Нүүр Өгүүллэг “АМИН ҮРС” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

“АМИН ҮРС” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

4 секунд уншина
0
0
484

Энэ үеэс Мөнхөө хөвгүүдийнхээ хэлснээр бие сэтгэлээ амрааж ажлаасаа гарчээ. Эхэндээ хийх зүйлгүй эвгүй л байлаа, аяндаа дасаж эхлэв. Өглөө эрт босож сурсан түүний ажил амархан бүтнэ гэж,

ээжийгээ халамжлан /ээж нь дүүтэй нь хамт амьдардаг/ өдөр бүр очиж хань болон ярьж хөөрөхийн сацуу аягахан амттай хоол хийж өгнө, заримдаа ээжийнхээ чанасан будаатай цайг амтархан ууж

эрхлэн сууна. Мөнхөө гэр бүлийнхээ бүх хүмүүсийн төрсөн өдрөөр заавал бэлэг өгдөг заншилтай, хоёр дүү охин нь энэ жил эгч юу өгөх бол гэж догдлон хүлээдэг болжээ. Тэд нөхөрт гарч, хүүхдийн ээж

болсон ч эгчдээ эрхлэх сэтгэл нь нялх багынхаараа л үлджээ. Эгчтэй байх хичнээн сайхан Тээр жилийн нэгэн зуны явдлыг бодон Мөнхөө чимээгүйхэн инээмсэглэв…Хоёр дүү нь /Цэцгээ, Энхээ/ гадаа тоглохоор

гараад нус нулимстайгаа хутгалдан орж ирээд оройн хоолоо хийхээр бэлдэж зогссон эгчдээ эсрэг талын Циркийн гудамжны ногоон нүдтэй охидууд /тэр үед эгч дүүсээрээ адилхан орос шиг царайтай, нов ногоон

нүдтэй хэдэн охид байдаг, тэднийг хүүхдүүд үргэлж шоглодог байсансан, одоо бодоход Орос аавтай, монгол ээжтэй эрлийз охид байж л дээ, тэгэхдээ тэд монголоор сайн ярьдаг байсан/ зодоод гэж хов зөөв. Эгч нь гадаа түлээн дээрээс нарийхан мод аваад хоёр дүүгээ дагуулан гарлаа. Хашааны хаалгыг нүдэхэд эгч нь онгойлгож өгөв, Мөнхөө шууд дайран ороход охидууд хашаандаа тоглож байлаа, хоёр дүүгээсээ “Аль нь та хоёрыг зодсон” гэхэд тэр хоёр харж байснаа даашинзных нь өнгөөр ялган энэ хоёр гэж хэлэхэд эгч нь тэднийг нөгөө барьж явсан модоороо цохиж гараваа, орос охидын эгч нь дүү нараа өмөөрсөнгүй харин ч “Та хоёр дахиад айлын жаахан

хүүхдүүдийг зодоод үзээрэй” гэж хэлээд нэмэрлэн цохиод авав. Мөнхөөгийн хоёр дүү гайхан харж зогсонгоо тэр хоёрыг зодуулсандаа дотроо гэмшив. Орос охидын эгч нь Наташа, Маша та хоёр нааш ир! Охидоос уучлал гуй!!!гэж захирангуй хэлэхэд тэр хоёр гүйн ирснээ: -Уучлаарай бүгдээрээ сайндая гэв. Мөнхөө хоёр дүү рүүгээ харахад тэр хоёр хурдхан гараа өгч жижигхэн өхөөрдөм гарууд бие биесээ атган найрамдав. Тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил гэж аугаа байжээ. Тэр цагаас хойш тэд сайн найзууд болцгоон олон жил нөхөрлөцгөөсөн юм. …Харчуудын гудамжаар галзуурсан шар нохой давхих боллоо, барьж чадахгүй байгаа гэнэ, хүүхдүүдээ хашаанаас гаргах хэрэггүй гэж хороон дарга Загдаа гэх намхан нуруутай, биендээ ахадсан ажлыг амжуулж түүндээ түүртэхгүй үргэлж инээж алиалж явдаг өвгөн

айлуудаар албаны зар тарааж байгаа мэт түгээж явлаа… Мөнхөө дүү нартайгаа худаг руу гинжин холбоо үүсгэн усанд явж хашаа руугаа орох гэж явтал хашааны булангаас хороон даргын нүдэнд харагдтал ярьсан шар нохой юу юугүй давхиад ирэв. Бага дүү Цэцгээ нь хашаа руугаа орж амжаагүй байтал галзуу шар нохой үсрэн орж ирэв. Мөнхөө эмнэлэгт сэрэв. Толгойг нь битүү боосон байлаа. Ээж нь орны хажууд суугаад охиноо хайр энэрлийн нүдээр харж: -Миний охин яаж байна? Толгой нь өвдөж байна уу? гэж асуулаа. Мөнхөө инээх гэтэл тархи руу нь хатгаж өөрийн эрхгүй ёоллоо. Ээж нь яаран эмчийг дуудав. Цасан цагаан нөмрөгтэй, чагнуураа мөрөн дээгүүрээ тохсон, царайлаг эмч бүсгүй орж ирснээ: -За мундаг охин сэрчихсэн үү? Дүүгээ хамгаалагч баатар минь гэснээ: -Алив эмч нь үзээдхэе гэлээ. Мөнхөө

галзуу шар нохойноос дүүгээ хамгаалж өмнүүр нь ороход түүний духнаас хөмсөг хүртэл урж хаяад зугтжээ. Мөнхөөгийн ах дүү нар хорооныхонтойгоо нийлж 3 хоног ангуучилж байж галзуу шар нохойг барьж авч устгажээ. Бага нас хийгээд өнгөрсөн дурсамжуудаа Мөнхөө үе үе дурсан санах дуртай билээ. Мөнхөө хүний эгч болж төрсөн болохоор дүү нараа хаана ч хэнээс ч /бүр галзуу араатнаас хүртэл/ хамгаалж, хайрлан, нандигнаж өсгөсөн сайхан эгч, дэндүү их ачтан билээ, өөрсдийг нь өмгөөлж хамгаалж, өрвөлзөн босох эгчтэй байна гэдэг сайхан дэндүү сайхан шүү. Мөнхөөгийн даралт үе үе ихсэж, сүүлийн үед бие нь нэг л зовиуртай байх болсон болохоор хөвгүүд нь байнга утсаар ярьж эмчилгээнд нь анхаарал тавьж, амралтын

өдрүүдэд ирж ээжтэйгээ цагийг өнгөрүүлдэг болов. Ойр, ойрхон эмнэлэгт үзүүлж явсаар, эмч нар шаардлагатай гэж үзсэн учраас эмчийн байнгын хяналтанд байлгаж, группт оруулжээ. Хоёр дүүтэйгээ үе үе уулзмаар санагдах болж, утсаар байнга ярина. Энхээ эгчтэйгээ нэг хотод амьдардаг болохоор уулзахад ядах юмгүй, хүрээд ирээч гэхээр гүйгээд л ирнэ, заримдаа өөрөө ундны цагаар юмуу ажил тараад гүйгээд л ирнэ, амралтын өдрөөр бол байнга уулзаж, хүүхнүүд л болсон хойно амаа цангатал ярьж, инээлдэж хөхрөлдөн , шар айраг юмуу дарс шимж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Жил жилийн уламжлалт цагаан сарын баяраар ахан дүүсээрээ бөөнөөрөө цуглах нь тун сайхан. Мөнхөөгийн аав 80 насыг зооглож бурхны оронд заларсан билээ, бие нь тааруухан байхдаа “Аав нь их азтай юм, сайн хань, сайн хүүхдүүдийн буянд сайхан л амьдарлаа, аавд нь хоргодох, гомдох юм байхгүй, манай удамд аав шиг нь ийм урт насалсан хүн огт байгаагүй,

амьдрал сайхан юм” гэж хэлж байж билээ. Хүн туулж өнгөрүүлсэн амьдралдаа харамсахгүйгээр амьдарна гэдэг дэндүү сайхан, бахархмаар, баярламаар юм даа. Мөнхөө ч бас сайн ханьтай амьдарч , өөрөө ч хүний сайн, сайхан хань байж чадсан, одоо хоёр сайхан хүүгийнхээ буянд юугаар ч дутахгүй амьдарч явна. Мөнхөөгийн дүү Энхээ эгчийгээ эмнэлэгт хэвтээд гарах үеэр очиж аваад шууд гэртээ авчран эгч минь: “Гэртээ ганцаараа байгаад яах вэ! Ээж, дүү нар луу явчихсан хоёулаа ханиндаа байя гэхэд Мөнхөө дуртай зөвшөөрөв. Энхээ амьхандаа ажлаасаа тараад яаран яаран ирдэг ч эгч нь аль хэзээний хоол цайг нь хийчихсэн, гэр нь цэмбийж, цэлийгээд, сайхан инээмсэглээд угтана. Энхээ эгчийгээ “Та зурагт бага үзээрэй, ном бага уншаарай /Мөнхөө ном эхлүүлсэн бол өдөржин, шөнөжин уншин байж дуусгаж байж санаа нь амарна, ямар сайндаа хүүхэд байхдаа аав, ээжээсээ нуун хөнжил дотроо ширээний гэрэл хийн ном уншиж байгаад хөнжлөө шатааж шуугиан тарьж байх вэ дээ, түүнээс хойш хэзээ ч хамаагүй номоо ил уншихыг нь зөвшөөрсөн билээ/ хоол битгий хийж бай л даа, болж өгвөл хөдөлгөөн багатай бай гэж үглэх ч

үгэнд нь орно гэж үгүй. “За” л гэж хэлэх нь сайхан даа. Энхээ эгч рүү гээ залгаж дүү нь одоо ажлаасаа буулаа, өнөөдөр эртхэн харина гэхэд эгч нь: -Сайхан цуйван хийчих үү? гэхэд нь Энхээ: -Хэрэггүй ганц удаа дүү нь хийе, та амарч бай гэж хэлээд ажлаасаа гарлаа. Гэрийнхээ үүдэнд очин хаалгаа тогшлоо…дахиад л тогшлоо…дахиад арай чангахан тогшлоо…нам гүм…аргаа бараад утас руу нь залгалаа…дуудаад л…дуудаад л…тэгснээ “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэхэд нь гараад явчихсан юм болов уу? хэлмээр юмаа, ийм хурдан гарна гэж байхгүй дээ…дахиад хаалгаа тогшлоо…утас руу залгалаа дахиад л дуудаад л…дуудаад л…цонхны доор очиж “Эгчийгээ дуудлаа”-чимээ аниргүй. Гайхшаа барж том ах руугаа утасдаж дуудлаа…сүүлийн үед эгчийн минь бие нь жаахан өвдөөд байсан…тэгэхдээ саяхан эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан шүү дээ…гайгүй байхаа..гараад явчихсан юм болов уу?…тэр хооронд их зүйлийг бодоод амжив. Ашгүй том ах нь хурдан ирлээ…хаалгаа тогших биш хамаг тэнхээгээрээ нүдлээ…ахынх нь энэ байдал Энхээг айлгажээ…Энхээ “Эгчээ эгчээ” гэж хамаг чадлаараа бахиран хаалгаа нүдлээ…нам гүм…ах нь хөрш айлын хүнтэй хамт хаалгаа эвдэх гэж ноцолдож байла…гэгээ тасарчээ…Энхээ цонхон доороо очиж утсаар залгахад утасны цэнхэр гэрэл нь анивчиж харагдлаа, мэдээж гэртээ байгаа юм байна…хүн гуйж тагтаараа оруулав…тагтаар орсон хүн хачин

царайлчихсан үүд онгойлгож өгөөд чимээгүйхэн зөрөн үүдэнд очиж зогслоо… …Энхээ өрөө рүү гүйн орлоо…энэ орчлонгоос аль хэдүйнэ холдон одсон эгчийнхээ биеийг тэврэн “Битгий яваач дээ…Би яах юм бэ…Ээжээ хэмээн солиотой хүн шиг бахирч байлаа…Би тантай ярихад зүгээр л байсан шүү дээ…гэж цурхиран уйлж байлаа…Эр хүн гэсэндээ ах нь гэнэт ухаан орж дүүгээ тэврэн авч холдуулаад 103 руу залгалаа…Түргэний эмч “Бараг 2 цаг гаруйн өмнө өнгөрсөн байна, эмнэлэг рүү явуулах болохоороо дахиад дуудлага өгчихөөрэй” гэж хэлээд гарлаа. Ээ дээ хүмүүс минь энэ амьдрал чинь урт юм шиг атлаа дэндүү богинохон байдаг юм байна “Амьддаа л бие биенээ хайрла Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла” /их яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” шүлгээс иш татав/ гэж ямар их үнэн үг вэ…Аав ээж нь охиноо, ах нь дүүгээ, дүү нар нь

эгчийгээ зөндөө ихээр хайрласан, бас дээдлэн хүндэлсэн тэгэхдээ энэ хорвоогоос эрт яваад өгөхийн цагт тэр хайр, хүндлэл хэтэрхий чамлалтай санагдах ажгуу. Мөнхөөг ид залуу насандаа /49 настай байсан/ энэ хорвоогоос буцна гэж хэн ч бодоогүй, хэн ч төсөөлөөгүй, өтөл буурал болтлоо хамтдаа байх юм шиг санаж явсан. Мөнхөө нөхрийгөө ганц ч үг хэлэлгүй яваад одсонд гомдож байсан үе бий, гэтэл өөрөө ч бас хэнд ч, юу ч хэлэлгүй хорвоогоос халин оджээ. Мөнхөөг аавынх нь зүүн хөлийг дэрлүүлэн нутаглууллаа. Хөшөөн дээр нь: Аав, ээжийн амин цэцэг Амраг ханийн хайрын цэцэг Ахан дүүсдээ нандин цэцэг Алаг үрсдээ энхрий цэцэг Ашид дэлгэрэх мөнхийн цэцэг Итгэл нь нандин цэгээхэн цэцэг Ижилгүй ганцхан ариун шүтээн Өвөртөө үрийн заяатай бурхан Үрсдээ элбэрлийн дээд эрхэм хүмүүн энд нойрсов хэмээн бичжээ. Дүү нь эгчийнхээ өлмий дор сөгдөн сууж

“Аав та хоёр минь ханиндаа бие биедээ түшиг болон амар амгалан нойрсоорой. Бид алзахгүй. Ээжийгээ сайн асарна” гэж амлав. …Удалгүй Нандингийн ууган хүү Оргилынд хүү мэндэлжээ. Давхраатай дүрлийсэн алаг нүд нь яг л Мөнхөө, бадриун чийрэг бие нь яг л Нандин аж. Хүмүүний удам залгаж, хүмүүний удам гэж үргэлжлэх тавилантай байдгийн тод жишээ энэ юм… Сэтгэлд дотно, зүрхэнд дулаахан хайрын хөгийг эгшиглүүлж амилуулсан Нандин, Мөнхөө хоёрын үр удам нь үргэлжилсээр…Нандин, Мөнхөө хоёр Алагхан

хорвоод аав, ээжийгээ зорин ирсэн амин үрс минь алдаатай оноотой хорвоод ахан дүүсээ түшиж, тэдэндээ нөмөр нөөлөг болж эцэж ядралгүй, амар жаргаж, сайн сайхан амьдраарай…хэмээн тэнгэрээс харж байгаадаа…Магадгүй үргэлж дээшээ оргил өөд тэмүүлж, заяа буян нь тэгшхэн яваасай гэсэндээ хоёр хүүдээ “Оргил”, “Заяа” хэмээх нэрийг хайрласан бизээ.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *