Нүүр Өгүүллэг “ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг”

“ДУУСАШГҮЙ ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
574

Саран охинтойгоо хоёулханаа гэртээ үлджээ. Ажил явдалын үеэр Дарханд тусдаа амьдарч байсан талийгаачийн дүү Даваа тэднийг харан өрөвдөөд ээждээ ийнхүү хэлсэнийг хэн ч мэдсэнгүй. – Ээж минь

эгчийг муу байгааг яагаад надад дуулгаагүй юм бэ? – Хэн хэл дуулгах билээ охин минь – Аавын ажил явдалаар гайгүй л байсан биз дээ нэг бол жирэмсэн байсан болохоор анзаараагүй юм болов уу? – Ээж нь ч

гэсэн мэдэх юм алга охин минь – Таны минь бие яаж байна их ядруу байх чинь, та зөрүүдлээд байлгүй манайд хүрээд ир л дээ. Ерөөсөө таныг авч явнаа – Ээж нь эндээсээ холдохгүй ээ. Одоо энэ хэдэн өнчин

нялх үрсийг яалтай нь билээ харахаар л гол зураад хэцүү байна охин минь гээд нулимс нь аль хэдий нь ширгэсэн хуурай нүдээ гарынхаа алгаар арчин санаа алдан гараасаа салгадаггүй эрхээ эргүүлэн сууна

Даваа ээжийгээ мэдэх болохоор цааш юм ярьсангүй босож алчуураа ороон гэрээс гарав. Настай болж ганцаараа торойгоод суух ээжийгээ хараад өөрийгөө зэмлэн буруушаан нулимсаа ч барьж дийлсэнгүй

хүссэн ч үгүй явсаар уяан дээрээ очин морио зайдлан унаад эгчийнхээ гэрийн зүг зориг муутай алхууллаа. Жамсран гэрийнхээ хаяанд тамхиа нэрэн аргаж ширгэсэн нүдээр юуг ч юм гөлрөн суудаг болов. Гарьд, Саран хоёрын нуруун дээр өөрийн нэг охин дээрээс нь Гарьдын дөрвөн дүү, бас настай аав нь гээд бүх л ачаа ирэв. Саран аавынхаа гэрийг цэвэрлэж байтал гэрийн хаяанд сууж байсан аав нь гэнэт түүнийг цочтол: Хүрэлээ … чи минь … Хүрэлээ гээд тэнхээгээрээ орилоод босох гэж мунгинан байснаа гуйвлан уяан тийш хөлөө зөөж ядан алхав. Саран гэрээс сандран гартал уяан дээр Даваа морио уяж байхыг хараад аавынхаа хойноос гүйж очин тохиойноос нь барин – Ааваа Даваа эгч байна – Юу … айн … аан за хэмээгээд урамгүйхэн нэгэнтээ санаа алдаад буцаж аажуухан гэрийнхээ зүг алхав. Даваа Жамсрангийн энэ байдлыг хараад нулимсаа мэдэгдүүлэхгүйхэн шиг арчаад тэдний араас гэрт оров. Саран Даваад цай аягалан идээ тавьж өгөх хүртэл хэн ч юу ч дуугарч чадсангүй. Жамсран цайнаасаа оочлон байснаа Даваагийн өөдөөс харан – Буцаагүй байгаа юмуу? – Тиймээ агаа та хэд минь яаж байна – Азгүй бид яахав дээ ингээд байж л байна – Би таниас харин нэг юм асууж ярилцах гээд – Юу байдаг билээ? – Агаа минь … хэмээгээд цайнаасаа дахин нэг балган өөдөөс нь харан суух хүүхдүүдийг нь нэгэнтээ гүйлгэн хараад шийдэв бололтой: Би таныг ойлгож байна. Ямар хэцүү байгааг чинь, яаж та өөрийгөө барьж чээжний бахаа барж байгааг харахаар хэлэх ч үг олдохгүй юм. Агаа та

хэд надтай хамт манайруу нүүвэл яаж байна. Ээжийг аваад явъя гэтэл та хэдийг орхиж явж чадахгүй гэнээ … – Тэгээд … үүнийг хэлж байхдаа Жамсрангийн гүрээний судас гүрвэлзэж байгааг Даваа хараад хоолойгоо нэгэнтээ засан дахин цайнаасаа балгаад – Үгүй юу л даа … та … хүүхдүүд нь арай л жаахан байна. Тэгээд би ганц дүү нь болохоор та нарыгаа ингээд орхиод явж чадахгүй нь – Би ханиасаа холдохгүй ээ. Гарьд, Саран хоёр минь байна бид болно доо зүгээр Жамсран ямарч байсан өнөөдөртөө яагаад ч түүний үгийг хүлээж авахгүйг ойлгосон Даваа нэмж юм хэлээд хэрэггүйг ойлгоод дахин тэр талаар ярьсангүй тэгэс ингэс хийн өөр ч ярих юм олдохгүй хэцүү байсан тул удалгүй тэднийхээс гарав. Харин мордохгүй Гарьдынхаар орвол Саран ганцаараа байсанд энд л байвал хэсэг ч гэлээ арай тайван байх юм шиг санагдахад – Саран минь дүүдээ баярлалаа эгч нь – Юунд билээ Даваа эгчээ – Чи минь өөрөө жаахан хүүхэд байж эгчийг минь орлож энэ хэдэн нялх хүүхдүүдийг нь өөрийн мэт ингэж авч явж байгаад – Эгээ миний дүү нар шүү дээ – Тиймээ … уг нь би агаатай хэдэн хүүхдээ аваад хамт явъя гэж ярилцахаар иртэл миний үгийг дуулахгүй байна. Гарьд хэдийгээр ирэх бол цаадахад чинь хэлээд үзвэл яах бол – Гарьд удахгүй байхаа. Хэдэн малаа эргүүлэхээр явсан – Аан за тэгвэл эгч нь хүлээж байя. Ээжийнд байхаар ээжийн зүрх зүстэл санаа алдан зогсоо зайгүй ар араасаа дуугарах эрхний дууг сонсоод элэг эмтрээд хэцүү л байна – Тэгэх байхаа хөөрхий минь. Тэг тэг та ч их ядарсан байна хэсэг хажуулаад ав би одоохон хэмээгээд галаа өрдөн тогоо тавив. Даваа ёстой нэг сайхан унтаж байтал түүнийг хоол ид хэмээн Саран аяархан дуудахад арайхийн нойрноосоо сэрвэл Гарьд ч ирсэн харагдахад бушуухан босон – Өө миний дүү ирчихээ юу. Эгч нь харин чамтай уулздаг юмуу гээд хүлээж байгаад унтчихаж – Тиймээ та юу ярих гэсэн юм. Саран таныг надтай юм ярихаар хүлээж байгаа гэсэн – Эгээ нь ээжийгээ, аавыг нь хэдэн дүү нарыг нь хажуудаа авдаг юмуу? – Хаана Дарханд уу? – Тиймээ – Аав юу гэж байна? – Аав нь эндээс холдохгүй гэнээ – Тэгвэл аав эндээс холдохгүй гэсэн юм бол мэдэж байгаа байлгүй дээ. Би тэгээд яана гэж – Чи аавтайгаа нэг ярилцаад үзээч. Эгч нь ажил,

амьдрал тэнд байгаа болохоор энд ирээд яах ч юм билээ ямар та нартаа олигтой нэмэр болж чадах биш – За ойлголоо эгээ би аавтай нэг яриад үзье. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна – Тэгж үз хүү минь, чи айлын том хүү болохоор одоо энэ хэдэн дүү нараа яаж амьдруулж авч явах нь чиний ч гэлээ мэдэх хэрэг шүү дээ – Ойлгож байнаа эгээ. Та хоол ид тэгээд сайхан амар даа – Өө эгч нь харина. Эмээ нь ганцаараа байгаа – Тэгвэл би таныг дөхүүлээд өгье – Зүгээр дээ дүү минь Ингээд Даваа зорьж ирсэн хэрэгээ санасанчилан бүтээж чадаагүй ч ямартаа ч Гарьдтай ярилцахаар шийдэн иртэл нь хүлээж байсан нь оносонд багагүй сэтгэл амран гэрээдээ буцав. Үүнээс хоёр өдрийн дараа Гарьд гурван дүүгээ дагуулан эмээгийндээ ороод ирэх нь тэр. Даваа Гарьдын харцнаас байдлыг ойлгон нялх дөрвөн хүүхдийг элгэндээ тэврэн нулимсаа барьж чадсангүй. Эмээ нь ч адил баярлаж буй нь илт хуурай нүд нь гэрэлтэн, уруул нь өмөлзөн авдарынхаа өмнө суулган уудалж гарав. – Гарьд миний дүү зүгээр биз дээ? – Юу зүгээр биз дээ гэж. Ямар танихгүй хүнд өгөөд явуулж байгаа биш – Тиймээ тийм шүү дээ. Эгээ нь эгчийнхээ дөрвөн хүүхдийг өөрийн хүүхдүүдээс ч илүү харж хандаж явнаа. Эгээгээ амьдад нь тэгж их өвдөж шаналж байхад нь тус болж чадаагүй би үхсэнээс үлдсэн энэ гуравыгаа л хүн шиг хүн болгож жаахан ч гэсэн сэтгэлээ цайруулъя – Би танд итгэж байнаа. Ээж дандаа таныг ярьдаг байсан. Та хоёрын эгч дүүгийн харьцаа, яаж биенээ хүндэлж хайрладаг, яаж нэгнээ жижигхэн юман дээр хүртэл эмээ, өвөөгөөс хамгаалж хоёулаа загнуулдаг байсныг, идэх юм бүр нэг ширхэг ааруул байсан ч хувааж иддэг байсныг, таныг ямар шартайг бүгдийг хэлдэг байсан – Ишш эгээ минь намайгаа уучлаарай. Та минь намайгаа хормын төдий ч мартаагүй байхад би өөрийгөө л гэж явж таныгаа тэгж өвдөж шаналж, энэ олон хүүхэдтэй болж баяр баясал эдэлж явахад, айлын өрх татаж амьдын жаргал эдэлж явсаныг гээд алийг нь ч мэдэхгүй байсныг. Хулгар ахаас салаад Жамсран ахтай суухад чинь уурлаж анх тантай бараг тангараг тасартал муудалцаж байснаа л хаа нэг санаж явсаныг минь уучлаарай та минь … тэрээр энэ бүхнийг хэлж байхдаа нулимсаа барьж чадсангүй. Хэсэг уйлж

байгаад тайвширав бололтой: Агаа ашгүй нэг зөвшөөрөв үү? – Би таныг явсаны дараа аавынд орж зөндөө ярьсан. Аав юу ч хэлэлгүй миний ярихыг сонсож, сонсож: За аав нь ойлголоо хоёулаа маргааш ярилцъя аав нь хажууллаа гэхээс өөрийг хэлээгүй. Маргааш нь би өглөө хонио билчээчихээд ирэхэд аав явчихсан байсан – Хаашаа тэр вэ? хэмээн Даваа гайхан харвал Гарьд – Хаашааг би ч мэдээгүй ээ. Явахдаа Саранд: Аавдаа санаа зовох юм байхгүй. Гарьдыг дүү нараа өөрөө мэддээ гээд хэлчихээрэй хэмээгээд явчихсан байна лээ – Яанаа агаа гайгүй байгаа – Зүгээрээ миний аав чинь цэрэгт байлдаж явсан хүн хэсэг ганцаараа явж тайвширч байгаад ирэх биз. Манайх харин бууриа сахьж үлдье дээ та дүү нарыг минь аваад явдаа – Зөв, зөв агааг ойлгож байна харж байгаад өгөөд явуулах хэцүү байсан биз хөөрхий минь. Аавыгаа сайн харж байгаарай. Ээж та дуулав уу энэ гурав минь надтай хамт явахаар боллоо тэгэхээр та ч бас явна биз дээ. Эмгэн өөдөөс нь харан инээмсэглэн эмээгийнхээ авдараас гарсан чихэрт будагдсан гараа долоон суух дөрвөн хүүхдээ өхөөрдөн харж толгойг нь илбэн сууснаа – Тэгнээ охин минь өөр би энд одоо хэндээ хоргодох билээ дээ Гарьд, Саран хоёр Даваад дөрвөн дүүгээ өгч явуулахаар бэлдэж, Даваа ээжийгээ авч явахаар гэр барааг хөнгөлөн бэлдсээр бараг долоо хоногийн дараа тэд бэлэн болцгоов. Хөгшин эх нь насаараа амьдарсан нутгаасаа холдож ядан хоргодон байсан ч юугаа ч мэдэхгүй хаашаа ч юм явна хэмээн хөөрцөглөж байгаа гурван нялх үрээ хараад шийдэв бололтой сүүгээ өргөөд машинд суув. Гарьд, Саран хоёр ч охиноо тэврэн тэднийг гаргаж өгөн Дархан орвол уулзахын ерөөл тавин гараа далласаар шороо босгон давхих машины араас сүүгээ өргөн бууриа сахин хоцорлоо. Харин энэ үед тэдний хэн нь ч хаа нэгтээгээс аав нь нулимсаа барьж ядан харж байгааг мэдсэнгүй ээ. **** Саран охинтойгоо хоёул ажлаа дуусаад хоолоо хийж идчихээд хийх юм олдохгүй байсан тул наадмаар Гарьдад өмсүүлэхээр оёж байсан дээлээ учиглан сууна. Гарьд аав нь хаа ч юм явж, дүү нарыг нь Даваа эгч нь аваад явсан болохоор өөрөө бүр ч том болсон мэт санагдан юм л бол сумын төв ороод ирнэ хэмээн алга болдог болов. Тэгээд ирэхдээ нэвширтэл архи үнэртүүлчихсэн ирсэн нь нэг бус.

Гарьд нэг удаа гурван хоног гэртээ ирэхгүй байснаа дөрөв дэх хоног дээр нь нилээн халамцуу гэртээ ирэхэд Саран уурлан: – Гарьд аа чи арай ч дээ. Чи ийм хүн байгаагүй ш дээ. Намайг битгий элэг бариад бай л даа. Энэ эзгүй хээр газар охин бид хоёрыг айж ичнэ гэж боддоггүй хүн үү. Чиний нөгөө хайр чинь хааччихсан юм бэ … хэмээн уйлан байж хэлэхэд Гарьдын дотор гэж авах юмгүй байж дээрээс нь Саран үглэхэд хэдий өөрийнх нь буруу гэдгийг мэдэж байсан ч нөгөө том хүн болсон гэх бодол дээрээс нь сумын төвийн архичидын хөөргөж магтсан худлаа үгс бодогдоход цөс нь хөөрөн – Би яасан гэж. Энэ амьдралын төлөө та хоёрыг өлсгөхгүйн төлөө би чадахаасаа чадахгүйгээ хүртэл олдсон бүх л ажлыг сайн муу гэж гололгүй хийж явна – Эцэг эхийн буян энэ хэдэн малаа маллаад явж байхад юу нь болохгүй байгаа юм бэ – За чи битгий хуц, юу мэддэг болсон гэж ингэж олон юм яриад байгаа юм айн – Чи ядаж аавынхаа хаана байгааг мэдэж байгаа юу?, хөөрхий минь хоол ундтай л явдаг байгаа даа – Аан тэр хүн эр хүн юм чинь аргаа олж байгаа биз хэмээн хэлэхэд дууных нь өнгө цаанаа л үзэн ядсан мэт хяхарсан дуулдахад Саран ч өөр юм нэмж ярьсангүй охиноо тэврэн нөгөө орон дээрээ буруу харан хэвтэв. Үнэндээ Гарьд аавынхаа сургийг гаргахаар таарсан бүхнээсээ асуудгийг Саран үл мэднэ. Сая мөн л аавынхаа сургийг гаргаж магад хэмээн төв ортол харин аав нь тэндээ өөр хүнтэй суун айл болсоныг дуулаад давхин очвол үнэн байв. Жамсран нутгийн ганц бие өөрийн үеийн эмэгтэйтэй нэг гэрт хамт амьдрах болоод багагүй хугацаа өнгөрчээ. Жамсран мах эвдэн байтал хашааных нь хаалга хүчтэй дуугарахад цонхоор хараад хөшиж орхив. Гарьд сая сонссон зүйлдээ итгэж ядан уусан архи нь ч нөлөөлсөн болохоор гүйхээрээ заасан хашаанд орон гэрт орвол аав нь байж байх нь тэр. Энэ хүртэл үгүй … худлаа хэмээн өөртөө шивнэж байсан ч яах аргагүй үнэн болохыг нүдээр хараад Гарьд ч юу ч хэлж чадалгүй хөшиж орхив. Жамсран харин гайхмаар тайван дуугаар – Миний хүү ирсэн юм бол орооч дээ – Юу … хэн гэнээ, миний хүү гэв үү? – Суу хүү минь тэгээд эр улсууд шиг ярилцъя – Надад тантай ярих шаардлага алга. Сая нэг муу бишээ муу

биш юм байна гудамны архичин ч гэлээ таниас л дээр сэтгэлтэй юм байна хэлэхэд би үнэхээр итгээгүй – За тэр яахав. Та хэд минь сайн биз дээ? – Хо хо хо … та хэд гэнээ та тавлаж байна уу? бид нар бүгдээрээ маш сайн байгаа. Таныг би өнөөдрийг хүртэл аав минь хаана байгаа бол, хоол ундтай яваа болов уу, ангаж даараа болов уу, бие хаа нь яаж байгаа бол гэж өдөр бүр л боддог шаналдаг байлаа. Гэтэл та ээжийн минь шарилын өвс ч хатаж амжаагүй байтал өөр хүнтэй ингэж ч байх гэж түй … хэмээн газар нулимвал Жамсран тэсэлгүй алгадан – Юу, юу гэнээ яасан том болчихсон болоод олон юм яриад байгаа юм – Май зод л доо, угаасаа би ямар таны хүү биш алчихсан байсан ч чамд хамаагүй биз дээ хэмээн хашгичан өөдөөс нь чээжээ түрэн тулбал ийм үг сонсоно чинээ санаагүй байсан Жамсран далайж байсан гараа буулгаад нүдэнд цийлэгнээд ирсэн нулимсаа арчилгүй өөдөөс нь гомдлын нүдээр харан – Арай ч дээ хүү минь. Чи минь мөн гэж үү?, хэн чамд юу гэж хэлсэн болоод чи өнөөдөр ингэж байгаа юм. Чамайг л гэж дүү нараас чинь илүү хайрладаг байсан сэтгэлийн минь хариу энэ юм гэж үү арай ч дээ. Надад чамд өөр хэлэх үг алга. Намайг юу л гэж бодно дураараа болдоо. Эцэст нь хэлэхэд чи намайг хичнээн буруутгаж, бүр үзэн ядаж байсан ч чи бол миний том хүү минь юм шүү… хэмээгээд Гарьдыг ганцааранг нь үлдээгээд гэрээсээ гарав. Гарьд харин уураа барьж ядан сагсалзан бачуурна. Нэг явах гэснээ яагаад ч юм ааваасаа гомдсон гомдлын хариу болгож юм авахаар хайсан ч гэрт нь олигтой авчихмаар юм харагдсангүй. Гэтэл хоймор нь байх тахилын хүрдний дэргэд аавынх нь Гарьдын анх мэдээ орсон цагаас л мэдэх хөөрөг нь харагдахад олон ч юм бодолгүй түүнийг нь аван мөн гэрээс гарч билээ. Тэрээр өнөөх хөөргийг нь хямд зараад мөнгөөрөө гэртээ ч харилгүй сумын төвийн хэдэн архичидыг дайлан ёстой гурван хоног нэвширтэл уугаад яалт ч үгүй мөнгө нь ч дуусч байсан тул гэрээдээ зүглэн иртэл Саран түүнийг ийнхүү үглэн угтан авав. Тэртээ тэргүй аавыгаа өөр хүнтэй суусан байсныг харж дотор нь бачуурсан дээрээс нь аавынхаа ганц хөөргийг аваад зараад уучихсан хажууд нь олон хоног хоол ч идэхгүй уусанаас болж бие нь даагдахгүй хүнд байхад

ийнхүү Саран хүртэл түүнд үглэн тэр бүр нь яалт ч үгүй Гарьдын буруу байсанд хэлэх үггүй бантахдаа худлаа уурлан хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн унтагч болон хэвтэнэ. **** Наадам болох дөхсөн болохоор айл бүр дор бүрнээ завгүй бэлдэнэ. Гарьд энэ жил анх удаагаа морь уяж байгаа учир хүмүүсээс асууж байгаад уяж эхлэв. Нэг өдөр Гарьд мөн л хэдэн өдөр явж байгаад ирэхдээ хурдан удмын хүрэн зээрд шүдлэн үрээ авч ирэн их л баяртайгаар Сараан хэмээн тэнхээгээрээ орилон – Хөгшин нь сая хэдэн өдөр айлд мөрийтэй даалуу тоглоод хурдан удмын энэ үрээг хожоод ирлээ. Энэ жил морь уянаа хэмээтэл Саран түүнийг хараад тоомжиргүй байдлаар – Чи хэзээдээ хурдан морь мэддэг болчихсон юм, худлаа алга болчихоод хэний морийг туугаад ирсэн болдоо – Юу гэнээ … гээд хөөрч байсан сэтгэл нь хормын төдий унан юу ч хэлж чадалгүй гэрээдээ явав. Саран хойноос нь орж ирэн хэрүүл нэхэн зогсоо зайгүй үглэнэ. – Би чамаас залхаж байна. Нэг бол уугаад явчихна нэг бол тоглоод явчихна. Энэ гэрт чиний нэмэр гэж юу байнаа – Би тэгээд яасан гэж. Чи өөрөө яагаад байгаа юм. Гэрт байхаар оровч гаравч үглэнэ, гараад явахаар ирсэнгүй гэж үглэнэ. Амьдрал ийм байдаг юмуу – Хэн намайг ийм болгосон билээ. Тэгээд яваач аавыгаа дуурайгаад яваач чи – Битгий хуцаад бай. Энд чинь миний хөгшин эцэг ямар хамаатай юм – Хэн мэдлээ би ер нь юугаа ч мэдэхгүй чамтай сууж л байдаг хохинээ хохь нь – Надад чамтай хэрэлдэх тэнхэл алга ядарч байна. Хүний эхнэр юм бол нэг удаа ч болов сайхан инээгээд угтдаг болоосой. Чи намайг чиний хажууд гэртээ байхад дуртай байлгаач. Энэ охин л байгаа болохоор бас ээждээ амалсан болохоор чиний ааш бүрийг би тэвчиж байгаа шүү Гарьд ийнхүү хэлээд гараад явчихав. Дотор Сарангийн төмөр сав тачигнуулан үглэх дуулдана. Гарьд мөрийнд хожсон үрээн дээрээ очин яг л дотны найзтайгаа ярьж байгаа мэт: Чи манай эхнэрийн үглэхийг бас сонсож байна уу. Энэ ингээд л ядаргаа болоод байдаг юм. Уг нь гайгүй байдаг шиг байсан сүүлийн үеэс л нэг л биш болоод байдаг. Миний ч гэсэн буруу байгаа л даа хүүхэдтэйгээ хоёулахнаа залуу хүн гарч орохгүй байхаар арга ч үгүй биз. Энэ наадмаар чи минь хурдлаж

бай аваарай. Тэгвэл ханиа нэг сайхан баярлуулах минь … чи чаднаа би мэдэж байна … хэмээн чихэнд нь ойртон зоог нь илэнгээ хэлэхэд үрээ ч яриаг нь дэмжиж буй мэт толгойгоо хаялана. Гарьд инээмсэглэн: Морь хүнээс ухаантай гэдэг яалт ч үгүй үнэн үг дээ … хэмээгээд хондлойг нь алгадаад гэрээдээ оров. Гэртээ ороод Саранг юу ч гэж байсан дуугаралгүй охинтойгоо тоглож байгаад хоолоо идчихээд унтахын мөн болж байсан ч Сарангаа яагаад ч юм хүсэмжилэн эвлэрэхээр шийдэн нөгөө орон дээр охинтойгоо хэвтэж байгаа түүнийхээ хажуугаар хэвтэн хойноос нь тэврээд үнсэх гэтэл Саран тэвэрч байсан гарыг нь авч түлхээд – Цаашаа цаашаа өөрийгөө зугаацуулж, зугаацуулж ирчихээд унтаж үз ядраад байна – За уучлаарай даа хөгшөөн би чамайгаа маш их санаад хүсээд байна шүү дээ – Яршиг цаашаа зүгээр бай хүүхэд сэрчихлээ – Чи яагаад надтай унтахаа байчихсан юм бэ, арай намайг эзгүйчилдэг хүн байдаг юм биш биз хэмээн тоглоомоор хэлтэл Саран харин биеэ нэгэнтээ займчаад – Битгий балайраад бай алив орон дээрээ очье Тэр шөнө Гарьд, Саран хоёр хэзээ хамгийн сүүлд ингэж хоёр биедээ эрхлэн жаргасаныг мартсан мэт дэндүү нэгнээ санасан байснаа мэдлээ. **** Гарьд өглөө нь босоод адуундаа явж ирээд уяа морио бариад уялаа. Дараа нь хэлсэний дагуу уяагаа тойруулан баалгаад уяв. Иймэрхүү байдалтай хэд хонуулж байгаад морио тарлав. Морь нь өдөр ирэх бүр жавхаажин өнгө өгч байгааг нь хараад өөрөө л уралдах гэж буй мэт баярлан тэр бүрийд хөөрцөглөн улам илүү хичээх аж. Сарангийн ааш зан ч урьдын адил аядуу болж Гарьдынх гэдэг айл буцаад халуун дулаан болоод ирлээ. Сумын наадам ч болж Гарьдын хүрэн зээр шүдлэн үрээ нь айрагийн тавд давхилаа. Гарьд наадмын дэнж дээр барьсан өөрийн майхандаа улаа бутран сууна. Саран орж гарсан нэгэнд айраг идээ барин мөн адил хөөрцөглөн суух аж. Тэд ийнхүү хөлд дарагдан сууж байтал Сарангийн аав, ээж хоёр мэнд мэдсээр майханд нь хүрээд ирэв. Гарьд хадам аав, ээжийгээ хараад чээжээ төвхийлгөн суусан хүн босон тосож золгоод – Сайхан наадацгааж байна уу та хоёр минь. Их халуун байх чив ээ хэмээн хэзээний настай хүн адил хоолойгоо шахан хүнгэнүүлэн дуугарвал хадам аав нь

тэрүүхэндээ шоолон инээгээд – За хүү сайхан наадаж байна уу?, чи минь хэзээдээ морь уяад бүр айрагдуулчихав аа – Харин нэг шүдлэн үрээ аваад сойтол дажгүй хурдаллаа – Сайн байна аав нь хүүдээ хурдан азарга бэлэглэнээ – Өө за ашгүй дээ, би ч хөөрхөн урам ороод хэдэн хурдан адуутай болдог юмуу гэж бодож байгаа – Тэгж үз чамд ирээдүй байна Тэр хоёрыг ийнхүү ярьж байтал Саран ээжтэйгээ гадаа хаяанд мөн нэгийг ярин сууна. – Миний охин зүгээр биз дээ? – Зүгээрээ яасан ээж – Чиний нүд чинь цаанаа л нэг бодлогширонгуй болчихож – Яалаа гэж дээ хэдэн өдөр энд байгаад тэгсэн юм байлгүй – Үгүй л байна даа. Чи амаараа юу ч гэж хэллээ гэсэн нүд чинь тийм бишийг чинь хэлээд байна. Гарьд чамайг арай энээ тэрээ болж зовоогоод байгаа юм биш биз – Үгүй ээ харин Гарьд энэ үрээг даалууны мурийд авсан гээд байгаа – Тиймүү цаадах чинь жаахан балгаад байна уу? Нэг бус хүнээс сонслоо – Тиймээ ээжээ бид хоёр ч наадахаас чинь болж байнга л хэрүүлтэй байдаг болсон. Нэг бол архидаад хэдэн өдрөөр явчихна, нэг бол даалуудаад хэдэн өдрөөр явчихна би яах ёстой юм бэ … Саран яагаад ч юм орь ганцаараа мэт байсан сэтгэл нь гэнэт ээжтэйгээ яриад дотроо байгаа бүхнээ хэлтэл өөрийн эрхгүй хоёр нүднийх нь нулимс асгараад ирлээ. – За охин минь тайвшир. Хойд эцэгтээ муугаа үзүүлээд юүхэв. Цаадах чинь Гарьдыг нэг их ойшоодоггүй байснаа сая шүдлэн үрээ нь айрагдахад юу болсон юм хүргэнийхээ галаар ороод гаръя гээд – Та сайн байгаа биз дээ? – Тиймээ ээж нь яахав насны эцэст аяга цайгаа хувааж уух хүнтэй болсон гайгүй шүү л байна. Нээрээ ээж нь охиндоо өгөхөөр жаал жуул юм бэлдсэн байгаа. Ирэх долоо хоногоос хүн тааруул өгөөд явуулнаа – Та хоёр хэзээ буцах гэж байна – Маргаашнаас л буцах байх даа – Явахаасаа өмнө манайхаар ороод гарна биз дээ – Амжихгүй л байх даа. Өнөөдөр ингээд уулзацгаачихсан юм чинь ээждээ гомдохгүй биз дээ. Би тэгж байгаад Гарьдад нэг сайн хэдэн хатуухан үг хэлнээ. Одоо аймгийн наадамд уралдах байх миний охин очвол ээжийндээ яваад очоорой – Би явахгүй байх. Очоод дэмий Гарьдыг дагаж хэдэн согтуучуудтай муудалцах гэж төвөг – За за өөрөө мэддээ Сумын наадам ч өргөн дэлгэр сайхан болж айрагдсан морьдоос аймгийн наадамд уралдах нь хамтдаа тохирсон хугацаанд хөдлөв. Гарьд хөөрцөглөн яг л жаахан хүүхэд шиг хөл нь газар хүрэхгүй бушуухан давхиад хүрмээр байсан ч морио хайрлан яарамгүй явсаар төв дээр ирэн нутгийн хамт ирсэн хоёр залуугийн хамтаар майханаа дор нь барин төвхнөлөө. **** Гарьд морьдсоноос хоёр хоногийн дараа тэдний гэрийн гадаа машины дуу гарах нь тэр. Саран бушуухан дээлийнхээ энгэрийг засаад гэрээс гарвал тэднийхийг чиглэн 69 машин тоос татуулан ирж байгаа харагдав. Учрыг олж ядсан Саран саравчилан харуулдсаар. Машин ч давхин ирж бараг түүний өмнө улаан шороогоор даран их дуун гарган зогсов. Саран боссон шороог гараараа сэвэн байтал жолооч хархүү гартаа боодолтой юм барьсаар

мэнд мэдэн хүрээд ирэхэд Саран асуусан, гайхсан харцаар өөдөөс нь харвал өнөөх залуу инээмсэглэн – Саран минь гайхаж байна уу ха ха ха – Чи … энд … яах гэж – Ээжийн өгүүлсэн юмыг авчирлаа – Ээжийн ээ ??? – Чи мэдээгүй юмуу? танай ээж манай аавтай суусан ш дээ – Тэр хүн танай аав юмуу? – Тийм гээд байхад. Танай хүн хаачаа вэ? – Аймгийн наадам явсан – Аая шүдлэн үрээ нь хурдлаад манай Гарьд ч гарч өгч байгаа юм байна даа – За тэр яахав орооч Саран Гарьдтай нийлэхээс өмнө Галхүүтэй үерхэдэг байв. Галхүүгийнх ээж, аав хоёр нь салаад Галхүү ээжийгээ дагаж хот явсанаар тэд салж билээ. Гэтэл бараг шахуу хориод жилийн дараа ингээд аав, ээжүүд нь нийлэх гэж. Тэр хоёрт ярих юм мудахгүй их байсан тул Галхүү ч хоноод явахаар болж, Саран ч бага насны томоогүй хайр нь ингээд гэнэт хүрээд ирсэнд итгэж ядан дуу орон хэн хэн нь энэ л мөчид бүхнийг мартан яг л бага нас шигээ хөгжилдөн хөөрөлдсөөр үүр цайхын өмнөхөн аргагүй нойрондоо дийлдэн унтацгаалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *