Нүүр Өгүүллэг “АМИН ҮРС” өгүүллэг “3-р хэсэг”

“АМИН ҮРС” өгүүллэг “3-р хэсэг”

18 секунд уншина
0
0
269

Мөнхөөгийн ээж нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч хүндэт самбарт залагдсан сайхан инээмсэглэсэн зураг нь төв оффист бүтэн жил хадгалагдаж билээ,

Мөнхөө дүү нараа болон байрныхаа хүүхдүүдийг дагуулан байсхийгээд тийшээ гүйж очин харуулж ээжээрээ бахархаж, гайхуулж онгирдогсон. Хонгилд хөлийн чимээ гарахад Мөнхөө бодлоосоо

хөндийрөхөд, хаалга онгойн толгойдоо алчуур зангидаж гадуур нь малгай /каск гэж нэрийддэг/ өмсөн, ягаан өнгөөр солонгорсон ганган нүдний шилийг донжтой зүүсэн, барилгын хувцастай идэр насны

бүсгүй орж ирснээ: -За өвгөн ахаар сонин сайхан юутай байна даа. Манайхан хаачсан юм? Шинэ залуу төгсөж ирсэн гэнэ ирээгүй л байна уу? Одоогийн залуус ч эрт босохгүй л дээ. Өнөөдөр цалин бууна биз

дээ? гэж ар араас нь хариулахын завдалгүй олон асуулт асуулаа. Боловсон хүчин түүн рүү харснаа: -Энэ галзуугийн амыг яана, нэг амьсгаагаар юу юу ярьчихав даа гэснээ: -За сайхан охиноо хүлээж ав

даа, хэдэн сарын дараа битгий өөр шигээ болгочихоорой гэв. Бригадын дарга бүсгүй Мөнхөө рүү гайхан харж байснаа голонгуй шинжтэй: -Өө энэ охин юмуу? Би сайхан залуус төгссөн, танайд хуваарилагдан очиж байгаа гээд байхаар нь хангай шиг сайхан бадриун амьтан ирэх юм бодлоо гэхэд боловсон хүчин өвгөн: -Энэ охиныг хэн сайхан биш гэх вэ! Айн Наран? гэж амыг нь асуусан янзтай хэлэхэд: -За хэн муухай гэсэн юм, сайхнаас сайхан л охин байна, бүсгүй хүн биш, залуу гэж бодсон юм хэмээн өөрийгөө өмөөрөнгүй хэлээд Мөнхөө рүү хандан: -За явъя, ажлын хувцсаа хүлээж ав. Чамд таарах хувцас олдох болов уу даа?! гээд гарч явснаа эгч нь тоглосон юм шүү, битгий гомдчихоорой гэсээр түрүүлэн алхлаа. Бригадын дарга бүсгүйг Наран гэдэг, энэ бригадыг хүлээж аваад бараг 10 жил ажиллаж байгаа,

ажилдаа дуртай, идэвхтэй, хамт олноо удирдан зохион байгуулж чаддаг, олноос онцгой чанга дуутай /хамт олон нь түүнийг сайхан дуулдаг гэлцдэг/ урлаг уран сайханд бүх хүмүүсийг хүчээр хамруулсаар бригадын залуус нь байгууллагын болон хотын урлагийн үзлэгийн эхний 3 байрыг алдана гэж үгүй, ийм л мундаг дайчин дарга бүсгүй юм. Мөнхөөд ажлын хувцас нь зохисон гэж ванлий. Бригадын дарга бүсгүй Мөнхөөд хандан: -Чамд сайхан зохиж байна, яр таарчээ гэснээ, -Маргаашнаас ажилдаа ор доо. Харин одоо үдийн цайны цаг болж байгаа болохоор хамт олонтойгоо танилцаад ав. Шижигнэсэн сайхан залуучууд бий гэж тэднээрээ илт бахархсан, гайхуулсан царайгаар хэлэв. Мөнхөөтэй хүн болгон гар барьж нэрээ хэлж байсан ч Мөнхөө олон танихгүй залуусыг хараад сүрдээд тэр үү!Анх ажилд орж байгаадаа сандраад ч тэр үү! нэг ч хүний нэр тогтоосонгүй. Гэртээ хариад аав, ээж, ах, дүү нартаа ажлын хувцасаа үзүүлж сэтгэл нь амрав. Мөнхөө ТТБУК гэсэн бичигтэй /саарал өнгийн өмд, цамц, цэнхэр өнгийн малгай/ ажлын хувцсаа өглөө болтол хэдэн ч удаа гаргаж үзсэн юм бүү мэд. Хамт олонтойгоо ижилдэн, үеийн найз нөхдөөсөө дутахгүйг хичээн маш их чармайн ажиллаж байлаа. Угийн хурдан шаламгай хөдөлгөөнтэй, нямбай, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадсан Мөнхөөд ажил хийнэ гэдэг залуу насны ид хавыг

гайхуулсан хамгийн эрхэм жаргал, жинхэнэ мөрөөдөл нь байв. 1983 он. Эрдэнэт хотод хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн барилгын ажлыг Мөнхөөгийн ажилладаг залуучуудын бригад хүлээн авчээ. Тэр барилга нь Мөнхөөгийн гэрт ойрхон байв. Тэр зуны аагим халууныг ч хэлэх үү, ам цангана гэж тамтаггүй. Үдийн цайны цагаар гэртээ гүйн ирж /ээж нь өглөө ажилдаа явахдаа цай чанаж үлдээдэг байв/ бор цайг гүд гүд залгилан уухад хичнээн сайхан. Орой бүгд цуглан хоолоо идэхээр суух үед Мөнхөөгийн дүү охин Цэцгээ: -Эгч өдөр орж ирээд цай уучихаад намайг харах ч үгүй гараад явчихсан гэж гомдоллов. Энэ өдрөөс хойш ээж нь ахиухан цай чанаж үлдээн үдийн цайны цагаас өмнөхөн Мөнхөөгийн хоёр охин дүү 10 литрийн бидонтой бор цайг дамжлан эгчийнхээ ажлынханд хүргэж өгдөг ажилтай болжээ. Мөнхөө 1984 онд байгууллагынхаа “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч магнай хагартлаа баярлаж аваргын тууз, баярын бичгээ барьсаар гэртээ орж ирэв. Ээж нь баярласандаа нүдэнд нь нулимс цийлэгнэж, аав нь “Миний охин сайн байна” гэж хэлээд Мөнхөөг үнэрлэв. Дүү нар нь өөрсдөө шагнуулсан мэт баярлаж “Баярын бичиг”-ийг тод чанга дуугаар уншиж ямар гоё юм бэ!Миний эгч мундаг юмаа гэж эгчээрээ бахархан, баярлаж байв. Энэ орой тэднийх хамгийн азтай, бас жаргалтай айл байлаа. Мөнхөө хананы өрлөг хийгээд зогсож байтал бригадын дарга Наран бүсгүй: -Мөнхөө

миний дүү хүн уулзая гэж байна гэв. Мөнхөө ажлаа түр орхин гадагш гарвал эргэн тойронд хүн харагдсангүй, жаахан зогсож байгаад буцаад орох гэтэл: -Мөнхөө Мөнхөө гэж нэг хүн дуудлаа. Эргээд хартал Төв аймгийн Баяндмань сумын сургуулийн багш залуу зогсож байв. Мөнхөө нүдэндээ итгэсэнгүй. Ахиулан сайтар харвал мөн байнаа…гайхасхийн дөхөж очтол: -За сайн байна уу?Ажил нь сайн уу?Ажлын хувцастай болохоор чинь таньсангүй гэхэд Мөнхөө залуу насны аагаар жаахан шаралхан: -Барилгачин болоод ажлын хувцас өмсчихсөн чинь муухай харагдаж байна уу? гэж хэлэхэд: -Үгүй, үгүй яалаа гэж дээ гэснээ сандран нүүр нь улайж орхив. Мөнхөө санаа нь зовсхийн: -Сайн явж ирэв үү?Ажил нь сайн уу? Ажлаар яваа юмуу? гэж арай зөөлрүүлэн асуухад залуу бага ч атугай тайвшран: -Сайн сайн. Хүнтэй уулзах ажилтай гэснээ “Чамтай л уулзах гээд” гэж амандаа бувтнав. Мөнхөө “Би ажилтай байна” гэв. Залуу: -Санаа зоволтгүй би хүлээж байя гэлээ. Мөнхөө ажил тараад гарч ирэхэд нөгөө багш залуу сууж л байв. Би гэр лүүгээ орчихоод ирье, түр хүлээж байгаарай гээд оров. Мөнхөө өрөө рүүгээ яаран орж хувцсаа солин толины өмнө очиж эргэлдлээ. Үсээ задгай тавьчихдаг юмуу? гэж өөрөөсөө асуулаа, тэгснээ хэрэггүй юм байна, зүгээр л сүлжчихье, орой сэрүүн ороход хэрэг болох байх ноосон цамцаа авчихъя гэж ганцаараа

ярив. Дүү охин Энхээ өмнүүр нь орж ирснээ: -Эгчээ та галзуурчихсан юмуу? ганцаараа л яриад байх юм гэхэд дүүгээ өхөөрдөн хацар дээр нь үнссэнээ: -Үгүй дээ, чи эгчийнхээ насан дээр ирэхээрээ ойлгоноо гээд аав, ээж хоёрт эгч гадагшаа гарсан, оройтохгүй ирнэ гэсэн гэж хэлээрэй, бас дүү нараа сайн харж байгаарай гэж аргагүй л айлын том эгч шиг захив. Мөнхөө гарч ирээд байрны хойгуур тойрон алхахад залуу араас нь даган явлаа. Тэр хоёр кино үзэж, зуны намуухан үдэш хамтдаа алхан усан оргилуурын дэргэдэх сандал дээр жаахан ярилцаж суулаа. За би харъя даа, орой ч болчихлоо, гэрийнхэн маань санаа нь зовчихно гэсээр Мөнхөөг явахаар босоход зэрэгцэн өндийж гэрт нь хүргэж өглөө. -Би дахиад ирнэ гэж Нандин хэлэв. Мөнхөө чимээгүйхэн толгой дохисноо орц руугаа гүйн орлоо. Гэртээ орохоос жаахан эмээн хаалгаа зөөлөн тогшиход хөлийн чимээ гарч ээж нь хаалга онгойлгож

өгөхөд Мөнхөөгийн баярласан гэж. Оройтож ирсэндээ ч тэр үү, анх удаа болзоонд явсандаа ч тэр үү зүрх нь багтаж ядан булгилан цохилж байлаа. Нандинтай зэрэгцэн суухад амьсгаагаа бүтэн авч чадахгүй байгаа мэт, хажуугаас нь халуунаар төөнөөд байгаа юм шиг хэцүү мөртлөө бас сайхан мэдрэмж Мөнхөөд төрж байсан юм. Хайр гэж ийм сонин агаад гэгээн сайхан ажээ, хайр гэдэг аугаа зүйл нэг л өдөр сэтгэл зүрхийг догдлуулан айлчлан ирдэг ажгуу. Мөнхөө шөнөжин элдвийг бодон хөрвөөсөөр нойр муутай хоносон ч гэм хийсэн хүн шиг эртлэн босож аав, ээжээсээ түрүүлэн ажилдаа явлаа. Тэрээр өөрийн эрхгүй амандаа дуу аялан, өчигдрийн болзооны талаар, бас багш залуугийн ярьсан болгоныг эргэн санаж инээд алдан ажиллаж байгааг анзаарсан бригадын дарга бүсгүй: -За Мөнхөө маань дурлачихаж, удахгүй нижгэр хурим болох нь дээ та минээ гэж хүн бүхэнд дуулдахаар чанга /угаасаа онцгой чанга дуутай гэж дээр өгүүлсэн билээ, уншигч авхай та санаж байгаа байх/ хэлэхэд Мөнхөө ичин байж суух газраа олж

ядан: -Та боль л доо, юун хурим гэснээ дотроо: -Энэ Наран эгч үнэхээр галзуу шүү, хүнийг эвгүй байдалд оруулаад гэж бодов. Багш залууг Нандин гэдэг, Мөнхөөгөөс насаар хэд ах, уугуул нутаг нь Ховд аймаг, механикч мэргэжилтэй ч, сургуульдаа техник хөдөлмөрийн багшаар ажилладаг нэгэн. Сангийн аж ахуйд ажиллах гэж ирсэн оюутнуудын дундаас Мөнхөөг анх хараад сэтгэл алдарч билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *