Home Өгүүллэг “ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “10-р хэсэг”

“ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “10-р хэсэг”

0 second read
0
2
2,494

Даваа нар ургахтай зэрэгцэн босоод хүүхдүүддээ боорцог хайрч өгөхөөр бэлдэж байтал гадаа нь төлийн дуу гарах шиг. Энэ чинь яахаараа манай хотонд хэмээн бодсон ч бушуухан гэрээс гарвал яах

аргагүй тэдний гадаа цөөн биш хэдэн хонь, ямаа харагдах нь тэр. Гэтэл ч Саран тэндээс охиноо тэврэн өөдөөс нь инээмсэглэн ирж байгаа харагдана. Даваа юу болоод байгааг ойлгож ядан өмнөөс нь тосон

очив. Саран дэргэд нь ирээд – Сайн байна уу Даваа эгчээ та минь босчихоо юу? – Тэгэлгүй дээ … энэ чинь? Хэмээн юу хэлэхээ мэдэхгүй гайхан харвал Саран – Даваа эгч минь бид хоёр хот явах болчихлоо.

Ээжийг үзүүлэнгээ тэндээ суурьших санаатай тэгээд дүү нарын малыг туугаад ирлээ – Тэгэхээр чи ирэхгүй гэсэн үг болж байна уу? хэмээтэл Саран түгдрэн – Яг сайн мэдэхгүй байна эгчээ, ээжийн эмчилгээ хэр

удахаас хамаарна. Тэглээ ч Гарьд гарах болоогүй байгаа 5 жилээс дөнгөж л жил гаран л явж байна шүү дээ – Аан … хэмээгээд Даваа өөр юу ч дуугаралгүй унтаж байгаа дүү нараа хараад нэгэнтээ санаа

алдаад Саранд цай аягалж өгөөд: Чи залуу хүн чамайг бид буруушаагаад ч яах юм билээ. Гэхдээ дүү минь охинд минь аавыг нь хэлж өгөөрэй дээ эгч нь чамаас өөр хүсэх юм алга хэмээтэл Саран дороо хавчигнан бушуухан цайгаа ууж дуусгахаар оочиж гарав. Даваа, Саран хоёр ч нэг их юм ярьсангүй тэгсгээд Саран мориндоо мордон охиноо сундлаад тэднийхээс хөдлөв. Гэртээ харьтал Очхүү бүгдийг нь ачин хөдөлхөд бэлэн тэднийг хүлээж байсан тул санаагаа эргэхээс өмнө гэх шиг бууриа нэгэнтээ эргэн сүү өргөөд морьныхоо эмээл цулбуурыг нь аван сул тавиад машинд суун хөдлөв. Очхүү машинаа асаан хэсэг явж байгаад Саранд хандан – Болсон уу хө? – Тиймээ болчихлоо – Чи Гарьд дээр очиж явах гэж байгаагаа хэлэхгүй юмуу? – Харин ээ бодоод л байна – Хэлсэн нь дээр байхаа хө, нэгэнт л шийдсэн бол тэр хүний бодлыг цэгцэлсэн нь дээр гэж бодож байна – Чи хамт орох юм уу? – Дэмий биз дээ … намайг юу ч гэж бодох юм. Тэгээд ч чи ээжийг үзүүлэхээр явж байна гэвэл арай зөөлөн бишүү – Чи айгаад байгаа юмуу? хэмээн Саран гэнэт асуувал Очхүү машинаа барьсан чигтээ юу ч дуугаралгүй хэсэг явж байснаа хоолойгоо нэгэнтээ засаад – Үгүй айгаад байх ч юу байхав дээ, гэхдээ л Гарьд гэж бодохоор нэг л … – За за би өөрөө мэдээд хэлчихье Очхүү харин хариу хэлсэнгүй духынхаа хөлсийг арчаад жолоогоо барин аймгийн хорих газарт очихоор уул ороон давхин явав. **** Гарьд эргэлтээр уулзаад ирсэнээс хойш байгаа байдал нь их догшин ширүүн, хэн нэг нь өдөх л юм бол шууд л нударга зөрүүлэхэд бэлэн, хэний ч үгийг дуулахгүй духаараа харан хөмхийгөө зуун тэр тоолонд нь шүд нь хавиралдан байх болов. Баавай Гарьдын иймэрхүү байдалтай байхыг хэдэн өдөр хараад мөн юу ч дуугарахгүй хүлээсээр. Гэтэл тэдний өрөөний нэг нь бас л өлсгөлөнгөөр таалал төгсөх нь тэр. Өрөөний хоригдолууд гашуудан хэн нь ч юу ч дуугаралгүй дор бүрнээ харамсан суутал Баавай Гарьдаа хэмээн дуудахад Гарьд сонсоогүй юу нэгэн бөгөөс сонссон ч ярихыг хүссэнгүй юу буруу хараад хэвтээд өгөв. Баавай хажууд нь очиж суугаад – Гарьдаа чи зүгээр үү? Гарьд хариу дуугарсангүй. Баавай үргэлжлүүлэн: Чи хэнтэй уулзаад юу болсоныг би мэдэхгүй. Тэгэхдээ чи хар энд бид хэн ч биш гэдгийг хар. Чи ямарч байсан эндээс амьд л гарахаа бодож үз. Би чамд юу хэлэх билээ, хэдэн өдөр чамайг харлаа. Чиний нүдэнд өшөө хорсолоос өөр юу ч алга. Хэрэв чи энд ингэж гөжүүдлээд ямар нэг байдлаар амиа алдчихвал өшөө хорсолоо авч чадна гэж бодож байна уу. Эр хүн юм байгаа биз дээ. Хат, тэнхээ чинь хаачихав. Сайн ажил хийвэл оноо чинь нэмэгдэнэ. Хэдий их оноо цуглуулна хэзээ нэгэн цагт өршөөлөөр гарах боломж олдвол тэр үед чинь л хэрэг болох байх. Би удахгүй эндээс гарлаа, намайг сая өршөөлд хамааруулж би тэнцсэн. Гараад чамайг хүлээж байя. Өлсөж хэн ч бишээр үхэж л болохгүй шүү, өөрийнхөө амийг ямарч үед аваад

гарчих овсгоотой бай … хэмээгээд босон орон дээрээ очин уншиж байсан номоо дэлгэн суулаа. Гарьд хариу нэг ч үг дуугарсангүй бодолд дарагдан хэвтэж байтал гяслаант төмөр хаалга чихран дуугарч хүн хөлийн алхаа зүрхэн дээр нь дэвслэх шиг ирж байгаа сонсогдов. Гэтэл ч тэдний өрөөний хаалгийг онгойлон анх Гарьдыг энд орсон цагаас л дарамталж, зодож байсан ахлагч хоёр харгалзагчийн хамт ирэн ахлагч нь үүдэнд харан хоёр харгалзагч үхдэлийг хоёр гараас нь чирэн гарах агшинд Гарьд хэзээдээ оччихсон юм нөгөө ахлагч дээр очин – Бид нар хоригдол ч гэсэн хүн юм байгаа биз дээ – Дугаар 37545 байрандаа – Энд өлсөж үхсэнд орвол тэр онцгой газарт чинь очиж байгаад хүн шиг үхье … гэтэл ч хүнд нударга түүний шанаанд буув. Ингэнэ чинээ санаагүй байсан Гарьд тэртээ тэргүй дотор нь буцлаад байж сууж чадахгүй байсан ч юу хийж байгаагаа гэнэт ухааран толгойгоо барин доош суув – Яасан овоо муу баас вэ чи, май ингээд олон юм ярь хэмээгээд зодож гарав. Хоригдолууд бүгд хаалган дээрээ шаван тэднийг харан зогсоно. Гарьд зодуулж, зодуулж гэнэт өндийн – Чамайг Галхүүгийн хамаатан гэдгийг мэдэхгүй гэж бодож байна уу. Дүүгийнхээ хариуг авах гэж албан тушаалаа ашиглаж байгаа биз дээ хэмээн орилон үргэлжлүүлэн намайг тэр онцгойдоо аваачаад өг. Ядаж чи гараараа биш бороохойгоороо зодооч хэмээгээд далайгаад ирсэн гарыг нь барих гэж байтал зүүн нүдрүү нь хуруу нь орчих нь тэр. Ахлагч орилон түүнтэй зэрэгцэн хоёр харгалзагч Гарьдыг барин үхдэлээ орхиод тэндээс гарав. Гарьд сахилгын өрөөнд толгойгоо шаан хүйтэн шалан дээр завилан суугаад чимээгүй уйлсаар. Тэрээр айж байлаа, айсандаа бүх бие нь чичрэн үсээ зулгаан сууна. Ажил үүргээ гүйцэтгэж явсан ахлагчийн биед халдсан хэмээн түүнийг босож чадахгүй болтол нь зодож шүүх хуралын тов гартал хүлээн сахилгад ийнхүү сууж байгаа нь энэ аж. “ Новш гэж би юу хийчихэв ээ. Яагаад Саранд уурласан уураа энэ нэг гайд гаргачихав аа. Одоо надад ямар ял өгөх бол, цаазаар авах болов уу, бүх насаар минь хорих болов уу … Саран чи миний амьдралыг ингэж нэг мөр дуусгах гэж. Зайлах байсан юм бол тэр чигтээ л чимээгүй далдарна биз, ямар гайг дуудаж над дээр

ирж ингэж гайхуулан тавлаж байгаа юм чи. Цаазаар авчихгүй бол би ямарч байсан эндээс заавал амьд гарна. Гарч байгаад Галхүү та хоёроос хариугаа авна харж л байгаарай чи … ” хэмээн хорсол тээн бодох бүрт өөрийгөө зоригжуулан цөс нь хөөрөх аж. Хүйтэн шалан дээр түүний нуруунаас гарсан цус урсан наалдаж тэр мөртөө доороос нь хайран шархнууд нь хорсон тэсэхүйеээ өвдөж байсан ч тэрээр шүдээ зуун шүлсээрээ хүрэх газраа норгосоор. Сүүлдээ бүх шүлс нь дуусав уу гэлтэй ам нь арган хоолой нь хатахад хэсэг амаа жимийн хоёр завьжаа хөхөн суусаар өглөөтэй золгов. Маргааш нь шүүх хурал болж Гарьдын үлдсэн жил дээр нэмж 5 жилийг онцгойд эдлүүлэх тогтоол гарсанаар Гарьд өрөөнийхөө хэдтэй ч уулзаж чадалгүй шууд сахилгаасаа өөр тийшээ шилжихээр харанхуй шөнө гартаа гав зүүлгэн гарав. Очхүү тээвэрт яваад шөнө дунд гэртээ ирвэл хүн байсангүй. Арай Саран явчихаагүй биз дээ хэмээн бодоод нэг эгчийндээ орж асуух гэснээ өглөө болъё хэмээгээд ядарч байсан тул бүхлээрээ унтаад өгөв. Өглөө нь эртлэн босоод эгчийндээ орвол эгч нь л боссон харагдана. – Өө миний дүү сайн явж ирэв үү? – Тэглээ яаран, яаран ирлээ – Саран өвдөөд эмнэлэгт хэвтсэн – Яасан юм бол харин би асуух гэснээ өглөө болъё гэж бодоод хэмээн сандран асуувал эгч нь инээмсэглэн – Одоо бараг төрж байгаа байх. Би чамайг шөнө ирсэнийг мэдсэн л дээ. Тэгээд Саранд аяга шөл хийж зогсоно. Үүнийг сонсоод Очхүү нүүрэнд нь хормын төдий мишээл тодрон духныхаа хөлсийг арчаад – Охин хаана байгаа вэ? – Охин нь тэр унтаж байнаа – Өө за миний хүү аавыгаа хүлээж байгаа байх би хурдхан ороод хувцаслаадхъя хоол нь болж байгаа юмуу? – Хоол бараг болчихлоо тэгж үз дүү минь Очхүү бушуухан гэртээ орон нэг гал түлэн ус халааж толгойгоо угаах гэснээ хэтэрхий удах юм шиг санагдахад хүйтэн усаар шорооноосоо салаад эмнэлгрүү яаран явлаа. Саран, Очхүү хоёр хотод шөнө орж ирэв. Багадаа л нэг ээжийгээ дагаж хотод ирж байснаас өөрөөр хот орж байгаагүй хүн одоо ингээд хотын хүн болохоор сэтгэл шулуудан Очхүүд итгэн ирж байгаа нь энэ. Тэд явсаар хотоос гарах шиг болоход Саран – Очхүү хотод амьдрахгүй юмуу? – Хот ш дээ хө

гэхдээ төвөөсөө жаахан зайдуу Био хэмээх газар. Манай эгчийнх тэнд байдаг тэдний хашаанд миний гэр байгаа хэсэгтээ хоёулаа тэнд амьдарна даа – Аан хаана ч байсан яахав дээ – Чи зүгээр үү хө? – Тиймээ би шийдсэн, тийм ч болохоор чамайг дагаад итгээд энэ хүртэл ирлээ. Энд надад таньж мэдэх нэг ч хүн байхгүй шүү – Хань нь мэдэж байгаа надад итгэсэнд баярлалаа. Би чамайг бусад шиг элбэг баян амьдруулж чадахгүй ч гэлээ зүрх сэтгэлдээ бол та хоёрын төлөө үхэн үхтэлээ хайрлаж амьдрах болноо – Энэ чинь л хангалттай. Хүний амьдрал урт нэг юмыг амал хэзээ нэгэн цагт миний өнгөрсөн амьдрал Гарьдын талаар ярьж намайг дарамталж зовоохгүй гэж амал – Юу л яриад байна даа хө. Хэрэв тэгэх байсан бол би юу боллоо гэж чамайгаа хайрлаж хамт амьдарна гэж огтын таньж мэдэх хүнгүй газар дагуулж ирэх билээ дээ. Би ч тийм хүн чанаргүй арчаагүй эр хүн бишээ – Тиймээ тэрийг чинь сая тэнд хамт амьдрах хугацаанд би нэг бус юман дээр харсан тэгээд ч бүхнээ орхиод ингээд дагаад ирсэн – Дахиж энэ талаар ярихгүй шүү. Чи одоо миний эхнэр, охин миний охин ойлгоо хэмээгээд жолоо бариагүй гараараа гарыг нь атгавал Саран уртаар санаа алдан өвөр дээр нь унтаж байгаа охиноо үнэрлээд – Ойлголоо би дахиж ярихгүй ээ, сэтгэл амар сайхан л амьдармаар байна – Манай эгч гэж сайхан зантай хүн байгаа, намайг эхнэр аваач нас чинь явчихлаа л гээд үглээд байдаг хүн сая танайд байхдаа санаа нь зовж байгаа байх гээд хувцасаа авахаар ирэхдээ эхнэр авч байгаа гэсэн чинь надаас их баярлаад байсан. Одоо ингээд хажууд нь хамт амьдрахаар очвол хичнээн баярлан сэтгэл нь амрах бол хөөрхий минь – Танай эгч чинь тийм настай хүн юмуу? үүнийг сонсоод Очхүү ганцаараа тачигнатал инээж байснаа нулимсаа арчаад – Үгүй ээ хө надаас гурав эгч – Аан тэгээд чи юун хөгшин хүний талаар ярьж байгаа юм шиг хэлдэг юм хэмээтэл Очхүү инээсэн чигтээ – Чи минь яг жаахан хүүхэд шиг дандаа хайр хүргэсэн юм ярих юмаа … ха ха ха Ингээд Очхүүгийнх гэдэг айл галаа асааж билээ. Энэ бүхнээ нэхэн санавал саяхан мэт гэтэл аль хэдий нь жил гарангийн хугацаа өнгөрчихсөн байдаг. Очхүү төрөхийн үүдэнд Сарангаа хүлээнгээ ийнхүү бодолд автан нүүрэндээ

тоймгүй баярын мишээл тодруулан сууж байтал Саран ч хүүтэйгээ эмнэлэгээс гарахаар мөн л жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан гараад ирлээ. **** Гарьд шөнө шилжиж ирэв. Замын туршид ямар хүмүүс угтах бол. Онцгой юм чинь хэцүүхэн л гарууд байгаа байх даа. Баавай юу гэлээ тэвчиж сур, арван хүнээс нэгэнтэй л нөхөрлө, ажил сайн хийж оноогоо нэмж байгаарай … өөр юу гэлээ дээ новш гэж гайтай юмаа Саранд уурласан уураа гай болж тэр юм нэг юм нь таарчих нь юув дээ. Уг нь 3 жил гаран үлдсэн байсан юмсан. За яахав Гарьд минь хохь нь ээ хохь нь ингэх гээд байсан юм. Одоо чи ухаан суугаач, хууль бол хууль юм байна шоронд байгаа чи хэн ч биш юм байна гэдгээ ойлгож ав тэнэг минь. Одоо нэгэнт үлдсэн 3 жил дээр дахиж 5 жил ингэхээр 8 жилийн дараа би 40 гараад явж байх юм байна. Дөчин настай би дахиж эхнэр авна ч гэж юу байхав. Саран мэдээж надаас зугатаад хаа нэг тийшээ явчихсан байгаа. Ер нь хүн шиг аятайхан байж болдоггүй юм бол эхнээсээ л овгор байя яасан ч яадаг юм. Дээрэлхүүлнэ ч гэж байхгүй ээ харин өлсөж үхэхгүйн тулд өөрөө л овгор болъё … үгүй ээ Гарьд минь ингэж болохгүй, чи охиноо бод. Саран өөр хүнтэй сууж явсан болохоос миний охин надаас нүүр буруулсан биш. Хэзээ нэгэн цагт би заавал эндээс гарахаараа охиноо өөр дээрээ авна. Охин чинийхээ төлөө би хүн шиг байж аль болох хурдан л ялаа нэмүүлчихгүйхэн шиг эндээс гарах минь. Дөчин насанд

амьдрал эхлүүлж яагаад болохгүй гэж. Хэдэн дүү нараа ч бодсон би яавч ялаа нэмүүлж болохгүй юм байна. Та нар минь яажшуухан явдаг юм бол доо. Намайг одоо ийшээ шилжээд ирсэнийг ч мэдэхгүй байгаа хөөрхийс минь. Ах нь эндээс хүн болоод гарч та нарыгаа бүгдийг нь амьдралтай золгуулнаа. Одоо боллоо хаширлаа. Тиймээ явж, явж энэ бүхэн миний тэнэг уурын мунхагаас л боллоо. Хэлэх байсан ч үгээ залгиж байя тэгсэнээрээ би өнөөдөр хожно уу гэхээс яавчиг алдахгүй. Ингэж шийдээд Гарьд уртаар шүүрс алдан элдэв бодолд дарагдан хэвтсээр сая нэг дугхийлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…