Home Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “16-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “16-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 second read
0
0
6,477

Одгэрэл, Цог хоёр охины төрсөн өдрийг тэмдэглэн хоолонд орж кино үзэн өдрийг сайхан өнгөрүүлэв. Орой нь Одгэрэл ээлжтэй тул Цог үүдэнд нь хүргэж өгөөд явлаа. Охин ажлынхандаа өнөөдөр төрсөн

өдөр нь гэдгийг хэлээгүй билээ. Одгэрэл хувцас солих өрөөнөөс ажлын хувцсаа өмсөөд гарч иртэл Дулмаа цаанаас ирж тааран хоёул мэнд мэдэлцээд Дулмаа ~Эгч нь жил болгоны энэ өдөр асрамжын газар орж

хүүхэд баярлуулдаг юмаа. Тэгсэн өнөөдөр гадаадаас мэргэжилтнүүд ирээд сургалт энэ тэр гээд оройтчихлоо. Одоо хүн бага байгаа юм чинь хоёулаа хамт гялс хэдэн газраар ороод бэлэг тараагаад ирье тэгэх үү?

~Өө тэгье тэгье. Та ахлахад хэлчих үү? ~За тэгье. Чи хувцсаа сольчихоод гараад ирээрэй. Эгч нь машинаа халааж байя. ~За… Охин тун ч баяртай хурдхан шиг хувцсаа солив. Дулмаа гэх энэ хөөрхөн эгч

бусад охидоос онцлон өөртэй нь илүү дотно байдаг болсон нь охинд яагаад ч юм сайхан санагдана. Тэр хоёр хамгийн олон хүүхэдтэй гэх асрамжын газраар орж бүх хүүхдэд бэлэг өгөөд ойролцоох

цэцэрлэгүүдээр ч орж бэлэг тараагаад нилээн орой болсон хойно ажил руугаа явлаа. Хэн хэн нь сэтгэл хангалуун. Одгэрэл яагаад энэ өдөр бэлэг тараадаг тухай нь Дулмаагаас асуух гэснээ хүний эмзэг сэдэв хөндчих вий гэж бодоод асуусангүй. Уг нь асуучихсан бол орооцолдсон ээдрээт утасны ганц гогцоо ч болов тайлагдах байсансан… Энэ явдлаас хойш яг арван дөрөв хоногийн дараа Цогийн ээж Саран гадаадаас ирэв. Цог ээжтэйгээ танилцуулна гэсэн тул Одгэрэл аль байдгаараа цэвэрхэн хувцаслаж биеэ бэлдээд хоёул Цогийн гэр лүү явлаа. Саран шинэ бэрээ тийм ч дуртай хүлээж авсангүй. Цомцойн суугаад бүлтгэнэх охиныг баахан асуултаар булсны эцэст ар гэр, боловсрол, удам угсаа гээд аль нь ч хүүгийнх нь эхнэр болоход тохиромжгүй санагдсан ч улаан цайм түүнийгээ хэлсэнгүй. Охин гэнэн цагаанаар хамаг амьдралаа үнэнээр хэлсэн нь буруудаж орхиж. Ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй эмнэлэгт хэвтдэг, их сургууль төгсөөгүй, гэр хороололд жижиг байшинд одоо ганцаараа амьдарч байгаа гээд л баян авгайн санаанд хүрэх нэг ч зүйл байсангүй ээ. “Эцэг нь ямар хүн ч байсан нь мэдэгдэхгүй. Царай төрх, энэ үс гэзэг, нүд хамар нь яг л эрлийз хурлийз хүүхэн шиг байх юм” гэж бодсон

Саран аль хэдийн хүүгээ энэ ядруу охиноос салгах тухай бодож эхэлсэн байлаа. Хамт амьдрахыг нь шууд л эсэргүүцэж, үерхээд удаагүй байж нэг гэрт байна гэдэг шал дэмий зүйл, бие биенээ сайн таньж байж бол гэсэн шалтаг хэлжээ. Эхийн үгнээс зөрж үзээгүй Цог юу ч хэлж чадсангүй сэтгэл гонсгорхон хоёул гэрээс гарав. Ингээд хамт амьдарсан аз жаргал дүүрэн хугацаа дуусч охин умгар байшиндаа ганцаархнаа хаврыг угтахаар боллоо. Гурван сард болдог цэрэг татлага эхлэж Сарангийн хоёр хүүд зарлан дуудах хуудас ирэх нь тэрээ. Өмнөх жилүүдэд Саран танил талаараа хөөцөлдөөд явуулахгүй аргалчихдаг байсан юмсанж. Энэ жил харин том хүүгээ аргалуулаад бага хүү Цогийг явуулахаар шийдсэн нь учиртай. Тааруухан амьдралтай ирээдүйгүй охиноос хүүгээ салгаж авах сайхан арга гарч ирлээ гэж сэргэлэн авгай болжээ. “Уулзаж учралгүй бүтэн жил

болоход салалгүй хаачив гэж. Шохоорхолдоо автаад хий хөөрч явж хэзээ ч өөдлөхгүй амьдрал зохиохоос хүүгээ аврах минь” хэмээн бодоод хүүгээ цэрэгт явуулах хэдий өөрт нь хэцүү ч ийм шийдвэр гаргасан билээ. Өмнө нь яаж ч байсан хоёр хүүгээ цэрэгт явуулахгүй гэдэг байсан ээж нь гэнэт л энэ жил заавал яв, эр хүн болоод, сайхан төлөвшиж хатуужаад ир энэ тэр гэхээр нь Цог гайхсан ч зөрж зүрхэлсэнгүй. Хайртаасаа хол бүтэн жил явна гэхээр л жаахан хэцүү санагдана. Гэвч Одкогоо өөрт нь үнэнч байж хүлээнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хүүгээ үдэж мордуулахаар зогсож байхдаа эхийн сэтгэл жаахан түгшингүй байсан ч эрлийз охиныг тэврэн үнсэж нулимс нь цийлэгнэх хүүгээ хараад дургүй нь хүрч “Эхээсээ холдлоо гэж уйлахгүй, энэ нэг юманд л хорогдоод байх шив” гэж боджээ. Одгэрэл хаа байсан баруун хязгаар луу хайртай залуугаа үдэж явуулчихаад хэдэн өдөр л нүдэндээ нулимстай, нүүрэндээ гунигтай явлаа. Дулмаа үүнийг нь анзаарч юу болсныг сонсоод хөөрхий охинд улам ч их санаа тавих болов. Одгэрэл ч ажлаас өөр бодох юмгүй гүйсээр. Дулмаатай бүр ч дотносож хүүг нь заримдаа сургуулиас авах, хүргэж өгөх зэргээр тус дэм болно. Хүү Уужим Одгэрэлд сайн гэж жигтэйхэн. Ээжээсээ байнга л Одко эгчийгээ асууж, чихэр хүртэл хадгалчихсан

байх нь хөөрхөн. Хүний зөн гэдэг үнэхээр гайхалтай ажээ. Таван сарын нэгний шороо хуйсагнан шуурсан бараан өдөр охинд эмнэлгээс дуудлага ирлээ. Дулмаа эмгэн ухаан алдаж сэхээнд орсон гэнэ. Одгэрэл уйлан хайлан ээжийнхээ гараас атгасаар хоёр хоног хажуунаас нь холдсонгүй. Харамсалтай нь эмгэн сэрэхгүй байсаар зүрх нь хаагдлаа. Хөөрхий охинд ямархан хэцүү байсан нь ойлгомжтой. Одоо түүнд хэн ч үлдсэнгүй, ядаж байхад хайртай хүн нь ч дэргэд нь байхгүй гэдэг юутай гачлантай… Төрсөн охиныхоо төөрсөн ээжийнх нь хойчийн ажил явдлыг Дулмаа сэтгэл гарган зохицуулж хүмүүний ёсоор оршуулан буян үйлдэв. Охин үрийг нь өөрийн үр мэт хайрлан өсгөсний хариуг ингэж хариулах ёстой гэж тэнгэр цаанаас таалсан ч юм билүү бүү мэдээ… Хүний үйлийн үр, учир жанцаан гэж… Хайртай бүсгүй нь хагацал зовлон үзэж хэцүүхэн байгааг Цог нилээн хожуу утасны цаанаас мэдээд уймарч орхив. Одко холбоо барилгүй таг чиг хэсэг болоход галзуурах шахаж байсан аж. Болдогсон бол түүн дээрээ нисч очоод хань бараа болж, гуниг шаналалыг нь хуваалцахсан гэж хүснэ. Гэвч өргөсөн тангарагтаа үнэнч байх нь эр хүний үүрэг билээ. Цог ээжтэйгээ холбоо барьж Одкод болсон гунигт явдлыг хэлээд очиж уулзаж тус дэм болохыг гуйв. Эх хүн гэсэндээ Саран жаахан зүйл цуглуулаад охин дээр очлоо. Умгар жаахан байшингийн хойморт

талийгчийн зургыг залж урд нь зуун найман зул асаажээ. Нүд нүүр нь бүлцийж хавдан бүр нурмайж орхисон охин бөртийтэл ганцаар сууж буйг хараад Саранд жаахан ч гэсэн өрөвдөх сэтгэл төрж овоо хэдэн төгрөг буяны ажилд зарцуул хэмээн өгөв. Гэвч тэндээс гараад явж байхдаа хүүд нь энэ охин тохирохгүй гэсэн бодол нь хэвээр л байлаа. Одгэрэлд ажлаас нь хоёр сарын цалинтай чөлөө өгсөн ч охин дөчин есөн хоног дуусмагц ажилдаа оржээ. Ажил дээрээ овоо хүн амьтантай ярьж хөөрөөд инээж хөхрөн аятайхан байдаг болсон ч шөнө ганцаархнаа орондоо ороод асгартал уйлсаар унтдаг байв. Яг энэ үед Цог л түүнд маш их хэрэгтэй байвч дэргэд нь байхгүй, ядаж хүссэн үедээ ч утсаар ярьж болохгүй нь гачлантай… Зуны дунд сар гарч дулаахан өдрүүд үргэлжилнэ. Одгэрэлийн сэтгэл санаа овоо дээрдэж хэвийн болсон байлаа. Дулмаа, Уужим хоёр Одгэрэлд хөөрхөн нохой авч бэлэглэсэн нь ёстой нүдээ олсон бэлэг болжээ. Ганцаархнаа амьдардаг охинд ханьтай гэж жигтэйхэн. Нохойтойгоо тоглож, хооллож, усанд оруулах гээд л уйдах завгүй өдрүүд өнгөрдөг боллоо. …Оройн ээлж эхэлсэн тул өглөө сайхан унтаж байтал түгжээтэй хашааны хаалга тачигнатал балбах чимээнээр нохой нь боргон хуцаж нойрноос сэрээлээ. Охин хэн юм бол гэж гайхширан босч халаад нөмрөн гарав. Хашааны хаалга онгойлгон хальт хараад охин ухаан алдчих дөхлөө… Өөрийнх нь гарт амьсгал хураасан Аранзалтай андуурмаар адилхан эрэгтэй хүн хаалганы цаана зогсож байх нь тэр.

Өнөөх эр өөрийг гайхан мэлэрч зогсоо охиныг сүрхий гэгч нь харснаа ~Сайн байна уу? Энд Дулмаа гэж хүн амьдарч байгаа юу? гээд охиныг давуулан байшин руу хяламхийв. Сайн харвал Аранзалаас арай л өөр юм гээч. Одгэрэл бага зэрэг тайвшран ~Тийм хүн амьдарч байсаан. Та өөрөө хэн бэ? Ямар хэргээр… ~Би тэр хүний хүү нь байгаа юм. Байсан гэдэг чинь? Эндээс нүүчихсэн юмуу? ~Ү-Үгүй ээ…Ээж бурхан болчихсон… гэж хэлэх зуураа охин дотроо “Нөгөө яриад байдаг бага хүү Банзрагч гэдэг нь юм байна ш дээ” гэж бодож амжив. Өнөө эр ээжийнхээ өнгөрсөн гэдгээс илүү охиныг ээж гэж хэлсэнд гайхан нүдээ томруулж ~Чи, чи юун хүн билээ? Ээж гээд байхыг бодвол? Арвижихын эхнэр…гэснээ арай ч биш баймаар юм, залуухан хүүхэд байх юм гэж бодов. Одгэрэл юу гэхээ мэдэхгүй түгдрэн зогссоноо ~Юу…та орооч гээд хаалгаа дэлгэв. Нохой нь янз муутай архирахад өнөө эр

нохой руу муухай хялалзсаар байшин руу алхлаа. Одко нохойгоо хашаанаас уяж орхиод араас нь оров. Банзрагч байшинд ороод удаан хараагүй гэрээ тойруулан ажиж зогссоноо хоймрын авдар дээрх ээжийнхээ хөрөг дээр харц тогтлоо. “Иш зайлуул муу ээжтэйгээ амьдад нь ганц уулзаж чадсангүй дээ” гэж бодон шүүрс алдтал Одгэрэл орж ирэн дээш суухыг урив. Урд нь тавагтай чихэр тавиад цай чанаж буй охиныг Банзрагч янзгүйхэн ажин суухдаа “За байз энэ чинь хориод настай л харагдах юм. Ээж одоо тавь гарчихаад төрнө гэж байх уу? Ямар учиртай охин юм бол…Хоёр ах яасан юм бол” гэх зэргийг эргэцүүлэн бодож суулаа. Охин гялсхан жаахан цай буцалган аягалж Банзрагчид бариад өөдөөс нь харан цомцойн суухад Банзрагч цайнаас ганц оочоод сая нэг ам нээн ~За тэгэхээр хоёулаа танилцах уу даа. Намайг Банзрагч гэдэг. Энэ (талийгчийн зураг руу эрүүгээрээ өлийн заагаад) эмгэний хүү нь байгаа юм. Өөрөө юун учиртай хүн билээ? ~Намайг Одгэрэл гэдэг. Ээж намайг…гэснээ хоромхон зуурт ухаан сийлэн …өргөж авсан юм хэмээн үгээ гүйцээв. ~Аан зөв зөв. Харин манайхнаас их л өөр царайтай харагдаад байсан юмаа. Манай хоёр ах хаана яажшуухан байгаа бол мэдсэн үү? Аранзал шоронгоос гараа юу? ~Тэр хоёр хоёулаа өөд болоод удаж байна… ~Өө хөөрхий тэгээд одоо байгаагаас чи л энэ гэрт эзэн болж үлдээ юу? ~Тхх гээд охин шал ширтэв. Энэ хүний яриа, харц зэрэг нь нэг л эвгүйцмээр.

Банзрагч юу ч юм бодон хэсэг дуугүй сууснаа ~Одоо тэгэхээр хоёулаа чинь ах дүү болж таарав уу даа хаха сонин юм их үзэхнээ. Ах нь гадаадад олон жил болоод саяхан л монголд ирсэн юм. Тэгээд амьхандаа гэрээ бараадаж байгаа санаатай гэснээ хойш налан суниаж том гэгч нь эвшээснээ ~Одоо тэгээд хоёулаа амьдраад байж дээ гээд охин руу учиртай нүдээр харав. Одгэрэл палхийн сэртэсхийснээ юу гэхээ мэдсэнгүй дуугүй л толгой дохилоо. Банзрагч хэнэг ч үгүй халааснаасаа тамхи гарган асааснаа ~Миний дүү нэг сайхан хоол хийгээч. Холоос хүн ирсэн байна даа энэ чинь хаха Ах нь нэг сайхан морь харчихаад унтлаа. Хоол болохоор сэрээчихнэ биз гээд таахаг таахаг алхан гарч жорлон луу алхангаа өөр лүү нь хуцах нохойг зандрах сонстоно. Одгэрэл хэсэг гөлрөн сууж байснаа босч хөргөгчнөөс мах гаргалаа. Ямартай ч хоол хий гэсэн. Хийхээс өөр аргагүй. Банзрагч орж ирээд орон дээр цааш харан хэвтсэнээ удалгүй хурхирч эхлэв. Тэр үүрээр онгоцноос буугаад шууд наашаа ирсэн билээ. Гадаадад олон

жил болсны хувьд ч болсон нь үнэн аж. Эхнэр авч тусдаа гарч явснаас хойш бизнес хийж жаахан баяжаад ар гэр, ээжийгээ ч умартан мөрийтэй тоглоомд донтож явсаар хамаг юмаа алдаж өр ширэндээ ч баригдаж. Эхнэр нь ч түүнээс залхан хаяад явчихаж. Мань эр бөөн өрөнд орчихсон тул байраа зараад солонгос улс руу зугтжээ. Аялалын визээр явсан ч эргэж ирэлгүй тэндээ харлан үлдэж мөрийтэй тоглон мандах үедээ мандаж гундах үедээ гундсаар өдий олон жилийн нүүрийг үзсэн бөгөөд сүүлийн жил гаран бүр дампуурч яваад саяхан

баригдаж ачигдан ирсэн нь энэ билээ. Ямар ч байсан ээжийгээ бараадая гээд ичих нүүргүй ирсэн ч гэрийнхэн нь бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлчихсэн байх юм гэж яаж санахав. Ийм нэг хэцүүхэн хүн охины тайван амьдралд сүүдрээ тусган ороод ирэх нь энээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…