Home Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “5-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “5-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 second read
0
0
4,979

Маргааш нь ч, нөгөөдөр нь ч Михайл ирсэнгүй. Цоожтой хаалга мөргөсөн хойноо л Дулмаа хууртсанаа, хаягдсанаа ухаарчээ. Дахин долоо хоног Михайлын гэрийг бараг сахин барин хүлээсэн ч түүний

сүүдэр ч үзэгдсэнгүй, холбоо барих ямар ч арга байсангүй, бүсгүй нулимсандаа живэх шахсан хэдэн өдрийг өнгөрөөгөөд сая нэг шийдэлд хүрч эмнэлэг рүү явлаа. Хэвлий дэх үрээ төрүүлэхийг хүсэхээ

нэгэнт больж, хурдхан шиг салахыг хүссэн ч бараг зургаан сартай болчихсон ийм том үр хөврөлийг хөндөх эмнэлэг олдсонгүй. Эцэггүй хүүхэд тэврээд харьвал эцэг эхээс авхуулаад нутаг усаараа үзэхгүй

гэхээс л яс нь хавталзавч яаж ч чадахгүй явсаар төрөх цаг болжээ. Энэ хугацаанд Дулмаа хүн амьтантай бараг л үг солихоо больж хий гөлөрсөн, ярдаг, зожиг нэгэн болов. Хоол унд муутайгаас турж эцэн,

битүү сэвхтэж царай алджээ. Өөрөөр нь ингэж тоглоод хаясан тэр муу новшийг бодохоор л зэвүү хорсол төрж, энэ хүүхдийг нь гаргаад аваачаад өгчих юм шүү гэж бодно. Дахиад нэг сарын дараа Михайлын

гэрт очтол танихгүй шинэ айл нүүж орсон байлаа. Алимаа, Оюумаа хоёр нэгэн үе найзлаж нөхөрлөж явсан нэгнээ нүдэн дээр нь зовж буйг харж тэссэнгүй хэд хэдэн ч удаа буцаж дотносохыг оролдоод бүтсэнгүй. Дулмаад одоо хэн ч хэрэггүй… Цагаан ногоон сар гээд сургууль амарчихсан, оюутнууд бүгд гэр орон луугаа явцгааж дотуур байранд Дулмаа, комендат авгай хоёроос өөр хүн үлдээгүй үе. Комендат авгай хэдий хатуу ширүүн хүн ч гэлээ Дулмааг хирэндээ өрөвдөн “Энэ нэг амьтныг одоо яана даа, намайг байхгүйд өвдөх вийдээ. Очих ах дүү, хамаатан садан ч байхгүй гэсэн. Гэр лүүгээ дагуулаад явдаг юм билүү” гэж бодоод Дулмааг авч явах гэтэл өнөөх зөрүүд годил нь зөвшөөрсөнгүй. “Надад санаа зоволтгүй. Угаасаа төрөх болоогүй гэсэн. Та зүгээр явж сайхан шинэлчихээд ир. Би байраа

хараад байж байя” Яг битүүний орой өвдөж эхлэхэд Дулмаа огтхон ч сандарч тэвдсэнгүй, бэлдэж барьсан зүйл ч байхгүй тул дулаан хувцсаа өмсөж аваад байраа дангинатал түгжчихээд төрөх эмнэлэг рүү алхлаа. Үе үе цочтол хатган өвдөхөд нь дороо зогсон хүлээж байгаад өвдөлт намдангуут аль болох хурдан алхсаар дорхноо эмнэлэг дээр хүрээд ирэв. Эмнэлгийн үүдээр яг алхаж оров уу үгүй юу “За ээжээ одоо би гарлаа шүү” гэх шиг аймшигтай өвдөлт мэдрэгдэн бүсгүй өөрийн эрхгүй сөхөртөл салтааг нь даган шингэн зүйл урсах нь тэр ээ. …Толгойгоо даавуугаар битүү боосон турьхан бүсгүй ийш тийш харан өлмий дээрээ гэтсээр тэр хавьдаа л хамгийн том, тансаг харагдах байшингийн үүдэнд очин хэсэг зогссоноо өвөртөө тэвэрсэн зүйлээ үнэрлэх шиг болсноо чулуун довжоон дээр тавиад хаалганы хонхыг хэдэнтээ дарчихаад хар хурдаараа гүйж булан тойрлоо. Төд удалгүй том төмөр хаалга онгойн настайвтар эмэгтэй шагайн ийш тийш харснаа сая л хөл доорхоо харж цочсондоо уулга алдав. Хүрэн алаг адьяалны жижигхэн завсраар нярай хүүхдийн алгын чинээ улаан нүүр үүдний гэрэлд тодхон харагдана. Авгай гайхшран дахиад л хоёр тийш харвал ойр хавьд хүний бараа алга. Ямартай ч тонгойн хүүхдийг болгоомжтой аваад дахин нэг нүүр лүү нь харснаа өхөөрдөв үү яав инээмсэглээд дотогш орохыг тэртээ харанхуй булангаас нулимс дүүрэн хоёр нүд ширтэн байлаа. Хувь зохиол гэхүү, юу гэхүү хаалган дээрээс нялх хүүхэд олоод тэвэрч яваа энэ настай эмэгтэйн нэрийг

Дулмаа гэх. Ухаан мунхаг хэдэн хүүхдийнхээ буянаар насны бөгсөнд баян айлын шал угааж амь зуух болсон тэрээр өнөөдөр энд ажиллах сүүлчийн өдөр нь болох шалтгаа тэврээд явж буйгаа огт төсөөлсөнгүй. Нөхрийнхөө ээлжит араар тавилтаас болоод бухимдуухан байсан хартай, ааштай, тэнэг эзэгтэйн өвчнийг хөдөлгөж орхиод баахан хараалгаж загнуулаад гэнэт гэдэн нь хөдөлж өөдөөс нь зад хэрэлдэж аваад өнөөх хүүхдээ тэвэрсээр хэдэн муу хувцсаа чирээд харанхуй шөнө хөөгдвөө хөөрхий. Хүний хорвоод тэмцэн байж ирсэн хөөрхий нялх охин дахиад л харанхуй гудамжаар, дахиад л Дулмаа гэх эмэгтэйн гар дээр хаашаа ч яваагаа мэдэхгүй бөх гэгч нь унтсаар ажээ… Дулмаа авгай дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь зуурдаар өнгөрч гурвыг нь өсгөн хүний дайнд хүргэжээ. Мэргэжил, боловсрол эзэмших насан дээрээ хүний эхнэр, хүүхдийн ээж болсон тул ажил төрөл ч хийлгүй үр хүүхэд, ар гэрийн ажилд дарагдан нөхрийн олж ирсэн хэдэн төгрөгөөр дөнгөн данган амь зууж явсаар арван хэдэн жилийг ардаа орхиж. Залуу сайхан үед нь авч суусан нөхөр нь дөрвөн хүүхэд төрүүлж өнгө алдсан түүнд нэг л өдөр сэтгэлгүй болсноо хэлээд орхиж явснаас хойш Дулмаад хийж үзээгүй ажил гэж үгүйсэн. Угаагч, цэвэрлэгч, түгээгч гээд л хар бор, хэцүү хүнд бүхнийг хийж явахдаа гурван хүүхдээ л өлсгөхгүй юмсан гэж шүд зуун гүрийсэн. Даанч тэнэг эцгээ дуурайсан мунхаг гурван үрд нь эхийнхээ ачийг хариулах

халуун сэтгэл байсангүй. Том хүү нь гэмт хэрэг үйлдээд шоронд хадагдаж, дунд хүү нь хар усанд толгойгоо мэдүүлж, бага нь хүнтэй сууж гэрээсээ явснаас хойш сураг ажиг тасарчээ. Одоо тэр умгар муу байшиндаа гуч аль хэдийн гарсан дэнхэр хүүтэйгээ аж төрнө. Өнөөх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өглөө гараад орой согтуу ирдэг л ажилтай. Уг нь нэг их агсамнаж дөвчигнөөд байхгүй ч хөл, хэл хоёр нь орооцолдсон хүүгээ харахаар л гомдмоор, бачимдмаар. Дулмаа эхэндээ архинаас гаргах гэж аль байдгаараа тэмцээд үнэндээ л аргаа барж. Айлд үйлчлэгч хийдэг болсноос хойш ямартай ч таван хоног тайван байгаад, амралтын хоёр хоногт гэртээ ирж байх нь санаа амар болжээ. Цалин ч овоо гайгүй, хоол унд нь цаанаасаа тул гурван сарын цалингаа бараг л үрэлгүй хураагаад авсан билээ. Тэр эзэгтэйн ааш зэргийг бол тэвчиж ядах юун. Гэвч өнөөдөр учирсан энэ улаан нялзрай охин сэтгэлийг нь тун их хөдөлгөж юу ч хийхээс буцахгүй болгосон нь гайхалтай. Уг нь Дулмаа энэ жил тавин тав хүрч байгаа хэдий ч аль хэдийн жар хол давсан аятай харагдана. Баячуудын хорооллоор бяцхан охин энгэртээ тэвэрчихээд алхаж явахдаа яг хорин таван жилийн өмнө дөнгөж төрчихөөд байсан үедээ очих шиг л болов.

Гурван хүү төрүүлсний дараа гучин насандаа дахин жирэмсэлж хүсэн хүлээсэн охин үртэй болоод ямархан их баярлаж байлаа даа. Даанч тэр баяр нь удаан үргэлжлээгүй. Охиных нь бие муудсаар, сүрьеэ гэсэн оноштой. Дулмаа өдөр бүр охиноо яг ийм адьяаланд өлгийдөж тэврээд эмнэлэг рүү алхдаг байсансан… Охиныг өнгөрснөөс хойш Дулмаа нэг хэсэг самуурсан байдалтай байснаас болоод нөхөр нь магад залхсан биз. Хөхний сүү нь бараг татраагүй байхад тэрсхэн гурван жаалтайгаа

хаягдан хоцорч билээ. Бодлыг нь тасдан бяцхан охин часхийн уйлах нь тэр. Дулмаа бондгосхийтэл цочсноо инээд алдан “Ээ эвий минь, нялх минь одоохон гэртээ харья. Ижий нь одоохон” гэж нялхамсуу үглэсээр алхаагаа хурдасгалаа. Яг энэ үед оюутны дотуур байрны төмөр орон дээр энгэр нь сүүнд нэвт норсон Дулмаа бүсгүй эхэр татан уйлсаар хэвтэж байв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…