
Одгэрэл хаана яваагаа ч мэдэхгүй хөлөө эцтэл гүйсээр гэнэт гэрээсээ нилээн холдсоноо анзаарлаа. Гадаа аль хэдийн бүрий орж, хүйтэн салхи үлээн жиндүүлнэ. Сая нэг ухаан орсон охин овоо тайвширч
гудамны сандал дээр суугаад юуг ч юм бодон гөлрөв. Цаг харах санаатай утсаа гаргатал цэнэггүй болоод унтарчихаж. “Буцаад харих уу, яах вэ? Харихгүй гээд хаачих вэ? Ээжийг унтсан хойно орох уу?
Гэхдээ маргааш ахиад л муухай аашилж, хүүгээ нэхээд унавал… Би ер нь ямар азгүй амьтан бэ? Ингэж амьдрахаар үхчихдэг ч юм билүү… Эсвэл цагдаад очиж үнэнээ хэлээд шоронд орчих уу? Тэгэхээр хэн
ээжийг харж асрах вэ?” Охин үнэндээ л яахаа мэдэхээ больж гунигтай нүдээр ийш тийш харлаа. Энд тэндгүй гэр лүүгээ яаран алхаж буй, эсвэл зугаалж байгаа хосууд, гэр бүлүүд гээд л хүмүүс холхилдоно.
Одгэрэл өөрийгөө аймшигтай их ганцаардаж буйг мэдрэв. Түүнд ийм үед яваад очих сайн найз ч байхгүй… Түүнд ганцхан ээж нь л бий. Гэвч тэр хүн нь… гээд бодохоор л уйлмаар санагдана. Дахиад л

мэлмэрээд ирсэн нулимсаа дотогш нь залгиад охин бослоо. “Юу ч бодохгүй баймаар байна…” Тэр зам хөндлөн гарч гэрэл нь анивчин буй уушийн газар луу итгэлтэй нь аргагүй ороод явчихав. Хүйт даасан, харанхуй гэрт сэрсэн Дулмаа эмгэн арайхийн өндийж тэмтчин явсаар гэрлээ асаагаад охиноо хайн гэрээ тойруулж хартал хэн ч байсангүй. Өдрийн гаргасан үйлдлээ огт санахгүйгээр барахгүй унтаж унтаж сэрсэн юм шиг л бодогдоно. “Энэ хүүхэд одоо хааччихдаг юм болоо. Ажил нь тараагүй юм байхдаа” гэж үглэн галаа асаахаар майжигнан алхснаа охиных нь чемодан галын хажууд дэлгээтэй байхыг хараад гайхсан ч нэг их юм бодсонгүй цааш авч тавиад зуухныхаа тагыг нээтэл тал нь шатаад унтарсан бололтой баахан хувцас байх нь тэр. Эмгэн уулга алдан улаан гараараа хувцаснуудыг гаргатал өмсөхийн аргагүй болжээ. Дандаа охиных нь хувцас… Дулмаа модон сандал дээр лагхийн суугаад юу болсныг санах гэж
оролдовч чадсангүй. Гэвч үүнийг өөрөө хийсэн гэдгээ зөнгөөрөө мэдэж байлаа. Ер нь сүүлийн үед өөрийгөө нэг л хачин болсныг нэг муу юм гадарлаад байх болжээ. “Зөнөг чавганц бүр солио тусч байгаа юм байна л даа. Маргааш явж эмчид үзүүлэх минь. Одоо яана вэ. Охиныг ирэхээр юу гэж хэлнээ, хайран хувцас хунар” гэж амандаа үглэсээр өндийв. Үүдэнд хоёр тортой хүнс газар хэвтэж байхыг хараад дахиад л гайхаж орхилоо. “Охин өглөө хүнс авчираад явсан юм байхдаа” гэж үглэсээр хөргөгчиндөө хийгээд хоолны махаа гаргаж тавив. Уушийн газар жижигхэн болоод ч тэрүү хүн ихтэй байлаа. Охин булангийн жижиг ширээн дээр очиж суугаад ийш тийш харвал тэнд байгаа хүмүүс бүгд л баяр хөөртэй, дуу шуутай, чанга чанга инээлдэн ярилцах аж. Түүн шиг ганцаараа, гунигтай хүн байсангүй. Зөөгч бүсгүй охин дээр ирээд юу захиалахыг асуунгаа дээрээс доош нь хормын дотор гүйлгэн харж амжаад “Ямар хөөрхөн охин бэ” гэж бодлоо. Одгэрэл юу захиалахаа бодож амжаагүй, тэглээ ч өмнө нь архи дарс ууж үзээгүй тул сандран менюг эргүүлж үзвэл толгой эргэм их нэрнүүд бичээстэй. Шар айраг гэсэн цэснээс хамгийн эхнийхийг хуруугаараа заахад зөөгч инээмсэглэн толгой дохиод яваад өглөө. Ганц хоёр өлөн нүдэлсэн залуус Одгэрэлийг аль хэдийн олоод харчихсан
харц шидээстэй. Удалгүй зөөгч стакантай задгай пиво авчирч өмнө нь тавив. Охин пивийг амандаа алгуурхан ойртуулж байснаа нүдээ анин том балгаж орхилоо. Гашуун юм гээч. Дахиад нэг балга. Хоосон ходоод руу орсон шар айраг дорхноо халуу дүүгүүлэн охин сая л аймшигтай өлсөж буйгаа мэдрэв. Зөөгч бүсгүйг дуудах гэтэл ойр хавьд харагдсангүй. Өөрөө босч тек рүү очоод бармен залууг нааш харахыг хүлээн зогслоо. Тэр хавийн залуус шүлэнгэтсэн согтуу нүдээр охин луу эрээ цээргүй ширтэхийг охин анзаарсангүй. Бармен залуу нааш эргэн Одгэрэлийг харангуутаа л анхны харцаар дурлаж орхих нь тэр ээ. Өөрийнх нь үеийн царайлаг залуу өөдөөс нь ширтээд хөшиж орхиход охин ичингүйрэн харц буруулаад “Уучлаарай, хоол захиалж болох уу?” гэж сулхан асуув. Залуу сонсоогүй бололтой илүү дөхөж ирээд “Юу гэсэн бэ? Сонссонгүй” гээд чихээ ойртууллаа. ~Хоол захиалж болох уууу? ~Аан. Уучлаарай, оройн цагаар хоол гардаггүй байгаа… ~Өө
заза… Охин урамгүй эргэн ширээ рүүгээ очиж суухад бармен залуу араас нь нүд салгалгүй харан хэсэг зогссоноо гэнэт нэг санаа төрөв бололтой текээ орхин охины ширээ рүү алхлаа. Хажууд нь хүн ирэхэд гайхан харвал саяны царайлаг бармен. ~Нөгөө юу л даа. Одоо удахгүй нэг хоол гарах байсныг мартчихжээ. Та хүсвэл тэр хоолыг авах уу? ~Өө ашгүй тэгье тэгье. Баярлалаа… ~Хэхэ зүгээрдээ. Би гарахаар нь гялс аваад ирье гээд хөөрхөн инээчихээд яваад өгөв. Охин “Ямар хөөрхөн ааштай, хөөрхөн инээдэг залуу вэ” гэж бодон хоцорлоо. Дулмаа шатаасан хувцаснуудыг ялгаж хаян гайгүй гэснийг нь авч үлдэн цэгцлэх зуураа өөрийгөө зүхэн үглэсээр л байв. Охиндоо юу гэж хэлнээ гэж бодохоор л яс нь хавталзана. Гадаа харанхуй болсон хэдий ч охин нь байдаггүй шүү. Эмгэн галаа түлж цай чанаад махаа хэрчиж эхлэлээ. Муу охин нь уг нь өдийд ирчихсэн хоолоо хийгээд сууж байдагсан. Эмгэн гэнэт гар утсаа санаж ор дэрээ онхичин байж олоод охины дугаар луу залгатал холбогдох боломжгүй гэх нь тэр. Санаа нь зовниж эхэлсэн ч жаахан харзнаад үзье гэж бодоод хоолоо хийж эхлэлээ. Нөгөө харагдахгүй байсан зөөгч бүсгүй гал тогоонд хоол хийсэн бололтой тавагтай хоол барьсаар текэн дээр ирж бармен залууд өгөөд ~Халуун дээр нь идчих гэхэд өнөөх нь хоолыг авангуутаа буланд ганцаараа сууж байсан охинд аваачаад өгчих нь тэр. Зөөгч хүүхэн гайхсан аятай “Саяхан л турж үхлээ гээл байсан. Энэ эрчүүд нээрээ гайгүй эмэгтэй харахаараа хөлөө хугалчих шахна шүү” хэмээн үглэсээр цааш явлаа. Одгэрэл хоолоо идэх зуур гэнэт ээжийгээ бодож
“Хоол унд хийж идсэн болов уу” хэмээн санаа нь зовнив. Бодлыг нь таслан зөөгч бүсгүй хундагатай дарс авчирч урд нь тавиад: ~Тэр цаана сууж байгаа хар цамцтай буржгар үстэй залуу танд үүнийг өгөхийг хүссэн юм гээд баруун тийш заахад нь охин дагуулан харваас гурван залуу суух бөгөөд хар цамцтай буржгар үстэй залуу нь охин руу гар даллан инээмсэглэв. Одгэрэл яг яах ёстойг мэдэхгүй балмагдаж урдаас нь инээхчээ аядаад урагш харан суулаа. Зөөгч бүсгүй дотроо “Хөөрхөн төрөх ч сайхан юмаа. Хамаг юмаа даалгаад л… энэ охин ч иймэрхүү юмандаа сурцтай бололтой” гэж бодсон ч нүүрэн дээрээ нөгөө л хуурамч инээмсэглэлээ тодруулсаар холдов. Харин цаанаас болж буй бүхнийг ажиглан байсан бармен залуу нэрийг нь ч мэдэхгүй охиныг бусдаас харамлах сэтгэл төрөн болдогсон бол тэр дарсыг очоод асгаад хаячихмаар санагдан байж ядан байлаа. Одгэрэл харин дарстай хундаганд хуруугаа ч хүргэсэнгүй, хоолоо идчихээд пивоноосоо бага багаар шимэн сууна. Ходоод нь халуу оргин тархи толгой нь манарч таатай ч юм шиг. Харин энэ хатуу идээ сэтгэлийн гунигийг нь нимгэлсэнгүй, улам ч сэдрээх шиг санагдана. Охин бага насны жаргалтай мөчүүдээ бодлоо. Ээж нь сургуулийн гуанзанд бэлтгэгч хийдэг байхад охин хичээлээ тараад ээждээ тусалдаг байж билээ.
Гуанзанд очих бүрт ээж нь охиндоо гээд л гурван ширхэг мантуун бууз хадгалчихсан байдагсан. Тэр буузны амттайг яана. Одоо ч аманд амтагдах шиг… …Гэнэт нэг хүн өөдөөс нь харсан сандалд сэвхийн суухад охин бодлоосоо салан толгой өргөлөө. Өнөөх дарсаар дайлаад байсан буржгар залуу. Малийтал инээхэд нь том том цагаан шүд гялалзан нүд бараг сохлохно уу л гэлтэй харагдана. ~Сайн уу хөөрхөнөө. Хүн хүлээж байгаа юмуу? Одгэрэлд иймэрхүү хүүхэмсэг нь харваас илт залуу таалагддаггүй тул жишүү хараад ~Үгүй гэж товчхон хариулав. Өнөөх буржгар толгойт ашгүй гэсэн шиг бүр ч дарвайн инээхэд гучин хоёр шүд нь бараг бүгд гараад ирэх шиг харагдав. ~Аан зөв зөв. Тэгвэл танилцъя л даа. Намайг Хаянаа гэнгүүтээ гараа сунгалаа. Охин яахаа мэдэхгүй эргэлзэн байснаа итгэл муутайхан гараа өгч ~Одгэрэл гэхэд өнөөх нь гарыг нь удаан гэгч атгахад охин эвгүйцэн гараа татаж аваад доош харав. ~Чи дарс уудаггүй юм уу? Юугаар дайлвал зүгээр вэ? Пиво уух уу? ~Өө юу…хэрэггүй ээ…баярлалаа. ~Санаа зовох хэрэггүй дээ. Ийм хөөрхөн бүсгүйг дайлалгүй яадаг юм. Хамт жаахан ууж, ярьж сууя л даа тэгэх үү? ~Уучлаарай. Би ганцаараа баймаар байна л даа. ~Ээ ганцаараа уйтгарлаж суух муухай ш дээ. Надтай хамт суувал уйдахгүй шүү гэж өнөөх буржгарыг хэлтэл гэнэт хажуунаас “Уучлаарай залуу. Гэхдээ наад хүн чинь ганцаараа баймаар байна гээд байгаа юм бишүү!” гэх хоолой сонстов. Одгэрэл,
буржгар хоёр хоёул цочин хартал бармен залуу аль хэдийн хажууд ирчихсэн зогсож байх нь тэр. Буржгар зэвүүцэнгүй мушийн инээснээ: ~Ахын дүү зүгээр ажлаа хий. Чамд хамаагүй хэрэг. Эр эмийн дундуур илжиг битгий жороол гэдэг байхаа! ~Уучлаарай наад бүсгүй чинь миний дүү болохоор надад тун их хамаатай л даа хэмээн бармен залуу хэнэг ч үгүй залж орхилоо. Одгэрэл таг дуугүй бүлтгэнэн сууна. Буржгар залуугийн царай барайн: ~Өө тиймүү мэдсэнгүй, ёстой уучлаарай гэснээ босоод ичих ч үгүй нөгөө хундагатай дарсаа аваад ширээ рүүгээ явчихлаа. Бармен залуу Одгэрэлийн өөдөөс харж сууснаа цайлганаар инээмсэглэн: ~Ингэж худлаа хэлэхгүй л бол наадах чинь бүр салах шинж алга хэхэ ~Харин тиймээ хэхэ баярлалаа чамд… ~Зүгээр дээ. Дахиад хүн амьтан өдөөд тайван суулгахгүй бол намайг дуудаарай гэснээ дахиад л хөөрхөн гэгч инээгээд босоод явчихав. Одгэрэлийн нүүрэнд инээмсэглэл тодрон хэсэгхэн зуур ч гэсэн гунигаа мартжээ. Ашгүй дахиж хэн нэгэн нь охиныг өдөж хоргоосонгүй, Одгэрэл хоёр ч стакан пиво цааш нь харуулж орхиод нилээн халамцаж хамаг юмаа хэнд ч хамаагүй ярин уйлмаар ч юм шиг болоод ирэх үед уушийн газрын хаах цаг нэгэнт болжээ. Зөөгч бүсгүй түрүүлээд явчихсан тул бармен залуу үлдсэн хүмүүсийг гарган ширээнүүдээ цэвэрлэх зуур Одгэрэл рүү байн байн хараастай. Өөрөөс нь өөр хүн үлдээгүйг анзаарах ч сөхөөгүй уянгын дуунд автан
уйтгарлаж суух охин үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Бармен залуу бүх ширээ сандлаа цэгцэлж дуусаад охины хажууд ирж суулаа. Одгэрэл түүн рүү согтуу нүдээр бүлтийн харснаа маасайтал инээгээд ~Дахиад нэг пиво захиалж болох уу? ~Болно л доо. Гэхдээ чи согтчихсон юм бишүү. Одоо нэмж уугаад… гэтэл охин яриаг нь таслан ~Би зүгээр уумаар байна гэж ууртай янзаар хэллээ. Залуу ч дахин маргалдсангүй босч хоёр шил пиво авчран задлаад нэгийг нь охинд нөгөөг нь өөртөө аван суув. Одгэрэл пивоноос хоёронтоо том балгаснаа залуу руу харсан ч үгүй шанаагаа тулан нүдээ аниад хөгжмийн аязаар үлмэдэг ганхана. Залуу инээмсэглэн юу ч хэлсэнгүй охиныг ширтэнгээ пивоо уусаар. Ингээд шөнөжин суусан ч сайхан санагдана. Одгэрэл нүдээ алгуурхан нээснээ гэнэт ухаан орсон аятай цаг хэд болж байгааг асуув. Шөнийн нэг цаг аль хэдийн өнгөрснийг дуулаад уусан пиво нь гарчих шиг л боллоо. Ийм удаан сууснаа мэдсэнгүй. Ухасхийн босоод ~Миний тооцоо хэд болсон бэ? гэнгүүтээ гадуур хүрмээ өмсөж эхлэв. Залуу ч дагаж босоод: ~Явах гэж байгаа юм уу? Цаг орой болсон байна, би хүргээд өгөх үү? гэхэд охин түүн рүү гайхан харснаа ~Манайх хол ш дээ… ~Зүгээрээ. Би одоохон гэнгүүтээ цаашаа гүйн далд орлоо. Одгэрэл текэн дээр очин зогсож байтал залуу куртикээ өмсөөд гарч ирэхээр нь ~Тооцоо хэд болсон бэ гээд хармаагаа
ухтал түрийвч нь байсангүй. “Нээрээ гэрт цүнхэнд байгаа ш дээ. Одоо яанаа” гэж бодохын зуургүй залуу ~Хэрэггүй дээ. За явах уу гээд үүд рүү зүглэхэд ичмээр байсан ч мөнгөгүй тул дуугүй араас нь дагалаа. Зам дээр гараад залуу такси барихаар гараа өргөхөд охин мөнгөгүй болохоор санаа зовсондоо ~Би алхмаар байнаа. Гадаа гоё байна ш дээ гэнгүүтээ зам даган алхаж эхлэв. Уусан жаахан юм хөлд нь орсон бололтой, өөрийн эрхгүй хөл нь солбиод гуйвах шинжтэй. Залуу ч хажууд нь зэрэгцэн алхаж байснаа ам нээн: ~Хоёулаа нээрээ танилцаагүй юм байна ш дээ. Намайг Цог гэдэг… ~Одгэрэл… ~Одко гэдэг үү? Гэрэлээ гэх үү? ~Одко… Дахиад л чимээгүй баахан алхав. Цог охиноос юу асуухаа мэдэхгүй, уг нь юм яримаар байвч нэг л хэл ам нь эвлэж өгөхгүй оргино. Гэхдээ л ингээд чимээгүй зэрэгцэн алхах нь нэг л таатай. Одгэрэл харин юу ч юм бодон хөмсгөө зангидаж яваад харанхуйд хий гишгэн унах шахахад Цог самбаачлан гарнаас нь атгаад авлаа. Том, зөөлхөн, дулаахан гар… Одгэрэл өмнө нь эр хүнтэй хөтлөлцөж байсангүй. Яагаад ч юм нэг л дотно, дулаахан мэдрэмж төрөв. Урт нарийхан хуруунуудаараа гарыг нь зөрүүлэн атгаад алхаж гарлаа. Тавихыг хүссэнгүй… Залуу ч баярласандаа дотроо хашхирч байсан ч гаднаа ган хийсэнгүй. Нэрнээсээ өөрийг мэдэхгүй хоёр чанга хөтлөлцөн алхсаар нэг л мэдэхэд охины гадаа ирчихсэн байв. Бараг цаг гаран алхсан хэдий ч хэн хэнд нь арай л хурдан ирчих шиг санагдана. Одгэрэл хөлөрсөн гараа зөөлхөн татан аваад сулхан дуугаар
“Баяртай” гэнгүүтээ эргэтэл залуу зориглон гарнаас нь татаж ~Дугаараа өгөөч тэгэх үү? Одгэрэл энэ л асуултыг хүлээж байсан аятай хурдан гэгч нь дугаараа хэлж орхисноо өөрөөсөө ичих шиг л боллоо. Цог утсан дээрээ дугаарыг нь тэмдэглэж аваад ~Сайхан амраарай. Мессеж бичье гэлээ. Охин дуугүй толгой дохиод бушуухан хаалгаа татан оров. Гэрэл нь асаалттай байхаар нь сэмээрхэн гэтэж очоод цонхоор харвал хөөрхий ижий нь орон дээр бүхлээрээ унтаж харагдана. Гэтсээр ороод ширээн дээрх аягатай хоолоо хармагц сэтгэл нь тайвшраад хамрын самсаа нь шархираад л ирлээ. Ээжийнхээ гутлыг эвтэйхэн тайлж хөнжил нөмөргөөд гэрлээ унтраан орондоо

оров. Баруун гарын алга нь одоо ч халуу дүүгэх шиг… Өмнө нь ийм сонин хүчтэй мэдрэмж төрж байсангүй, дугаараа ч ийм хурдан хэн нэгэнд өгч байсангүй… …Дурлалдаа шатсан Цог дуу аялах шахуу баяртайгаар гэрийн зүг явж байхад догдолсон зүрхээ гайхах Одко дурлал гэгч зүйл үүдийг нь тогшсоныг ухаарахгүй л байлаа…
Үргэлжлэл бий…..