Нүүр Өгүүллэг “СЭТГЭЛ ҮГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “9-р хэсэг”

“СЭТГЭЛ ҮГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
729

Дөлгөөний эхнэр Хонгорзул хоолоо хийчихээд нөхрийгөө хүлээн догдлон сууна. Бие давхар болсноо өнөөдөр мэдсэн учраас энэ сайхан мэдээгээ нөхөртөө дуулгах гээд тун их баяртай байлаа. Хаалганы хонх

уянгалан дуугарахад Хонгорзул ухасхийн гүйж очин онгойлготол нөхөр нь шал согтуу гуйвж дайван зогсож байв. Хааяа нэг найз нөхөдтэйгөө уудаг ч гэсэн ингэж аймар согттолоо уудаггүй тул

гайхсан эхнэр нь түшиж аваад: ~Хүүе ханиа яагаад ингэтлээ уучихаа вэ? Утсаа ч авахгүй хэнтэй байсан юм бэ? Хүний санаа зовоочих юм гэхэд Багабанди согтуу нүдээр гөлийн харснаа: ~Би зүгээр амармаар

байна. Намайг тайван байлгаад өг гэснээ гарыг нь түлхээд цааш алхсаар том өрөөний буйдан дээр унаад өгөв. Хонгорзул мөчөөгөө өгөлгүй дэргэд нь ирээд: ~Юу болсноо ярихгүй юмуу? Ядаж наад

хувцас хунараа тайлаад орондоо орж унтаач гээд хүрмийг нь тайлах гэтэл өнөөх нь: ~Зүгээр намайг тайван орхи гээд байгаа юм бишүү! Ямар ядаргаатай юм бэ гэснээ хүрмээ тайлж шидчихээд цааш харан

хэвтлээ. Хонгорзулын баяр хөөр замхран, гомдол төрсөн ч “За яахав, өнөөдөр ажил дээрээ асуудалтай байсан юм байлгүй. Маргааш л сайхан мэдээгээ хэлье дээ” гэж бодоод нимгэн хөнжил авчран хучив. Энэ шөнө Шүрээ, Сэргэлэн, Билгүүн гурав бараг л нойргүй хонов. Есөн шидийн юм бодогдоод унтаж чадсангүй. Шүрээ аль хорин хэдэн жилийн өмнөх явдлыг нэг бүрчлэн санахыг хичээн хэвтэнэ. Тэр үед залуухан ч байж, эсэн мэнд хоёр хүүгээ төрүүлж гурвуулаа хүнд үеийг давсандаа л баярлаж байснаас хүүхэд солигдох тухай огтхон ч бодож байгаагүйсэн. “Үнэхээр тэр хүү төөрөлдсөн төрсөн үр минь мөн байвал…” гэж бодохоор л… Багабанди өглөө нь шартаж өрвийсөн юм сэрээд эргэн тойрныг ажиглан хэвтлээ. Сайхан тохижуулсан том

цэлгэр байр өөрийнх нь биш хүний гэр орон болохоор нэг л эвгүй санагдана. Хананд өлгөсөн хуримын зурган дээрх өөрийнх нь ихэр түүнийг зэмлэнгүй ширтэх шиг… Гал тогоонд тогоо шанага дуугаран шарсан өндөг үнэртэнэ. “Дөлгөөнөө” гэх бүсгүй хүний дуу гарахад Багабанди сандран хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. Хөлийн чимээ ойртон ирэх сонстоход Багабандийн сандрал улам нэмэгдэж биеэ хураан нүдээ анилаа. Хонгорзул: ~Хайраа сэрээрэй. Өглөөний цай бэлдчихлээ гээд хөнжлийг нь сөхөхөд Багабанди худлаа хурхирч гарав. ~За битгий худлаа унтаж байгаа дүр үзүүлээд бай. Хурдан босч ирээд усанд ор хөөе наад үнэр танар чинь ямар аймар байна гээч. Ажлаасаа хоцорлоо ш дээ, бос бос гээд ашгүй цааш явах нь сонстоход Багабанди ухасхийн босоод бушуухан угаалгын өрөө рүү орлоо. Яах ч аргагүй ширээний ард суун танихгүй бүсгүйтэй хамт хооллож буй

Багабанди аль болох тайван байхыг хичээн харцаа буруулна. Хонгорзул: ~За өчигдөр та гуай юу болоод тасарч унатлаа уув аа? Ямар нэг юм болсон юмуу? ~…үгүй ээ харин…найзын төрсөн өдөр болоод… ~Хэний төрсөн өдөр вэ? Чи надад юу ч хэлээгүй ш дээ. Уг нь ууж идэж оройтох болвол чи заавал надад утасдаж хэлдэг биздээ? ~Чи танихгүй ээ. Гэнэтийн юм болоод оо… Заза би ажилдаа явлаа гээд хурдхан шиг босч үүд рүү очин гутлаа өмсөх зуур Хонгорзул хажууд нь хүрч ирээд: ~Чи надад өчигдөр их муухай зан гаргаснаа мэдэж байна уу? Уучлалт гуйхгүй юмуу? гэхэд “Яасан ядаргаатай нойтон хамуу шиг хүүхэн бэ? Яаж энэ хүүхэнтэй хамт байнаа…” гэж бодсон Багабанди сулхан дуугаар “Уучлаарай” гээд гарах гэтэл Хонгорзул араас нь тэврээд авав. Багабанди яахаа мэдэхгүй хөшөө мэт зогсоно. Хонгорзул: ~Хайраа би жирэмсэн. Чи минь аав болох нь… гээд түүнээс холдон ямар хариу үзүүлэхийг нь догдлон хүлээв. Багабанди юу гэж хэлэх ёстойгоо ч

эргэцүүлж бодсонгүй хүүхнээс хурдхан салахын түүс болж байсан болохоор “Аан тиймүү баяр хүргэе” гэж хайнга хэлчихээд гараад явчихлаа. Нөхөр нь баярлан хашхирч түүнийг тэвэрч үнсэн бөөн баяр болно гэж хүлээж байсан Хонгорзул шоконд орон хэсэг зогсож байснаа гомдлын нулимс үерлүүллээ… Багабанди машинд суугаад хаашаа явах, яахаа ч мэдэхгүй хэсэг байснаа Томоо руу залгав. “Дөлгөөний ажил дээр очоод нөгөө хавтаст хэргийг ол. Юу мэдэж, ямар төлөвлөгөө гаргасан байна, бүгдийг нь судлаад надад хэлээрэй. Хоёулаа одоо уулзаж хүн амьтанд харагдаж болохгүй. Тийм болохоор утсаар холбогдож байя” гэсэн даалгавар аваад итгэл муутайхан машинаа асаан хөдлөх гэтэл Дөлгөөний гар утас жингэнэн дуугарав. “Хайрт ээж” гэсэн дугаараас дуудлага ирэхийг харсан Багабандийн амьсгаа дээрдээд ирлээ. Энэ дуудлагыг авах зүрх зориг хүрсэнгүй… Шүрээ

Дөлгөөн рүү “Миний хүү завгүй байгаа юмуу? Завтай болохоороо залгаарай. Уулзаж ярих чухал хэрэг байна” гэсэн мессеж явуулчихаад: ~Дөлгөөн утсаа авдаггүй ээ. Ажилтай байгаа юм байлгүй гэхэд Билгүүн: ~Гурвуулаа ямар ч байсан очоод шинжилгээ өгчихье. Бүх юмны учир олдсон хойно Дөлгөөнд хэлсэн нь дээр байх гэлээ. Шинжилгээний хариу хүлээн суух зуураа хэн хэн нь юм ярьж чадахгүй дүнсийн сууцгаав. Билгүүн дотроо “Шинжилгээний хариу эерэг л гараасай. Энэ бүх зүйл зүгээр андуурал байгаасай” гэж залбиравч хүслээр нь болохгүй гэдгийг мэдэж байлаа. Сувилагч бүсгүй гарч ирээд “Шинжилгээний хариу гарсан. Эмчийн өрөө рүү ороорой” гэхэд Шүрээ, Билгүүн хоёр бие бие рүүгээ харан харц тулгараад бослоо. Дөлгөөн ухаан орж нүдээ нээгээд хамгийн түрүүнд цав цагаан тааз олж харав. Хаана байгаа, юу болсныг санахаар

оролдон өндийтөл толгой нь янгинан хатгаж хамаг бие нь сулбайгаад ямар ч тэнхээгүй болжээ. Арайхийн хажуу тийш хартал нэгэн сувилагч бүсгүй цааш харан ямар нэг зүйл хийж байгаа харагдана. “Ямартай ч эмнэлэгт байгаа бололтой” гэж бодоод: ~Уучлаарай надад ус өгөөч гэж үхээнц хоолойгоор сөөнгөтөн хэлтэл сувилагч цочин эргэж харснаа гүйж гаран хэн нэгэнд “Нөгөө хүн сэрчихлээ” гэж хэлэх сонстов. Хоёр цагдаа, нэг эмч орж ирээд эмч түүнд үзлэг хийх зуур Дөлгөөн өчигдөр Томоотой уулзсанаа хальтхан саналаа. ” Тэр муу нээрээ надад нэг юм хийчихсэн. Ашгүй цагдаа нар түүнийг барьж намайг эмнэлэгт хүргэсэн бололтой” гэж бодоод санаа амран нүдээ анив. “Одоо зүгээр ээ. Бие нь жаахан сул байх шиг байна. Цусыг нь цэвэрлэх тариа хийчихсэн. Хоёр гурван хоног хэвтчихвэл цоо эрүүл болчихно” гэж эмчийн ярих сонстлоо. Нэг цагдаа нь “Ухаан орсон л бол болоо. Хоёр гурван хоног хэвтүүлж жаргаана гэж байхгүй шүү” гэснээ чанга дуугаар: ~Алив бос. Худлаа янгуучилж хэвтэх санаатай юу чи гэхэд Дөлгөөн гайхан нүдээ нээж: ~Надад хэлээд байгаа юмуу? гэхэд өнөө хоёр цагдаа доогтой инээлдэн: ~Тэгээд өөр хэнд хэлэх юм. Алив хурдан босоод босоод! Дөлгөөн юу болоод байгааг ойлгохгүй хүчлэн босоод: ~Юу болоод байгааг хэлж өгөхгүй юу? Та нар яагаад

хохирогчтой зүй бус харьцаад байгаа юм? гэхэд нэг цагдаа нь: ~Дуугүй дагаад яв. Очих ёстой газраа очоод учраа олоорой гэж хүйтнээр хэллээ… …Билгүүн төрсөн хүү нь биш гэдгийг мэдээд хэн хэн нь нэг их цочирдож сүйд болсонгүй. Ийм хариу сонсохдоо хангалттай бэлдэж хоносон байлаа. Эмнэлгээс гараад машиндаа сууцгаасан хойноо Сэргэлэн гэнэт ам нээж: ~Нэгэнт байдал ийм болсон юм чинь тэр хүүг олж уулзацгаая. Билгүүнээ миний хүү янз бүрийн юм бодож хямраад хэрэггүй шүү. Чи ч гэсэн төрсөн эцэг эхтэйгээ уулзах хэрэгтэй байх. Гэхдээ юу ч болж байсан бид хоёр чамайг хүүгээ гэж бодсон хэвээрээ л байх болно гээд Билгүүний зулайг элгэмсүү үнэрлэв. Шүрээ нулимсаа арай ядан барьж: ~Тийм шүү. Ээжийнх нь чамайг гэсэн хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй гээд инээмсэглэлээ. Билгүүнд хэдий хэцүү байсан ч сэтгэлээ барьж: ~Та хоёр минь надад санаа зовоод хэрэггүй дээ. Одоо

гол нь Дөлгөөний жинхэнэ ихэрийг олж уулзах хэрэгтэй байна. Тэгж байж л би ч бас төрсөн эцэг эхтэйгээ уулзана шүү дээ гэж тайван гэгч нь хэлэв. Одоо тэд Багабанди гэх тэр залууг олж уулзахаар сэтгэл шулуудан хаанаас яаж хайхаа ярилцлаа. Багабанди Дөлгөөний өрөөнд очоод хамаг л бичиг баримтыг нь онгичиж байтал Дөлгөөний гар утсанд мессеж ирлээ. “Би чамайг арай ч ийм сэтгэлгүй гэж бодсонгүй. Хүүхэдтэй болсондоо ч баярлахгүй байгаа хүнтэй хамт амьдарч чадахгүй нь. Би явлаа. Аз жаргал хүсье” гэсэн мессеж “Миний хайр” гэсэн дугаараас иржээ. Багабанди толгойгоо базлан хэсэг суув. Ямар ч гэмгүй хүнийг, тэгээд бүр ихрийгээ хэрэгт хийчихээд, хайртай хүнээс нь ч салгаад… Энэ бүхэн ямар ч утгагүй санагдан тайван сууж чадсангүй. Бодлыг нь тасдан “Хайрт ээж” гэсэн дугаараас дахиад л дуудлага ирэхэд Багабанди хэсэг эргэлзсэнээ утсыг аван хоолойгоо

засав. ~Байна уу, миний хүү ээ гэх дууг сонсоод Багабандийн зүрх шимшрэн хамрын самсаа нь шархираад ирлээ. ~Байна байна… ~Ээжийн хүү ажил дээрээ байна уу? Зав байна уу? ~Аа юу… тиймээ ажил дээр байна. Та…Яасан бэ ээ..ээж..ээ гэж хүчлэн хэлэхдээ гар нь салгалан золтой л утсаа алдчихсангүй. ~Ээж, аав хоёр нь одоо яваад очьё. Ярих юм байна. Миний хүү өрөөндөө байж байгаарай гээд утас тасрав. Багабанди өмнө нь хэзээ ч догдолж сандарч байгаагүйгээрээ догдлон сандарч өрөөгөөр нааш цааш холхино. Эндээс гараад зугтчихмаар санагдавч сэтгэл зүрхнийх нь мухарт төрсөн ээж, аавтайгаа уулзах асар их хүсэл нь уяад түүнийг явуулсангүй. Хаалга тогших чимээгээр Багабанди бондгосхийтэл цочиж ухасхийн бостол өөртэй нь жигтэйхэн адилхан нүдтэй ахимаг насны эмэгтэй шагайснаа “Өө ашгүй ганцаараа байна” гэж хэлээд орж ирлээ. Хойноос

нь орж ирсэн нүдэнд дулаахан эрийг аавыгаа гэдгийг Багабанди хараад л ойлгов. Шүрээ шуудхан алхаж ирээд хөшөө шиг гөлрөн зогсож буй хүүгээ тэвэрч аван хацар дээр нь үнсээд: ~Хүүтэйгээ уулзалгүй хэд хоносон чинь бүр саначихсан байна ш дээ гээд инээмсэглэв. Сэргэлэн харин үнсэж нялуурч сүйд болсонгүй сандал дээр суугаад: ~За ажил алба нь сайн уу хүү минь. Ээж рүүгээ ганц ч ярихгүй их л завгүй хүн болжээ гэж зэмлэнгүй өгүүлэв. Багабанди гаднаа энгийн тайван царайлж байсан ч сэтгэл дотор нь нэгэн зэрэг гал асч, шуурга шуурч, бороо орох мэт хачин оргин биеэ арайхийн барьж сандал дээр суугаад: ~Сайн сайн… Та хоёр сайн уу? гэж арайхийн хэлэв. Төөрсөн хүүгээ олох гээд сэтгэл нь хөдөлсөн Шүрээ хүүгийнхээ нэг л сонин байгааг анзаарсангүй шууд л яриандаа орж: ~Ээж нь чамд нэг юм хэлэх гээд ээ… Юу болсон гэхээр… ёстой сонин зүйл болоод байнаа… гэснээ хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа аятай Сэргэлэн рүү харав. Сэргэлэн хоолойгоо засаад: ~Билгүүн чиний ихэр дүү биш. Бид чиний жинхэнэ ихэрийг олох хэрэгтэй байна хэмээн палхийтэл хэлж орхилоо. Өрөөнд ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болжээ. Багабанди юу гэхээ мэдэхгүй цочирдон “Яаж яаж мэдсэн юм бэ? Би одоо яах ёстой юм вэ? Тэр хайж байгаа хүү чинь би байна шүү

дээ. Намайг үнэхээр олохыг хүсч байна гэж үү? Энэ олон жил огтхон ч эрж сураагүй, тоогоогүй юм байж яагаад гэнэт одоо, ийм нөхцөл байдал үүсчихээд байхад…” хэмээн бодно. Шүрээ нам гүмийг эвдэн: ~Тэр хүүг Багабанди гэдэг гэсэн. Сураг сонсох нь ээ хэцүүхэн амьдарч байгаа бололтой. Айлын гэрт толгой хорогдож байгаад хүн амьтан зодож нүдээд сураггүй болсон гэнэ. Яаж ийж байгаад л тэр хүүг олох хэрэгтэй байна. Миний хүү хайгаад үзвэл яасан юм бэ? гэхэд Багабанди “Аан Урьхан хэлсэн юм байна” гэж сая л ойлгоод зэвүү нь хүрээд явчихав. ~Би мэднээ гэж Багабандийг гэнэт хэлэхэд Сэргэлэн, Шүрээ хоёр гайхан түүн рүү харцгаав. Багабанди цонх руу очин цааш харж зогсоод: ~Тэр хүү чинь архичин, хулгайч, шоронд суусан гэмт хэрэгтэн! Одоо дахиад ч шоронд орохоо хүлээгээд сууж байгаа. Тийм хүүгээр та хоёр яах юм бэ? Адгын новш шиг амьтан шүү дээ тэр чинь…

гэж хэлэхдээ мэлмэрэн гарах гээд байгаа нулимсаа цааш нь залгин нүдээ анив. Шүрээ: ~Чи чинь юу…Юу яриад байгаа юм бэ? Чи үнэхээр мэдэж байсан юм уу? Хэзээ тэр вэ? Яагаад бид хоёрт хэлээгүй юм бэ? гэхэд Багабанди эргэж хараад гунигтайгаар: ~Та хоёрыг тийм хүүтэйгээ мэдээд харамсах вий гэж бодсон юмаа гэлээ. Сэргэлэн шоконд орсон бололтой салгалсан гараар тамхи асааж соронгоо эхнэр лүүгээ харна. Шүрээгийн нулимс урсан: ~Хулгайч алуурчин юу ч байсан хамаагүй тэр чинь миний хүү шүү дээ. Тэр хүүгийн тэгж яваа нь бүгд миний буруу. Хөөрхий минь, эвий минь ямар их зовлон үзэж шаналсан болдоо. Төрсөн үрээ сольж орхисноо ч мэдэхгүй явсан тэнэг миний л буруу хэмээн үглэж асгартал уйлсаар сөхрөн унав. Төрсөн ээж нь өөрийнх нь төлөө гэмшиж өөрийгөө зүхэн уйлж байгааг хараад Багабанди догдлон уярч ээжийгээ тэвэрч аваад “Би хүү чинь

байнаа ээжээ” гээд хэлчихмээр санагдлаа. Сэргэлэн эхнэрийгээ өргөж босгон сандал дээр суулгаад: ~Дөлгөөнөө, миний хүү тэр…Тэр хүүг одоо хаана байгааг мэдэх үү? гэж асуухад Багабанди юу ч хэлсэнгүй сандал дээр лагхийн сууснаа: ~Тэр хүү чинь би байна гэх нь тэрээ… Гартаа гав зүүсэн Дөлгөөн хорих өрөөнд ганцаар үлдээд цөхөрсөндөө үстэй толгойгоо зулгаан суув. Түүнийг Багабанди гэдэг хүнтэй андуурч хилс хэрэгт гүтгэсэн бөгөөд өөрийгөө тэр хүн биш гэдгийг хичнээн хэлээд үгийг нь сонсох хүн олдсонгүй. Тэр Багабанди гээч этгээд өөртэй нь усны дусал шиг адилхан гэдгийг мэдэхгүй болохоор яагаад гэнэт ийм хачин сонин юм болоод байгааг ердөө ч ойлгохгүй байлаа. Ядаж утсаар ч яриулахгүй байгаа нь сонин. “Санжаагийн Багабанди таныг хар тамхи хэрэглэн мансуурсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь насанд санаатай халдсан хэргээр баривчлаж байна” гэхийг сонсоод “Намайг Дөлгөөн гэдэг. Би цагдаагийн дэслэгч цолтой хүн. Та нар хүн андуураад байна” гэхэд байцаагч ууртайгаар “Хар тамхи нь одоо болтол гараагүй солиорч байх шив. Хэргээ хүлээтэл нь хэд хоног хоолгүй хорь” гэж тушаасан билээ. Хоёр хоногийн дараа Дөлгөөн суллагдлаа. Багабанди бүх хэргээ хүлээж түүний оронд хоригдсон ажээ. Түр хорих газрын танил өрөөнд гараа

салаавчлан хэвтэх Багабанди хийсэн бүхэндээ сэтгэл хангалуун байв. Бүх л өшөө хорсол, уур хилэн, гомдол цөхрөл нь алга болжээ. Ээжийнх нь нулимс тэр бүхнийг ор мөргүй угаачихсан гэлтэй. Хар тамхины нөлөө, хэд хоног хоол ундгүй байснаас бие нь сульдсан Дөлгөөн эмнэлэгт хэвтэв. Сэргэлэн, Шүрээ хоёр харин Багабандийг суллуулах арга чарга хайн завгүй гүйсээр. Муу хүн үхдэггүй гэгчээр машинд дайруулж хамаг яс нь яайрсан Санжаа амьтай голтой сэхээн амьдруулах тасагт хэвтэж байлаа. Түүний амь нас яаж эргэхээс Багабандийн хувь заяа шалтгаалах тул Сэргэлэн, Билгүүн хоёр Санжааг аваад гадаад руу эмчилгээнд явжээ. Шүрээ харин өдөр бүр Багабандийг эргэж очдог болов. Эхэндээ ээж хүү хоёр бие биенээсээ гэрэвшээд юу ярихаа ч мэддэггүй байсан ч аажим аажмаар нүүр хагаран овоо дотноссоор байлаа. Юу болсныг бүгдийг мэдсэн

Хонгорзул эргэж ирэн Дөлгөөнтэйгөө эвлэрчээ. Дөлгөөн Багабандийн хэргийг судалж яавал ял шийтгэлгүй гарч болох арга замыг хайсаар бараг бүтэн сар боллоо. Энэ хугацаанд хэд хэдэн хагалгаанд орсон Санжаа хөл дээрээ босч буцаж ирэв. Сэргэлэн, Шүрээ хоёр түүнд их хэмжээний мөнгө өгч байж гомдолгүй гэсэн бичиг хийж авчээ. Ингээд хоёр сарын дараа Багабандийн шүүх хурал болж хохирогч Санжаа болон Дөлгөөн нар гомдолгүй гэсэн тул Багабанди суллагдан эрх чөлөөтэй боллоо. Багабанди хамгийн түрүүн Маралмаа, Урьхан хоёр дээр очиж уучлалт гуйв. Өөрөө нэгэнд нь хайртай, өөрт нь нэг нь хайртай хоёр бүсгүй түүнийг уучилж эвлэрцгээлээ. Энэ үдэш Маралмаа Багабандийг үүрд тавьж явуулахаар, Багабанди Урьханаас сэтгэлээ татахаар шийджээ… Санжаа Сэргэлэнгээс авсан мөнгөөрөө шинэ байшин худалдан авч Билгүүн түүнийг асран эргэж тойрно.

Багабанди харин Санжааг ахин харахыг хүссэнгүй. Одоо тэрээр төрсөн гэртээ аав ээжийнхээ хамт аз жаргалтай амьдрах болов. Билгүүн төрсөн эгч нартайгаа уулзаж танилцан бүгд байр байрандаа орлоо. …Дэлгэр зуны улирал айлчлан иржээ. Билгүүн сургуулиа амжилттай төгсөж түүний хонхны баяр дээр бүгд ирцгээлээ. Архинаас гарсан Санжаагийн царай төрх засарч шал өөр хүн шиг харагдана. Түүнтэй хамт Нараа, Сараа, Урьхан нар зогсож байлаа. Багабанди түүнээс

дөлсхийн зогсож Дөлгөөнтэй их л дотно ямар нэг зүйл ярилцана. Тэр Дөлгөөнд “Сарны титэм” клубын бүх хууль бус ажиллагааг хэлсэн бөгөөд Алдар, Томоо нар саяхан баривчлагдан клуб хаагдсан билээ. Билгүүнийг гарч ирэхэд бүгд тосч очин цэцэг өгч тэврэлдэн баяр хүргэцгээв. Билгүүн Багабандийн өмнө ирээд гарыг нь халуун дотноор атгаж: ~Чамд баярлалаа. Чиний ачаар л би ийм сайхан ээж аавын хайранд өсч өдий зэрэгтэй яваа шүү дээ. Чиний амсах ёстой байсан бүхнийг булаасанд уучлаарай гэхэд тэнд байсан хүмүүсийн хамрын

самсаа шархирав. Багабанди цайлганаар инээмсэглэн: ~Зүгээр дээ. Би бүгдийг уучилсан гээд Сэргэлэн, Шүрээ, Санжаа нарыг тойруулан харлаа. Гэмшингүй зогсож байсан Санжаагийн нүдэнд нулимс гялтайн үзэгдэж харцаараа уучлал хүсэн буй нь илхэн харагдаж байлаа…
Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *