Нүүр Өгүүллэг “ХООСОН” өгүүллэг “8-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“ХООСОН” өгүүллэг “8-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
1,369

Сэтгэл дотор нь үзэн ядалт, гомдол, өширхөл л буцлана. Түүний зүрхэнд хайр энэрэл, өршөөл нигүүлсэл огт үлдсэнгүй. “Би энэ амьдралдаа хоёрхон хүнийг л хайрласан гэвч тэр хоёр нь хоёулаа

намайг хог новш шиг л хаялаа. Би ахиж хэнийг ч хайрлахгүй” хэмээн бодоод шүдээ зуун хаазаа гишгэв. Хурдны заалт бараг ерийг заажээ. Тэр Сувдаад гомдож байлаа. Гэхдээ өөрөө түүнийг яаж зовоож, хуурч,

гомдоосноо огтхон ч бодолцож үзсэнгүй. Би л зовж байна, надад л хэцүү байна гэдэг энэ бодол түүнийг бага байхад л тархинд нь суучихсан гэлтэй. Тэр Сувдааг хайрласан гэж бодож байвч үнэндээ тэр

нь хайр биш байсан юм. Гэвч Сайхнаа хэзээ ч ухаарахгүй нь ойлгомжтой. Одоо тэр зүгээр л их мөнгөтэй болоод сайхан наргиж цэнгэн, тоглож наадахыг хүсч байв. Бас энэ цагдаатай зууралдаад байх

хүсэл ч алга. Уулын замаар машин цөөн явах тул Сайхнаа хурдан давхисаар хэдхэн минутын дараа Зайсангийн урдхан орших том гэгчийн хаусны өмнө ирж огцом тоормозлон зогслоо. Тэр машинаасаа

буух эсэхтээ эргэлзэх мэт баахан суув. Эцэгтэйгээ уулзалгүй бараг л гурван жил болж. Энэ хугацаанд утсаар ч ярьж байсангүй. Угаасаа Сайхнаа дахиж энэ өвгөнтэй уулзахгүй гэж бодож байсан юм. Гэвч одоо түүнд өөр арга байхгүй шүү дээ… …Үйлчлэгч бүсгүй хаалга нээгээд Сайхнааг танихгүй тул гайхсан нүдээр ширтэн ямар хэргээр явааг нь асуув. Сайхнаа зэвүүцэнгүй шинжтэй: – Эцэгтэйгээ уулзаж болох уу? хэмээн шүднийхээ завсраар сийгүүлэхэд архины үнэр сэнхийн бүсгүй хамраа дараад хойш ухран зам тавилаа. Удаан уулзаагүй төрсөн аав хүү хоёр уг нь бөөн баяр хөөр, дуу шуу болон уулзмаарсан. Гэвч хүү нь эцгийгээ хараад хүйтнээр толгой дохимор болж, эцэг нь ч хүүгээ сонжсон харцаар ёозгүйхэн угтаж авав. Түүний эцэг Энхбаяр нилээн хөгширч эцэнхий шар хөгшин болжээ. Залуугийнх нь ширүүн дориун харц л түүнд үлдэж хоцорч. Сайхнаа

чимээгүйхэн толгой дохиод буйдан дээр суумагцаа юу гэж ярихаа эргэцүүлэх гэсэн авч тархи толгой нь дүйнгэтээд аль багын муухай дурсамжууд хөврөөд болсонгүй. Эцгийнхээ энэ хүйтэн ярвагар царайг харахаар л тэр угаасаа ингэчихдэг билээ. Энхбаяр уншиж байсан сонингоо нямбай эвхэн ширээн дээр тавьснаа нүдний шилээ ч мөн зугуухан авч хураах нь яг л удаашруулсан юм шиг харагдана. Сайхнаагийн улайсан нүд, мурийсан хамар, өрвийсөн сахал зэргийг ажаад зэвүү нь хүрсэн янзтай улам ч ярвайснаа сая нэг ам нээн: – Миний царайг харснаас амиа хорлосон нь дээр гэж боддог хүн юу болоод гэнэт хүрээд ирэв дээ? гэж тавлах янзтай асууснаа хойш налж тухлан суугаад Сайхнаа руу дээрэнгүй харлаа. – Би нэг асуудалд ороод… Тэгээд харин… нөгөө… юу… гэж Сайхнааг түгдэрч гацан ээрэхэд Энхбаяр яриаг нь таслан хахирган чанга дуугаар: – Чи ямар асуудалд орохгүй байна гэж байх биш дээ. Эхийгээ дуурайсан новш юм чинь. Сайхнаагийн уур дүрсхийн гараа атгасан ч эцгийнхээ өөдөөс

харах ч зориггүй гөлөлзөн харц буруулав. Энхбаяр үргэлжлүүлэн: – Тэгээд яасан? Мөнгө хэрэгтэй юу? Чи одоо хэдэн настай билээ? Чиний насан дээр би өөрийн гэсэн компани байгуулаад явж байлаа. Тэгэхэд чиний эх миний хөрөнгөнд шунаж араас минь гүйсээр байгаад гэрлэсэн. Тэгээд дараа нь яалаа? Өөр нэг мөнгөтэй эрийг дагаад золбин жингэр шиг алга болсон шүү дээ. Чи санаж байна уу? Сайханбаяр наашаа ирсэндээ харамсан гараад явчихдаг ч юм билүү гэж бодсон ч ард нь хүлээж буй новшийн амьдралаа бодохоор шүд зуун суусаар байв. Өвгөн хахирган хоолойгоороо хүүгийнхээ зэвүүг хүргэмээр урт түүхийг нуршин ярьсаар л… Сайхнаагийн тэвчээр алдрах шахаж байтал өрөөний хаалга онгойн нүд булаам сайхан бүсгүй орж ирлээ. Энхбаяр тэр бүсгүйг орж ирмэгц л нүд нь гэрэлтэж буйг харваас хайртай нэгэн нь бололтой. Өөрийнхөө хүүгээс ч дүү шахуу бүсгүйг энхрийлэн үнсээд нөгөө хахирган хоолой нь тэс өөр зөөлнөөр дуугарч: – Миний бялзуухай яваад ирэв үү? Ямар их санав аа? гэхийг нь сонссон Сайхнаагийн бөөлжис хүрэх шиг болов. Өнөөх бүсгүй ч хажууд нь хүн байгааг тоосон шинжгүй хөгшин эрийн өвөр дээр сууж

эрхлэнэ. Тэр хоёр Сайхнааг хүн гэж тоохгүй байгаа нь илт. Сайхнаа хий ханиалган чимээ өгөөд: – Та надад хэдэн төгрөг зээлээч. Би удахгүй хөл дээрээ босчихно. Тэгээд буцаагаад өгчихье гэхэд Энхбаяр доогтой инээснээ: – Чиний хөл дээрээ босохыг үзэх гэвэл миний нас гүйцэхгүй биз гээд чанга инээхэд өнөөх бүсгүй ойлгосон ч юмгүй байж худлаа даган тас тас хөхрөв. Сайхнаагийн зэвүү хүрч “Энэ муу төгцөгийг үхтэл нь нүдчихээд энэ янхныг нь хүчиндэх юмсан” гэж бодлоо. Түүний бодлыг уншсан мэт Энхбаяр гэнэт чимээгүй болж баргар царайлснаа “Миний шувуухай дээшээ гарч бай” гээд өнөө хүүхнээ ямартай ч явуулаад их л нухацтай хүү рүүгээ харан сууснаа: – За яахав. Би чамд мөнгө өгье. Энэ сүүлийн удаа шүү. Харин дахиж мөнгө гуйж ирээд үзээрэй! Тэгвэл нохой шиг зодоод хөөж явуулна гэж мэдээрэй гэхэд Сайхнаагийн нүд гялалзан сэргэж: – Ойлголоо. Дахиж хэзээ ч, хэзээ ч мөнгө гуйхгүй хэмээн хурдхан шиг хэлэв. Энхбаяр удаан гэгч нь босч шүүгээнийхээ хамгийн том хаалгийг нээвэл гялалзсан төмөр

сэйф дотор нь үзэгдэнэ. Энхбаяр банкинд итгэдэггүй нэгэн. Тиймдээ ч мөнгөө өөртөө бэлнээр хадгалж заншжээ. Сэйфээ код хийж нээгээд дотор нь өрөөтэй боодол боодлоор нь багцалсан мөнгөнөөс нэг багцийг аван Сайханбаяр луу эргэж харвал өнөөх нь яс горьдож буй нохой аятай, сүүлтэй бол бараг шарвагануулахнээ. Энхбаяр муухай ярвайн инээхчээ аядсанаа мөнгийг Сайхнаа руу шидээд сэйфээ хаан шүүгээгээ цоожлоод эргэж хартал Сайхнаа аль хэдийн гараад явчихсан байлаа… Намуун өрөөнөөс болгоомжтой шагайн гарч иртэл Сайхнаа байсангүй. Санаа нь амарч тайван гэгч нь шүршүүрт орж гарч ирээд хоолоо хийж идэв. Сайхнаа ирэхгүй цаг нилээн орой болсон тул хаана юу хийж байгаа бол гэж бодон санаа зовних гэхээс илүүтэй хардах сэтгэл төрж эхлэлээ. Утас руу нь залгатал дуудаад байгаа мөртлөө авахгүй юм. Сайхнааг ямар ч мөнгөгүй гэдгийг мэдэж байгаа болохоор хааччихдаг юм бол гэж бодсоор гайхаш тасрав. Машины түлхүүр нь байхгүй байгааг харин анзаарсангүй. Сайхнаа энэ үед мөрийтэй тоглоомын газар дуу шуу орчихсон тоглож байлаа. Ойрд тоглоогүйг хэлэх үү, хамаг л асуудлаа мартаж үнэтэй архи захиалан тэр хавийнхныг дайлж их л маадгар сууна. Өнөөдөр түүний азтай өдөр бололтой. Бараг л алдсангүй овоо хэдэн төгрөг олов. Шөнө дунд халаас дүүрэн мөнгөтэй, сэтгэл хангалуун гэртээ очвол Намуун

их л ёозгүй угтаж хаагуур хэнтэй заваарч явсныг нь шалгаан хэрүүл өдөж гарлаа. Сайхнаагийн сэтгэл санаа сайхан байсан учир урдаас нь ассан ч үгүй. Өмнө нь ингээд тоглож тоглож шөнө харихад нь Сувдаа хоол халаагаад инээмсэглэн угтдаг байсныг санаж шүүрс алдав аа… Тэмүүлэн Дархандаа ирж ажилдаа оржээ. Өглөө охиноо цэцэрлэгт нь өгчихөөд ажилдаа очиж, орой тармагцаа л охиноо авахаар цэцэрлэг рүү яарах тул Сувдаатай огт уулзах зав зай олдсонгүй. Харин утсаар байнга ярьж, орой бүр мессеж бичилцдэг байлаа. Хотод Сувдааг эмнэлэгт сахин бараг сар хамт байсан болохоор дасчихсан ч юмуу, үе үе санаад болохгүй. Болдогсон бол гүйж очоод царайг нь харан ярилцаж суумаар санагдана. Даанч хүүхдээ дагуулаад очилтой биш, охин нь ч Сувдааг хараад янз бүрийн юм асууж шалгааж магадгүй гэдгээс санаа зовон яаж ч чадахгүй хоног өдрийг өнгөрөөсөөр байв. Сувдааг өнгөрсөн бүхнийг бодоод сэтгэл санаа нь хямрах вий гэж Тэмүүлэн санаа зовно. Тиймдээ ч мессеж бичихдээ огт тэр тухай дурсахгүй, аль болох хөгжилтэй зүйлс бичдэг, Сувдаа ч үүнд нь их дуртай бөгөөд Тэмүүлэнг мессеж бичихгүй удвал өөрийн эрхгүй

үгүйлдэг болжээ. Хэвлий дэх үр нь өдөр өдрөөр томорсоор. Үртэйгээ хурдхан уулзахсан гэхээс байж ядна. Эмч түүнд муу муухай зүйл бодож болохгүй, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах хэрэгтэй гэж зөвлөсөн тул Сайхнаагийн тухай бодохгүйг хичээн сайхан ном уншиж, инээдмийн кино үзэн өдрийг өнгөрөөнө. Ээж нь ганц охиноо тухтай байлгах гэж хирэндээ л хичээн, амттай шимттэй гэсэн бүхнийг авчран хошуу дэвсэж эрхлүүлэхэд нь Сувдаад эргээд хүүхэд насандаа оччихсон мэт санагдаж улам нялхарч байлаа. Хоёр дүү нь ч зав л гарвал эгчдээ гэсээр баахан сүү тараг, чихэр жимс барьчихсан ирнэ. Харин Тэмүүлэн сэтгэл санааг нь үргэлж дэмжиж хөгжилтэй зүйлс бичин уйтгар гунигийг нь хөөж өгдөг байв. Энэ олон хүний хайр халамжинд бялуурсан Сувдаа сүүлийн хэдэн жил хүнээр халамжлуулж, хүнд эрхлээгүйгээ ойлголоо. Орой бүр Сайхнааг хүлээн ганцаараа сууж, түүнийг ирэхэд нь аятай тухтай байлгах гэж урд хойно нь орон гүйдэг байснаа санав. Сайхнаа аман дээрээ л түүнд хайртай дуртай гэж хэлдэг байсан ч үйлдлээрээ огт үзүүлдэггүй байж… Сувдаа түүнийг амьдралаасаа арчин хаясан шигээ бодлоосоо ч үүрд арчин хаяхаар нэгэнт сэтгэл шулууджээ. Сайхнаа өөрийнх нь хэрэгт нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн хүнд овоо хэдэн төгрөг атгуулсны

хүчинд шүүхээр ороод тэнсэн харгалзах ял авч зүгээр шахуу өнгөрчээ. Халаасанд нь овоо хэдэн төгрөг үлдсэн тул түүгээрээ тоглож, харин энэ удаад хашир гэгч нь үзэж байв. Энэ удаад л алдах юм бол дахин босч ирэхгүй гэдгээ тэр мэдэж байсан болохоор л тэр шүү дээ. Өмнөх шигээ олсон мөнгөө хамаагүй цацаж үрэхээ ч больж цааш хийдэг болсон бөгөөд Намуунд ч ганц төгрөг хялайлгасангүй. Намуун ганцаар ажил хийн байрны түрээс, хоол ундаа болгоно. Сайхнаа орой бүр тоглож шөнө голцуу ирэх бөгөөд заримдаа ирж хоног ч үгүй. Тэр бүрийд Намуун хэрүүл уруул хийж Сайхнаагийн тэвчээрийг бардаг байв. Дахиж хүнд гар хүрээд цагдаа дээр очвол яахыг мэдэж байгаа тул Сайхнаа нэг гараараа нөгөө гараа барин дэмий л Намуун руу хар тэнхээгээрээ хашгичдаг байлаа. Мөн хурьцал үйлдэж байхдаа хамаг уур бухимдлаа гарган Намууныг хайр гамгүй эдэлж тайвширна. Намуун харин үүнд нь гомдоллож байсангүй. Угаас ор дэрний ажилд ухаангүй дуртай болохоор Сайхнаатай ингэж галзуу секс хийхдээ л

жаргалтай болж харин бусад үед шүүр унасан шулам аятай л байдаг болжээ. Тэдний гэрт хэрүүл хараалын чөтгөр шүглэсэн мэт л хэдэн сарыг өнгөрөөлөө. Зуны сүүл, намрын эхэн сар гарч налгар дулаахан өдрүүд үргэлжилсээр. Юу юугүй төрөх дөхсөн Сувдаа шилрэх гэдэг нь болсон уу яасан гармаар санагдаад болсонгүй, ганцаараа гадуур жаахан алхахаар шийдэн гарлаа. Нилээн алхаад халууцаж ядран мөхөөлдөс худалдаж аваад сандал дээр суув. Гэтэл яг өөдөөс нь нэг жижигхэн охин “Ээжээ, ээжээ” хэмээн орилсоор гүйж ирснээ гэдэснээс нь тэврээд авлаа. Сувдаа гайхан яахаа мэдэхгүй ийш тийш харав. Тэр хоёрыг тоож байгаа хүн алга. Охин сая нэг тэврэхээ больж Сувдаа руу өлийн харснаа: – Та миний ээж мөн байна тэ? Ээжээ би таныг ямар их санасан гээч. Та надтай уулзах гээд ирсэн юмуу? Одоо та дахиж явахгүй биз дээ? хэмээн дуржигнуулснаа гэдсийг нь нүдээ томруулан

харж – Пөөх ээжээ та жирэмсэн юм байна ш дээ. Би дүүтэй болох юм байна гоё доо, гоё доо гээд алгаа ташин дороо дэвхцэв. Сувдаад хэлэх үг олдсонгүй. Дэмий л ам нь ангалзан сууж байтал цаанаас Тэмүүлэн ” Сондор оо, Сондор оо” гэж дуудсаар ойртон ирээд – Хүүе миний охион, аав нь дуудаад байхад гэснээ Сувдааг сая л харж – Өө Сувдаа байна ш дээ. Ямар сонин хүн бэ? Би бүр чамайг таньсангүй, ямар ч гоё болчихсон юм бэ дээ? гээд инээмсэглэн дэргэд нь суув. Сувдаагийн гэдэс нилээн томорчихсон, хоёр хацар нь халууцсандаа улаа бутраад үнэхээр хөөрхөн харагдана. – Харин тиймээ ямар сонин хүн бэ? За сайн уу хө? Энэ танай охин юмуу? – Сайн сайн. Чи сайн л биз дээ? Тийм ш дээ миний охин Сондор. Маамуу нь дажгүй байгаа юу? гэтэл хажуунаас Сондор охин шулганан – Ааваа миний ээж жирэмсэн удахгүй би дүүтэй болно тэ. Та энд ээжтэй уулзана гэж надад хэлэхгүй яасан юм бэ? гэснээ Сувдаагийн гэдсийг хайрлангуй илбэв. Сувдаа охины бяцхан гаран дээр гараа тавин давхар илээд Тэмүүлэн өөд

харвал өнөөх нь нүүр нь час улайчихсан: – Миний охин юу яриад байгаа юм бэ? Юун ээж яриад унав аа? гэхэд Сондор аав руугаа нүдээ томруулан эгдүүтэй гэгч нь харснаа – Та ээжийг танихгүй байгаа юм уу даа? Би ээжийг тээр тэндээс хараад л таньсан. Миний ээж хөөрхөн байгаа биз дээ гээд Сувдааг дахиад л тэврэн толгойгоо наачихав. Хөөрхий охиныг ээж нь орхиод явсныг Сувдаа мэддэг болохоор хамар нь шархиран юм хэлж чадсангүй толгойг нь илнэ. Тэмүүлэн харин сандран яахаа мэдэхгүй сууж байснаа зөөлнөөр – Сондор оо энэ эгчийгээ яагаад ээж гээд байгаа юм бэ миний охин? – Би таны утсан дээрээс ээжийн зургыг харсан юм чинь. Та дандаа л ээжтэй ярьж, мессеж бичдэг биздээ? Тэгээд намайг асуухад ээжтэй нь ярьж байнаа л

гээд байсан биз дээ? гэхэд Тэмүүлэн сая учрыг нь ойлгож амаа барив. Сувдаагийн дугаарыг утсан дээрээ хадгалахдаа зургыг нь харагддагаар хадгалчихсан байж. Түүнийг нь охин нь харчихаад ээжийгээ гээд ойлгочихсон юм байна л даа хөөрхий. Арга ч үгүй дээ, Тэмүүлэнгийн утасны дуудлага, мессеж Сувдаагийн дугаараар дүүрэн хойно. Охин Сувдаа руу дүрлийтэл харан зогсоод – Та миний ээж мөн биз дээ? Тиймээ ээжээ… Охины харцанд итгэл найдвартай хамт айдас харагдах

шиг болж Сувдаа юу гэхээ мэдэхгүй гацаж орхив. Үгүй ээ…гээд л хэлэхэд энэ хөөрхөн нүд нулимсаар дүүрнэ гэж бодохоор л… Тэмүүлэн ч бас таг дуугүй сандарсандаа гараа базлан сууснаа – Миний охион гээд тайлбарлах гэтэл Сувдаа шийдэмгий гэгч нь яриаг нь таслан – Тиймээ үр минь. Би ээж чинь мөн гэх нь тэрээ…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *