Нүүр Өгүүллэг “СЭТГЭЛ ҮГҮЙ” өгүүллэг “2-р хэсэг”

“СЭТГЭЛ ҮГҮЙ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
653

Шүрээгийн бие бага багаар тэнхэрсээр сарын дараа хоёр хүүтэйгээ эмнэлгээс гарав. Дэмжиж туслах хүнгүй болохоор хоёрын хоёр хүүхэд асарна гэдэг хөөрхий бүсгүйд нилээн том даваа болох нь ойлгомжтой.

Гэвч Шүрээ огт сэтгэлээр унасангүй. Хөөрхөн хөвгүүдтэй болсондоо баярлаж, хайртай хань нь өдөр бүр утсаар ярьж хангалттай мөнгө төгрөг явуулах тул дутагдах гачигдах юмгүй. Сэтгэл санаа сайхан

болохоор хөхөнд нь ч сүү сайн орно. Хоёр хүүгээ жимбийтэл өлгийдөн сайн хөхүүлж унтуулчихаад хажуугийн дэлгүүр лүү гүйхээрээ очин хэрэгтэй зүйлсээ цуглуулаад гэрлүүгээ яарахдаа ч жаргалтай

инээмсэглэн гүйдэг байв. Хоёр хүү нь ихэр мөртлөө өдөр хоног өнгөрөх тусам улам л өөр харагдах нь сонин ч Шүрээ нэг их тоосонгүй. Эмнэлгээс гарахаас өмнө хоёр хүүгээ нэг л өөр харагдаад байсанд

гайхаж сувилагчаас асуухад өнөөх нь “Хоёр эсийн ихэр л юм байгаа биз. Хоёр эсийн ихэр чинь өөр байдаг байхгүй юу” гэж хэлсэн билээ. Уг нь эмч хэдэн сарын өмнө эхогоор үзэхдээ нэг эсийн ихэр байнаа гэж

хэлж байсан ч ихэр гэдгийг нь л сонсож баярласан Шүрээ тэр үгийг нь анзаараачгүй юмсанж. Бага байхад нь Шүрээгийн ангид хоорондоо огт төсгүй хоёр ихэр охин байсан тул ихрүүд заавал ижилхэн байх албагүй гэсэн бодолдоо ч бат итгэжээ. Уг нь Шүрээ жаахан ч гэсэн хаширлаж эмнэлэгт шинжилгээ өгсөн бол хоёр хүүгийн нэг нь солигдсон гэдгийг мэдэж болохсон. Гэвч түүнд тийм бодол огтоосоо ч төрөөгүй нь харамсалтай. Хөөрхий Сэргэлэн төрөөд удаагүй эхнэртээ санаа нь зовж хамт ажилладаг байсан найзаасаа Шүрээг эргэж тойрч байхыг гуйсан ч өнөө найз нь ажил ихтэй, зав зай муутай тул хаа нэг л ирж хүнс хоолыг нь захаас бөөгнүүлж өгөөд явдаг байв. Хоёр хүүд аав нь Дөлгөөн, Билгүүн гэдэг нэр хайрлажээ. Дөлгөөн хүү нэрэндээ таарсан дөлгөөхөн, нойр ихтэй, барагтай л бол уйлдаггүй байхад Билгүүн хүү уйламхай, юм л бол өвдчих гээд байдаг хэцүү хүүхэд

байлаа. Бас Билгүүний нүд үе үе бага зэрэг солир хараад байдагт Шүрээ санаа зовж эмнэлэгт үзүүлсэн ч бага насны хүүхдэд нүдний хагалгаа хийх боломжгүй тул жаахан томрохоор нь хагалгаа хийлгэ гэсэн хариу авчээ. Ийнхүү Шүрээ хоёр хүүтэйгээ зууралдан амсхийх завгүй өдөр хоногийг өнгөрүүлсээр, хөвгүүд нь жин багатай төрсөн ч дорхноо мяраалан улам ч хөөрхөн болж өсөн торнисоор л… … Нөгөө талд… Ихэр заяагаа таслуулан харь элгийн хүний гар дээр ирсэн хөөрхий хүүд эцэг Санжаа нь нэр хайрлахдаа нэг их бодож санасан ч юмгүй Багабанди гэдэг нэр өгчээ. Учир нь нэр өгөх яг тэр үед нь телевизээр ерөнхийлөгч Багабанди гарч байсан юмсанж. Ингээд Дөлгөөн хүүгийн ихрийн өрөөсөн хүү Багабанди гэдэг нэртэйгээр хоёр эгч, аав, ээжийн хамт дэнжийн мянгийн гэр хороололд умгар жаахан гэрт амьдрах боллоо. Санжаагийн хоёр охин нь 9 настай Наранцэцэг, 7 настай Саранцэцэг гэх тэрсхэн охид. Эцэг эхийн анхаарал халамж дутуу дулимаг, амьдралын боломж бололцоо муу тул хичээл номонд

тааруу, голцуу өлөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөсөөр түүндээ ч дассан бөгөөд өвөл зунгүй гадаа гудманд үеийн хүүхдүүдтэй тоглож наадан халтайж сэгсийгээд л явж харагдана. Санжаа машин засварын газар ажиллаж байгаад баруун гараа машинд даруулж хуруунууд нь бяцран тайруулснаас хойш ажил хийх чадваргүй болсон аж. Машин засдаг байхдаа л үе үе уучихдаг байсан нь бүр ч дордож нэг гараа алдсанаас хойш тэр хавийн архичидтай нийлэн өдөр алгасахгүй гударч мөнхийн согтуу толгой явах болжээ. Туяад эзэмшсэн мэргэжил гээд байх юмгүй, ер нь залхуу замбараагүй зантай нэгэн тул энэ олон жил хүүхэд гарган гэрт хэвтсээр бүр ч ажлаас төсөөрч ажил хийж амьдралаа өөд нь татна гэхээс л яс нь хавталздаг байв. Нөхөр нь гараа алдаж ажлаасаа гаран архинд живсэн тул бага охиноо тав хүрдэг жил аргагүй цэвэрлэгчийн ажил хийдэг болсон билээ. Муу ч гэсэн эх хүн

гэсэндээ хоёр охиноо бодож гүрийн хүний баас шээс, хог новштой зууралдан жил гаран ажиллаад дахин жирэмсэлсэн тул гэртээ сууж хүүхдийн мөнгө, хороо хорины хандив тусламжаар өдөр хоногийг аргацаасаар амаржсан билээ. Санжаа хөдөлмөрийн чадвараа алдсан гээд группт бүртгүүлэн сар бүр тэтгэмж авдаг болсон ч тэр мөнгөөрөө хар усаа л авч гудрахаа бодно. Тэр байтугай ойр хавийн дэлгүүрүүдээс өр зээл тавин байж уух бөгөөд худалдагч нар эхнэрээс нь тэр мөнгийг нь нэхэж гай болно. Туяа тэр бүрийг өгнө гэж гонжийн жоо шүү дээ. Хэлгүй дүлий хүн шиг л тоомжиргүй хандах тул худалдагч нар залхаж сүүлдээ Санжаад зээлээр архи өгөхөө больсон нь яамай. Туяа уг нь айлын бага охин бөгөөд дээрээ нэг ах, нэг эгчтэй. Анхандаа ах эгч нь аль чадахаараа тусалж дэмждэг байсан ч өөрсдөө амьдралаа арайхийн авч яваа хүмүүс тул сүүлдээ бараг харьцахаа болж зугтаж дөлдөг болсон гэхэд хилсдэхгүй. Арга ч үгүй шүү дээ, нөхөр нь гэж нэг

согтуу толгой байнга архины мөнгө нэхэж очно, эхнэр нь ч тэр олхиогүй царайлаад байнга л хоолгүй болчихлоо, өвдлөө хавдлаа гээд мөнгө гуйгаад байхаар хэн ч залхах нь мэдээжийн хэрэг. Санжаагийн хамаатан садангууд ч тэднийхээс зайгаа барьж жилээс жилд улам хөндийрсөөр, цагаан сараар л нэг ёс болгож царай царайгаа харалцдаг болсон билээ. Нараа, Сараа хоёр архичин эцгээсээ сүнсээ зайлтал айна. Аав нь ажил төрлөө хийгээд эрүүл саруул гэртээ ирэхдээ хоёр охиндоо амттан шимттэн авчирч тоглож нааддаг байсан тэр үе бараг л ор тас мартагдаж… Одоо бол орой бүр согтуу ирж ээж нь аяыг нь харан хэрүүл уруулгүй унтуулахыг хичээх ч ихэнхдээ л хэрүүл зодоон болж өндөрлөдөг билээ. Заримдаа бүр ч азгүй өдөр тохиож хөөрхий хоёр охин аавынхаа гарын шүүс болох нь ч бий. Тийм учраас аав гэдэг хүн энэ гэрт ирлээ л бол бяцхан зүрхнүүд айдсаар дүүрч аль болох нүдэнд нь өртөхгүйг хичээн бүлтгэнэх нь өрөвдөлтэй. Уг нь Санжаа архи

уугаагүй үедээ дуугүй гэж жигтэйхэн ноомой амьтан. Туяа нөхрөө эрүүл үед нь бахаа ханатал яншиж үглэн загнана. Өнөөх нь дуугүй хэвтэж байгаад л гараад явчихдаг, тэгээд л уучихсан ирдэг байв. Заримдаа бүр хэд хоногоор алга болно. Тэр хэд хоногт хоёр охины нар нь гарч дуу шуу орон “Аав битгий ирээсэй” гэж залбирах шахуу. Ийм нэг хэцүүхэн гэр бүлд Багабанди хүү хүн болох хувь заяатай байжээ хөөрхий… Нялх биетэй Туяа олигтой хоол цайгүй өнжсөөр хөхний сүү тун тааруу болохоор хүү нь мах мариа муутай. Хаа очиж уйлах нь бага, ёстой л зөнгөөрөө хүн болж байлаа. Санжааг хүүтэй болоод арай дээрдэх байх гэж бодож байсан Туяагийн горьдлого талаар болжээ. Согтуу орж ирээд агсамнахад нь цочиж айсан хүү часхийтэл чарлан уйлахад “Наад бэлтрэгээ дуугай болгооч” гэж зандрах эр нөхөр нь

засрахаас нэгэнт өнгөрснийг Туяа сая л ойлгосон ч ээдрээт амьдралын давалгааг сөрөх тэнхэл байсангүй, урсгалаараа хөвөөд дуусах тавилантайгаа эвлэрчээ… Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч хөвгүүд нэг нас хүрлээ. Энэ нэг жилийн хугацаанд Шүрээ гүн ядаргаанд орж хоёр ч удаа эмнэлэгт хэвтсэн ч Сэргэлэнг санаа зовоод хамаг ажлаа хаяад хүрээд ирэх вий гэсэндээ юу ч хэлээгүй билээ. Гэвч Сэргэлэн тэнэг хүн биш тул хоёрын хоёр нялх хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эхнэрийгээ ядарч байгааг мэдэлгүй хаачихав, хурдхан шиг ахиухан мөнгө хураагаад гэр бүлдээ очихын тулд үндсэн ажлынхаа хажуугаар халтуурны ажил хийж амрах завгүй ажилласаар овоо хуримтлал үүсгэж чаджээ. Ингээд залуу хосын хүсэн хүлээсэн өдөр болж хоёр хүүгийнхээ нэг насны төрсөн өдрөөр Сэргэлэн эх орондоо ирэн нөхрөө санасан бүсгүйн магнай тэнийж, хоёр бяцхан хүү

эцэгтэйгээ уулзаж нэгэн гэр бүлд аз жаргалын наран мандав аа… Нийтийн байр дамжин амьдарч байсан хоёр маань өөрсдийн гэсэн орон гэртэй болно гээд бөөн баяр. Ярилцаж байгаад байранд орох гэснээ болиод хашаа худалдан авч байшин барихаар шийджээ. Хоёулаа дэлгүүрт ажиллаж байсан туршлагатай болохоор хашаандаа дэлгүүр барьж ажиллуулахаар төлөвлөсөн аж. Эхний ээлжинд ямар ч байсан хөл дүүжлэх унаа авчээ. Ойр хавьдаа дэлгүүргүй, боломжийн цэвэрхэн газар хайсаар хоёр газар үзэхээр боллоо. Нэг нь дэнжийн мянгад, нөгөө нь яармагт. Ирээдүйн амьдрах газраа хамтдаа үзэж сонгохоор дөрвүүлээ машиндаа сууж аваад л давхисаар арай ойрхоноор нь дэнжийн мянгын гэр хороололд эхлээд ирэв. Авахаар сонирхож буй хашаа нь ч тун дажгүй юм. Сэргэлэн хашааны эзэнтэй

байшин барихад хир тохиромжтой талаар яриа өрнүүлэх зуур Шүрээ машинд унтаж буй хоёр хүүгээ шалгаад ойр орчмыг сонжин ажиглаж зогслоо. Гудамны цаад үзүүрт баахан хүүхдүүд тоглон бужигнаж шороо манарна. Тэдний дунд баацагнан гүйж яваа жаахан хүүг хараад Шүрээ инээмсэглэн “Миний хоёр хүүгийн л үе юм байна. Бас том хүүхдүүдийг дагаж гүйгээд тоглох санаатай овоо эр вэ хэхэ. Хувцас хунар нь ямар ч заваан юм бэ дээ. Ийм шороон дээр өнхрөөд байхаар арга ч үгүй дээ. Энэ газрыг авахаар бол хоёр хүү минь энэ хүүхдүүдтэй л тоглож найзлах байх даа” гэх зэргийг бодож амжив. Даахь нь ширэлдэж, хирэндээ баригдсан хувцастайгаа ч тоож байгаа юмгүй халтайсан тэр хүү өөрийнх нь мах цусны тасархай, төөрөлдсөн төрсөн үр нь гэдгийг хөөрхий бүсгүй яаж мэдэх билээ… “Хөөе Гочоо лалар минь” гэж муухай хашхирах эрэгтэй хүний дуунаар Шүрээ

бондгосхийтэл цочин эргэж харвал хоёр гурван согтуу эр булан тойрон гарч ирэх харагдав. Тэд чанга чанга дуугаар муухай хараал хэлэн маргалдах нь ой гутмаар. Гэтэл нэг нь хүн амьтнаас ичиж санаа зовж байгаа ч юмгүй шууд өмдөө шувтлан эрхтнээ гаргаад манай хоёрын худалдаж авах гэж буй хашаа руу сарьж эхлэв. Шүрээгийн дургүй хүрсэн ч согтуу эрчүүдээс айсандаа юм хэлж чадсангүй. “Хөөе Санжаа цаана чинь нэг сайхан хүүхэн чиний боов руу гөлрөөд байна ш дээ. Шаалгах гээд загтнаад байгаа юм бишүү” гэж нэг нь хэлснээ бүгд пар пархийн муухай инээлдэв. Санжаа ч мөн адил маасайн Шүрээ рүү харснаа “Цангаад байвал ах нь услаад өгч болно шүү” гэхэд Шүрээ хурдхан шиг хашаа руу гүйж орон Сэргэлэнг дуудаад “Энэ газар таалагдахгүй байна аа хайраа, хурдан эндээс явья тэгэх үү” гэхэд Сэргэлэн гайхсан ч үгэнд нь орон хашааны эзэнд тайлбарлаж уучлалт

хүсээд машиндаа суун хөдөлцгөөлөө. Согтуу эрчүүд юугаа ч юм булаалдан заамдалцсаар ард хоцров. Сэргэлэн: ~Миний хайр гэнэт яасан бэ? Уг нь дажгүй цэвэрхэн хашаа юм бишүү? ~Саяны муухай хүмүүсийг харав уу? Ёстой балиар. Энэ хавьд иймэрхүү хүмүүс их байдаг юм шиг байна. Би бүр айчихлаа… ~Өө хөөрхнөө согтуу хүмүүсээс айчихсан юмуу, хэхэ. Заза чамд минь таалагдахгүй бол угаасаа дэмий байхөө. Хэдүүлээ тэгвэл яармагын газар луу явж үзэх үү? ~Тэгье даа ханиа…гээд Шүрээ тайвшрахаар урт амьсгаа аваад хоёр хүүгээ харж инээмсэглэв. Төрсөн үртэйгээ уулзаж төөрөлдсөн учгыг тайлах боломжоо сая дөнгөж алдаад явуулчихснаа огтхон ч гадарласангүй. Инээд хөөр болон гүйж явсан Багабанди эцгийнхээ барааг хармагц царай нь хувьсхийн цааш гүйж одлоо… Яармагт үзсэн газар нь хэн хэнд нь таалагдаж худалдан авчээ. Сэргэлэн ч маргааш нь

л шууд барилгын материалаа цуглуулан хамтарч хийх ажилчид олж байшингаа барьж эхлэв. Сарын дараа гэхэд л Яармагын дэнж дээрх тохилог том байшинд Сэргэлэнгийнх гэдэг айл гал голомтоо бадраалаа. Дэлгүүрээ ч нээж ойр орчмын хүмүүс ам сайтай, ажил үйлс урамтай урагшилж залуу хосын сэтгэл тэнэгэр. Хоёр хүү нь ч эрүүл энх өсч томорсоор, танихгүй хүн харвал ихэр гэж хэлэхээргүй өөр царай зүстэй болж байв. Гэвч Сэргэлэн, Шүрээ хоёр огтхон ч хар санасангүй, хоёр хүүгээ ижил тэнцүү хайрлана. Нилээн турж царай алдсан Шүрээ нөхрийгөө ирснээс хойш илт өөрчлөгдөн мах мариа сууж царайнаас нь гэрэл цацран үргэлж инээд алдан явна. Одоо л бүх юм сайхан болж байх шиг, залуу хосын өмнө гэрэлт ирээдүй зурайн байлаа. Ариун цагаан хөдөлмөр, чин үнэн сэтгэлээр босгосон амьдрал хичнээн амттай гээч! …Байнгын хүчирхийлэл харж, хараал зүхэл сонсон өсч буй Багабанди хүү аймхай, уйламхай болж уйлах бүрдээ ээрдэг өвчтэй болжээ. Гурван хүүхдийн хувцас хунар, хоол унданд халамжийн хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүй, Санжаа ажил төрөл хийхгүй архинд сэлсэн хэвээр тул Туяа цэвэрлэгчийн ажилдаа эргэн

оров. Хөөрхий хүү өдөржин өлмөн зэлмүүн хоосон ходоодтой, хоёр эгчийгээ даган гудамны шороон дээр өнжинө. Орой ээж нь ядарсан, цухалдсан, ууртай ирээд хоол хийж өгсөн болоод л хэвтээд өгнө, аав нь ирэхээрээ баахан хашхичиж гурван хүүхдээ бүлтгэнүүлж байгаад ээжтэй нь хэрүүл зодоон болно. Заримдаа агсам ч тавих чадалгүй хэт их уусан үедээ ашгүй нэг чимээгүй унтана. “Аав ирлээ” гэдэг үгийг сонсоод л хүү зөнгөөрөө айдас мэдэрч хурдхан шиг хөнжил доогуур шургадаг болжээ. Хэдий жаахан хүүхэд ч гэлээ Багабанди их уцаартай, муухай ааштай болсон бөгөөд ална шүү, зайл гэж хэлд орсон нь

эмзэглэмээр хэрэг байхад харин ч хүмүүс инээд хөөр болж ялангуяа аав нь бүр ч илүүтэй баясаж дахин дахин хэлүүлэх нь аймшигтай. Хөөрхий хүү аавыгаа инээхэд баярлан хөөрч улам ч муухай үгс хэлж сурсаар байлаа. Дээрээс нь байнга л өлсөж, бүрэн цадах гэдгийг үзээгүй хүү хоёр эгчийнхээ адил үргэлж өлөн нүдлэн ходоод руу шидчих юм хайж явна. Эцгийн хайр, нөмөр нөөлөг гэдэг сайхан зүйлийг үзэж чадахгүй өсч буй хөөрхий хүүхдүүд өрөвдмөөр ч ядаж ээж нь хайр халамжаар дутаахгүй байсан бол арай дээр байхсан. Гэвч

ээж нь хатуу хүтүү амьдралд нухлагдаад эмэгтэй хүний энхрий ялдам зан, зөөлөн сэтгэлээ гээж ажлын стресс, нөхрийн дарамтанд багтарсан уураа гурван хүүхдэдээ гаргах нь гачлантай. Хайр халамж мэдрэхгүй удсан эмэгтэй хүн харгис болдог гэж үнэн ажгуу…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *