
Төрөх тасгийн хаалга дуугарах болгонд Мөнхөөгийн гэрийнхэн бүгд айсан, түгшсэн нүдээр харцгаана. Мөнхөөгийн ээж залуу насандаа нутагтаа хасын цагаан царай, урт сайхан хар гэзэг, жаргал цалгисан
инээд, дөлгөөн тайван зантайгаараа гайхагдсан сайхан бүсгүй байлаа, хэдий нас хэвийсэн ч тэр л сайхан инээмсэглэлээрээ инээсээр гарч ирэхэд бүгдийн сэтгэлд наран гийжээ… Мөнхөөгийн хадам аавын бие
нь тааруухан байна гэсэн болохоор Нандин тэр хоёр ажлаасаа чөлөө авч, хоёр хүүгээ дагуулан Монголын хойд хязгаар Ховд аймгийн Цэцэг сумыг зорьжээ. Бүтэн жил шахам аавыгаа асарч тойлсоор ямар ч
байсан бие нь илааширчээ. Малаа хотлуулаад оройн хоолоо идчихээд амрахаар зэхэж суутал Нандин Мөнхөөд хандан: -Энд хүн бүл муутай аавын бие ядруу, ээж минь ганцаардаад хэцүү байх шиг байна хоёулаа
байраа зараад нэгмөсөн эндээ ирж төвхнөх үү дээ? гэж аргадангуй асуухад нь Мөнхөө юу ч хэлсэнгүй хар цагаан дуугүй байсаар амрахаар хэвтлээ. Мөнхөө хадам аавынхаа биеийг сайжрахад баярлаж

хурдхан гэртээ харьж гэрийнхэнтэйгээ уулзахсан гэж яарч, тэмүүлж байсан билээ. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж аав минь хэлдэгсэн үнэн л юм байна даа, аав, ээж хоёр минь яажшуухан байгаа бол доо, ах дүү нар минь би тэднийгээ санаж байгаа шиг намайг санаж бэтгэрч байгаа даа гэж элдвийг бодсоор үүр цайлгажээ. Мөнхөө ирж дүү нарынх нь нар гарчээ. Энэ үед дүү охид нь аль хэдүйнэ ээж болцгоосон байлаа, бүсгүй хүмүүст, тэр тусмаа төрсөн эгч дүүст аминчхан ярих яриа зөндөө байлаа. Ингээд удалгүй Нандин, Мөнхөө хоёр байраа худалдаж, Ховд нутгийн айл болохоор шийдэн алсын замд гарлаа, дүү нар нь эгчийгээ явуулах дургүй байсан ч аавынх нь “Нэгэнт л айлын хүн болсноос хойш нөхрөө дагахаас өөр жам
байхгүй” гэж хэлсэн тул арга байсангүй. Мөнхөөгийн аав, ах хоёр нь хүний нутагт очсон охин, /дүү/ зээ хүү /дүү/ нараа жил бүр эргэж очдог байлаа, нэг удаа аав ах хоёр нь 4 ханатай гэр /энэ бол Мөнхөөгийн аав, ээж хоёрын анхны гал голомтоо бадрааж айл болсон гэр нь байлаа/ ачиж аваад явж билээ. Мөнхөө газрын мухарт /мухарт гэдэг нь өвөлжөө нь маш хол газар байдаг, хүн цөөн явдаг, цагаан сар бусад үед бараг хүн очдоггүй/ өвөлжиж байхдаа байнга л чимээ чагнана, мэдээж гэрээсээ хүн ирэхийг хүлээж суугаа бүсгүй тавилан. Мөнхөө яагаад ч юм бүү мэд өглөө эртхэн босмоор санагдаж өрхөө татаж орж ирээд галаа түлж гэрээ дулаацуулсны дараа гал дээрээ цай тавьж, хадмынхаа галыг түлэхээр яаран гарав. Гэрээс гарч алсын бараа харан хэсэг зогслоо, аав нь гараад ирэх юм шиг сэтгэл нь гэгэлзээд, нүдэнд нь нулимс цийлэгнээд нэг л хачин. Нандин сумын төв рүү, хоёр хүү нь ханьсан хониндоо явж, Мөнхөө хоёр гэрийн хооронд ажил амжуулан нааш цааш завгүй шогшино. Тэр завсраа байнга л толгод давуулан алсын бараа ширтэж, чимээ чагнана. Машин дуугарах шиг…үгүй байх даа…ойрд гэрээ санаад…хэдэн дүү нараа үгүйлээд бодоод байхаар санаа дагаж байгаа байх, энэ их цаснаар нааш зүглэдэг хэн байх вэ? Ямар ажлаа барсан хүн тэгж явах вэ гэж өөртэйгээ ярьсаар гадаа гартал…яг шүү…бараа нь харагдахгүй ч машины дуу яг мөн…буцаад
гэр лүүгээ орж нүдэндээ нулимстай галаа өрдлөө. Тэгснээ ойрд аавын /хадам аав нь/ бие чилээрхүү байгаа юмсан, нөхөр маань сумын эмчийг авчирч байгаа юм болов уу? гэж бодсоноо “Үгүй том тэрэг байна” гэж өөртэйгээ ярьж гараад хартал ахынх нь барьдаг том, цэнхэр, дүнхийсэн ЗИЛ-130 машин /мөн ч олон шөнө энэ сайхан аварга машиныг хүнгэнэтэл дуугараад ирж байна гэж зүүдэлсэн дээ/ мөн байлаа. Мөнхөө өөрийн эрхгүй аав ээжийнхээ өөдөөс гүйх нялх хүүхэд шиг аав, ах хоёрыгоо чиглэн бүх чадлаа шавхан гүйлээ. Аав нь машинаас нь буун охин руугаа харайлгалаа, ах нь бас тэссэнгүй машинаа унтраан үсрэн бууж дүү охин руу гаа хурдаллаа. Тэр гурав тэврэлдэн баярын нулимс унаган уулзлаа. Машин техникээс хурдан хүн гэж хаана байх вэ? Тэгэхдээ хүний сэтгэл гэдэг бүхнээс хүчтэй, бүхнээс хурдан болохоор аргагүй юм. Мөнхөө аав, ах хоёртойгоо ярих зүйл их байлаа, хэдийгээр нөхөрт гарч, хоёр сайхан нуган үр төрүүлж, нас 30 гарсан ч аавдаа эрхлэн байсхийгээд л очиж үнэрлүүлэх нь цаанаа л нэг өхөөрдөм, хүний үр хүүхэд гэдэг аав, ээждээ үргэлж нялхаараа байдаг хойно доо. Ээжийн бие сайн уу? Дүү нар минь сайн биз дээ? Хүүхдүүд нь том болж байна уу? Бүгдээрээ ажил төрлөө хийж байгаа биз дээ? гэж асууж байгааг нь сонсоход айлын том охин шиг, зөндөө гоё зурагнууд авчирсан биз дээ? Ээж надад юу өгч явуулсан юм? гэж асууж байгааг нь сонсоход эрх жаахан танхил охин мэт. Амьдралын уртад аав, ээжийн түшиг болсон охин, алиахан дүү нартаа
халамжтай сайн эгч нь, амраг ханьдаа үнэнч хонгор гэргий нь, алаг үрсдээ ачлалт сайхан ээжий эгэлхэн Монгол бүсгүй Мөнхөө бүсгүй. Аав, ах хоёр нь санасныг бодоход тийм ч хурдан буцсангүй, аав нь охиноо, ах нь дүүгээ хүний газар байгаа болохоор хайрлаж энэрсэндээ тэр байх. Аав нь гадуур гарч хонь малын хашаа, хороо, түлээ түлшээ хураасан байдал зэргийг харан охиноороо бахархаж явлаа, гэрийн доторх тухайд бол ярих зүйл байхгүй, байранд байхдаа цэмцийсэн сайхан айл байсан, яг л хэвээрээ, хөнжил гудсыг тэвхийтэл нь хурааж эрээн бүтээлгээр бүтээснийг нь нутгийн нэг хүн шүүгээ байна гэж андуурч налж суугаад хойш нь унагачихаад сандарч суусан тухай зээ хүү нь өвөөдөө ярьж нэг их инээж билээ. Хөдөөний малчид гэдэг хээгүй хүмүүс, айлд орж ирээд гутлаа арчих ч үгүй дээшлэн сууцгаана, эхэндээ Нандингийнд орж ирсэн хүмүүс яг л ийм байсан, харин Мөнхөөгийн цэвэрч нямбай байдлаас болж сүүлдээ орж ирээд үүдэнд удтал гутлаа арчин зогсдог болж билээ. Мөнхөөгийн ажилсаг энэ нямбай зан аав, ээжээс олгосон хүмүүжил юм даа. Аав ээжийнхээ сургаснаар дүү нар нь ах, эгчээ хүндэлж, үгэнд нь орж, ах эгч нар нь дүү нартаа асралтай, халамжтай байж өсгөсөн, ийм байж сурсан учраас тэд бие биенээ үргэлж хайрлаж хүндэлсээр ирсэн билээ, насан туршдаа ийм байна гэдэгт өчүүхэн би гүнээ хүндэтгэн итгэнэм. …Наадам дөхөж нутгийнхан хурдан морьдоо уяж, хол ойрын элдэв сониныг ярьж хөөрөлдөн сууцгаана. Нар дээр гарчихлаа, хүүхдүүдээ!!!
майхандаа орцгоо гэж хөгшчүүл шавдуулна. Гадаа суун жаахан халамцаж, шог хошин яриагаараа хүмүүсийг хөгжөөж инээд цалгиан сууж байсан Нандин байрнаасаа хөдөлсөнгүй суусаар… Аагим халуун, сархадын халуунд түүний зүрх тэсээгүй бололтой… Хадмууд нь бас энэ хэдэн жил айл аймаг явж ижил дасал болсон нутгийнхан Мөнхөөг хоёр хүүгийнх нь хамт үдэж өглөө. Тэдний амнаас ерөөлийн сайхан үгс урсан гарч байлаа…Хүний газар гэж бодож дасахгүй хэцүү байсан энэ нутагт Мөнхөө болоод хүүхдүүд нь аль хэдүйнэ дасчээ, гэсэн ч өөрийн төрснийг гүйцэх нь хаана билээ дээ. Нандинг гэнэт чимээ аниргүй энэ орчлонгоос яваад өгсөнд Мөнхөөд гомдолтой санагдаж байлаа. Тэгэхдээ Мөнхөөд хоёр сайхан хүүгээ дагуулаад зориод очих аав, ээж, ах, дүү нар нь байна, амьдрал баян шүү дээ. Хүний амьдрал гэдэг нэг л шулуун дардан замаар, ямар ч бэрхшээл, саадгүйгээр үргэлжлэн явна гэж юу байх вэ! Нандин, Мөнхөө хоёрт муудалцах сайдалцах, гомдох, тунирхах үе гардаг л байсан, тэгэхдээ тэд бие биенээ хэзээ ч муу муухай үгээр хэлж, эргэж харахгүйгээр, эргэлзэж тээнэгэлзтэл, салъя гэх хэнд ч хэлдэггүй мөртлөө дотроо хадгалсаар холдон оддог тийм адын бодолд авттал гомдоож байсан нь хэн хэнд нь үгүй билээ. Мөнхөө үхэлтэй тэмцэлдэн байж, аав, ээжийнхээ сэтгэлийг чилээн байж, танхилхан биендээ хоёр удаа мэс хүргүүлж, Нандинд хоёр сайхан хүү төрүүлж удмыг нь залгуулсан бүлээн сэтгэлтэн. Үлдэж хоцорсон нь амьдралаа боддог нь хорвоогийн жам, хүмүүний ёс юм
хойно Мөнхөө Эрдэнэт хотдоо ирээд ажилд оржээ. Том хүү Оргил нь ээждээ төдийгүй өвөө, эмээ, ах, эгч, дүү нартаа асралтай мундаг хүү болон өсөн торнин эрийн цээнд хүрчээ.. Ховд нутгаас ирснийхээ дараа Оргил хүү удалгүй Солонгос улс руу ажил хийхээр явахаар болоход ах дүү нь бүгд л чадах ядахаараа, эрвийх дэрвийхээрээ тусалжээ. Оргил угийн цовоо сэргэлэн, ой сайтай хүүхэд учраас төрөлх хэлийг нь удалгүй сурч, сайн ажиллаж сар бүр ээж, дүү хоёртоо илгээмж, мөнгө /баяр болгоноор бэлэг/ явуулдаг байлаа. Нэг удаа Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд сугалааны азтан тодруулж /азтан болсон нь ээжийгээ Солонгос улсад ТВ-9 телевизийн зардлаар аялуулах эрхийн бичиг/ Оргил хүүгийн аз нь шовойж ээждээ урилга ирүүлжээ. Энэ сайхан мэдээг сонсоод Мөнхөө төдийгүй ээж, ах, дүү нар нь бүгд магнай тэнийн өөрсдөө явах гэж байгаа мэт баярлацгаажээ. Зуны нэгэн налгар өдөр ТВ-9 телевизээс азтан болсон ээжтэйгээ уулзана гэсээр Дархан хотод зорин ирж Мөнхөөтэй уулзав. Анх удаа телевизийн ярилцлаганд орж байгааг ч хэлэх үү, хүүтэйгээ удахгүй уулзана гэж яарсан ээжийн сэтгэлээр тэр маш их догдлохын сацуу сандарч байгаа гэж жигтэйхэн. Ингэж Мөнхөө “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэсэн монгол хүний ашдын билгээр харь нутагт олон жил ажиллаж байгаа ууган хүүтэйгээ очиж уулзах аз завшаан тохиосон юм даа. Нэг л мэдэхэд чилийсэн 6 жил өнгөрч,
Оргил хүү эхнэр болох бүсгүйгээ дагуулсаар Монголдоо ирэх сураг сонсогдож бүгдийг баярлууллаа. Оргил хүүгийн олон жил буурай эмээгээ, ээжийгээ, ах дүүгээ, нутгаа санасан сэтгэлийг жинлэж болдог бол хичнээн хүнд байхыг хэн ч тааж мэдэшгүй, эх сайхан нутагтаа ирж нар нь гарч, төрсөн ээж, төрөл садантайгаа учран золгож магнай нь тэнийв. Ёстой амьдын жаргал гэж үүнийг л хэлэх байх даа. Хүнд төрүүлсэн эцэг, эх төрж өссөн эх орноос илүү зүйл гэж хаана ч байдаггүй гэдгийг харь нутагт ажиллаж үзсэн Оргил шиг хүмүүс ойлгоно байх даа. Оргилын дүү Заяа ахынхаа үгнээс гардаггүй /дүү нь гэхэд ахаасаа өндөр биерхүү/ бас л ээжийн удмын алаг нүдийг дуурайсан, хүн болгоныг авгайлж ахайлж хүндэлсэн томоотой сайн дүү аж. Оргил, дүүтэйгээ хамтран Улаанбаатар хотод 8-н нэрийн барааны дэлгүүр түрээслэн ажиллуулж эхэлжээ. Хүн ам их суурьшсан, бусад дүүргээ бодвол амьжиргаа гайгүй хүмүүс амьдардаг, хөл хөдөлгөөн ихтэй газрыг сонгож авсан нь аз болж тэдний ажил бүтэмжтэй сайхан байлаа. Энэ үеэс Мөнхөө хөвгүүдийнхээ хэлснээр бие сэтгэлээ амрааж ажлаасаа гарч биеэ ???. Эхэндээ хийх зүйлгүй эвгүй л байлаа, аяндаа дасаж эхлэв. Өглөө эрт босож сурсан түүний ажил амархан бүтнэ гэж, ээжийгээ халамжлан /ээж нь дүүтэй нь хамт

амьдардаг/ өдөр бүр очиж хань болон ярьж хөөрөхийн сацуу аягахан амттай хоол хийж өгнө, заримдаа ээжийнхээ чанасан будаатай цайг амтархан ууж эрхлэн сууна. Мөнхөө гэр бүлийнхээ бүх хүмүүсийн төрсөн өдрөөр заавал бэлэг өгдөг заншилтай, хоёр дүү охин нь энэ жил эгч юу өгөх бол гэж догдлон хүлээдэг болжээ. Тэд нөхөрт гарч, хүүхдийн ээж болсон ч эгчдээ эрхлэх сэтгэл нь нялх багынхаараа л үлджээ. Эгчтэй байх хичнээн сайхан.