
Жирэмсний тестэн дээр тодрон гарч ирсэн хоёр ширхэг улаан зураас… Шүрээгийн нүдэнд оч гийн аяархан дуу алдсанаа амаа дараад итгэхгүй байгаа янзтай тестийг нүүрэндээ тулгах шахам ойртуулж
харснаа “Үнэн байна, тийм байна, би…би ээж болох нь ээ, нээрээ гэж үү дээ” хэмээн өөртөө хэлэхэд нүднээс нь баярын нулимс асгарлаа. Нүд дүүрэн нулимс, нүүр дүүрэн инээмсэглэлтэй угаалгын өрөөнөөс гарав.
Зүрх нь баяр хөөрөөр дүүрээд халгиж цалгиад байна уу гэлтэй булгилан цовхчино. Нийтийн байрны гэрэл муутай бүүдгэр хонгил өмнөхөөсөө өнгөлөг, гэгээтэй ч болчихсон юм шиг, бүх хөршөө
хашхиран дуудаж гаргаж ирээд баяртай мэдээгээ хэлмээр ч юм шиг… Шүрээ гудсан дээрээ хэвтээд гэдсээ илэнгээ “Хааа-раааацай шууу-вууны дэгдээхий ши-иигээ” хэмээн аялснаа ээжийгээ санан дахиад л
уйлчихав. Ээж нь хамгийн сүүлд энэ дууг аялан түүнийг бүүвэйлж байсан нь одоо ч санаанд тодхон. Шүрээ хэдий долоон нас хүрсэн байсан ч ээж нь түүнийг дандаа л ингэж бүүвэйлэн унтуулдаг

байсансан. Айлын ганц охин болоод ч тэр үү ижий аавдаа, өвөөдөө дэндүү эрх танхи байж… …Тэр нэг хар өдрийг эргэн дурсахуйяа… Аав нь жолоогоо бариад, өвөө нь урд талын суудалд суучихсан, ээж охин хоёр арын суудал дээр эрхлэлдэн явж байлаа. Шүрээ цонхоор ширтэн энэ тэрийг сониучирхаж явна. Өчигдөр орсон цас газар дэлхийг бүхэлд нь хучиж цав цагаахан уулс, модод ээлжилсээр охины нойр нь хүрч ээжийнхээ энгэрт шигдэн тухлав. Ээж нь охиныхоо толгойг хайрлан илбэнгээ бүүвэйн дуу аялна. Өвөөгийнх нь гаансны үнэр арц хүж шиг л үнэртэн, аав өвөө хоёр нь нам дуугаар ярилцаж, ээж нь түүнийг энхрийлэн бүүвэйлээд л… Охин жаргалтай гэгч нь инээвхийлэн нойрслоо. Шүрээ ээжийнхээ чанга хашхирах дуунаар сэрэв үү үгүй юу газар дэлхий хөмрөх шиг л болоод аймшигтай өвдөлт
мэдрэн ухаан алдав… Хайртай ээжийнхээ царайг ч харж амжсангүй… Цас дагтаршсан гялаан зам дээр хурд хэтрүүлэн давхиж явсан том тэрэгний жолоочийн гайгаар тэд осол.дож Шүрээ гэх бяцхан охин хамгаас хайртай гурван хүнээ нэг дор а.лдсан билээ. Хээрийн замд болсон осл.ын дуудлага авсан ца.гдаа, эмн.элэгийн ажилчдыг очиход том хүмүүс нь бүгд амьсг.ал хура.аж бяцхан охин л ганцаараа зү.рх нь зогсо.огүй байж. Ижий нь үрээ хамгаалан толгойг нь энгэртээ наан тэвэрсэн чигтээ хөшчихсөн байсан гэдэг… Хагацал зовлонг хар багадаа үзсэндээ ч тэрүү одоо бол хир барагтайд нулимс унагахаа байсан Шүрээ өнөөдөр харин ээж болохоо мэдээд баярын нулимсыг харамгүй асгалаа. Энэ сайхан мэдээгээ нөхөртөө хэлэхсэн гэхээс байж ядна. Өөр хэндээ ч хэлэх билээ дээ хөөрхий. Түүний баяр хөөрийг хуваалцах ах
дүү байх биш. Ээжийн талын хамаатан садан гээд байх хүн бараг л байхгүй тул ослын дараа аавынхаа ахынд амьдрах болсон ч газар дээрх ганц авга ахынх нь гэр бүл охинд тийм ч сайн байсангүй. Гуниг гутрал, нулимсаар дүүрэн хэдэн жилийг тэр гэрт өнгөрөөгөөд арван зургаан нас хүрмэгцээ л тэндээс зугтах шахам явжээ. Яг тэр үед Шүрээд ямар ч мөрөөдөл, итгэл найдвар үгүй болчихсон бүтэхгүй хэдэн хүүхдүүдтэй нөхөрлөн архи, тамхи хэрэглэж энэ тэрүүгээр танхайран явдаг байлаа. Төд удалгүй өөрөөсөө хэд ах залууд сэтгэл алдарч үерхэх болов. Өнөөх нь тогтсон ажил төрөлгүй, аав ээжийнхээ мөнгөөр тансаглан архи дарс эргүүлсэн үл бүтэх нэгэн. Гэвч дурлалд сохорсон Шүрээ хэдхэн удаа уулзаад л өвөрт нь орж улмаар хамт амьдрах болжээ. Арван ес хүрдэг жилээ Шүрээ хоёр ч удаа жирэмсэлж үр хөнд.үүлжээ. Тэр уг нь хүүхдээ төрүүлэхийг хүсэж байсан юм. Гэвч найз залуу нь зөвшөөрсөнгүй. Хоёр дахь хүүхдээ авхуулчихаад Шүрээ найз залуудаа юу ч хэлэлгүй бас л яваад өгсөн. Энэ удаад ухаантайхан
байж ажил төрөл олж хийхээр сэтгэл шулуудсан билээ. Эхэндээ байрлаж ажиллах боломжтойгоор нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хэсэг хийгээд яваандаа байр хөлслөн зөөгч, худалдагч зэрэг ажил хийж явсаар нэг л мэдэхэд гурван жилийг ардаа орхисон байлаа. Энэ хугацаанд эр хүнтэй ойртож дотноссонгүй. Анхны эр хүн нь сэтгэлд том шарх үлдээсэн болохоор тэр биз. Харин жилийн өмнө Сэргэлэн гэх залуутай танилцжээ. Сэргэлэн бол Шүрээгийн худалдагч хийдэг дэлгүүрт бараа нийлүүлэгч компанид түгээгч хийдэг залуу. Шүрээтэй адил бүтэн өнчин бөгөөд багаасаа л энд тэнд хар бор ажил хийж өдийг хүрчээ. Тэр хоёр хэдэн сарын турш үерхээд саяхнаас л хамт амьдарч эхэлсэн. Энэ удаад Шүрээ жинхэнэ насны хань, хайраа олсон гэдэгтээ итгэлтэй, жаргалтай байгаа билээ… …Шүрээ нулимсаа арчаад инээмсэглэн босч хоолоо бэлдэж эхлэв. Жирэмсэн болсон гэдгээ Сэргэлэнг ирэхээр нь хэлэхээр шийджээ. Түүнийг яаж хүлээж авах бол гэхээс догдлолтой, басхүү багахан айдастай. Өмнө нь хоёр ч удаа “Наад
хүүхдээ ав.хуул!” гэдэг үг сонсож байсан болохоор дахин тийм үг сонсох вий гэсэн түгшүүр төрнө. Гэхдээ Сэргэлэн юу ч гэж хэлсэн заавал хүүхдээ төрүүлнэ гэж өөртөө амлалт өгөн байв. Өмнө нь хоёр удаа үр хөндүүлсэн болохоор дахин жирэмслэхгүй байх вий гэсэн битүүхэн айдастай байсан Шүрээд энэ бол үнэхээр бурхны бэлэг мэт санагдаж байлаа. Орой нь Сэргэлэн бөөн баяр хөөртэй “Хайраа гоё мэдээтэй” гэсээр дуу шуутай орж ирлээ. Шүрээ инээд алдаад “Надад ч бас чамд хэлэх гоё мэдээ бий” гэсээр хоёул хоолоо идэхээр жижигхэн ширээнийхээ хоёр талд сөхрөн сууцгаав. Сэргэлэн их л өлссөн бололтой хоолноос том том халбагадан идэх зуураа: ~Удахгүй хоёулаа янзын гоё байшинтай болоод сайхан амьдарна аа, бас хайр нь чамд дуртай бүх юмыг чинь авч өгнө… ~Юу болсон юм бэ хайраа? Цалингаа тэмүүлсэн юмуу? Тушаал дэвшсэн юмуу? ~Юун цалин нэмэгдэх цаашаа ш дээ хайраа. Би эртээд чамд хэлж байсан даа… Солонгос руу явж ажил хийх талаар… ~Айн? Тэгээд? ~Тэгээд үү, тэгээд харин тэр
маань бүтчихлээ ш дээ хайраа. Нөгөө манай Өлзий гээд дарга байна ш дээ. Тэр ах маань барьцааны мөнгийг нь төлөөд намайг явуулж өгөхөөр болчихлоо. Гоё байгаа биз дээ? ~Нээрээ юу? Ямар гоё вэ хайраа гээд Шүрээ босч харайн Сэргэлэнг тэвэрч хоёул бөөн баяр болов. Шүрээ түүнд жирэмсэн гэдгээ хэлэхээ түр азналаа. Орондоо орсон хойноо Сэргэлэн гэнэт санав бололтой: ~Чи нээрээ надад хэлэх гоё юм байгаа гэсэн ш дээ. Юу юм бэ хайраа? Түрүүн хөөрөөд бүр таг мартчихсан байна ш дээ. ~Аа тэр үү… Нөгөө… нэг их онц юм бишээ. Бараг дэмий шахуу юмөө. За одоо унтаж амар хайраа… Жирэмсэн гэдгийг нь мэдвэл Сэргэлэн ганцааранг нь орхиод Солонгос явахгүй гэдгийг Шүрээ мэдэж байсан болохоор ийнхүү хэлээ хазан өнгөрөөжээ. Ямартай ч хилийн дээс алхаад ажил төрөлдөө орж жигдэрсэн хойно нь хэлье гэж шийдэв. Яг сарын дараа Сэргэлэн явлаа. Биенээсээ хол удаан байна гэхээр хэн хэн нь гунигтай байвч амьдралаа өөд нь татах ганц том боломж учраас өөр яалтай. Онгоцны буудал дээр тэврэлдэн зогсож байхдаа Сэргэлэн “Хайр нь удахгүй зөндөө их мөнгөтэй болчихоод хүрээд ирнэ. Миний хөөрхөн гүнж биеэ бодоод хайрыгаа хүлээж байгаарай. Хайр нь чамайгаа жаргаана аа” гээд нүд дүүрэн
нулимстай духан дээр нь үнэрлээд эргэн эргэн харсаар далд оров. Шүрээ гэдсээ илэн “Ирэхэд чинь хоёулаа болчихоод байж байя хайрт минь” гэж амандаа шивнэсээр хоцорлоо… Харь нутагт ирээд хэдхэн хоногийн дотор ажилдаа дассан Сэргэлэнд ганц хэцүү юм нь Шүрээг санах, санаа зовох л байв. Орой бүр ажлаа тарчихаад унтан унтатлаа утсаар ярина. Шүрээ харин өдөр нь худалдагчийн ажилаа хийж орой нь хайрттайгаа утсаар ярисаар гуньж гутрах завгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр. Хоёр сарын дараа гэдэс нь мэдэгдэхүйц томорч жирэмсний хяналтанд орохоор эмнэлэгт очоод хоёр ихэр хүүхэд тээж буйгаа мэджээ. Бөөн баяр хөөр болсон амьтан тэр оройноо л Сэргэлэнд урт гэгч зурвас бичин явуулав. “Хайрт минь нөгөө гоё мэдээгээ хэлэх цаг нь болжээ. Одоо л хэлж байгаад уучлаарай. Чи бид хоёрын хайрын баталгаа хэвлийд минь бойжиж байгаа. Чамайг явахаас өмнө мэдсэн ч хэлж чадаагүй юмаа. Өнөөдөр хайр нь эмнэлэг орж үзүүлсэн. Бүр ихэр хүүхэд гэсэн шүү. Хайр нь үнэхээр жаргалтай байна. Надад санаа зовох хэрэггүй ажлаа сайн хийгээрэй. Одоо чи бид хоёр ээж, аав болох учраас хүүхдүүдээ сайхан амьдруулах хэрэгтэй шүү дээ. Чамайгаа ирэхэд гурвуулаа болчихсон тосч авнаа. Хайртай шүү” Сэргэлэн
зурвасыг уншаад л шууд Шүрээ рүү залгаж хоёулаа баахан уйлалдав. Хэдий богино хугацаанд хамт амьдарсан ч сэтгэл нь үнэн байсан болхоор хэн хэн нь жаргалтай, ирээдүйн гэрэлт өдрүүдэд яаран байлаа. “Миний хайр одоо ажил битгий хий. Гэртээ биеэ бодоод л амраад байж бай. Хайр нь хангалттай мөнгө явуулах болхоор санаа зоволтгүй хэрэгтэй юмаа аваарай” гэж Сэргэлэн хэлсэн ч Шүрээ зөрүүдлэн гэдсээ томортол ажлаа хийсээр тонус өгч аргагүй ажлаасаа гарав. Сэргэлэнгийн явуулсан мөнгийг хадгаламжинд хийн аль болох дэмий юманд мөнгө үрэхгүйг хичээнэ. Хэдий ажлаасаа гарч гэртээ суух болсон ч ихэр хүүхэд болхоор гэдэс нь айхтар томорч түүндээ түүртэн аар саар гэрийн ажилд ч ядраад байх болж. Байнга тонус өгч, бие нь ядруухан зовиуртай байсан ч Сэргэлэнтэй ярихдаа үүнийгээ тас нууна. Ингэж байсаар төрөх хугацаанаасаа сар гарны өмнө доошоо цус алдсан Шүрээ эмнэлэгт хүргэгдлээ. Түрдэг орон дээр ухаан нь орон гаран хэвтэж яваа Шүрээ ингээд л хоёр үрээ алдчихвий гэхээс зүрх нь зогстлоо айж байв… Шүрээ нилээн их цус алдсан байсан тул эмч сувилагч нар яаралтай хагалгаанд бэлдэн дөнгөж ороод байтал ахин
нэг хүндрэлтэй жирэмсэн эмэгтэй иржээ. Мөн л төрөх хугацаа нь болоогүй ч цус ихээр алдаж яаралтай хийсвэр хагалгаа хийх шаардлагатай байв. Төрөх тасгийн хоёр өрөөн дотор эх үрсийн амийг аврах тэмцэл явагдсаар ямартай ч хоёр хагалгаа амжилттай өндөрлөсөн хэдий ч эх үрсийн биеийн байдал тун тааруу байлаа. Ядаж байхад хүнд хагалгаанд орсон уг хоёр бүсгүйн ар гэрээс ирсэн хүн нэг ч байхгүй байсан нь харамсалтай. Хоёр эхийг эрчимтэй эмчилгээнд оруулж, дутуу төрсөн гурван хүүг хүчилтөрөгчтэй инкубаторт хэвтүүлэв. Тус эмнэлэгт ийм инкубатор ганц л байдаг тул гурван хүүг хамт хийхээс өөр арга байсангүй. Шүрээгийн хоёр ихэр хүүтэй хамт инкубаторт бойжиж буй нярайн ээж нь Туяа гэх жижигхэн биетэй бүсгүй. Хүндрэлтэй төрсөн гэхэд хаа очиж хурдан сэхэл аван гурван хоногийн дараа ойр зуур явахтайгаа болжээ. Шүрээ харин нас залуу ч хоёр ихэр хүүхэд хүндрэлтэй төрүүлсэн болоод тэр үү бие нь нэг их сайжрахгүй л байлаа. Дээрээс нь сахиур хийчих хүн байхгүй тул асрагч сувилагчдын аяыг харан эмнэлгийн хоолоор голоо зогооно.
Хоёр хүүгээ харахсан гэж байж ядавч өөрөө хэвтэрт байгаа тул боломжгүй нь гачлантай. Ямар ч байсан эмч хэлэхдээ хоёр хүүгийн бие тун хурдан сайжирч байгаа гэсэн тул сэтгэл нь бага ч атугай тайвширчээ. Хэд хоног таг болсонд нь санаа зовж галзуурах шахсан Сэргэлэнтэй холбогдон эсэн мэнд амаржиж хоёр хөөрхөн хүүтэй болсноо хэлж санааг нь амраасан билээ. Туяа орноосоо болгоомжтой босч хана түшин зөөлөн зөөлөн алхсаар коридорт гарвал цаанаас нь сайхан ааштай сувилагч бүсгүй гүйж ирэн түшээд “Та хүүгээ харах уу” гэнгүүтээ хариулт хүлээсэнгүй дагуулан явав. Гурван адилхан улаан цурав нялх хөвгүүд ялгахын аргагүй ижилхэн харагдана. Сувилагч бүсгүй шилэн хананы цаанаас хуруугаараа заан “Тэр баруун захад байгаа нь таны хүү шүү дээ” гээд инээмсэглэн Туяа руу харав. Туяа төрөлхийн солир нүдтэй болохоор жишүүлдэн хүү рүү хараад үлмэдэг инээмсэглэхэд нүдэнд нь гунигийн сүүдэр бүртэлзэнэ. Сувилагч түүнээс “Дотогш орж хүүгээ ойроос харах уу? гэхэд Туяа толгой
сэгсрээд цааш эргэлээ. Дотор нь давчдаад уйлчих гээд байсан болохоор сувилагчаас холдон цонхны дэргэдэх сандал дээр очиж цааш харан суугаад гашуун нулимсаа чимээгүй урсгав. Төрөх дөхсөн жирэмсэн эхнэртээ агсамнаж гар хүрчихээд хэнэг ч үгүй гараад явсан нөхрийгөө бодохоор л гомдмоор. Эмнэлэгт ирээд дөрөв тав хоночихоод байхад эргэж ч ирэхгүй байгаад нь нэг их гайхсангүй. Тэр угаасаа л тийм хүн. Тийм харгис, халамжгүй хүнтэй амьдралаа холбосон өөрийгөө л буруутгана. Гэвч өдийг хүртэл салаад явчих зүрх зориг түүнд байсангүй. Салж явлаа гээд хоёр охиноо чирээд хаана ч очих билээ дээ гэж бодож явсаар дахин жирэмсэлж хүү төрүүлсэн нь энэ билээ. Ард үлдсэн хоёр охин нь яаж байгаа бол гэж санаа зовохоос ч дургүй нь хүрнэ. Ер нь Туяа жаахан маанагдуу гэхэд хилсдэхгүй. Тийм болоод ч өдийг хүртэл нөхөртөө хараалгаж зодуулан тэвчсээр ирсэн биз. Ямар
нэг юм болвол зүгээр л чимээгүй уйлж тайвшраад л цааш урсгалаараа хөвдөг тийм л дорой бүсгүй билээ. Туяа ханатлаа уйлж аваад босч өрөө рүүгээ сажлах зуураа “Ингэж явахаар үхчих юмсан” гэж бодож амжив. Гэсэн ч амьдралаас явна гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Нярайн сувилагч бүсгүй ядарсандаа эвшээсээр орж ирээд инкубаторт буй гурван хүүг нэг нэгээр нь гаргаж өндөр жинг нь үзээд буцааж хийхдээ байрыг нь сольж тависнаа анзаарсангүй. Эмч орж ирээд хөвгүүдэд баахан үзлэг хийж байснаа сэтгэл хангалуун “Манай гурав ёстой мундаг байна шүү. Энэ баруун талын хүү чинь Туяагийн хүү биз дээ?” гэхэд сувилагч “Тийм ш дээ” гэж итгэлтэй нь аргагүй хэлэв. Үнэндээ бол Туяагийн хүүг зүүн захад тавьчихснаа өөрөө ч мэдэхгүй байлаа. Эмч “Туяагийн бие ч сайжирсан. Хүүг нь одоо инкубатороос
гаргахад болохоор байна. Ээжид нь аваачиж өгөөрэй. Шүрээгийн ихрүүдийг хоёр хоногоос гаргая” гэхэд сувилагч толгой дохиод баруун захад буй ихэр хөвгүүдийн нэгийг эвтэйхэн авч цэвэр даавуунд өлгийдөв. Уг нь эмч, сувилагч хоёрын аль нэг нь жаахан ч гэсэн анзаарч нягтлан харсан бол хоёр ихэр хөвгүүнийг салгаж буйгаа мэдэх байсансан… Сувилагч бүсгүй нялх хүүг Туяад аваачиж өгөөд “Одоо хүүгээ хөхөөрөө хооллож болно. Та хоёрыг ирэх долоо хоногт гаргах байх шүү” гээд гарлаа. Туяа ямар ч сэтгэл хөдлөлгүй царайтай бяцхан хүүгийн улаан нүүр лүү жишүүлдэн хараад “Сайн уу үр минь.

Чамайг яажшуухан тэжээнэ дээ” гээд санаа алдан хөхөө гаргав. Хүү арайхийн хөхний товчийг олж үмхээд шуналтай гэгч нь бувар бувар сорон залгилна. Туяа харин өөр хүний үрийг энгэртээ тэвэрч буйгаа огт мэдсэнгүй өнөөх л уйтгартай харцаараа цонх руу ширтэн байлаа.