхүүсээр минь тэврээд авах нь тэр ээ. Охины царайг олж хараагүй учир чухам хэн болохыг нь таньж ядан арга мухардаж зогстол эзэгтэй нүдээ томруулан, намайг сүрхий сонжиж харснаа: -Хөөш, сайн уу?

Ямар сонин хүн бэ? Чамайг гадаадад л байгаа гэж бодож байлаа шүү дээ хэмээн уулга алдав. Эзэгтэйн өөдөөс эгцэлж харах уу, гэдсэнд минь хацраа наагаад намайг халуун дотноор тэвэрч буй бяцхан охиныг энхрийлэн үнсэх үү гэдгээ шийдэж амжаагүй байтал гэрийн эзэн: -Таньдаг хүн чинь юм уу? За ашгүй, ашгүй. Чи аялалдаа санаа зовох шаардлагагүй боллоо шүү дээ. Би ч Мөнхөөгөө яаж авч үлдье дээ гэж бодож байсан юм гэж их л тайван өгүүлэв. Хэзээнээс ч юм бэ, хэвшиж тогтсон заншилаараа өглөөний цайгаа уухаар тухалж суусан энэ гэр бүлд гэнэтийн учрал авч ирсэн хүн нь би л болж таарлаа. Тиймээс ч тэднийг болоод өөрийгөө балмагдлаас гаргахын тулд чухам хэнийд орж ирснээ нэн даруй мэдэх шаардлагатайгаа ухаарч, өнөөх охины үсийг илэнгээ хоёр гарыг нь тавиулж, зөөлөн түлхэн өөрөөсөө

холдуулаад, нүүр лүү нь эгцлэн ширтэв. Хэзээний танил хонин бор нүд өөдөөс минь гэрэлтэн гялтагнаж үзэгдэхүйд сэтгэлийн чавхдас хөнгөн имрэгдээд, хоёр нүднээ нулимс бүрхээд ирлээ. Охины духан дээр үнэрлэж, хоёр харцыг нь өндгөөрөө зөөлөн илбэх зууртаа эр сэтгэлээ хатамжилж нулимсаа дотогш залгив. -Алив, миний охин суудалдаа суугаад цайгаа уу. Хичээлийн чинь цаг боллоо шүү гэсэн эзэгтэйн сануулгаар охин даашинзныхаа хормойг дахин хоёронтаа дэрвүүлээд л сандал дээрээ очоод суучихав. Би ч оногдсон сандал дээрээ эргэж суумагцаа гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшируулаад толгойгоо өргөж, танил болоод танил бус тэрхүү гэр бүлтэй анх удаа нүүр тулахаар зориглов. Харцаа эгшний зуурт ганцхан гүйлгээд л ширээ тойрон тухалсан халуун бүлийн гишүүдийг бүртгэж амжлаа. Намайг танимхайрч буй энэ охиныг Наргил гэдэг юм. Одоо есөн нас хүрч байх учиртай. Түүний хажууд зэрэгцэн суух гялтагнасан хар

нүдтэй, хэвлүүхэн бяцхан ноёнтонг би огт танихгүй. Надтай зэрэгцэж суугаад, шарсан өндөг, зайдсаа бараг л зажилалгүй хоолойгоороо гулгуулж буй ажил хэрэгч энэ бор залууг ч бас би огт мэдэхгүй. Харин… харин… эгц өөдөөс минь харж суугаа бүсгүй хэлбэрлэг ягаан уруул, гүн давхраатай жижигхэн гэрэлтсэн хар нүдтэй байх учиртай. Ийнхүү гэнэтийн учралаас үүдсэн ээдрүүхэн бодолдоо түүртсэн ч харахын хүслэндээ хөтлөгдөөд, зовхио өргөмөгцөө л хоёр жил гаруйн турш санаж шаналсан хөөрхөн алаг нүдтэйгээ харц тулгарчихав. Бид тун ахархан хугацаанд ширтэлцсэн ч он цагийн тэртээд гээгдэж орхигдсон бүлээхэн мэдрэмж зүрхийг минь дэнслүүлж амжлаа. Гэвч

тэр миний бүсгүй байхаа больсноо гэнэт санав уу гэлтэй, харцаа гэнэт буруулчихав. Төдөлгүй бүгд цайгаа ууж дуусаад, урд хойгуур гүйлдсээр гэрийн эзэн хоёр хүүхдээ аваад гарч одлоо. Тэднийг гармагц ам нээх санаатай хэдэн үг эвлүүлж ядан суутал хаалга сэвхийтэл онгойгоод Наргил гүйгээд ирэв. -Юу болов, миний охин юмаа мартчихаа юу гэж ээжийгээ асууж байгааг ч анзаараагүй бололтой, миний дэргэд гүйж ирэн гараас минь атгаад: -Би таныг эргэж ирнэ гэж мэдээд байсан юм аа. Гэхдээ ээж даанч таныг санахаа больчихсон л доо… гэснээ хөнгөн

гуниглав бололтой, шал ширтээд зогсчихов. Би түүнийг хэрхэн аргадах учраа олсонгүй. Тэгтэл охин толгойгоо огцом өргөж нүд рүү минь эгцлэн ширтсэнээ: -Харин би таныг санаад л байсан шүү гэчихээд гүйгээд явчих нь тэр. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *