
Бүтэн хоёр сарын турш гэрээс гаралгүй бүгсэн Багабанди Маралмаагаас залхахын эрхэнд хаа нэг гадуур гарч орох болов. Энэ бүрт нь Маралмаа хамт явья гэж зууралдах нь төвөгтэй санагдана.
Ядаж байхад Урьхан өдрөөс өдөрт сэтгэл зүрхийг нь улам ч илүүтэй татаад, тэгсэн мөртөө мань эрийг тоож үг ч солихгүй нь гачлантай. Эхийг нь тээршааж, охиныг нь хүсэн мөрөөдсөн энэ байдлаасаа
болоод галзуурахад ганц хуруу л дутуу байлаа. Маралмаагаас бараг л зугтаан байж гэрээс гарсан Багабанди нэгэн уушийн газарт ганцаараа ууж суув. Ирээдүйд төлөвлөсөн ямар ч зүйлгүй, ажил төрөл ч байхгүй,
өөрийн гэсэн орон гэр ч үгүй болохоор сэтгэл санаа нь авах юмгүй стресстэй байлаа. Нилээн хэдэн хундага архины дараа Марлаагийн түрийвчнээс туусан хэдэн цаас нь ч дуусч овоо халсан залуу гарахаар
үүд чиглэн алхтал хажуу талаас: ~Хүүе Багаа, хөөш Багабандиа гэх сонстов. Шор.онд хамт хор.игдож байсан Томоо хочтой ч жижигхэн биетэй Лувсан гэдэг залуу байлаа. Мань хоёр сүрхий дуу шуу болон

мэндэлж гадагш хамт гарцгаав. Томоогийн амьдрал нилээн боломжийн байгаа нь өмссөн хувцас хунар, байгаа байдлаас илт харагдана. Хармаанаасаа үнэтэй чамин янжуур гарган Багабандийг дайлах Томоо: ~За тэгээд сонин сайхан юутайвдээ хамаа. Жил гаран хараагүй юм байна ш дээ. Хэзээ наранд гараав? ~Мань чинь хоёр сар л болж байна ш дээ. Сонин юу байхав. Байдгийнхаа баруун хаяанд л баахан бүгэж хэвтлээ. Чи юу хийгээд байна? Бүр өнгө зүс нэмээд танигдахын аргагүй болжээ. ~Хаха мань чинь хаа ч газардахгүй ш дээ, чи мэднэ биздээ. Завтай яваа юмуу? Нэг таарсных сайхан ууж сууя л даа хамаа? Мань нь чамайг гарсныг тэмдэглээд дайлъя. ~Завнаас их юм алга. Тэгье л дээ хөгшөөн… гэсээр мань хоёр тамхиа хаяцгаан буцаад уушийн газар луу орлоо. Томоо хамт явж байсан залуучуудаа
явуулчихаад мань хоёр буу халан баахан ууцгаав. Багабанди ойрд ингэж хүн амьтантай ярьж суугаагүй болохоор сэтгэл нь хөөрөн стресс бухимдлаа түр боловч мартаганажээ. Томоо одоо хийж байгаа ажлаа ний нуугүй ярьж Багабандийг ч ажилд оруулахаар тохиролцов. Гэхдээ мөнгө олдог үндсэн ажлаа хараахан хэлсэнгүй, Багабандийг ямар ч байсан эгнээндээ элсүүлж байгаад яваандаа тархийг нь базахаа мэдэж байсан болохоор л тэр. Ойрхон гарчихаад ирье гэсэн хүн оройжин таг чиг алга болчихсонд харын сэтгэл нь хөдөлсөн Маралмаа боож үхэх шахан холхино. Ядаж байхад Багабанди гар утас ч үгүй болохоор хаана хэнтэй юу хийж явааг нь мэдэх боломж байсангүй. Маралмаа тэссэнгүй гадагш гарч ойр хавийн баар саваар шагайн амраг залуугаа хайсан ч өнөөх нь олдсонгүй. Дэмий л нэг шил дарс
аван гэртээ ороод ганцаараа ууж тайтгарахыг оролдсон ч хар хорын сэтгэл нь улам бүр хөдлөхөөс хэтэрсэнгүй. Харин энэ үеэр Багабанди зочид буудлын тансаг өрөөнд залуухан биеэ үнэлэгч бүсгүйтэй янаглаад Маралмааг бодох ч сөхөөгүй байлаа… Маргааш нь буудлаас гараад өдөржин Томоотой гадуур явсан Багабанди гал хамынхаа зуучилж өгсөн ажилд шууд оров. “САРНЫ ТИТЭМ” гэх нэртэй томоохон шөнийн клубт хамгаалагч хийх болжээ. Томоо өөрөө тэр клубт зохион байгуулагч хийдэг аж. Энэ клубт дандаа баячууд, нэр хүндтэй хүмүүс ордог бөгөөд мөрийтэй тоглоом тоглуулдаг хэд хэдэн нууц өрөөтэй, шөнийн цагаар тайч.их үзүү.лбэр үзүүлдэг, такс нь гэхэд л багадаа 100 доллараас эхэлдэг ажээ. Мөн мансуур.уулах боди.сын наймаа ч энд
нууцаар явагддагийг Багабанди эхэндээ огт мэдэхгүй байлаа. Томоогийн авч өгсөн хар хослол Багабандид зохьсон гэж ванлий. Өмнө нь ийм хувцас огт өмсөж байгаагүй болохоор эвгүй ч юм шиг, сайхан ч юм шиг санагдана. Ажлын эхний шөнө онц сонин юмгүй өнгөрч хамт олонтойгоо танилцан юу хийх, яахаа заалгаж авсан Багабанди сэтгэл хангалуун гэгч нь үүрээр Маралмаагийнд очив. Хоёр өдөр дарааллан ганцаараа уусан Маралмаа шал согтуу унтаж байсан тул Урьхан хаалга нээж өгөөд ганган хар хослол өмссөн Багабанди руу гайхан харсан ч юм хэлсэнгүй. Энэ царайлаг сайхан залуу ээжтэй нь яагаад зууралдаад энд амьдраад байгааг Урьхан ойлгодоггүй. Багабандийн цаад амьдрал, орон шоронд орсныг нь огт мэдэхгүй болохоор аргагүй биз. Ямартай ч нас явах хирээр сүр сүлд нь унасан мэт унжгар байсан ээж нь энэ залууг ирснээс хойш илт цовоо сэргэлэн болсон болохоор битүүхэн баярлаж тэр хоёрын хэрэгт хошуу дүрээгүй билээ. Урьханг харан догдолсон Багабанди хэсэгтээ л унтаж чадахгүй хөрвөөв. Энэ сайхан бүсгүй эхнэр нь болчихоод ажлаасаа ирэхэд нь яг
л саяных шиг хаалга нээн угтдаг байгаасай гэж мөрөөдөн хэвтэж байгаад нэг мэдэхэд гүн нойронд дарагджээ. Залуухан амрагаа ингээд л бүрмөсөн алдчихлаа хэмээн гуньж гутарч байсан Маралмаа өдөр сэрээд Багабандийг хармагцаа магнай хагартал баярлаж хэрүүл уруул хийсэн ч үгүй хоол унд хийн гүйнэ. Багабандийг ажилд орсныг сонсоод шөнийн клубт хөлхөлдөж байдаг олон залуухан бүсгүй л хамгийн түрүүнд санаанд нь орж бухимдсан ч ил гаргаж чадсангүй худал баярласан дүр эсгэнэ. Ямартай ч Багабанди ажилд орсон ч дэргэдээс нь явна барина гэсэнгүй ингээд хамт байгаад нь л баярлаж суулаа. Ийнхүү Багабанди ажилд орсноос хойш уйдаж суух завгүй, өдөр нь унтаж нойроо аваад шөнө нь ажилдаа явдаг нэгэн боллоо. Тэр клубт ихэнхдээ л боловсон, дээгүүр зиндааныхан, гадаад иргэд орох
учир зодо.он цохион гээд байх асуудал гарах нь ховор, хамгаалагчдад бараг л хийгээд байх юмгүй аж. Ганган дэгжин хувцастай царайлаг охид дагуулсан баян эрчүүд, хар шар арьстай харь орныхон, хагас нүцгэн тайзан дээр бүжиглэх сайхан биетэй хүүхнүүд гээд л харж зогсоход зугаатай энэ газарт Багабанди тун ч дуртай байлаа. Найрын дуугаар хөглөгдсөн намрын сарууд эхэлж Дөлгөөн, Хонгорзул хоёрын хурим нижгэр сайхан боллоо. Сэргэлэн, Шүрээ хоёр шинэхэн хосуудад гурван өрөө иж бүрэн тавилгатай байр бэлдэж оруулсан бол хадмын талаас зуслангийн том байшин бэлэглэжээ. Сайхан эцэг эхийн буянд залуу хос дутагдах гачигдах юмгүй тансаг амьдралд хөл тавилаа. Хонгорзул уг нь хуримаа хийснийхээ дараа гадныхны жишгийг
дуурайн бал сарын аялалд явах хүсэлтэй байсан ч Дөлгөөн албан тушаалаа аваад удаагүй байгаа болохоор чөлөө авахыг хүссэнгүй. Дараа жилийн зун гадагшаа аялана гэж эхнэртээ ам тангараг өгөн байж бал сарын аялалыг хойшлуулж дөнгөв. Дөлгөөн ажилдаа үнэхээр дуртай. Багаасаа л адал явдал, гэмт хэргийн тухай ном, кино үзэж өссөн болохоор тэр биз. Ямартай ч шаргуу хичээл зүтгэлийнхээ ачаар өөрийн хүсэж байсан гэмт хэрэгтэй тэмцэх албанд мөрдөн байцаагчаар ажиллах болсон билээ. Харин Билгүүний хувьд хичээлийн шинэ жил эхэлж хайртай бүсгүйгээ өдөр бүр харах болсондоо тун ч баяртай. Сургуулийн номын сан, гуанз, үүдний танхим, лаборатори гээд л хаа ч явсан тэр л хөөрхөн охиныг үргэлж нүдээрээ хайж явна. Аз дутаж түүнийг хараагүй өдрөө бүр сэтгэлээр уначихдаг байв. Билгүүн бол сургуульдаа шилдэг сурлагатайд тооцогддог оюутнуудын нэг. Дадлага хийсэн эмнэлэг бүр нь түүнийг төгсөнгүүтээ ажилд орохыг урьдаг тийм л мундаг оюутан билээ. Багадаа нүдний хагалгаанд орсноосоо хойш л байнга харааны шил
зүүдэг болсон Билгүүн цагаан халаадаа өмсчихөөр яг л буурь суурьтай эмч шиг харагдана. Нэг дүгээр курсын зарим оюутнууд бүр түүнийг багш гэж андуурах нь олонтаа. Ийм нэг даруухан, онц сурлагатай, нүдний шилтэй залуу дурласан бүсгүйнхээ нүдэнд огт торохгүй л байлаа… Багабанди хамгаалагчаар ажилладаг болоод сар орчмын дараанаас л клубын нууцуудаас бага сага мэддэг болж зарим нэг жижиг сажиг асуудалд биечлэн оролцох болов. Клубын эзэн Алдар гэх дөч эргэм насны эр мөрийтэй тоглоомоор гаршсан нэгэн бөгөөд аль л мөнгөтэй төгрөгтэй гэсэн хүмүүсийг цуглуулан долоо хоног бүр тоглоно. Гадаад дотоодын олон ч газраар явж юм юм үзсэн зайтай, зальтай Алдар мөрийтэй тоглоомд хожигдоно гэж бараг л байхгүй. Гэвч санаа гэж нохой тул хэнд хожигдож өгөх, хэнийг хувхай хоосортол нь шулахаа мэддэг толгой. Түүнтэй тоглоод алдсан мөнгөө
өгөхгүй мурих гэж оролдсон зарим нэг хүмүүсийг Томоо тэргүүтэй бүлэг залуус дарамталж сүрдүүлэх ажлыг хийдэг ажээ. Багабанди ч удалгүй энэ ажилд оролцох болж заримдаа Томоог байхгүй үеэр залуусыг ахлах болов. Хэн нэгнийг сүнсийг нь зайлтал айлган сүрдүүлж, дагаж мөрдөх, зодож дарамтлах нь Багабандийн багад нь суусан харгис хэрцгий занг улам ч сэдрээн өөгшүүлж байгааг залуу мэдсэнгүй. Нэг удаа Алдарт өш санасан нэгэн эр клубт нэвтэрч улмаар Алдарын биед халдахаар хутгатай дайрахад Багабанди самбаачлан боссыгоо хамгаалж амийг нь авран Алдарын итгэлийг хүртсэн билээ. Түүний юунаас ч айдаггүй зан нь Алдарт таалагдаж ивээлдээ авсан төдийгүй ойр зууртаа унаж бай гээд машин хүртэл авч өгчээ. Амраг залуу нь ажилд орсноосоо хойш илт хөндийрч, хурьцал үйлдэх байтугай хоёр үг ч солих зав зай гаргахаа больсонд Маралмаа
бачууравч яаж ч чадахгүй явсаар шинэ жил хаяанд ирлээ. Сарын тэмдэг нь сүүлийн хоёр сар үзэгдээгүй болохоор цэвэршилт нь эхэлж байна гэж ойлгосон Маралмаа бүр ч сэтгэлээр унана. Урьхан хичээлдээ явахын хажуугаар цагийн ажил хийж бас л гэрийн бараа үл харах тул ганцаардалд автсан Маралмаа байнга л архи дарс уун согтуу өнжих болжээ. …Анагаахын сургуулын шинэ жилийн үдэшлэг. Билгүүн анх удаа үдэшлэгт тусгайлан зориулж шинэ хослол, зангиа, гутал зэргийг авч хирдээ л гоёжээ. Байнга л хайш яайш хойш нь самнаад орхичихдог байсан үсээ донжтой засуулж нүдний шилээ зүүгээгүй Билгүүн өмнөхөөсөө огт өөр хүн шиг харагдана. Ангийнх нь охид түүнийг гоё харагдаж байгааг ам уралдуулан магтаж зарим нэг нь бүр шохоорхоод ч амжив. Билгүүнд харин энэ охидын юу гэх хамаа байсангүй, сэтгэлийг нь булаасан тэр охиноо л ирэхийг хүлээн
хаалганаас нүд салгахгүй зогсоно. Өдөржин унтаад сая л сэрсэн Багабанди ажилдаа явахын өмнө усанд орчихоод гарч иртэл үгээр хэлж үзгээр бичишгүй үлгэрийн дагиныг олж харах нь тэр. Урьхан үдэшлэгтээ явахаар бэлдэн ээждээ шинэ даашинзаа өмсөж үзүүлэн зогсож байв. Багабанди бүсгүйн үзэсгэлэн гоод алмайраад хөшөө шиг гөлрөн зогсож байтал Урьхан эргэж харснаа цээж нүцгэн залуу өөрийг нь шимтэн гөлөрч буйд эвгүйцэн хацар нь ягаарч бушуухан өрөө рүүгээ орлоо. Халамцуухан янжуур зуун суух Маралмаа охиныхоо араас гунигтай ширтэнгээ: ~Би ч гэсэн цагтаа ийм л сайхан хүүхэн байж билээ хэмээн амандаа бөвтнөх сонстоно. Багабанди гэнэт сэхээ орон хурдхан шиг хувцсаа өмсөөд: ~Урьхаан, ах нь машинаараа үдэшлэг рүү чинь дөхүүлээд өгөх үү? гэж цаад өрөө рүү хандан хашхирвал Урьхан гарч ирээд: ~Тэгвэл сайн л байна гэлээ… Үдэшлэг
аль хэдийн эхэлсэн ч Урьхан харагдахгүй л байв. Түүнийг ирэхгүй юм биш биз хэмээн санаа зовсон Билгүүний дотор нь давчдан гадаа гарч зогслоо. Өнөөдөр л зориг гарган түүнийг бүжгэнд урьж танилцах төлөвлөгөө нь бүтэхгүй байх вий гэхээс л… …Замын турш залуу, бүсгүй хоёр юм ярьсангүй. Юугаа ч ярих билээ дээ. Багабандид ингээд түүнтэй хамт яваа нь л үнэхээр сайхан санагдана. Урьхан харин биеэ барьсхийн сууна. Ээжтэй нь явалддаг энэ залуу өөрийг нь байнга л учиртай харцаар ширтээд байдгийг саяхан анзаарсан болохоор нэг л эвгүй санагдаж байлаа. Тэд зорьсон газраа ирж машин зогсоход Урьхан бушуухан гэгч нь буугаад гүйтэл араас нь Багабанди гарч ирэн
дуудав. Урьхан яарсандаа машинд утсаа унагачихсан байсныг нь өгөх гэж дуудсан аж. Билгүүн багана налан гиюүрч зогстол урд зогсоол дээр нэг машин ирж зогссоноо Урьхан бууж ирэх нь харагдав. Зүрх нь хүчтэй цохилон догдолж яахаа мэдэхгүй самгардан байтал машинаас нэг залуу гарч ирснээ Урьханыг дуудах нь сонстлоо. “Арай найз залуутай…” гэх бодол зурсхийн орж ирэхэд зүрх нь шархиран хатгуулах шиг болов. Наашаа гүйж явсан Урьхан эргэж харан зогстол өнөө залуу хойноос нь гүйж ирэн нэг зүйл өгөх нь харагдлаа. Билгүүн гайхсандаа нүдээ бүлтийлгэн хүзүүгээ урагш сунгаж байгаад эгээтэй л

шатны уруу уначихсангүй. Тэр залуу яах аргагүй түүний ихэр Дөлгөөн шиг харагдсан болохоор Билгүүн нүдэндээ итгэсэнгүй шоконд орон зогсож байх хооронд өнөө залуу ч цааш эргэн машиндаа суугаад давхин одлоо…