
Марал хадам ээжийнхээ орилж хашгирч элдвээр хэлсэн үгнээс гэрийнхэндээ нэг ч үг дурсаагүй билээ, Жаргалыг ээжтэйгээ муудалцаж өөрийг нь үг газар гээхгүй өмөөрч байгааг харахад түүнд
эвгүй санагдаж, бас хадам ээжийнхээ хэлсэн тэр муу муухай үгсийг сонсохыг хүсээгүй тул юу ч бодолгүйгээр шууд гэр лүүгээ яаран гүйжээ. Жаргал намайг өмөөрч байгаа нь сайхан ч ээжийнх нь хэлдэг
бас зөв шүү дээ, хүний төрсөн л эх юм хойно үр удмаа үлдээсэй гэж бодох нь аргагүй, тэгэхдээ зүгээр л тайван суугаад ярилцаж болох л байсан, намайг тэгж муу муухай үгээр дайрч хэлэх хэрэггүй шүү дээ,
надаас болж ээжтэйгээ муудалцах нь бас буруу, ЭЭЖ бол ЭЭЖ шүү дээ ямар ч үед эрхэм хүн гэх мэтээр амандаа үглэж явсаар гэрийнхээ үүдэнд ирснээ ч мэдсэнгүй. Хүн ядрахаараа урагаа, тураг ядрахаараа
уулаа гэж үнэн юм, Маралд ханилж суусан Жаргалаар нь овоглосон жаргалтайхан гэр орон нь бэлээхэн байсаар байтал тийш явах хүсэл, сэтгэл төрөлгүй шууд гэр рүү гээ гүйсэн нь хүний төрөлхийн араншин

гэлтэй. Марал юу ч бодож эргэлзэлгүйгээр хаалгаа зөөлөн тогштол хөлийн чимээ гарч дүү нь хаалга онгойлгож өгөөд: -Эгч ирлээ эгч ирлээ гээд хөөр болоход нь Марал дүүгээ өхөөрдөн үнсээд том өрөө рүүгээ орж аав, ээжтэйгээ мэндэлчихээд: -Өнөөдөр гэртээ сайхан амарна гэж хэлээд хүч гарган инээгээд өрөө рүүгээ орлоо. Хоёр сарын дараа эмч нарын зөвлөгөөний хурлаар оруулахаар Маралыг заавал хүн дагуулж ирээрэй гэсэн боловч мэдээж гэрийнхэн нь болон Жаргал энэ асуудалд татгалзсан хариу өгөх нь ойлгомжтой учраас тэр ганцаараа иржээ. Эмч нар түүнд биеийн байдлыг нь сайтар тайлбарлан хэлж үр хөндөнө гэхэд нь Марал: -Би гомдолгүй гэсэн
гарын үсгээ зураад өгчихье, юу ч болсон энэ хүүхдийг төрүүлнэ гэж нөгөө л шударга зангаараа хэлэхэд ерөнхий эмч аргаа баран: -Чи чинь яасан зөрүүд, юмны учир ойлгодоггүй хүүхэд вэ? тэр нөхөр юмуу? аав, ээжийгээ бид нартай заавал уулзуул, өөрөө сурган хүмүүжүүлэгч хүн байж ямар янзын хүүхэд вэ чи гэж загнав. Марал суудлаасаа өндийн зоригтойгоор олон эмч нарын сууж байгаа ширээ рүү дөхөн очоод хадам ээж нь түүнийг юу гэж хэлснийг, эмэгтэй хүн болж төрчихөөд хүнээс тийм доромжлол сонсох ямар байдгийг та нар мэдэх юмуу гэж уйлан хэлэхэд эмч нар юу ч дуугарахгүй чимээгүй болцгоолоо, ерөнхий эмч хоолойгоо зассанаа: -Чамайг л бодсон юм шүү дээ охин минь хүний амь нас гэдэг тоглоом биш, үгүй тийм гэсэн үгээр ч шийддэг асуудал биш гээд хэсэг бодолхийлснээ байнгын хяналтанд байна шүү, долоо хоногт нэг удаа ирж заавал үзүүлнэ, байнгын дасгал хөдөлгөөн хийнэ, эмээ таслахгүй ууна шүү нөхөр минь гэж дуугаа өндөрсгөн хэлэхэд Марал: -За эмчээ гээд доголон нулимстай инээхэд эмч нар түүнийг хайрласан, өрөвдсөн, зарим нь бахархсан харцаар харж байлаа. Марал хичээлийн цаг нь эрт дууссан тул захаар орж хүнсээ цуглуулан гэртээ ирж ханьдаа амттайхан хоол хийж бас баяртай мэдээгээ дуулгана гэж бодсоор ханцуй шамлан оров. Хаалганы хонх дуугарахад Марал гүйн очиж хаалгаа нээхэд Жаргал “Ашгүй дээ, чи минь ирчихсэн юмуу” гээд үнссэнээ “Хөөх ямар сайхан хоол үнэртэж байнаа, чи минь гараа гаргажээ” гэж баярлан хэллээ. -Хань нь одоохон гараа угаагаад хоолоо амтархан иднээ гээд Жаргал
угаалгын өрөө рүү яаран оров. Ханиа ховдог нь хоолоо идэхэд бэлэн, чи минь мэдээж бэлэн байгаа биз гэсээр гал тогооны өрөөнд орж ирэхэд ширээн дээр оройн зоогноос гадна, дарс тавьж, бас лаа асаан, эмэгтэйчүүдийн баяраар Жаргалын бэлэглэсэн улаан даашинзыг өмсөн нөгөө л сайхан инээмсэглэлээрээ яралзтал инээн: -Хайрт минь суугаарай гэж ширээнд урилаа. Жаргал алмайран харж: -Юун баяр билээ? Хайрт минь. Би юу мартчихваа, айн загнуулах ажил хийчихсэн юм биш байгаа гэж Жаргалыг гайхан асуухад Марал: -Та эхлээд хоолоо зоогло, хоолоо сайн идсэн ханьдаа бэлэг өгнө гэж алиалав. Марал босож Жаргалын өвөр дээр суун эрхлэнгүйгээр чихэнд нь: -Чи бид хоёр удахгүй аав, ээж болно гэж шивнэлээ. Жаргалын зүрх амаараа гарах гэж байгаа мэт цохилж байгаа нь Маралд сонсогдож байлаа. -Хайрт минь баярлалаа гээд Маралын духан дээр үнссэнээ: -Тэгэхдээ яагаад эхлээд ханьтайгаа ярихгүйгээр ганцаараа ийм том асуудлыг
шийдэж байгаа юм? Энэ тоглоом биш шүү дээ хайрт минь! Чиний минь амь настай, бидний насан туршийн амьдралтай холбоотой чухал асуудал гээд Жаргал чимээгүй болон бодлогоширов. Маралыг хөл хүндтэй болсныг сонсоод аав ээж нь Жаргалтай адилхан цочирдож, харин хадам ээж нь жигтэйхэн их баярлажээ. Хэдийгээр хяналтанд байж бүх зүйлийг эмчийн заавраар хийж байгаа ч Марал үе үе ухаан алдан унаж Жаргалыг сандаргана. Жаргал айсандаа “Болих уу? ханиа, чи минь наддаа байвал болох нь тэр, энэ хорвоод хань нь өөр юунд ч шунахгүй, хоёулаа хүүхэд өргөж авч болно шүү дээ” гэж дахин дахин гуйсан боловч Марал өөрийнхөөрөө зүтгэсээр гэдэс нь тогоон чинээ боллоо. Төрөх хугацаа нь дөхөж Марал эмнэлэгт хэвтлээ, Жаргал эмнэлэгт орж гаран эмч хүн шиг л чөлөөтэй явна /эмч
нар Маралыг төртөл хамт байхыг зөвшөөрсөн агаад гэртээ байгаа юм шиг ойр байвал эхнэрийг тань тайван байхад сайнаар нөлөөлнө гэсэн учраас/ байсхийгээд аав, ээжүүд рүүгээ ярьж биеийн байдлыг хэлэхийн сацуу та нар наашаа ирж хий дэмий ядарч суугаад яах вэ яг өвдөөд эхлэхээр нь хэлнэ, бид хоёр сайн байна, Марал маань дажгүй санаа зоволтгүй гэж байлаа. Эмч нарын зөвлөгөөнд Жаргал болон аав, ээжүүд нь ерөнхий эмчийн дуудсанаар ирж оролцов. Жаргалын ээж эмч нарын зөвлөгөөнөөс гарч ирэн эмнэлгийн урт хонгилын үзүүрийн сандал дээр очиж ганцаараа нилээн удаан суулаа. Би ч ухаан суух болоогүй юм байна даа, муу нялх охиноо юу юу гэж хэлж байлаа?!яана даа муу охин минь гэж бодохын сацуу ерөнхий эмч Маралын биеийн байдлыг танилцуулан хүүхэд төрүүлж болохгүй заалттай, хүнд өвчтэй атлаа заавал төрүүлнэ гэж зүтгэсээр хүүхдээ тээсэн, одоо мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй, өөрөө тун их тэвчээртэй хүүхэд дээ, тэгэхдээ эрсдэл ихтэй гэж хэлсэн нь чихэнд нь сонсогдсоор…Мэс засал үргэлжилсээр…Жаргал түмэн бодолд ээрэгдэн энэ бүхэнд зөвхөн өөрийгөө буруутган зүхэж суулаа. Хажууд нь хөлийн чимээ гарч нэг хүн ирж зөөлөн суухад өндийн харвал ээж нь
түүн рүү аврал эрсэн харцаар харж эхэр татан уйллаа. Жаргал ээжийгээ өргөн босгож сандалд суулгаад: -Ээж минь тайвшир даа, бүх зүйл сайхан болно, миний хань чинь хүч чадалтай мундаг хүн шүү дээ, та мэднэ, даваад л гараад ирнэ гэх атлаа дотроо өмөлзлөө. -Энэ бүхэнд ээж нь буруутай, юуг нь ч мэдээгүй байж муу охиноо тэгж элдвээр хэлж байснаас боллоо, хэрвээ тэгж гомдоогоогүй байсан бол зүгээр л сайхан амьдраад байж байх байсан, миний хүү эмч нараас гуйгаад охиныг минь л амьд үлдээж үз, ээж нь энийг л гуйя гэж

мэгшин уйлав. Жаргал саяхан л өөрийгөө буруутган байсан бол ээж нь ч бас өөрийгөө буруутган зүхэж суусан байх нь… Мэс засал хийгдэж байна гэсэн бичиг унтрахад тэд өөрийн эрхгүй босоцгоон хаалга руу дөхлөө. Мэс засал олон эмчийн бүрэлдэхүүнтэй хийгджээ, эмч нар цувж гарсаар байлаа, хамгийн сүүлд ерөнхий эмч хаалгаар гарч ирэн тэдэн лүү дөхөхөд Жаргалд зугтаад гүймээр санагджээ.