Нүүр Бурхан шашин ЯЛАГДАШГҮЙ ХҮЧИЙГ БЭЛЭГДДЭГ ЯМАНДАГ БУРХАНЫ ТУХАЙ

ЯЛАГДАШГҮЙ ХҮЧИЙГ БЭЛЭГДДЭГ ЯМАНДАГ БУРХАНЫ ТУХАЙ

2 секунд уншина
0
0
229

Ямандаг бурханы товч түүх

Ра язгуурын тарнич нэртэй нэг хүн Энэтхэгт амьдарч байжээ. Тэр нутгийн хаан нь ч мөн тэр тарничтай эн тэнцэхүйц эрдэм чадалтай төдийгүй түүнтэй байнга өрсөлддөг байлаа. Нэг удаа Ра язгуурын тарничид хандан:

– Надад толгойгоо өг хэмээн зарлиг буулгажээ.

Шашин ямагт төрийн хүнд буулган дотор явах учиртай тул Ра язгуурын тарнич ч толгойгоо огтолон хаандаа өргөж, хажууд үхээд удаагүй байсан махэ үхрийн толгойг огтолж толгойныхоо оронд залгажээ. Оюун санааны хувьд хааныг хаан төрийг яллаа. Хаан ч ялагдалтайгаа эвлэрэхийг хүссэнгүй. Ра язгуурын тарничийг гэртээ урилаа. Энэтхэгт байдаг нэг заншил бүх хүн хөл нүцгэн явдаг тул урьсан зочныхоо хөлийг угааж өгөх нь туйлын дээд хүндлэл юм. Хаан эрдэм чадлаараа 4 гар хувилгаж, 2 хөлийг нь зэрэг угаав. Ра язгуурын тарнич 4 хөл хувилгав. Хаан 8 гараар зэрэг угаав. Ра язгуурын тарнич 8 хөл хувилгав. 16 гараар зэрэг угаав. Ра язгуурын тарнич 16 хөлтэй болж үзүүлэв. Хаан чадсангүй. Дахиад л бошго цааз буулгав.

– Энэ 16 хөлөө угаах 32 гартай болж үзүүл.

Ингээд Ра язгуурын тарнич үхэр тэргүүнтэй, 16 хөлтэй, 32 гартай болж агаарт нисэн үзүүлсэнд хаан ч цаг хугацааг зогсоож, тэнгэрийн Уран Бишүүгарма бурхныг дуудаж ирүүлэн зургийг нь зуруулжээ. Түүх ингэж л эхэлсэн юм. Хүний хүч чадлын хүрч чадсан хязгаар нь одоохондоо үүнээс дээш алга. Тэр дундаа Аюулган үйлдэгч хэмээн монголоор, Жигжид хэмээн төвдөөр, дэлхий нийтээр Ямандаг хэмээх санскрит нэрээрээ алдаршин, түүгээр ядамлаж, хий судал бясалгалын эрдэмд нэвтрэгчид улам бүр цөөрсөөр л байна. Үнэндээ энэ бурхны бясалгал АНУ-д хүчтэй дэлгэрч тэнд 4 жилийн бясалгалд суугаад байгаа 50 орчим хүн бол бараг энэ дэлхий дээр идэвхтэй хичээллэж буй хүмүүсийн тал нь байх хэмээн таамаглаж байна.

Ямандаг бурхны уламжлал Монголд

”Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх Монголын түүхийн алдарт зохиолыг бичсэн Чойжамц хэмээх Үзэмчний Янзган хийдийн ширээт лам ”Шидийн сайн хумх” нэртэй Ямандагийн үүсгэлийн зэргэмжийг монгол хэлээр бичсэн юм. Маш сонин техник. Хялбар. Ердөө монгол гэрт сууж байгаад л унь, хана, дээвэр, туурганд нь бүх зүйлийг нь орлуулж, төлөөлүүлж байгаад л бясалгадаг. Америкчууд ч Монголоос гэр зөөж аваачаад түүндээ бясалгал хийж байгаа нь ийм учиртай.

Тэр номын оршилд Ямандагийн уламжлалыг анх Пагва лам үндэслэж, Хувилай хаанд зааж сургажээ. Дараа нь Ойрдын Аюук хааны ач Нэйж тойн Өвөр Монголд дэлгэрүүлжээ. Хөх хотын ар дахь Далан харын уулын Цогт сүмбэр агуйд 15 жил бясалгалд сууж, хүний эрдэм чадал, тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлэн, бөө онгодоос нь салгаж, бүгдийг сэтгэл оюуныг буяны зүгт хандуулж чадав. Мэдээж хэрэг Өндөр гэгээн, Зая бандида хутагт хоёр Ар Халхын нутагт түгээн дэлгэрүүлсэн бол Монголын хамгийн сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагт энэхүү ядамын уламжлалыг дээд цэгт нь тултал хөгжүүлэв. Товчхондоо ийм..

Ямандаг бурхан биднийг аврах нь

Цаг хатуу цас битүү байхад ч бид энэ уламжлалыг таслаагүй юм. Гүрү дэва ринбүчи хийгээд Огторгуйн цагаан гарди багшийн минь хүсэл ч ийм байлаа. Монголын хамаг нарийн нууц сэтгэлийн эрдмийн охь уурхай байсан энэ хоёр хүн нэг л хүнд итгэл хүлээлгэсэн юм. Тэд бол цагийн өнгөнд хувирахгүй, цагийн өнгийг хувиргаж амьдарсан амьд бурхад байлаа. Зава ламын хойт дүрээр тодорсон залууд хамаг эрдэм чадлаа юүлсэн, бас зоригжуулсан. Тэр хүн ч зориг гаргаж чадсан. Тэр бараг 4 жил болжээ. Хүнтэй уулзахгүй, ярихгүй, нар салхинд ч ховорхон гарч, бидний төлөө, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг тольдсон, тохинуулсан. Энэ хооронд их юм өөрчлөгджээ.

Гүрү дэва ринбүүчи хоосон чанарын агаарт шингэж, Огторгуйн цагаан гарди сансарын дайд дүүлж, үүл далдалжээ. ”Энэ хүнд хамаг чадлаараа туслаарай, хожим Монголын шашныг авч явах хүн шүү” гэж хэлж үлдээсэн Огторгуйн цагаан гарди багшийнхаа захиа зааврыг би хэзээ ч мартахгүй. Энд ч эрлэгийн үүдэнд ч үнэнч хэвээрээ үлдье хэмээн шийдсэн. Өөрийгөө Ямандаг бурхны аржалд барьсан лам минь гаваг хүртээж, гайс гаргасан дуулдана. Ойрхон байгаад, олигтойхон жавтүй хүртчиж ч амжсангүй. Миний монгол минь яг л XVI зуун шиг агуаа их сонголтын өмнө зогсч байна. Хандах чиг хаашаа яаж тогтохыг уг энэ хүн л хэлэх байх. Хүлээх л үлдлээ. Ямандаг бурхан л бидэнд ийм эгзэгтэй, эмзэг үед тусалж ирсэнсэн.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Бурхан шашин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *